Н.Түвшинбаярыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хэргийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү "4-р сарын 2-ны 21 цаг 29 минутад Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Залуу Монгол" корпорацийн байранд хүмүүс зодолдоод байна гэсэн дуулагын дагуу хэргийн газар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсээс цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж ажилласан.

Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдүүлгийг авсан. Хохирогч улсын начин Э.Энхбат ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Уг хэрэгт сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан тайлбар мэдүүлэг авсан. Тухайн хүний биеийн байдал болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтийг нь цагдаа хангаж өгсөн. 

Гэсэн ч түүний биеийн байдлыг хэвийн болсон гэж үзэж урд шөнө уг хэрэгтэй холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан, хорих 461-р ангид хүргэсэн. МУ-ын Эрүүгийн хуулийн 11-ийн 1-д заасанаар буюу хүний эрүүл мэндэд санаатайгаар хүнд гэмтэл учруулах гэсэн заалтаар Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсээс прокурорт хүргүүлсэн" хэмээн мэдээлэл хийсэн.

Тэрчлэн өчигдөр орой Н.Түвшинбаярыг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлэлд дурдсан байна.

"Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо.

Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ" гэсэн байна.

Тайлбар: Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ямар тэнэг хууль вэ

      (37.171.36.223) 2021-04-05 16:58
      • 0
      • 1

      Тэгээд одоо мөнгөтэй танилтай нь торгуулиад мөнгөгүй нь ял авдаг хууль зохисон юм биздээ ккк хөгийн юмнуудаар төрөө бариулж хуулиа хийлгэж ард нь ард иргэд өөрсдөө үйл тамаа эдлэх гэж

      Хариулах

    • Zochin

      (202.21.124.17) 2021-04-05 13:59
      • 0
      • 2

      Iim muuhai yumnuudiig shudarga shuugeerei de! Hunii biyed gemtel uchruulna gedeg ni tom gemt hereg!

      Хариулах