
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Япон улсад албан ёсны айлчлал хийж, Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзсан нь хоёр улсын хувьд түүхэн үйл явдал болоод байна. Энэхүү айлчлал нь. БНСУ-ын төрийн тэргүүн 12 жилийн дараа анх удаагаа Япон улсад айлчилж байгаагаараа онцлогтой юм.
Хойд Солонгос энэ долоо хоногт л гэхэд пуужингийн 4 туршилт явуулсан нь Сөүл, Токио хоёр олон жил үргэлжилж буй маргаанаа хойш тавьж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах ёстойг сануулсан явдал байв.
Талууд тогтмол уулзаж, яриа хэлэлцээр хийж байхаар тохирч, худалдааны тал дээр үүссэн олон жилийн маргаанаа шийдвэрлэжээ. Токио БНСУ-ын хагас дамжуулагчийн түүхий эдийн экспортонд тавьсан хязгаарлалтаа цуцалж, Сөүл Дэлхийн Худалдааны Байгууллагад гаргасан гомдлоо буцаахаар тохирсон байна. Хоёр орны харилцаа олон 10 жилийн турш ээдрээтэй байсаар ирсэн нь хоёр улсын он удаан жилийн түүхтэй холбоотой юм.
БНСУ нь 1910-аад оноос Дэлхийн 2-р дайн дуустал Японы дарангуйлалд байсан ба энэ хугацаанд япон цэргүүд солонгосчуудыг мянга мянгаар нь уурхайд болон үйлдвэрт албадан ажиллуулж, эмэгтэйчүүдийнх нь биеийг үнэлүүлж байсан түүхтэй.
Өнгөрсөн 7 хоногт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Японы дарангуйллын үед хохирсон иргэдэд нөхөн олговор олгох ёстой, нөхөн олговрынх нь мөнгийг Японб талаас бус өөрийн улсаасаа гаргана хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан юм. Үүгээрээ тэрээр хоёр улсын өнгөрсөн он жилүүдийн маргааныг хойш тавьж, зүүн хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг нэн тэргүүний зорилт болгож байгаагаа илэрхийлсэн байна.
Өмнөд Солонгосын сөрөг хүчний тэргүүн Юн Сук Ёлын уг шийдвэрийг "түүхэн дэх хамгийн том доромжлол" хэмээн тодорхойлсон бол БНСУ-ын төрийн тэргүүн уг шийдвэрийнхээ ачаар Токиод уригджээ. Юн Сук Ёлын гаргасан шийдвэрийг гадаад харилцааны тал дээр туршлагагүй, улс төрд ороод удаагүй хүний хувьд маш зоригтой бөгөөд алсын хараатай шийдвэр байсныг ажиглагчид онцолж байна. БНСУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсон цагаасаа Юн Сук Ёл гадаад бодлогын тал дээр асуудалтай, эргэлзээтэй байгаа харилцаануудаа сэргээх явдлыг гол зорилтоо болгожээ. Хойд Солонгосын хийж буй алхмууд улам бүр аюултай болохын хэрээр Сөүл Токиотой тагнуулын мэдээллээ солилцож, цэргийн хамтарсан сургуулилт зэргийг явуулах нь Сөүлийн ашиг сонирхолд нийцнэ гэж үзэх болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Юн Сук Ёлын Японтой хийсэн гэрээ хэлэлцээрийг "түүхийн шинэ бүлэг" эхэлж байна хэмээн магтаж, Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг Цагаан ордонд урьсан байна. Ерөнхий сайд Фүмио Кишидагаас ирэх 5-р сард Хирошима хотноо болох "Их-7"-гийн уулзалтанд орох урилга авч чадсанаар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлын хувьд Токиод хийж буй айлчлалыг амжилттай болсон гэж тооцогдоно хэмээн ажиглагчид үзэж байна.
Хоёр улсын харилцаа сайжрах нь аль аль талдаа ашигтай ба Японы хувьд энэ нь гадаад харилцааных нь түүхэн дэх томоохон ялалт болж үлдэх юм. Хойд Солонгосын асуудал хоёр орны хэлэлцэх гол асуудлуудын нэг бөгөөд БНСУ-тай нягт харилцаатай байснаар Япон улсад илүү бат бөх байр суурь илэрхийлэхэд туслах юм.
2019 онд Японы дарангуйллын үед япончууд солонгосчуудыг албадан ажиллуулж байсан асуудлаас болж хоёр улсын харилцаа уналтанд болж, тухайн ондоо талууд "Их-20"-ийн чуулганы хүрээнд уулзсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй билээ.
Үүн дээр Токио ухаалаг утас, зурагтын дэлгэц хийхэд ашигладаг түүхий эдүүдийнхээ экспортонд хязгаарлалт тогтоосон нь хоёр орны харилцаа хурцдах бас нэг шалтгаан болсон юм.
Хойд Солонгос илүү хүчирхэг, чадамж өндөртэй зэр зэвсэг боловсруулж, удахгүй цөмийн зэвсгээ туршиж болзошгүй гэдэг дээр Бээжин Соломоны арлууд дээр цэргийн баазаа байгуулж байгаа гэсэн мэдээллүүд нь Вашингтон болон түүний Ази Номхон далай дахь түнш орнуудын санааг зовоосоор байна.
Өнгөрсөн сард Вашингтон Хятадын тагнуулын бөмбөлгийг буудан унагасан бол 2019 оноос хойш Японы нутаг дэвсгэр дээгүүр л мэдэгдэх нисдэг 3 объект нисэж өнгөрсөн нь Хятадын тагнуулын бөмбөлөг байсан байх өндөр магадлалтай тухай Токио мэдээлсэн билээ.
Япон, БНСУ хоёр улсын түүх ээдрээ, маргаан ихтэй ч бүс нутгийн аюулгүй байдлын тал дээр ирээдүйд юу болохыг хоёр улс хоёулаа тааж мэдэхгүй юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn