
Хэдийгээр спортоор идэвхитэй хичээллэж гүйж харайж, кардио хийж чадахгүй байсан ч гэртээ, өрөөндөө гудас дэвсээд сунгалт хийж байвал маш хэрэгтэй.
Бидний биеийн бүхий л хэсгүүд болон дотоод эд эрхтнүүд хоорондоо олон төрлийн хальсаар үй зайгүй холбогдож бэхлэгдсэн бас хамгаалагдсан байдаг. Ямар эрхтэнтэй холбогдсон болон бүтэц талаас нь тэдгээрийг янз бүрээр нэрлэдэг. Эдгээр хальс нь үе мөч булчин шөрмөс, эд эрхтнүүдийг хооронд нь холбоод зогсохгүй цусан хангамж, мэдрэлжүүлэлтийг ч мөн дамжуулан хүргэдэг.
Сонирхуулж хэлэхэд, хөлийн шагайн үеийг хөдөлгөж сунгалт таталт хийснээр мөрний үеийн хөшингө, хөдөлгөөн хязгаарлагдсаныг засаж болдог.
Бас хөл гараа сунгаж, биеэ аль болох тэнийлгэж, биеийг диагональдсан чиглэлээр сунгаж гэдийх, тонгойж духаа өвдгөндөө хүргэхийг хичээх зэрэг нь зөвхөн үе мөч гэлтгүй, дотор бүх эрхтнүүдийн зангирч чангарсан мөн зогсонгиширсон хаагдсан бүгдийг нээж суллах үйлдэлтэй байдаг. Тэгэхээр энэ нь зөвхөн гадаад өнгө үзэмж төдийгүй эрүүл байхад татлага, сунгалт нь ямар ач тустай болохыг харуулж байна.
Олон хүн таргалалтаас болж шаналж явдаг. Үүнийг арай өөр өнцгөөс харвал биеийн энергийн урсгал хаагдсанаас болж хуримтлагдсан шим тэжээлийн зүйлийн бөөгнөрөл гэж бүдүүн тоймоор хэлж ч болох. Тэгэхээр турах, эрүүлжих гэж урьд огт гүйж байгаагүй мөртлөө гэнэт л гүйж харайж тулгуур эрхтнээ ачааллалд оруулж гэмтээхийн оронд сунгалт хийж хаагдсан боогдсон суваг хэрдсээ нээснээр бие маань өөрөө аяндаа эрүүлжин цэвэрших боломжийг олгох нь илүү дажгүй арга гэж ойлгож болно.
Сунгалт хийхдээ мэдээж бие халаалт эхлээд хийх хэрэгтэй. Харин бие халаах болон сунгалт зэргээ үр дүнтэй байлгахад амьсгалаа зөв тохируулах нь хамгийн чухал, гол түлхүүр нь болдог гэдгийг санаарай. Санал болгох дасгал нь йога бөлгөө.
Орчин үед биед буй олон төрлийн хальс (fascia-eng. powięź-pl) нь бие даасан эрхтэн системд тооцогдох болсон бөгөөд энэ онол дээр тулгуурласан олон эмчилгээ заслын аргууд маш үр дүнтэй хөгжиж буй. Бидний мэдэх зүү эмчилгээ ч яг л үүний ачаар гайхалтай үр дүнг үзүүлж чаддаг.
Bowen technique бол маш хөнгөхөнөөр өвчтөний биед хүрч өчүүхэн хөдөлгөөн хийдэг боловч маш өндөр нөлөө үзүүлж чаддаг засал юм. Энэ ч утгаараа засалч хүн нь олон хүнд хүрч үйлчилж чаддаг ба өөрт нь огт ачаалал өгч ядраадаггүй гэдгээрээ алдартай байдаг. Гэх мэтчилэн олон дасгал эмчилгээ засал нь тэдгээр хальсны системийн хүчээр л үр нөлөө өгч байдгийг дурдая.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.