Нэг бог хулгайлсан ч 5 хүртэлх жилийн хорих ял ногдуулах хуулийн төслийг баталлаа

Twitter Print
2020 оны 01-р сар 16-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын өнөөдрийн /2020.01.16/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг 61.5 хувийн саналаар баталлаа. Уг хуулийн төслийг 39 гишүүн хэлэлцэн баталлаа.

Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм.

Мөн бусадтай бүлэглэн, галт зэвсэг, тусгай бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл, машин техник ашигласан бол хүндрүүлэх нөхцөл үүсэх аж. Түүнчлэн ашиг шимт, сонгомол /хурдан удмын адуу/ мал, сүргийг хулгайлан бол хүндрүүлэх нөхцөл гэж үзсэн байна.

Хуулийн төслийг батлахаас өмнө гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Одоо бидний хэлэлцэж буй мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал гэдэгт амьжиргааны малыг нь хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх гэж авч үзэх саналыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд УИХ-ын дарга хоёр чиглэл өгсөн. Галт зэвсэг ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх мөн малчны амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан бол ялыг хүндрүүлэх гэсэн хоёр чиглэлийг өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Найман бод, 24 бог гэж заасныг  малчид дургүйцсэн учраас багасгаж хоёр бод, зургаан бог болгосон. Гэхдээ өнчин ишиг хулгайлсан ч ял авах хуулийн заалт өмнө нь байсан одоо ч байгаа.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хоёр хөгшин хөдөө 1000 малтай үлдээд малаа хулгайд алдвал хэлдэггүй тал бий. Хэлчихвэл нөгөө хулгайчид нь улам өширхөөд хотыг нь харлуулчих байх гэж эмээдэг. Малын хулгайн гэмт хэрэг 70 хувиар ихэссэн гэлээ. Нэмэгдсэн шалтгаан нь ажилгүйдэлтэй шууд холбоотой. Мал дээр гарсан хөгшчүүдэд туслах малчид буюу илгээлтийн эздийг төрөөс дэмжмээр байна. Тусгай цалин өгөөд мал төллөх үеэр илгээлтийн эзэд шиг явуулмаар байна. Малаа зараад их сургуульд цаас авах гэж дөрвөн жил хүлээсэн хүмүүс. Эцэст нь хэдэн хувийн сургууль баяждаг. Үүний оронд ажилгүй залууст цалин олгоод хөдөө явуулмаар байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд НАЙМАН бог, эсхүл ХОЁР бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, НЭГ бог хулгай хийвэл ЗУРГААН сараас ТАВАН жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.