Канадад коронавирусын эсрэг вакцинжуулалт эхэллээ

Twitter Print
2020 оны 12-р сар 15-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Америкийн Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцины эхний ээлж Канадад орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн шөнө буусан байна.

Үүнтэй холбоотойгоор Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо вакциныг тээвэрлэж ирсэн онгоцны гэрэл зургийг өөрийн Твиттер хуудаснаа "КОВИД-19 эсрэг бидний тэмцэл дуусаагүй байгаа шүү" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Канадад тээвэрлэгдэн ирсэн эхний ээлжний 30 мянган тун коронавирусын эсрэг вакциныг хамгийн түрүүнд Торонто хотод ажиллаж буй сувилагч, асрагч нар, Монреал хотод амьдарч буй өндөр настнуудад хийж эхлээд байна. Нөгөөтэйгүүр Канадын эрх баригчид тус улсад анхан шатны вакцинжуулалт АНУ, Их Британи шиг өргөн хүрээг хамарч чадахгүй хэмээн эмээж байгаагаа илэрхийлжээ.

Энэ нь улс орнуудын дунд коронавирусын эсрэг вакциныг түрүүлж авах хүчтэй өрсөлдөөн өрнөж байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Канад улсын хувьд коронавирусын вакцин үйлдвэрлэж байгаа 7 компанитай нийт 414 сая тун вакцин авах гэрээ байгуулсан нь 1 хүнд ноогдох вакцины тунгаар бусад улс орнуудынхаас хамгийн өндөр байгаа аж. Канад улс нь коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаанд өртөж, сүүлийн долоо хоногуудад өдөрт дунджаар 100 орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар тус улсад коронавирусын нийт 464 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 13 451 нь уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа билээ. Мөн коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн 80 орчим хувийг өндөр настны асрамжийн төвүүдэд амьдарч буй ахмад настнууд эзэлж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.