Д.Дорлигжав: УИХ, Цэцийн гишүүдтэй холбоотой "мөнгө угаасан" гэх хэргүүд шийдэгдэхгүй гэдгийг нуугаад яахав

Twitter Print
2014 оны 06-р сар 17-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулдаг, үүнд хяналт тавин ажилладаг Шүүхийн шинжилгээний байгууллага, АТГ, УЕПГ зэрэг байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн өчигдөр болсон. Уг зөвлөгөөнөөс УИХ, ЗГ-т хандан хэд хэдэн санал хүргүүлэхээр болжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав сэтгүүчдэд өглөө. Тэрбээр “Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх ёстой, үлдээлгүй шинэчлэх хэрэгтэй асуудлуудыг бидний зүгээс тавьж байгаа. Эрхзүйн шинэчлэл бол хууль батлах ганцхан ажил биш. Тухайн салбарын материаллаг бааз, төсөв, сургалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх зэрэг юм. Гэхдээ манайд энэ талын ажил зогсонги байна” гэв.

Шүүхийн харьяаллын тухай шийдвэрээ УИХ эргэж харах хэрэгтэй

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд зарим шүүхийн харьяаллыг шинээр тогтоосон. Тодруулбал, Багануур дүүрэгт Хэнтий аймгийн зарим сумыг, Хархоринд Төв аймгийн хэдэн сумыг харьяалуулсан асуудлыг зөвлөлгөөнд оролцогчид УИХ эргэж харах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь Үндсэн хуулийн  “шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулан байгуулна” гэсэн зарчимтай зөрчилдөж байгаагаас гадна хууль, шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгааг онцолсон.

Байцаан шийтгэх ажиллагааны зардал дутмагаас болж хэргийн илрүүлэлт чанаргүй байна

Байцаан шийтгэх ажиллагааны зардал нь хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагааны чанар, үр нөлөөнд чухал нөлөө үзүүлдэг. Үүнд шинжээчийн зардал, гэрчийг дуудах авчрах, шүүхийн шинжилгээнд шинжилгээ хийлгэх, эм урвалжийн үнэ өртөг, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах зэрэг хэргийг мөрдөн байцаах ажиллагааны үеийн бүх зардал ордог. 

Уг зардал дутмагаас болж мөрдөн шалгах ажиллагаа чанар үр нөлөөгүй болох, хэрэг илрүүлэлт удаашрах тохиолдлууд гардаг байна. Тухайлбал, Бенгаль хэлтэй орчуулагч манайд байхгүйгээс Монгол Улсын иргэнд хохирол учруулсан Бангладеш улсын иргэний хэргийг шийдэж чадахгүй байгаа тухай жишээг Ерөнхий прокурор ярьсан юм. Мөн хэргийн материал зэргийг орчуулахад заавал орчуулгын товчоонд хандах болдог учир өндөр зардал гардаг нь төсөв хүрэхгүй ч үүнтэй эвлэрдэг. Харин Төр засгийнхан биднийг болж байгаа л гэж ойлгодог гэж хэлж байсан. Тиймээс гэмт хэргийг шуурхай илрүүлэх, шийдвэрлэхийн тулд бйацаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмж төсөвт суулгуулахыг УИХ-аас хүсч буй юм байна. Тэд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй гэнэ. Тодруулбал, шүүхийн тэмдэгтийн хураамж гэж иргэний журмаар шүүхэд хэлэлцэх хэргүүдийн тодорхой хувийг улсын төсөвт төлдөг. Мөн торгууль шийтгэврийн мөнгө Сангийн яамны нэг дансанд төвлөрдөг. Үүнээс  байцаан шийтгэх үйл ажиллагааны зардлыг гаргуулах, зарим буруутай үйл ажиллагаанаас иргэдэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой гэж бодож байгаа аж. Одоогийн байдаар байцаан шийтгэх ажиллагааны зардалд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөдөг ба үүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн тохиолдолд байцаан шийтгэх ажиллагаанд хүрэлцээтэй болно гэж байгаа юм байна.

Үүнээс гадна Засгийн газраас хоорондоо холбоогүй үүсгэж байгаа олон мэдээллийн санг цэгцэлж, иргэнд хохирол учруулахгүйгээр түүний мэдээллийг аль ч байгууллагад ашиглаж болдог эрхзүйн орчинтой болгож өгөхийг хүсчээ. Түүнчлэн хэргийн шинжээч, үнэлгээ хийдэг байгууллага, хувь хүнд зориулагдсан хууль эрх зүйн орчин хэрэгтэй байгааг хэлсэн. Хөдөө орон нутгийн шинжээч, шинжилгээний лаборатори маш хариуцлагагүй ажилладаг. Үүнээс болж иргэд гомдол мэдүүлдэг. Зарим газар задлан хийх эмчгүй, шинжээчгүй байдаг байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцлов.

Манай хуульд шинжээч ингэж дүгнэх ёстой, тэдэн хоногийн дотор тогтоох ёстой, мөрдөн байцаагч ийм зүйл хийх ёстой гээд заасан байдаг ч манай улсад зардал нь дутмаг, шинжээч байхгүй, техник хэрэгсэл байдаггүй гэнэ. Захын нэгэн гадны орны мөрдөн байцаагч чемодан дүүрэн багажтай, гар лаборатори аваад хэргийг мөрдөхөөр гардаг бол манай мөрдөгч нар гар хоосон ажиллагаанд гардаг гэлээ. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас цөөн асуултанд тодруулга авлаа.

-Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайханыг бүтээгдэхүүн хуваах гэрээ нэрийдлээр хоригдож байсан, сүүлдээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой гэх мэдээлэл байна гэсэн. Энэ талаар?

-Мэдээж энэ хэргийг улсын яллагч, хэргийг уншсан прокурор “а, б”-гүй мэдэж байгаа. Надад бол ерөнхийд нь энэ хэрэг ингэж шийдэгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Талийгаачтай холбоотойгоор нотолж тогтоосон үндэслэлээр хэргийг нь сая шүүхэд шилжүүлсэн. Бусад шалгаж тогтоох олон зүйл байсан ч нэгэнт эзэн холбогдогч нас барсан тул "нууц" хэвээр үлдлээ. Гэвч энэ хэргийг удаан шалгалаа гэх шүүмжлэл, гомдол гарсан. Гадаад орнууд, ялангуяа хөрөнгө, мөнгө төвлөрч байгаа газрууд ийм хэрэгт тун болгоомжтой, хатуу ханддаг. Жишээ нь, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа гэгч нь олдохгүй эрэн сурвалжлагдаж байна. Хэрэгт холбоотой хүн нас барсан гээд бусад холбогдогчид байсаар байтал хэргийг ор тас хааж болохгүй асуудал. Нөхцөл байдлыг харгалзан бусад холбогдогчдийн асуудлыг хэрхэн шалгах вэ гэдэг нь хуулиар зохицуулагдана.

-Тэгвэл "мөнгө угаасан" гэх хэрэгт холбогдоод байсан УИХ, Цэцийн гишүүдийн хэрэг юу болсон бэ. Ер нь олны танил эрхмууд, улстөрчдийн хэрэг прокурорт шалгагдаж байгаа нэрийдлээр замхардгийн учир юу вэ. Олны танил эрхмүүдийн хэрэг прокурорын газарт ингэж удааширах ямар шалтгаан байгаа юм бэ?

-УИХ-ын Цэцийн гишүүдтэй холбогдсон "мөнгө угаасан" гэх хэргүүд цааш шалгагдаад шийдвэрлэгдэхгүй байгааг та бүхэн мэднэ. УИХ-ын гишүүдийн тухайд бол бид асуудлаа тавьдаг, хэрэгт татдаг. Харин гишүүд өөрсдөө өөдөөс халдашгүй байдлын хууль ярьдаг. "Ийм хүнийг, ийм буруутай гэж тогтоогоогүй учраас түтгэлзүүлэхгүй" гэдэг шийдвэр гараад ирэхээр манай ажиллагаа зогсчихдог. Түүнчлэн хуулиар хамгаалагдсан эрх бүхий албан тушаалтнуудын хувьд бүх хэргүүд зогссон, "мөнгө угаасан" хэрэг шийдэгдэхгүй байгаа гэдгийг нуугаад яахав. Удаа дараа би Ерөнхий прокурорын хувьд ч энэ тухай байнга хэлдэг. Өндөр албан тушаалтан байна гэдэг жирийн ард иргэдээс илүү эрхтэй байхыг хэлэхгүй. Хэрэг хийсэн бол шалгагддаг байх ёстой. Нэгэнт баталсан хууль байдаг гээд тэрийгээ урдаа бариад хаацайлаад явж байж болохгүй шүү дээ.

 

Х.Эрдэнэсолонго

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.