Д.Галсансүх: Пушкин, Ли Байг ч сайн уншаагүй, "Хуучин хүү"-гээ ч судлаагүй улс утга зохиолыг талх олох хэрэгсэл болгож буйд үнэхээр харамсдаг

Twitter Print
2022 оны 06-р сар 20-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

"БОЛОР ЦОМ"-ЫН ЭЗЭН, МОДЕРНИСТ ЯРУУ НАЙРАГЧ Д.ГАЛСАНСҮХ: ПУШКИН, ЛИ БАЙГ Ч САЙН УНШААГҮЙ, "ХУУЧИН ХҮҮ"-ГЭЭ Ч СУДЛААГҮЙ УЛС УТГА ЗОХИОЛЫГ ТАЛХ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙГААД ҮНЭХЭЭР ХАРАМСДАГ

Монголын утга зохиолд модернист чиг хандлага бий болсоор 30-аад жилийн нүүр үзэж байна. Аль 1990-ээд оны эхэн үеэс одоог хүртэл модернист тодотголтой зохиолч, яруу найрагч гарын таван хуруунд багтахаар цөөн бий. Тэд бол модернист зохиолч С.Ануудар агсан, Ч.Мөнхбаяр, модернист яруу найрагч Б.Галсансүх гэсхийгээд л болно. Б.Галсансүх найрагчийн хувьд утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Энхбаяраас "модернист фронт командлагч" хэмээх эрхэм хүндтэй тодотголыг хүртсэн нэгэн.

"Яруу найргийг шинэчлэхийн төлөө 100 жилийн дайн" хүртэл зарлаж явсан түүний нэр 1990-ээд оны Монголын утга зохиолтой салшгүй холбоотой. Гавьяат багш, нэрт судлаач, шүүмжлэгч Д.Галбаатараар "Түүний шүлгэнд увайгүй зүйл олон тохиолддог ч яах аргагүй 1990-ээд оны Монголын яруу найрагчдын гол төлөөлөгчдийн нэг" гэж үнэлүүлсэн "Болор цом"-ын эзэн, модернист яруу найрагч Б.Галсансүхтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.

-Ингэхэд та хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхлэв? Анхны шүлэг чинь...

-Яруу найргийг 11 настайгаасаа эхэлж оролдсон. Бүр анх бичиж байсан шүлгүүдээ санадаггүй ээ.

-Таныг яруу найрагч болоход нөлөөлсөн хүчин зүйлс гэвэл...

-Яруу найргийг газар тохиолдож бичээд, тэнгэрт уншиж сонсгосон болохоор тэнгэр, газар хоёр хамгийн түрүүнд нөлөөлсөн.

-Тэгвэл яруу найргийн багш чинь...

-Анхны багш Ломбын Нямаа минь надад жинхэнэ яруу найргийн мөн чанарыг таниулсан. Удаах багш маань Нямбуугийн Нямдорж. Надад өөр ёсолсон багш үгүй.

-Одоогоор модернист шүлэг бичиж байгаа хүн танаас өөр алга. Хэн нэгэн гараад ирвэл дэмжих үү?

-Ийм өнгө аясаар бичиж буй залуус байгаа. Би ч тэднийг дуртайяа дэмждэг. Цаг нь болохоор тэр залуучууд тэсрэлт хийж гарч ирнэ гэдэгт их итгэж байгаа. Зарим нэгийнх нь шүлгийг уншиж үзээд, сэтгэлгээ сайтай, оюун ухааны найрагч болох хүн байна гэж олзуурхдаг.

-Яруу найргийн хэвшмэл өнгө аясыг эвдэж, шинэ соргог шүлэг бичдэгээрээ та олны анхаарлын төвд байдаг юм шиг...

-""Болор цом" гээч юу юм бэ" гэж нэлээн бодсоны эцэст хулгай, дээрэм хийгээд, биеэ үнэлээд явснаас шүлэг уншиж байсан нь дээр юм байна" гэдгийг ойлгосон. Хүн болгон шүлэг бичээд уралдаад байхаар аазгай, шар хоёр хөдлөөд би ч гэсэн шүлэг бичдэг байж яагаад уралдаж болдоггүй юм бэ гээд оролцсон.

-Яагаад ч юм бэ, таны дотоод ертөнц рүү өнгиймөөр санагдаад байдаг юм...

-Өнгийж яах гээд байгаа юм бэ?! Сонирхолтой юм байхгүй шүү. Шүлэг бичиж уншихаараа л яруу найрагтай холбоотой болохоос биш би бусадтай адил жирийн хүн. Хүмүүсийн адил уурладаг, бухимддаг, инээдэг, баярладаг. Зарим нэг найрагч өөрийгөө тэнгэрийн амьтай, хийморьтой гээд л онгирч явдаг юм билээ. Би бол тэр тэнгэрийн амьтан нь бүр ч биш шүү дээ.

-Яадаг юм бэ, тэгээд онгирооч дээ...

-Яах юм бэ. Надад шүлэг бичих таалагддаг. Бичсэн шүлгээ энд тэнд унших дуртай. Тэрнээсээ ч таашаал авч чаддаг. Түүнээс илүү их зүйл надад хэрэггүй ээ.

-Ер нь та ямар нэг юманд баригддаггүй, задгайдуухан хүн шүү дээ...

-Үнэнийг хэлэхэд би юманд баригдаж, хүлэгдэх дургүй. Өөрийнхөөрөө л байх дуртай. Яруу найраг гэдэг чинь нэг талаасаа онгодын юм. Онгодын юм гэдэг утгаараа бөөтэй их холбоотой. Хүмүүс бөөгийн шашин гэж их ярьж бичдэг. Би шашин гэж огт үздэггүй, харин тэнгэр шүтдэг ертөнц гэж ойлгодог.

-Тэгэхээр та бөө шүтдэг байх нь ээ...

-Тийм ээ, манайханд бөөгийн удам бий.

-Анхны номын тань хавтасны зургийг хүмүүс их сонирхдог. Яагаад нүүрэнд нь нүцгэн зургаа тавьсан юм бэ?

-Энэ тухай их асуудаг л даа. Тэгээд ч анхны ном маань "Хүн судлал" нэртэй. Номынхоо нэртэй утга авцалдуулсан гэх үү дээ

-Онгод гэж байдаг уу? Бий бол таных хэзээ ордог вэ?

-Жинхэнэ яруу найргийг онгодоор бүтээдэг. Онгод хэлж биш хийсэж ирдэг юм шиг ээ.

-Яруу найрагчид, зохиолчдоос хэнтэй нь илүү нөхөрлөдөг вэ?

-Үеийнхэнтэйгээ.

-Дотоод, гадаадын зохиолч, яруу найрагчдаас хэнийг хүндэлдэг вэ?

-Гадаад гэхээр маш урт жагсаалт гарна шүү дээ. Зарим нэг хүн зохиолыг нь уншаа ч үгүй, нэрийг нь сонсоо ч үгүй байж олон нэр хэллээ гэж атаархдаг учраас бүтэн жагсаалт гаргамааргүй байна. Гадаад ч, дотоод ч олон, олон. Энэ жагсаалтад үргэлжилсэн үгийн зохиолчдыг оруулахгүйгээр хэдэн ч хуудас болж магадгүй.

-Таны бодлоор манай утга зохиолын судлал, шүүмжлэл ямар түвшинд байгаа бол?

-Утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн боловсрол тааруу. Пушкин, Басё, Ли Байгаа ч сайн уншаагүй, "Хуучин хүү"-гээ ч судлаагүй хүмүүс утга зохиолыг талх олох хэрэгсэл болгож байгаад үнэхээр харамсдаг.

-Үеийнхэн чинь таныг шилдгүүдийн тоонд оруулдаг юм билээ. Та үеийнхээ шилдгүүдийг нэрлээч...

-Б.Одгэрэл, Ануударь агсан, Г.Бадамсамбуу, Г.Аюурзана, Өлзийтөгс, Н.Мөнхбаяр, Буянзаяа гээд л бид нар чинь их олуулаа.

-Таны номуудыг багагүй шүүмжилдэг юм билээ...

-Би угаасаа шүүмжлүүлдэг хүн. Анх бичиж эхэлсэн цагаасаа шүлгээ ном болгож хэвлүүлсэн өдөр хүртэл тасралтгүй шүүмжлэлд өртсөн. Яруу найраг тухайн цаг үедээ шинэлэг байж, хүмүүсийн оюун санаанд нөлөөлнө үү гэхээс өнгөрсөн, баларсан эрт галвын зүйлийг дуурайж, сэргээж бичээд хэзээ ч хол явахгүй. Хүн бүхэнд сайн сайхан хандах гээд, бас харагдах гэж явж чаддаггүй ээ, би. Үүнийгээ ч нуудаггүй. Үнэн үг хэлсэн хүн үргэлж өөлүүлж, адлуулж байдаг хойно надад дургүй хүн олон байдаг биз.

-Шүлгийг чинь шүүмжилдэг хэрнээ дурлаад байдаг байдаг хүмүүс ч бий юм билээ...

-Сонирхолтой байна гэдэг чинь яруу найргийн нэг чанар юм шүү дээ.

-Гэртээ сууж уран бүтээл хийхэд амьдралд хүрэлцэхүйц мөнгө олох боломж байна уу?

-Үнэхээр сайн бүтээл хийвэл боломж бий. Номын мөр цагаан гэгчээр манай Аюурзана, Өлзийтөгс хоёр гэхэд гэрээрээ ном бичээд, хүүхдүүдтэйгээ сайхан л амьдарч байна.

-Та ч гэсэн гэртээ...

-Мөрөөдөж байна. Юу болох юм харж л байя. Ингэхэд хө, хоёулаа ярилцлагаа ингээд өндөрлөвөл яасан юм бэ, тэгэх үү?

-Тэгье ээ, тэгье. Ярилцсанд баярлалаа.

Ш.ЭРДЭНЭТӨР

2022.06.17.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.