УОК: БНСУ руу тусгай нислэг хийж, Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ татан авна

Twitter Print
2020 оны 06-р сар 15-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  Манай улсад коронавирусийн халдвар илэрснээс хойш  22 удаагийн нислэгээр 10.020 иргэнийг авчирчээ. Харин зургадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн бөгөөд иргэдийн хүсэлтээр нислэгийн тоог нэмэхээр болсон байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдийн байдлаар нийт 22 удаагийн тусгай үүргийн нислэг болон авто замаар 10020 иргэнээ татан аваад байна. Тусгаарлах байрны нөөц боломж, тусгай үүргийн нислэгийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд зургаадугаар сарын 20-ны өдөр хийхээр боллоо. Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр 2300 гаруй иргэнээ татан авах юм. Үүнд нэрс нь баталгаажсан иргэд буюу гуравдагч улсаас ирэх зорчигчдыг бүртгэх юм. "Монгол иргэд замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан удаа бий" гэж БНСУ-ын тал мэдэгдсэн.

Хэрэв энэ мэт замбараагүй байдал үргэлжилбэл дараа дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй болно гэдгийг анхаарууллаа" гэлээ. БНСУ-ын Хууль зүйн сайд Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй байх шийдвэрийг зургаадугаар сарын 3-ны өдөр гаргаад байсан билээ. Учир нь зорчигчид дамжин нисэхдээ дараагийн нислэг нь баталгаажаагүй байхад Инчеоны онгоцны буудал дээр олон хонож, хэт их бөөгнөрөл үүсгэж байгаа учраас энэхүү арга хэмжээг авсан.

Тиймээс манай Гадаад харилцааны яам БНСУ-ын талтай ярилцаж, Зүүн Өмнөд Азид байгаа манай улсын иргэдийн хувьд эх орондоо ирэх цорын ганц дамжих гарц нь Инчеоны онгоцны буудал юм гэдгийг БНСУ-ын Элчин сайдад учирлажээ. Ийнхүү Солонгосын тал манай хүсэлтийг хүлээн авч Сөүл-УБ чиглэлд транзит нислэгийг энэ сарын 20-нд хийхээр боллоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.