Төрсний дараа хүүхдээ хэрхэн асрах вэ?

Twitter Print
2018 оны 08-р сар 27-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Нярайн асаргаа хөхүүлэхээс эхэлдэг

Хүүхэд хорвоод мэндлээд хамгийн түрүүнд сурдаг зүйл нь хөхөх рефлекс юм. Үүнийг ээж нь хөхөө зөв амлуулснаар зөв зааж, улмаар хүүхдээ цадтал нь хооллож чадвал эхийн хэвлийд байхдаа боловсруулсан зунгаг /баас/-аа хүүхэд гүйцэд ялгаруулж бодисын солилцоо нь эрүүл байдаг.

Харин төрснөөс нь хойш 24 цагийн дотор хангалттай сайн хооллож чадахгүй бол хүүхдийн бодисын солилцоо алдагдаж цаашлаад биологийн шарлалт явагдах сөрөг үр дагавартай юм. Тиймээс төрөхөөсөө хагас сарын өмнөөс хөхөө арчилж, хүүхдээ хөхүүлэхэд бэлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд хар цай, буцалсан усаар, эсвэл бүлээн усаар хөхний толгойгоо норгоод имрэх хөдөлгөөнөөр гадагш татаж хангалттай сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ийм арчилгааг төрөхөөсөө өмнө хийж байсан эхчүүдийн хувьд хөх хагарах гэсэн зовиурыг амсалгүй хүүхдээ сайн хөхүүлж чаддаг байна.

Хүүхдийг 5 минутад багтаан усанд оруулна

Төрснөөсөө хойш эхний гурван сар хүүхдэдээ байнга малгай өмсгөөрэй. Учир нь хүүхэд дулааныхаа 30-40 хувийг зулайгаараа алддаг аж. Цэвэр даавуун материалтай малгай сонгоорой.

Хүүхдээ усанд оруулахаасаа өмнө ээж, аавууд маань өлгийдөх өлгийг нь бэлтгэн дэлгэж тавьсан байх ёстойг бүү мартаарай. Төрснөөс хойш эхний гурван сард хүүхдийг өдөр бүр усанд оруулах бөгөөд уснаас гармагц салхи авахуулалгүйгээр маш хурдан хувцаслаж, малгайг нь заавал өмсгөх хэрэгтэй. Хүүхдэдээ зориулалтын онгоц авч, түүний гуравны хоёр хүртэл нь ус хийнэ. Усны дулаан 37 хэм байх ёстойг мартаж болохгүй.

Тиймээс эцэг эхчүүд усны электрон дулаан хэмжигч авах нь зайлшгүй хэрэглээ юм. Ингээд хүүхдээ хэрхэн усанд оруулах вэ. Хүүхдийг усанд оруулахдаа гарын алга, хуруугаараа толгойн ар хэсэг болон шилэн хүзүүнээс нь байнга барьж, түшихийн хамт шуугаараа түүнийг тэвэрч, хажуу бөөрөндөө наагаарай. Ингэвэл хүүхэд унах аюулгүй. Хүүхдийг усанд оруулахад гэр бүлийнхний оролцоо маш чухал юм.

Учир нь хамгийн түрүүнд хүүхдийн толгойг угаах бөгөөд гэр бүлийн хэн нэгэн нь хүүхдийг усанд оруулж байгаа хүний алган дээр ус аажмаар гоожуулан хийж өгөх чухал үүрэгтэй.
Ингээд толгойг угааж дууссаны дараа хүүхдийг доош харуулан усанд оруулна.

Ингэхдээ шуун дээрээ хүүхдийг тэвэрч, алгаараа өвчүүн доороос нь түшиж өгнө. Таны гар хүүхдийг хоолойн хэсэгт хүрэх ёсгүй гэдгийг хатуу анхаараарай. Энэ хооронд гэр бүлийн хүн тань хүүхдийн ар нуруун дээрээс тасралтгүй бүлээн усыг нэгэн хэвийн жигд хэмнэлээр гоожуулж байх ёстой. Хүүхдээ 5 минутад багтаан усанд оруулж амжих ёстой. Учир нь тэрээр маш хурдан даардаг тул удааж ер болохгүй. Хүүхдийг төрснөөс хойш эхний 14-15 хоногт дандаа доош харуулан, дээрээс нь ус гоожуулах байдлаар усанд оруулна.

Усанд оруулж дууссаны дараа хүүхдийг цэвэр хөвөн даавуун өлгийгөөр салхи авахуулалгүй зөөлнөөр боож аваад биеийг хаттал нь даавуугаар нь зөөлөн дарж арчина. Суга, цавь, хүзүү, чихний ар хэсэг зэрэг нимгэн хэсгүүд хатсан эсэхийг нягтлан шалгаарай. Тэдгээрийг жаахан л чийгтэй орхивол нурах аюултай.

Усанд оруулсны дараа ээж таны хийх дараагийн яаралтай чухал ажил бол хүүхдээ хөхүүлэх. Усанд ороод даарчихсан хүүхэд ээжийнхээ сүүг залгилаад бие нь дулаацаж тайвширдаг. Тиймээс энэ ажлаа мартаж болохгүй шүү.

Хүүхдийнхээ хүйг хэрхэн арчлах вэ?

Хүүхдийг дөнгөж төрөхөд хүйг нь хавчаараар хавчсан байдаг бөгөөд 24 цагийн дараа энэхүү хавчаарыг нь авдаг байна. Үүнээс хойш 7 хоногийн дотор хүй цөглөдөг. Хүй нь анх харахад ногоондуу өнгөтэй байдаг ч энэ нь өөрийнх нь өнгө юм. Хүүхдийг усанд оруулахдаа хэвлийг нь угаахдаа л давхар хүйг нь арчилж байна гэсэн үг. Тиймээс усанд оруулсны дараа болон живхийг нь солихдоо хүйг хуурай болтол нь арчих хэрэгтэй. Ингэхдээ хуурай марлийг жижиглэж бэлтгэвэл гар доорх бэлэн алчуур болно. Хүйг хөвөнгөөр цэвэрлэж болохгүй.

Хүүхдийн хамрыг ухахгүйг хичээ

Нярай хүүхэд өөрөө нусаа гаргаж чадахгүй. Тиймээс хамрыг цэвэрлэхдээ аль болох ухахгүйг хичээгээрэй. Харин оронд нь нус соруулагчийг сонго. Энэ нь нярайн аль ч дэлгүүрт өргөн тархсан бараа юм. Үнэхээр хамрын нүхэнд ил харагдаж буй нусыг авъя гэвэл хөвөнг зулын гол имхэрддэгтэй адил имхэрдэж, үзүүр хэсгийг нь зөөлөн сул хэвээр үлдээж, сүүл хэсгийг чангална. Ингээд зөөлөн, сул үзүүртэй хэсгийг хүүхдийг хамарт болгоомжтойгоор гүн оруулахгүйгээр цагийн зүүний дагуу ганц удаа эргүүлдээд авна. Нэг хөвөнг нэг л удаа ашиглана. Хөвөнг хамрын нүхэнд гүн хийж хэзээ ч болохгүй. Үгүй бол хүүхдийн хамрын салс гэмтэж, хамар битүүрэх зэргээр олон үр дагавартай.

Нярайд оймс хэрэггүй

Манайхан нярай хүүхдийн эгдүү хүргэм оймс олныг цуглуулах дуртай улс. Өмсүүлэх ч бас хоббитой. Гэтэл оймс нь дулааныг тусгаарлаж, хүүхдийн хөлийг дулаацуулах биш харин ч дааруулах эрсдэлтэй. Тиймээс хөл нь хоорондоо хүрэлцэж байхаар хөл хэсгийг сулхан өлгийдөж, хөлийг нь өлгийний гаднаас нь аав нь ч юм уу гарын алгаараа барин дулаацуулах хэрэгтэй.
Эцэст нь дүгнээд хэлэхэд нярай хүүхдээ хоёр цаг тутамд хооллож, хуурайлж, өлгийний доторх даавууг сольж хэвшээрэй. Ингэвэл хүүхэд тань эрүүл саруул бойжих болно.

“Монголжингоо” сайтын хамт олны зохион байгуулсан “Ээжүүдийн цаг№2” сургалт маань дээрхээс гадна олон чухал мэдээлэл, зөвлөмжийг ээжүүдэд маань хүргэсэн юм. Тиймээс дараагийн удаагийн сургалтад ээжүүд маань идэвхтэй оролцож, хүссэн асуултдаа хариултаа аваарай.

Монголхатагтай

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.