
АНУ-ын их дээд сургуульд хүүхдээ сургах эцэг эхчүүдэд зориулав.
12 дугаар анги - Оюутан болоход юу бэлдэх вэ?
Америкийн их сургууль, коллежуудын 2024-2025 оны хичээлийн жилийн оюутан элсүүлэх уралдаант шалгалтын бүртгэл 8 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээгдсэн.
Бүртгэл хаагдахад хугацаа маш бага үлдсэн тул та дараах зүйлсийг амжиж хийгээрэй. Үүнд:
1. Апплекэйшнээ шууд бөглөж эхлэх
Гар утсан дээрээ common app, coalition app хоёрыг татаж суулгана. Энэ бол их сургуулиудын нэгдсэн платформ. Үүгээр дамжуулж Америкийн их сургуулиуд руу өргөдлийн материалаа явуулдаг. Үүнд Йель, Харвард, Стэнфорд зэрэг том, жижиг 1000 орчим сургуулийн портал холбоотой байдаг. Гэхдээ энэ платформоор дамжуулж 20 хүртэлх сургуулиуд руу материалаа явуулж болно.
University of California, California State University зэрэг системийн томоохон сургуулиуд тусдаа өөрсдийн вэбсайтаар дамжуулж өргөдөл хүлээж авдаг. Мөн MIT зөвхөн өөрийн сайтаар өргөдөл хүлээж авна. Эцэг эхчүүд ч давхар аккаунт нээгээд, хүүхдүүддээ дэмжлэг үзүүлээд, хугацааг нь сануулаад явах хэрэгтэй.
(Материалаа явуулахдаа компьютер дээрээс тус тусын вэбсайтаар нь дамжиж орно гэдгээ анхаараарай)
2. Сургуулиа сонгох
Ихэнх хүүхдүүдийн хувьд суралцахаар сонирхож буй сургуулиудын жагсаалт 11 дүгээр анги төгсөх үед нь тодорхой болсон байдаг. Иймд дунджаар 15-20 сургууль руу материалаа явуулж, тэндээсээ олон хүчин зүйлийг харгалзаж үзсэний үндсэн дээр хамгийн боломжит, хамгийн ухаалаг сонголтыг хийнэ. Хүчин зүйл гэдэгт сургалтын төлбөр, байршил, нэр хүнд гэх мэт зүйлс орно.
3. Өргөдөл авах эцсийн хугацаануудыг маш сайн мэдэх хэрэгтэй.
Early action - өргөдлийн сүүлийн хугацаа Nov 01
Early decision - өргөдлийн сүүлийн хугацаа Nov 01
Early restrictive action - сүүлийн хугацаа Nov 01
Regular decision - Сургууль бүр ялгаатай. Гэвч ихэнх сургуулийн энгийн бүртгэл 12 дугаар сарын дундуур, 1 дүгээр сарын эхээр хаагддаг.
11 дүгээр сарын 01-нд материалаа өгсөн хүүхдүүд тухайн сургуульд тэнцсэн эсэх хариугаа 12 дугаар сарын 20-нд хүлээж авна. Энгийн бүртгэлд материалаа явуулбал он гаргаад 3, 4 дүгээр сард өргөдлийн хариугаа авдаг.
Early action/decision - өрсөлдөөн маш ихтэй. Дандаа шилдгүүд материалаа өгдөг. Эрт өргөдлийн материалаа явуулснаар тухайн сургуульд тэнцэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх хэдий ч бусад сургуулиудад суралцах, шийдвэрээ өөрчлөх, өөр хувийн сургуулиудад материалаа явуулах зэрэг бусад боломжийг хязгаарладаг тул маш сайн судалж, бодлоготой шийдвэр гаргах хэрэгтэй.
4. GPA хангалтай өрсөлдөхүйц байх хэрэгтэй.
Ихэнх сургуулиуд голч дүнг шалгуурт төдийлөн чухалчилдаггүй ч 4.0 ба түүнээс дээш голч дүнтэй байснаар илүү өрсөлдөх чадвартай болно. Шалгаруулалтанд сүүлийн 4 улирлын дүнгийн ерөнхий дунджаар оноо өгөгдөнө. Зарим өрсөлдөөн ихтэй сургуулиуд 9, 10, 11-р ангийн дүнг харгалздаг. Хэрэв 9-р ангидаа тааруухан дүнтэй төгссөн бол 12 дугаар ангийн эхний улирлын дүнг явуулбал хүүхдэд ашигтай хувилбар гарч ирнэ. Гэвч эсрэгээрээ early action/decision-д өрсөлдөхөд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй байх сул талтай.
5. Эссэ
Яг өдийд ихэнх хүүхдүүд эссэгээ бичээд дуусчихсан байгаа. Хэрэв таны хүүхэд бичиж эхлээгүй бол үеийнхнээсээ нэлээн хоцорч явна гэсэн үг.
Personal statement буюу 1 том эссэ бичнэ. 500-650 үгтэй. Түүнийг ихэнх сургуулиудад шууд ашиглаж болно. Харин supplemental essay буюу 4-6 жижиг эссэний сэдэв нь сургууль тус бүрт ялгаатай. Эссэ гэхээсээ илүүтэй 50 үгэнд багтааж асуултанд хариулж бичдэг. Сэдэв нь 8 дугаар сарын 01-нд сургууль тус бүрээр тодорхой болсон.
12 дугаар ангийнхны хувьд хавар хичээл амрахад 500-650 үгтэй эссэгээ эхлүүлж, зуны турш хянаж, засварлаж, сайжруулсаар ирсэн тул энэ цаг мөчид гол эссэ нь хэдийн бэлэн болсон байгаа. Одоо тэдний хувьд жижиг эссэнүүдээ бичиж, мэргэжлийн хүмүүсээр уншуулж, санал зөвлөгөөг нь авч, эцсийн шүүлтүүрээр оруулах төгсгөлийн хяналтын ажлууд л үлдсэн.
6. Letter recommendations
Ихэнхдээ 2 багшаас тодорхойлолт авна. Тухайн багш өөрийг нь маш сайн мэддэг байхаас гадна суралцахаар сонгосон мэргэжлийн чиглэлийнх нь багш байвал тун сайн. Тухайлбал инженер болох гэж байгаа хүүхэд математик, компьютерийн хичээл заадаг багшаасаа, эмч болох бол биологи, хими заадаг багшаасаа тодорхойлолт авах гэх мэт. Мөн тухайн багшийн төгссөн сургууль, боловсролын зэргийг заавал харгалзаж үзэх хэрэгтэй. Багшийн тодорхойлолтыг хүүхэд, эцэг эх унших боломжгүй. Тодорхойлолт нь шууд сонгосон сургууль руу нь явдаг тул өөрийнх нь тухай гарцаагүй сайн зүйл бичих хүнийг сонгох хэрэгтэй.
7. Сайн дурын ажлын жагсаалт (resume)
Элсэлтийн шалгалтын хамгийн том шалгуур. Их сургуулиуд дүн, шалгалтын оноог бус хувь хүн, төлөвшлийг илүүтэй харгалздаг болсон тул аль болох урт жагсаалт, олон төрлийн ажлууд хийсэн байх тусмаа өөрийгөө сайн талаас харуулах боломжтой болно.
Тухайн хэсэгт хичээлийн бус цагаар хийсэн олон нийтийн болон нийгэмд тустай ажлуудаа жагсааж бичнэ. Тэдгээрийг supplemental essay-ндээ оруулдаг, тиймээс үнэн зүйлийг өөрийн зан төлөв, туршлагатай холбож бичих ёстой. Зарим тохиолдолд үнэхээр тэр ажлыг хийсэн эсэхийг шалгадаг. Сайн дурын ажлууд 12 дугаар ангид орохоос өмнө 90% нь буюу 120-150 орчим цаг нь хийгдээд дууссан байна. Хэрэв таны хүүхэд одоо л сайн дурын ажил хийж эхлэх гэж байгаа бол дэндүү оройтсон байна.
7. SAT/ACT тестийн дүн
Олон сургууль стандарт тестийн оноог шаардахгүй гэж мэдэгдсэн боловч түүнийг харгалзалгүй заавал өгөх хэрэгтэй. Учир нь таны хүүхдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Яг адилхан голч дүнтэй, яг адилхан түвшний өргөдлийн материалтай хүүхдээс SAT-н оноотой хүүхэд нь сонгогдох магадлалтай. Энэ бол бодит үнэн. Мөн дэлхийн шилдгүүд, топ сургуулиуд одоо ч SAT-н оноог чухалд тооцож байгаа. Ялангуяа MIT-д материалаа явуулах бол заавал энэ шалгалтыг өгсөн байх хэрэгтэй. SAT-д өндөр оноо авбал зарим их сургуулиуд шууд урилга явуулдаг. 11 дүгээр ангидаа их сургуулийн урилга авсан монгол хүүхдүүд бий.
Хэрэв хүүхэд тоондоо сайн бол ACT өгвөл давуу тал бий болох ч шалгалтын үргэлжлэх хугацаа давчуу тул perfect score авах магадлал маш бага. Тиймээс хүүхдүүд ихэнхдээ SAT өгдөг.
(Одоогоор 12 сар хүртэл ихэнх тестийн төвүүд суудалгүй болсон. Учир нь бүх хүүхдүүд амжиж оноогоо ахиулах гээд хичээж байгаа)
8. Legacy
Эцэг эх нь ямар сургууль төгссөн нь бас хүүхдийн тухайн сургуульд тэнцэх эсэхэд нөлөөлнө. Жишээ нь та Колумбын их сургууль төгссөн бол таны хүүхдийг авах магадлал жирийн хүүхдийнхээс 30 хувь илүү. Тиймээс эцэг эх нь ямар боловсролтой, ямар сургууль төгссөн бэ гэдэг асуулт том сургуулиудын асуумжинд заавал байдаг. Нэртэй их сургуулиудаас Харвардын их сургууль удам дамжсан төгсөгчдийг бэлтгэдэг гэдгээ илээр илэрхийлдэг. Тиймээс Харвард төгссөн хүний хүүхэд бидний хүүхдээс муу байсан ч Харвардад орсон гэвэл гайхах зүйлгүй.
9. Бяцхан “заль”
Төгсгөлд нь хүүхдээ сайн сургуульд оруулахын тулд бага зэргийн “заль” хэрэглэж болно. Энэ нь хамгийн өрсөлдөөн багатай мэргэжлийг сонгож материалыг нь явуулаад, тэнцээд орсон хойно нь мэргэжлийг нь сольчихдог. Энэ аргыг Солонгос, Еврэйчүүд их сайн хэрэгжүүлдэг.
Дээрх хийх ажлын жагсаалтыг багцалж бичвэл:
1. Personal statement
2. Resume (шагнал, сайн дурын ажлын жагсаалт)
3. GPA голч дүн
4. Тодорхойлолт - 2 багшаас
5. SAT/ACT оноо
6. Эссэ - 1 том эссэ, 4-6 жижиг эссэ (сургууль тус бүрт)
Эдгээр зүйлсийг бэлдсэнээр их сургуулийн элсэлтийн шалгалтанд хүчээ сориход бэлэн болно.
****
Дараагийн бичвэрээр санхүүгийн дэмжлэг, тэтгэлэгт материалаа хэрхэн явуулах тухай оруулна.
Насанжаргалын Болортуяа
АНУ
Холбоотой мэдээлэл:
Америкийн их сургуулиуд элсэгчдийг хэрхэн тэнцүүлж авдаг, тэтгэлэг олгодог вэ - http://mongolcom.mn/read/5421
АНУ-ын их, дээд сургуульд элсэх SAT/ACT-ийн шалгалт гэж юу вэ? - http://mongolcom.mn/read/9433
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.