Хөх чоно хөлөглөсөн Хаан хүү Иван /Орос ардын үлгэр/

Twitter Print
2021 оны 02-р сар 07-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Берендей гэгч хаан байжээ. Гурван хүүтэй, бага хүү нь Иван гэнэ. Алтан алим ургадаг дархан цэцэрлэгтэй юмсанжээ. Гэтэл хааны цэцэрлэгт хулгай орж алтан алимнаас нь аваад байдаг болов.

Хааны гол харлан гонсойж харуул манаа гаргадаг болжээ. Гэхдээ ямар ч харуул манаа хулгайчийг барьж чадсангүй. Хаан бүр ууж идэхээ болин уруу царайлан гуниглах болжээ. Хөвгүүд нь эцгээ тайтгаруулна.

-Эрхэм хүндэт эцэг минь, гуньж гутраад хэрэггүй. Бид өөрсдөө цэцэрлэгээ маная гэв.

-Өнөөдөр би харуулд гарна гээд том хүү нь явжээ. Оройноос авахуулан явж явж онцолж хэнийг ч харсангүй гэнэ. Шөнө дундын үед зөөлөн өвсөн дээр хэвтээд зүүрмэглэн унтаж хонов гэнэ. Өглөө нь хаан эцэг нь асуув.

-За, эцгийгээ баярлуулах үг хэлэх үү,  эдтэй хулгайчийг харав уу?

Эцэг минь,  хар нүд хамхисангүй шөнөжин харуулдлаа, харин хэнийг ч харсангүй. Дараа шөнө нь дунд хүү манаанд гараад бас л шөнөжингөө  унтаж унтчихаад  өглөө  нь  эцэгтээ юу  ч, хэнийг ч харсангүй гэж хэлжээ.

Бага хүүгийн манаанд гарах ээлж болов. Иван эцгийн цэцэрлэгт ороод хэвтэх бүү хэл сууж чадахгүй зогсон харуулдав. Нойр нь хүрээд байвал өвсний шүүдрээр нүүрээ угаачихаад л зогсож байв. Шөнө дундаас хойш гэнэт цэцэрлэгт гэрэлтэй гэгээтэй болоод ирлээ гэнэ. Улам улмаар  гэгээтэй болж байснаа бүүр өдөр мэт болов. Тэгтэл нэг модон дээр Гал шувуу сууж алтан алим тоншихыг Иван харав. Иван мод руу мөлхөн гэтэн очиж Гал шувууны өд сүүлнээс шүүрэн авлаа. Гал шувуу ухасхийн нисэн одоход Иваны гарт нэг өд үлдлээ. Өглөө нь Иван эцэг дээрээ ирэхэд эцэг нь, 

-За Иван, гэмтэн хулгайчийг харав уу? гэхэд Иван,

-Хүндэт эцэг минь, барьж авч чадсангүй, харин ямар амьтан хулгайлаад байгааг мэдлээ. Гал шувуу гараас мултран нисэн одлоо, энэ түүний өд!  гэв.

Хаан өдийг авч үзээд баярлан хоол унданд хүртэл оржээ. Тэгээд нэг удаа хөвгүүдээ дуудан,

-Хайрт хөвгүүд минь, хурдан морио хөлөглөн өргөн хорвоог туулж Гал шувууны байгаа газар нутгийг олж мэдэхгүй юу! гэхэд гурван хүү нь эрхэм эцэгтээ үнсүүлээд хурдан морио хөлөглөөд холын замд гарчээ. Гурвуулаа гурван өөр зүгийг барин явав гэнэ. Зуны халуун өдөр байв. Иван явж явж ядраад мориноосоо буун морио чөдөрлөж тавьчихаад өөрөө газар хэвтэн унтаад өгчээ.

Баахан унтаж байгаад сэрсэн чинь морь нь алга байв. Ийш тийш гүйж харайж эрсэн боловч байдаггүй, хоосортол мөлжсөн хэдэн яс л үлджээ. "Холын замд унаагүй би хаашаагаа яаж явах билээ?" гэж Иван халаглан гуниглав.

"Одоо яахав, ийм л заяатай байж" гээд Иван цааш явган явжээ. Явж явж үхтлээ ядраад зөөлөн ногоон зүлгэн дээр толгой гудайлган сууж байтал нэг хөх чоно давхин ирлээ гэнэ.

-Хаан хүү Иван, юундаа толгой гудайн сууна вэ?

-Гунилгүй яах вэ, унах морьгүй үлдсэн хүн чинь! Хаан хүү Иван, би чиний морийг идсэн... гэхдээ чамайг өрөвдөж байна. Хэрэг зориг хэнд, хэтийн санаа юунд вэ? хэлж надад яриач!

- Гал шувууг олж ир гэж эцэг минь явуулсан.

- Пөөх, чиний морь хурдан ч гурван жил яваад хүрэхгүй байсан даа. Гал шувуу хаана байдгийг ганцхан би мэднэ. Морийг чинь би идсэн болохоор чамд туслая даа. Миний нуруун дээр морд, харин сайн бариарай. Хаан хүү Иван чонын нуруун дээр мордоход чоно хөх усыг сүүлээрээ шүргэн, хөхрөх ойг хөвөлзтөл хурдлан давхив. Ингээд чоно давхиж нэг өндөр хэрэм хашааны гадаа ирээд,

-Одоо харуул манаа нь унтаж байгаа, чи ханыг даваад ор. Цамхагийн цонхон дээр алтан торон дотор Гал шувуу сууж байгаа. Чи Гал шувууг аваад өвөртөл, харин торонд хүрч болохгүй шүү! гэлээ.

Хаан хүү Иван хэрэм ханыг даван орвол цамхагийн цонхон дээр алтан торон дотор Гал шувуу байх нь харагдлаа гэнэ. Иван гоё шувууг аваад өвөртлөхдөө алтан торыг нь харан "Аах, ийм үнэтэй сайхан юмыг авахгүй яаж болох вэ!" гэж бодоод чонын захисныг таг мартжээ. Тэгээд Иван дөнгөж л торонд хүрмэгц цайз цамхгаар их чимээ гарч, урт бүрээ үлээж, хэц бөмбөр дэлдэж, харуул манааг сэрээв. Харуул манаа гүйн ирж Иваныг барьж аван хаан Афронд аваачиж өглөө.

Хаан Афрон хилэгнэн “Хаанахын хэн гэгч вэ?” гэж асуухад Иван,

- Би хаан Берендейн хүү Иван гэлээ.

- Хааны хүү хулгай хийдэг гэдэг ичгүүртэй биш үү?

- Таны шувуу манай цэцэрлэгт орж алтан алим тоншиж байхад яагаад болохгүй билээ?

- Үнэнээ хэлээд гуйсан бол би хаан эцгийг чинь хүндлээд чамд энэ шувууаа зүгээр өгөх юмсан. Харин одоо чиний шившгийг хотол даяар зарлана гэж хаан Афрон хэлээд нэлээд дуугүйхэн байснаа дахин,

- За яахав, хэрвээ надад нэг тусыг хүргэвэл би чамайг хэлтрүүлье   өршөөнө,  Нэгэн улсад хаан Кусманд алтан дэлт морь бий, Тэр морийг надад олж ирвэл би чамд алтан тортой Гал шувуугаа өгнө гэлээ. Хаан хүү Иван гунихран хөх чоно дээрээ ирэхэд чоно,

- Торонд битгий хүрээрэй гэж би чамд хэлсэн шүү дээ! Хэлсэн үгийг минь яагаад мартав? гэхэд Иван,

- Хөх чоно минь, өршөөж уучил гэж гуйв. Хөх чоно за за, миний нуруун дээр суу, хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг юм гээд дахин цааш хурдлан давхив. Тэгээд алтан дэлт морины байгаа хэрэм хашааны гадаа ирээд,

- Харуул манаа нь унтаж байгаа, хана туургыг нь даваад ор. Жүчээнд байгаа морийг нь авахдаа хазаарт нь битгий хүрээрэй! гэв. Хаан хүү Иван хэрэм ханыг даван орвол харуул манаанууд цөм унтаж байлаа.

Тэгээд жүчээнд нь орон алтан дэлт морийг барин авахдаа үнэт чулуун шигтгээтэй алтан хазаарыг нь хараад алтан дэлт моринд энэ хазаараас өөр ямар ч хазаар таарахгүй санагдан авахсан гэж бодов. Тэгээд хазаарт дөнгөж хүрмэгц цайз цамхгаар их чимээ гарч, урт бүрээ үлээж, хэц бөмбөр дэлдэж, харуул манаанууд нь сэрж Иваныг барьж аваад Кусман хаанд аваачиж өгөв.

- Хаанахын хэн гэгч вэ? гэж хаан Кусман асуухад,

- Би хаан хүү Иван гэлээ.

- За юуны учир морь хулгайлаа вэ? Энгийн эр ингэж зүрхлэхгүй.

- За яахав, чи надад нэгэн тусыг хүргэвэл би чамайг хэлтрүүлье. Хаан Далмат Сайхан Елена гэдэг охинтой. Сайхан Еленаг хулгайлан авчирч өгвөл би чамд алтан дэлт морио хазаартай нь өгнө гэлээ. Хаан хүү Иван улам их гунихран хөх чонон дээр ирэв.

- Хазаарт битгий хүрээрэй гэж би чамд хэлсэн шүү дээ. Үгийг минь чи дуулсангүй гэж чонын хэлэхэд Иван уучилж өршөө гэлээ. Чоно за за, алив над дээр морд гээд дахин цааш давхин хаан Далматын гадаа ирэв. Сайхан Елена гүнж асрагч эх, аягач шивэгчингүүдтэйгээ цэцэрлэгтээ зугаалж явав. Хөх чоно,

- Энэ удаа чамайг явуулахгүй, өөрөө орно. Чи харин буцаад явж бай, би одоохон чамайг гүйцнэ гэлээ. Хаан хүү эргээд явав. Хөх чоно хэрэм ханыг даван цэцэрлэг дотор орон бутны ард нуугдан зогсоод харж байтал Сайхан Елена гүнж асрагч эх, аягач шивэгчингүүдтэйгээ гараад ирлээ гэнэ шүү. Олуулаа ингэж зугаалж яваад Сайхан Елена нөгөөдүүлээсээ жаахан хоцорсхиймэгц хөх чоно ухасхийн шүүрч аван нуруун дээрээ буцаж зугтав. Хаан хүү Иван замаар орон явж байтал гэнэт хөх чоно Сайхан Еленаг дүүрээд давхиад ирлээ. Иван баярлан угтахад хөх чоно,

- Алив, хурдан морд, араас хөөж магадгүй гэлээ. Ингээд хөх  чоно Сайхан Елена хаан хүү Иван хоёрыг аван хөх усыг сүүлээрээ шүргэн хөхрөх ойг хөвөлзтөл хурдлан давхисаар Кусман хааны гадаа ирэв. Хөх чоно,

- Хаан хүү Иван, яагаад  гунихран гуниглаа вэ? гэхэд Иван "Яаж гунихран гунихгүй байх юм бэ? Ийм сайхан  үзэсгэлэн   гоо охиныг  мориор  яаж  солих  юм бэ?" гэжээ. Тэгэхэд хөх чоно,

- Сайхан  Еленаг  би  чамаас  салгахгүй. Хаа  нэг  газар нуучихъя. Би Сайхан Елена болоод хувирна, чи намайг хаанд аваачиж өг гэлээ. Тэгээд тэр хоёр Сайхан Еленагаа ойн нэгэн байшинд нуугаад хөх чоно нэг тонгорон Сайхан Еленатай яг адилхан болон хувирав.

Иван түүнийг хаан Кусманд аваачиж өгөхөд хаан ихэд баярлан "Чи надад сайхан эхнэр авчирч өглөө. Алтан дэлт морийг хазаартай нь ав!" гээд өгөв. Хаан хүү Иван алтан дэлт морио унаад Сайхан Еленагаа нуусан газраасаа аван урдаа сундлан цааш явлаа. Хаан Кусман их найр хурим өдөржин хийгээд орой нь Сайхан Еленаг амрах өргөөнд оруулжээ.

Тэгээд дөнгөж орондоо орон хэвттэл сайхан эхнэрийн оронд чонын хоншоор харагдахад үхтлээ айн орноосоо үсрэн унав. Хөх чоно ч зугтан одлоо. Хөх чоно хаан хүүг гүйцэж ирээд "За яагаад бодол болоо вэ?" гэж асуухад Иван,

- Бодол бололгүй яах вэ? Ийм сайхан эрдэнэ мэт алтан дэлт морио Гал шувуунаас солих харамсалтай байна гэв. Хөх чоно "За чи битгий гунихар, би чамд тусална" гээд тэд явсаар Афрон хааны гадаа ирэв. Хөх чоно,

- Энэ морь, Сайхан Елена хоёроо чи нуучих, би алтан эмээлт морь болон хувиръя. Чи намайг хөтлөөд хаанд аваачиж өг гэлээ. Тэгээд Сайхан Елена, алтан дэлт морь хоёроо ойд нуугаад хөх чоно нэг тонгороод алтан дэлт морь болон хувирсанд хаан хүү түүнийг хаан Афронд аваачиж өгөв. Хаан баярлан Иванд алтан тортой Гал шувуугаа бэлэглэв гэнэ.

Хаан хүү Иван ойд очин сайхан Еленатайгаа алтан дэлт морин дээрээ сундалдан, алтан тортой Гал шувуугаа барин төрөлх нутгийн зүг явжээ. Хаан Афрон бэлгийн морио авчруулан мордох гэтэл алтан дэлт морь хөх чоно болон хувирав гэнэ. Хаан айн цочирдож падхийн унахад хөх чоно хар хурдаараа зугтан давхисаар хаан хүү Иваныг гүйцэн ирээд,

- Хөх чоно би үүнээс цааш явж болохгүй, за баяртай гэлээ.

Хаан хүү Иваныг дөнгөж унтмагц Гал шувууг эрэн өөр газраар явж явж гар хоосон буцаж явсан ах нар нь дайралдан хүрч ирээд Иван бүх юмыг олж авсан байхыг хараад "Иваныг алаад хамаг юмыг авъя" гэж тохиролцжээ.

Тэгээд Иваныг алж хаячихаад алтан торт Гал шувууг нь аван алтан дэлт морин дээр нь Сайхан Елена гүнжийг суулган авч явжээ. "Гэрт очоод юу ч битгий хэл!" гэж Сайхан Еленаг айлган сүрдүүлжээ. Хаан хүү Иваны хүүрэн дээр хэрээ шувууд эргэлдэн ниснэ гэнэ. Гэтэл хаанаас ч юм бэ, хөх чоно давхин ирж эх хүү хоёр  хэрээг зууран барьж аваад,

 - Хэрээ, чи нисэн явж билгийн ус, мөнхийн ус олж ирж, л энэ бага хэрээг чинь суллан тавина гэлээ. Том хэрээ өөр арга байхгүй тул нисэн явж билгийн ус, мөнхийн ус олж ирэв. Хөх чоно хаан хүү Иваны шархыг билгийн усаар шүршихэд нь анин эдгэрэв. Дараа нь мөнхийн усаар шүршвэл амь орон сэргэв.

- Би яасан бөх унтав аа!

- Чи их бөх унтсаан. Хэрвээ би ирээгүй бол сэрэх ч үгүй байсан. Төрсөн ах нар чинь ирээд чамайг алж, олз омгий чинь аваад явчихсан. Алив хурдалъя, над дээр морд! гэж хөх чоно хэллээ. Тэгээд хаан хүү Иван хөх чоно хоёр хурдлан давхисаар ах нарыг гүйцэж очив. Хөх чоно хоёр ахыг нь барьж аван хэдэн хэсэг тас татан хөндийгөөр тараан устгав.

Хаан хүү Иван хөх чононд хүндэтгэн талархан салах ёс гүйцэтгээд алтан дэлт морио унан гэртээ буцаж ирлээ. Хаан аавдаа алтан тортой Гал шувуу, өөртөө Сайхан Еленаг ингэж авчирчээ. Хаан Брендей баярлан хүүгээсээ аян замынх нь тухай асуухад Иван хөх чоно түүнд яаж тусалсан, унтаж байхад нь ах нар нь яаж алсан, дараа нь ах нарыг нь хөх чоно алж тас татсан тухай цөмийг ярьж гэнэ.

Брендей хаан гашуудан байснаа удахгүй тайтгарчээ. Хаанхүү Иван Сайхан Еленатай гэрлэн эсэн мэнд энх амар жаргажээ.

Орчуулсан: Ж.Оюунцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.