"Binge drinking" буюу нэг удаагийн уултаар тасартлаа уудаг хамгийн хортой үзүүлэлтээр Монгол улс дэлхийд 2-рт орж байнаа

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 18:34 цагт
Мэдээний зураг,

Онол дээр хэт суурилвал та яаж хийхээ мэдэх ч тэр нь амьдрал дээр ажиллахгүй. Харин практик дээр хэт анхаарвал бүх зүйл ажиллах ч хэн ч ягаад ажиллаж байгаа гэдгийг мэдэхгүй. Манай улсад онол, практикыг хослуулж чадсан: Юу ч ажиллахгүй, хэн ч ягаад гэдгийг нь мэдэхгүй. Эрүүл мэндийн талаас Монгол улсыг тодорхойлъё гэвэл: Хүн амын ихэнх нь

зүрхны шигдээс (1),

тархинд цус харвалт(2),

элэгний хорт хавдар (3), хатуурал (4)

ходоодны хорт хавдар (6),

зам тээврийн осол, гэмтэл (8),

амиа егүүтгэх (9),

уушигны хавдар (10),

архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн (11) зэрэг шалтгаануудаас болж нас бардаг улс юм байна гэж тодорхойлж болно. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ачаар нилээд олон хүмүүс Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд 1-рт (дунджаас 12 дахин их), ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар мөн дэлхийд 1-рт (дунджаас 4 дахин их) орж байгааг харьцангуй сайн мэддэг болсон. Мөн ихэнх хүн элэг болон ходоодны хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь тодорхой халдварууд байдгыг мэддэг болж энэ чиглэлд харьцангуй сайн ажлууд хийгдсэн нь үнэхээр сайшаалтай.

Гэсэн хэдий ч энэ хоёр хавдраас бусад өвчлөлүүд дээр удаан хугацааны туршид дорвитой алхам юу ч хийхдэхгүй байсаар өнөөдөртэй золголоо. Намуудын мөрийн хөтөлбөрүүдээс харахад энэ байдал дараагийн 4 жилд ч мөн адил үргэлжлэх хандлагатай. Зүрх судасны өвчин, амиа хорлолт, осол гэмтэл, архины хордлогыг бууруулахд тэмцэх тухай ярихад бүгд харсан ч гэсэн хараагүй юм шиг, үл ойшоосон байдлаар ханддаг.

Гэтэл бодит байдал дээр биднийг короновирүсын халдварыг ярьж, хавдрын төв, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв барихаар төлөвлөж байх хооронд хаа нэгтээ хэн нэгний аав, ээж цус харваж, хэн нэгний хүү, охин зам дээр машинд дайруулж, амиа хорлож, үлдсэн нэг нь архи, мансуурлах бодист толгойгоо мэдүүлснээс жил бүр олон зуу, мянгаараа хорвоог орхисоор л байна.

Дан ганц зүрх судасны шалтгаанаар нас барж байгаа хүний тоо гэхэд энэ хоёр хавдрыг нийлүүлсэнээс хоёр дахин илүү тоо гарна. Энэ жилийн сонгуульд ч гэсэн намууд энэ тэнд хавдар, зүрх, сэтгэцийн төвийн барилга байгууламжууд барихаас давсан нийгмийн эрүүл мэндийн цогц бодлого боловсруулах чадамжгүй аж. Юу болоод байгааг мэдэхгүй, мэдсэн ч юу хийхээ бас мэдэхгүй, чадахгүй. Судалгаанаас харахад Монгол хүмүүсийн нас баралтыг нөхцөлдүүлж байгаа цаад гол эрсдэлт хүчин зүйлүүдэд:

1. Даралт ихдэлт, (зүрхний шигдээс, цус харвалтын гол шалтгаан)
2. Тамхидалт (зүрх судасны өвчин, нийт хавдрын шалтгаан)
3. Таргалалт (зүрх судасны өвчин энэ дундаа чихрийн шижин, бүх хавдрын шалтгаан)
4. Архины хэтрүүлэн хэрэглээ (архины хордлогын шалтгаант нас баралт, зүрх судасны өвчин, нийт хорт хавдар, осол гэмтэл, амиа хорлолтын шалтгаан)
5. Өөх тосны хэрэглээ буюу цусан дах липид хэвийн түвшнөөс их байх (зүрх судасны өвчний шалтгаан) гэсэн 5 гол эрсдэлт хүчин зүйл орж байна.

Гэтэл эдгээр цаад шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг ямар ч нам, улс төрч мөрийн хөтөлбөртэй дурдаж, үүний эсрэг баримтлах бодлого боловсруулж чадсангүй. Эдгээр намуудад байгаа олон эмнэлэгийн дарга, Харвард төгссөн, олон улсын байгууллагад ажилласан гэх тодотголтой эмч, судлаачид ийм наад захын нийгмийн эрүүл мэндийн асуудлаа ойлгохгүй байгаа бол цаашлаад бид энэ хүмүүсийг төлөөлөл болгон сонгох хэрэгтэй юу гэсэн асуулт ч тавьж болох юм. АН-ын амлалт дээр гэхэд Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ гэх. МАН харин "Эрүүл чийрэг эр хүн" хөтөлбөр хэрэгжүүлж дундаж насыг уртасгана гэв. Ядаж эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага (дунджаар 66) байгаа гэдгээ мэдэж л байгаа юм байна. Тэгвэл эрэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаанууд болох зүрхний шигдээс (1), тархинд цус харвах (2), Ходоодны хавдар (3), амиа хорлолт(4), архины хордлого (5)-ын талаар ягаад огт дурдсангүй вэ? Бусдаас хараат бус өөрсдийн мэдээгээ хүргэдэг алдарт Guardian сэтгүүлд хүртэл "Too smart, too successful" буюу хэт ухаалаг, хэтэрхий чадварлаг Монголын эмэгтэйчүүдэд нөхөр олох хэцүү байна гэсэн нийтлэл гарч, дэлхийд цацагдсаныг та бүхэн өмнө нь харсан байх.

Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хойно хоцорсон эрэгтэйчүүдийн асуудлаа дэмжье л гэж байгаа тэдэнд байгаа асуудал, архи тамхины хэрэглээг бууруулах талаар хамгийн түрүүнд ярих л ёстой. Судалгаагаар архи, тамхины хэрэглээ сүүлийн 20 жилд буурсан шинжгүй харин ч тогтвортой өссөн. Бидний сүүлийн судалгаагаар тамхидалт нэмэгдэж, эрэгтэйчүүдийн 55% нь тамхи татаж байна гэсэн үзүүлэлт гарсан. Үүнийг уншаад та магадгүй тамхи татаж байгаа хүмүүс багассан, тамхины хууль, татвар эсрэгээрээ чангарсан юм биш үү? гэж бодож байж магадагүй юм. Тиймээ үнэн, гэхдээ маш богино хугацаанд л тийм байсан. Харамсалтай нь 2012 онд 100 нэгж янжуур тутамд 2.4 ам.доллар татвар ноогдуулж байсан тамхины татварыг тун удалгүй 2015 онд улам чангаруулах, тамхи татах цэг байгуулах нэр доор төгрөг рүү шилжүүлж, тамхины татварыг талаас илүүгээр багасгасан байдаг.

2018 оноос мөн татварыг 10% нэмэгдүүлнэ гэж заасан ч татвар нь нэмэгдэх үед тамхины суурь үнэ нь эсрэгээрээ буурч ямар ч өөрчлөлт гараагүйг тооцоолж үзэв. Хууль дээр болон хэвлэл мэдээллээр дандаа өссөн гэж олон дахин мэдээллэсэн учираас тамхины чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтнүүд нь ч хүртэл энэхүү хуулийг анзааралгүй өнгөрсөн нь гайхамшигтай. Манай улс бүсдээ тамхидалтаараа хоёрт орох үзүүлэлттэй. Тогтвортой хөгжлийн бодлогын дагуу тамхины татварыг 70%-д хүргэхийг бүх улс оронд хүргүүлсэн ч манайд энэ нь бодит байдал дээр талд нь хүрэхтэй үгүйтээ байна. Судалгаагаар хэн нэгэн мундаг хүн гарч ирээд тамхиа татахаа боль гэж хэлээд хүмүүс тамхинаас гардаг юм биш харин зайлшгүй төрөөс оролцож, татварыг нэмэгдүүлж байж л тамхидалтыг бууруулдаг гэдгийг аль хэдийн судлаад, нийтээр хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байгаа юм.

Таны одоогийн 4 мянган төгрөгөөр худалдаж авч буй тамхины үнэ маргааш 10 мянган төгрөг болвол та тамхиа үргэлжүүлэлэн татсаар л байх уу? хэрвээ та энэ асуултанд тэр дороо шууд үгүй гэж хариулж чадахгүй байгаа бол татвар нэмэгдүүлэх бодлого танд ч гэсэн нөлөө үзүүлж байна гэж ойлгож болно. Хэрвээ та тамхидалт багассан гэж одоо ч гэсэн бодож байгаа бол өдөрт зам, буудал, орцны үүдээр гарахдаа хэдэн удаа тамхины утаанд өртөж байгаа вэ? гэдгээ дахин нэг бодоод үзээрэй. Хорт зуршил, зан үйлийг өөрчлөх асуудал дээр төрөөс ч зайлшгүй оролцож "nudge" хийж байж л өөрчлөлтийг авчирна. Хамгийн наад жишээ бол саяын хөл хорионы үеэр шөнийн клубуудын ажиллахыг зөвшөөрч, буцааж хаах үед хэр олон залуучууд цуглаж, маргааш нь гэхэд энэ үзэгдэл ор тас байхгүй болж байгаа дээрээс л харж болно. Судалгаанаас тамхи, архины хэрэглээ өсвөр, залуу насныханд хамгийн өндөр байгаа.

Өөрсдийгөө GenZ гэж нэрлэж байгаа залуус, өөрсдийгөө өмнөх үеэс тэс өөр, соёлтой, хүмүүжсэн гэж үзэж байгаа ч бодит байдал дээр тийм биш байна. Тиймээс эдгээр залуу үеийн төлөөллийг мөрөөдөмтгий болов ч өөрсдийгөө ч мэдэхгүй бүлэг хүмүүс гэж тодорхойлж болох юм. Олон эрдэмтдийн үзэж байгаагаар хөгжил дэвшилээс шалтгаалж бүх салбарт ахиц дэвшил ажиглагдаж байгаа ч стресс бухимдал, сэтгэл гуртал, амиа хорлолт нэмэгдэж, аз жаргалгүй, зорилгогүй залуучууд ихэсч байгаа нь шинэ үеийн тулгамдсан асуудал болох хандлагатай гэдгийг онцолсон. Тиймээс архи, тамхин дээр төрийн чанга бодлого орж ирэхгүй л бол, хувь хүний ухамсраас үл хамааран энэ байдал улам нэмэгдэх л болно. Архи, мансууруулах бодис хэрэглэсэн хүн голдуу осол гэмтэлд өртөх, гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэл үйлдэх, амиа хорлох магадлал нь маш бага гэдгийг мөн л тоо баримтуудаас хялбархан харж болно.

15-45 хүртэлх залуу насны эрэгтэйчүүдийн дундах амиа хорлолтын үзүүлэлтээр ч Монгол дэлхийд өндөр, эхний 20-д улсын нэгд тогтмол орж байна. "Binge drinking" буюу нэг удаа архи согтууруулах ундаа хэрэглэхдээ тасартлаа уудаг (эрүүл мэндэд хамгийн хортой уултын хэлбэр) үзүүлэлтээрээ манайх дэлхийд 2-рт (Мадагаскарын дараа) орж байгаа бөгөөд энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их тоо.

Дээр нь нэмж хэлэхэд бусад улстай харьцуулахад Монголчууд бид бараг бүгдээрээ архи задалдаг ферментийн дутагдалтай, согтсон үедээ сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадвараа алдаж, догшрох шинж илүү байдаг гэдгийг мөн л адил аль хэдийн судалчихсан. Бид гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн хэргийг сонсох үедээ нийтээрээ жигшин ярьж, цаазаар авах хуулийг сэргээ гэж уриалдаг. Тэгвэл энэний цаад асуудлаа ягаад хэн ч ярихгүй байгаа юм. Монголчууд эх түүхдээ хайртай, Монголтын эзэнт гүрний байлдан дагуулалтыг бүгд л ам уралдан ярьцгаадаг.

Тэгвэл Монголчууд Австрийн соёлын эх төв Венийг эзэлж, цааш Европыг байлдан дагуулж, дэлхийг нэгтгэхийн өмнө Өгөдэй хаан архины хордлогоор нас барсан тул цэргээ буцааж татаж байсан гэдгийг нэг бодоод үзээрэй. Монголын согтуу хаан архи ууж үхсэнээс болж Европ аврагдсан гэж зарим түүхд дурдсан байдаг. Тоо баримт, түүх хүртэл ийм байхад өнгөрсөн жилүүдэд МАН болон АН-ын аль нь ч дорвитой бодлого хэрэгжүүлсэнгүй, одоогийн намуудын аль нь ч мөн адил энэ талаар мөрийн хөтөлбөртөө дорвитой дурдсангүй.

Улс төрд MCS-ийн нам дамжсан гар хөл байдаг уу үгүй юу гэж маргадаг, харин энэ талаас харахад архи, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудын эрх ашгийг хүчтэй хамгаалсан хүмүүс их байдаг бололтой. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн реформ хийхийн тулд энэ удаагийн сонгуулаар хамгийн түрүүнд сонгож болохгүй хүмүүс бол эдгээр архи, тамхи үйлдвэрлэгч, импортлогч байгууллагатй ямар нэгэн байдлаар нэр нь холбогдсон хүмүүс байж болох юм. Архины үнийг нэмэгдүүлэхэд шагын архи болон спиртийн бодисноос хордох тохиолдол нэмэгдээд байсан учираас болиулахаас өөр арга алга гэж хэлдэг.

Тэгвэл ягаад архины үнийг нэмэхийн хажуугаар архи, согтруулуух ундаанд донтсон хүмүүсд үйлчлэх АА-ын бүлгэмийг өрхийн эмнэлэг, хороо бүр дээр зохион байгуулж, 7 хоногт ганц цаг үйлчилгээ үзүүлж болохгүй гэж. Энэ мэт өч төчнөөн шийдлийг бий болгож болох байхад боломжгүй, ингээд л энэ хэвээрээ байцгаая гэсэн ярьж байгаа мэргэжилтнүүдийг сонсох харамсалтай юм. Манайд байгаа архины асуудлын талаар ярихад хүртэл толгой янгинаж өвдөж байгаа тул энэ хүргээд зогсооё.

Баатарсүрэнгийн үүрцайх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.