АНУ-ын эмч нар хоригдлуудыг тамлахад тусалжээ

2013 оны 11-р сар 06-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-д хоёр жилийн турш хийсэн судалгааны дүгнэлт гарахад армийн эмч нар хоригдлуудыг яргалан тамладаг, хүнлэг бус харьцдаг, тэднийг гутаан доромжилдог гэжээ. Эмнэлгийн ажилтнууд заримдаа өөрсдөө ийм үйлдэл гаргадаг, заримдаа бусдад туслан, хамтарч ийм хэрэг үйлддэг байжээ. Судалгааны тайланг цэрэг, эрүүл мэнд, ёс зүй, хуулийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн хараат бус байгууллага бэлтгэсэн байна. Харин Тагнуулын төв газар, Пентагон энэ тайланг эсэргүүцжээ. Судалгааг Эрүүл мэндийн хүрээлэн, George Soros-ын санхүүжүүлдэг Нээлттэй нийгэм хүрээлэн санхүүжүүлсэн аж. 9-р сарын 11-ний халдлагын дараа Afganistan, Guantanamo-гийн хойг болон Тагнуулын төв газрын нууц хорих ангиудад дээрх хууль бус үйлдлүүд хамгийн их гардаг байна. Судлаач Leonard Rubenstein, BBC-д ярилцлага өгөхдөө, “Энэ тайлан Guantanamo болон бусад газрууд дах хоригдлуудад үлдээсэн анагаахын арилшгүй ул мөрийг ил гаргасан. Эмнэлгийн ажилтнуудыг хоригдлуудыг яргалан тамлах ажиллагаанд татан оролцуулахын тулд Батлан хамгаалах яам, Тагнуулын төв газар ёс зүйн үндсэн стандартуудыг өөрчилсөн. Одоо ч энэ бүхэн үргэлжилсээр байгаа. Эмч нар Дэлхийн анагаахын холбоо, Америкийн анагаахын бүлгүүдийн ёс зүйн стандартуудыг зөрчсөн нэг жишээ бол тэднийг хүчээр хооллох юм.” гэжээ. Маргааны сэдэв болсон энэ тайланд хоригдлуудын нүүрийг усаар шүршдэг, агааргүй орчинд байлгадаг гээд энэ бүх аргыг хориглосныг дурджээ. Мөн өлсгөлөн зарласан хоригдлуудыг эрүүл мэндийн ажилтнууд хүчээр сандалд суулган, судсаар нь хооллодгийг ч сануулсан байна.

Хоригдлуудын сул талыг олж аван, байцаалтдаа ашиглахын тулд эрүүл мэндийн үзлэг хийх, байцаалтад эмч нарыг ч мөн байлгах зэргээр эмч нарыг ашиглаж байна гэж буруутгажээ. Иймд Сенатын Тагнуулын хороо хорих төвүүдэд ашиглаж байгаа эрүүл мэндийн үзлэг, үйл ажиллагааг нарийвчлан шалгах ёстой гэж судлаачид үзэж байна. Харин Тагнуулын төв газрын олон нийттэй харилцах албаны дарга Dean Boyd, “Энэ тайлан буруу мэдээлэл, алдаатай дүгнэлт агуулж байна. Тагнуулын төв газрын хяналтад нэг ч хоригдол байхгүй. Гурав дах улс руу шилжүүлэх хоригдлуудыг агуулсан Хяналт, байцаалтын хөтөлбөрийг ерөнхийлөгч Обамагийн тушаалаар 2009 онд хаасныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.” гэжээ. Мөн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Todd Breasseale, “Хоригдлуудын эрүүл мэнд, асаргааг шүүмжилж байгаа иргэдийн хэн нь ч хоригдлуудтай уулзах, тэдний эрүүл мэндийн картыг судлах, Guantanamo дах үйл ажиллагаатай танилцах боломжгүй. Тэнд ажилладаг эмч сувилагчид бүгд маш сайн мэргэжилтнүүд. Хоригдлууд харин ч амьдралдаа авч байгаагүй сайн үйлчилгээ, асаргааг энд л авч байгаа.” гэжээ.

Б.Эрднэчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.