Гал зогсоох хэлэлцээрээ зөрчсөн хэмээн талууд бие биенийгээ буруутгав

Twitter Print
2020 оны 10-р сар 12-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нийслэл Москва хотод болсон уулзалтын үр дүнд Азербайжан болон Арменийн талууд Уулын Карабахийн бүс нутагт гал зогсоох хэлэлцээр хийсэн юм.

10 цаг үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд талууд 10-р сарын 10-наас эхлэн галаа зогсоож, цэргийн хоригдлууд болон амиа алдсан иргэдийн цогцсыг солилцох байсан ч 10-р сарын 11-нд талууд бие биенийгээ гал зогсоох хэлэлцээрээ зөрчлөө хэмээн буруутгажээ. Уулын Карабахийн бүс нутагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжаны тал 40 гаруй энгийн иргэнээ алдаж, 200 хүн шархдсан хэмээн мэдээлсэн бол Арменийн тал Азербайжаны Гянжа хотыг бөмбөгдөөгүй гэдгээ мэдэгдсэн ба Азербайжанын зэвсэгт хүчин Уулын Карабахийн хот суурингуудыг тасралтгүй бөмбөгдсөөр байгаа гэдгийг онцолсон байна.

Уулын Карабахийн эрх баригчдын мэдээлснээр гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш 5 энгийн иргэн амиа алдсан бол зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш нийт 429 цэргийн амь нас хохирчээ. Арменийн зэвсэгт хүчнийхэн Азербайжаны Мингечевир хотод байрлах усан цахилгаан станцыг бөмбөгдөх гэж оролдсон хэмээн Азербайжаны тал мэдэгдсэн бол Арменийн тал уг мэдэгдлийг үгүйсгээд байна. Уулын Карабах дахь Арменийн зэвсэгт хүчний удирдагч Араик Харатюнян Азербайжаны тал Уулын Карабахийн Гадрут хотыг эзлэхийг оролдсон хэмээн мэдэгдсэн ба талуудын хоригдлууд солилцох ажиллагаа явагдах эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

Уулын Карабахийн бүс нутагтай холбоотойгоор хоёр улс олон 10 жилийн турш зөрчилдөж байгаа ба тус бүс нутагт үүссэн нөхцөл байдал цаашид дайн болж хурцдах, уг дайнд Азербайжаны гол түнш Турк улс, Арменитай батлан хамгаалахын гэрээтэй ОХУ татагдан оролцохвий гэсэн айдсыг төрүүлж байна. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар холбогдон Арменийн талаас гал зогсоох хэлэлцээрээ даган мөрдөхийг шаардахыг хүссэн байна.

Нөгөө талаас Арменийн Гадаад хэргийн сайд энэ даваа гарагт ОХУ-ын нийслэл Москвад Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.