
Монголчуудын Үндэсний хоолны төрөлд яах аргагүй бууз, хуушуур ордог. Тиймээс ч наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Тэгвэл уншигчид та бүхэнд баярын ширээг тань чимэх хуушуурын шинэ жорыг хүргэж байна. Та баярын зоогоо өөрийн хүссэн орцоороо хийж үзээрэй.
Махгүй хуушуур
Орц: гурил, төмс, цагаан лууван, шингэн сүү, эсвэл шар буурцгийн сүү, амт оруулагч. Жорыг өөрөө тохируулна.
Бэлтгэх арга: Төмсийг хальсалж цэвэрлэсний дараа жигнэж болгоод сүү нэмж амт тохируулан нухаш бэлтгэнэ. Угааж цэвэрлэсэн цагаан лууванг жижиг нүхтэй үрүүлээр хярж нухаштай хольж жигдэртэл хутгана. Нимгэн элдсэн гурилд нухаш шанзаа боож чимхээд зөөлхөн элдэж хавтгайлаад халаасан тосонд шарна.
Гүзээний хуушуур
Орц: Малын гүзээ, гурил, хонины сүүл, ургамлын тос, сонгино, саримс, давс, повоор. Жорыг өөрөө тохируулна.
Бэлтгэх арга: Гүзээг сайтар цэвэрлээд угааж дутуувтар болтол чанана. Дараа нь гаргаж хөргөөсний дараа нарийн шүүрээр машиндана. Сүүл эсвэл өөхийг жижиг хөшиглөнө. Машиндсан гүзээ, жижиглэн хэрчсэн сүүл, татсан сонгино, давс, жаахан ус нэмж амт оруулан усаар шүүслэж шанз бэлтгэнэ. Шанзнаас таслан авч хуушуурын зуурмагт боож хавтгайлаад хайруулын тавганд хайрах буюу эсвэл их тосонд чанаж болгоно.
О.Октябрь
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.