Беларусийг Токиогийн Олимпийн наадамд оролцохыг нь хориглох уриалгыг ЕХ-ны парламент гаргалаа

Twitter Print
2021 оны 06-р сар 11-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны парламент Беларусьт санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхгүй байх, тус улсыг олон улсын бүхий л төрлийн арга хэмжээнд оролцохыг тэр дундаа энэ зун болох Токиогийн Олимпийн наадамд оролцохыг нь хориглох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолыг Европын холбооны парламентын гишүүдийн олонх нь буюу 626 нь дэмжжээ.

Уг тогтоолд Ирландын Ryanair агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоцыг Беларусийн тал хүчээр Минскт буулгаж, уг онгоцонд зорчиж явсан Беларусийн сэтгүүлч Роман Протасевич болон түүнтэй хамт явсан София Сапега нарыг баривчилсан явдлыг буруушааж, уг явдлыг Беларусийн засгийн газраас явуулсан террорист ажиллагаа хэмээн тодорхойлжээ.

Түүнчлэн улс орнууд Беларусьт санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээс татгалзаж, Беларусийн дэд бүтэц, эдийн засгийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа зогсоох шаардлагатай гэжээ.

Европын холбоонд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудад Беларусийн засгийн газар болон засгийн газартай холбоотой байгууллагуудаас гаргасан үнэт цаас, бон зэргийг худалдан авахыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна.

Европын холбооны парламентын гишүүд Беларусь улсыг олон улсын спортын байгууллагуудаас хасах хэрэгтэй гэж үзэж байгаа ба Европын Хөлбөмбөгийн холбооноос Беларусийн төрийн өмчит сувгийн Европын Хөлбөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрхийг цуцалж, тус эрхийг хараат бус, бие даасан Белсат сувагт шилжүүлэхийг уриалжээ.

Европын холбооны парламентын гишүүд Беларусийн эдийн засгийн гол салбарууд болох газрын тос, гангийн үйлдвэрлэл болон мод боловсруулах үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээ авах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Мөн Роман Протасевич, София Сапега зэрэг улс төрийн хилс хэргээр баривчлагдсан иргэдийг даруй суллахыг шаардан, Ryanair компанийн онгоцыг Минскт буулгахад оролцсон этгээдүүдэд яаралтай хориг арга хэмжээ тогтоохыг дэмжжээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.