
Олон хүн Еврейчүүд төрөлхийн ухаантай, өндөр IQ-гэж ярьцгаадаг. Гэвч үүний учир шалтгаан нь Еврейчүүдийн төрөлх тархинд бус ном унших дадалд нь оршдог. Чин үнэндээ Еврейчүүдийн аливаад судалгаатай ханддаг байдал болоод номтой нөхөрлөх чадвар нь тэднийг бусдаас тохой илүү ухаантай харагдуулдаг билээ.
Еврейчүүдийг бусад үндэстнүүд “номын үндэстэн” хэмээн хочилдог бол тэд өөрсдийгөө”номонд өртэй ард түмэн” гэж хэлэх дуртай. Тора сударт “Хэрэв зээ хүмүүн ухааны шидийг олохыг хүсвэл судлах хэрэгтэй. Судлахыг хүсвэл унших хэрэгтэй. Хорвоо дээр диваажинтай дөхөхүйц газар бол номын сан хэмээсэн “ байдаг.
Нобелийн шагналт Еврей эрдэмтэн Жорж Де Хевеси өөрийн гавьяа бүрийг номтой холбоотой гээд “ Хэрвээ надад мөнгө байвал би ном худалдаж авдаг. Харин мөнгө үлдвэл идэх хоол авдаг. Ном миний хамгийн ухаалаг зөвлөх, хариу нэхдэггүй нөхөр, тэвчээртэй багш мөн” гэжээ.
Еврей соёлд ном уншихгүй байх нь гэмт хэрэг хийхтэй адил жишигддэг. Тэд номын дэлгүүргүй хотыг хот биш, номын сангүй айлыг айл биш, ном уншаагүй бага насыг бага нас гэж үздэггүй. Еврей айл бүр хоёр зүйлтэй байх гэж хичээдэг. –байшингийнхаа гадна нарны эрчим хүчний системтэй , байшин дотроо номын сантай.
Орчин цагийн Еврейчүүд өдгөө ч зурагтаас илүү номын ач тусыг шүтсээр л байна. Үүний учир юунд вэ? гэвэл ном хүний оюун ухааныг төсөөллөөр нь дамжуулж хязгааргүй тэлж өгдөгт оршино. Ном уншихдаа бид боддог, зохиогчтой чимээгүйхэн ярилцдаг, тэдний үгийг сонсдог, өөрийн санаагаа дэвшүүлдэг, хөгжим сонсдог. Ном чамайг хэдэн зуун жилийн өмнө хорвоогоос хальсан суут ухаантантай үзэл бодлоо солилцож, хундага тулгах боломжийг олгодог.
Кино чамд хэрхэн бодохыг зааварладаг бол ном чамд сэтгэх эрх чөлөөг үлдээдэг. Кино чамд гол дүрийн баатрыг зүгээр л харуулчихна. Харин ном чамайг тухайн баатрыг өөрийн төсөөллийн тусламжтайгаар бүтээх боломжийг олгоно...Ном уншиж буй нэгэн өөртөө зориулж номыг дахин бичиж, өөрийн сэтгэмжээр дүрслэн кино хийж байдаг. Тийм ч учраас ном уншдаг хүмүүсийн төсөөлөн бодох чадвар хязгааргүй тэлсэн байдаг бөгөөд ертөнцийн хамгийн шилдэг кино жүжиг найруулагчид цөм номын хорхойотнуудаас төрсөн байдаг.
Еврейчүүдийн хувьд ном унших бол хобби биш. Ном бол тэднийхээр амьдралын хэв маяг. Ном унших нь тэдний заавал биелүүлэх учиртай нийгмийн үүрэг. Уйдсан үедээ ном унших бищ өдөр бүр унших дадал зуршилд суралцах ёстой.
Тэд хэзээ ч номын нэг дор сууж “машинддаггүй”. Харин өдөр бүр бага багаар , өөртөө ухаан “нааж” судалж уншдаг. Ном унших дадлыг суулгахдаа Еврейчүүд өдөр /эсвэл долоо хоногт гурван удаа/ 4-6 нүүрийг уншдаг. Эсвэл тэд өдөр бүрийн 20-30 минутыг сайн ном уншихад зарцуулдаг.
Еврей хүүхэд унших дургүй байвал ээжүүд номыг сольдог. Өөрт нь таалагдах ном гарч иртэл нь Еврей ээжүүд шинэ номыг бэлэглэсээр л байдаг. Энэ бол тэдний үр хүүхдэдээ ном унших дадлыг суулгахаар хийдэг эхний алхам.
Еврей хүүхэд хүссэн зүйлээ уншиж, хүссэн сэдвээрээ эцэг эхтэйгээ ярилцах, маргах эрх чөлөөгөөр хангагддаг.Еврей ээжүүд хүүхдийг өөрсдөөс нь илүү хүмүүжүүлэх чадвартай цорын ганц багш бол ном гэдэгт итгэдэг.
Номын тусламжтайгаар хүүхэд дэлхийн хамгийн агуу хүмүүсээс зөвлөгөө сонсох боломжтой. Энэ санааг Изралийн ерөнхий сайд Бенъямин Нетаньяху “Намайг миний уншсан номын зохиолчид хүмүүжүүлсэн “ гэж оновчтой хэлсэн байдаг.
Д.Бүжинлхам “ЦОЙЛОГСОД “ номоос...
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.