Этиопийн Тиграй мужид хэдэн зуун мянган иргэн өлсгөлөнд нэрвэгджээ

Twitter Print
2021 оны 06-р сар 11-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дарга Марк Лоукок Этиопийн хойд зүгийн Тиграй мужид иргэд өлсгөлөнд нэрвэгдэж эхэлснийг мэдэгджээ.

НҮБ-аас хийсэн судалгаагаар Тиграй муж болон хөрш Амхара болон Афар зэрэг мужуудад 350 мянган хүн "ноцтой хямрал"-ын нөхцөлд амьдарч байна гэж гарчээ.

Өнгөрсөн оны 11-р сараас эхэлсэн Засгийн газрын арми болон орон нутгийн "Тиграйг чөлөөлөх ардын фронт"-ын босогчид хоорондын зэвсэгт мөргөлдөөний улмаас 1.7 сая хүн гэр орноосоо дайжихад хүрчээ.

НҮБ-ын судалгаагаар Тиграй муж дахь хоол хүнсний нөхцөл байдал "гамшгийн" хэмжээнд хүрсэн ба иргэд өлсгөлөнд нэрвэгдэж, хоол тэжээлийн хомсдлын улмаас амиа алдахад хүрээд байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага, ЮНИСЕФ зэрэг байгууллагууд нь Этиопд үүсээд буй хямралын эсрэг шуурхай арга хэмжээ авахыг уриалжээ.

Засгийн газрын армитай тулалдаж буй босогчид иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүрэх явдалд зориудаар саад болж байгаа ба өнгөрсөн 7 сарын хугацаанд босогчид иргэдийн хураасан тариа ногоог дээрэмдсэнээр иргэдэд хоол хүнс гээд байх зүйл үлдээгүй байна.

1984 онд Тиграй болон хөрш Волло мужууд ган гачиг болон дайны улмаас өлсгөлөнгийн голомт болж байсан ба тухайн үед 600 мянгаас 1 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдаж байсан билээ.

Улс төрийн тогтворгүй байдлаас болж иргэд гэр орноосоо дүрвэх эсвэл бүр хөдөлгөөний хязгаарлалтанд орох, хүмүүнлэгийн тусламж хүрэлцээгүй байх, газар тариалан зэрэг өрхийн амьжиргаагаа залгуулдаг орлогогүй болох зэрэг нөхцөл байдал үүсдэг болохыг НҮБ-аас онцолжээ.

Өнгөрсөн 5-р сард НҮБ Этиопд 5.5 сая хүн хоол тэжээлийн хурц дутагдалд ороод байгааг тогтоосон ба энэ байдлаараа үргэлжилбэл ирэх 9-р сар гэхэд нөхцөл байдал улам дордоно гэжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.