Цагаан сарын үеэр коронавирусын шинэ төрлийн халдвар бусад улс орнууд руу тархах эрсдэлтэй

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Хятадын Ухань хотод дэгдсэн уушгины хатгалгаа үүсгэгч коронавирусын шинэ төрлийн халдвар хүнээс хүнд дамжих боломжтой хэмээн уг вирусын халдварыг судлахаар Хятадын засгийн газраас томилогдсон мэргэжилтэн онцолжээ.

Түүний мэдэгдсэнээр коронавирусын шинэ төрлийн халдварыг авсан 200 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдолд нь уг вирус хүнээс хүнд халдсан байсан ба халдвар авсан өвчтнүүдтэй ажиллаж байсан эмнэлгийн ажилчид уг халдварыг авсан тохиолдол ч мөн бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Цагаан сарын баярын хөл хөдөлгөөний үеэр вирусын халдвар дотоодоос гадны улс оронд тархах эрсдэл бий болоод байгаа аж.

Хятадын Цагаан сарын баярын хөл хөдөлгөөн нь дэлхий дээрх хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн гэгддэг ба өнгөрсөн жил Цагаан сарын баярын үеэр 6.3 сая орчим хятадууд гадаадын улс орнууд руу аялсан бол энэ жил энэ тоо 7 саяд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Түүнчлэн энэ сарын 10-наас 2-р сарын 18 хүртэл давхардсан тоогоор 3 тэрбум гаруй иргэд дотоодын тээврийн хэрэгслээр зорчих аж. Хятадын эрх баригчдын мэдээлж байгаагаар коронавирусын шинэ төрлийн халдварыг нийт 218 хүн аваад байгаа ба халдвар авсан тохиолдол Ухань хотоос хэдэн зуун километрийн цаана байрлах Бээжин, Шанхай, Шеньжэн зэрэг хотуудад бүртгэгдээд байна.

Түүнчлэн Тайландад уг халдварыг авсан 2 тохиолдол, Япон, БНСУ-д тус бүр нэг тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварыг авсан иргэдийн тоог 222-т хүргээд байна. Тэгвэл Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд коронавирусын шинэ төрлийн халдвар авсан иргэдийн тоо Хятадын эрх баригчдын мэдээлж байгаагаас их байх ёстойг судалгаагаар тогтоосон аж. Лондонгийн Эзэн хааны коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Ухань хотод коронавирусын шинэ төрлийн халдварыг 1700 гаруй хүн авсан гэнэ.

China reports 17 more cases of new virus strain зурган илэрцүүд

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Америкийн Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв Нью Йорк, Сан Франциско, Лос Анжелес дахь нисэх онгоцны буудлуудад Ухань хотоос ирж буй зорчигч тус бүрийг коронавирусын шинэ төрлийн халдвартай эсэхийг шалгах журам гаргажээ. Харин энэ сарын 14-нөөс эхлэн Ухань хотын нисэх онгоц, галт тэрэг, усан онгоцны буудлуудад зорчигчдын биеийн хэмийг хэмжих хэт улаан туяа бүхий халуун хэмжигчүүдийг байршуулсан байна.

Энэ сарын 8-нд Хятадын эрдэмтэд Ухань хотод дэгдээд байсан халдварыг коронавирусын шинэ төрлийн халдвар болохыг тогтоосон ба энэ нь 2002-2003 онд 774 хүний аминд хүрсэн SARS буюу Амьсгалын цочмог халтай хам шинжийн халдварыг үүсгэгч вирустэй нэг төрөлд багтаж байгаа аж. Хятадын эрх баригчид шинэ төрлийн халдвар нь Ухань хотын загасны захаас эхтэй гэж үзэн тус захыг 1-р сарын 1-нээс хаах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.