В.Зеленский: Надад зугтах унаа биш, зэвсэг хэрэгтэй байна

Twitter Print
2022 оны 02-р сар 26-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Вашингтоны зүгээс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Украинаас гарахад нь туслах санал тавьсанд Ерөнхийлөгч В.Зеленский татгалзсан хариу өгсөн талаар BBC мэдээлж байна. Тэрээр, "Энд тулаан болж байна. Надад зугтах унаа биш, зэвсэг хэрэгтэй байна." хэмээн мэдэгдсэн талаар Ассошэйтэд Пресс агентлаг онцолжээ.

Украины зэвсэгт хүчнээс мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөний үеэр ОХУ-ын 3500 гаруй цэрэг амиа алдаж, 200 цэрэг олзлогджээ.

Түүнчлэн Украины арми ОХУ-ын байлдааны 14 онгоц, 8 нисдэг тэрэг, 102 танкийг устгасан байна. ОХУ-ын зүгээс цэргийн ажиллагааны үеэр ямар нэг хохирол амссан тухай мэдэгдэл хийгээгүй байна. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины цэргийн дэд бүтцийн 821 объект, 87 танк, байлдааны 7 онгоц, 7 нисдэг тэрэг, 9 дроныг устгажээ.

Баасан гарагийн орой Украинд болж буй үйл явдлыг зогсоохыг шаардсан, дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан ОХУ-ын Москва, Санкт Петербург, Новосибирск зэрэг хэд хэдэн хотод болж өнгөрчээ.

Иргэдийн жагсаал цуглааныг хууль сахиулагчдын эсэргүүцэлтэй тулгарч, цагдаа нар 1800 гаруй хүнийг баривчилжээ. Мета компани ОХУ-ын хэвлэл мэдээллийн төрийн өмчит байгууллагуудыг Facebook, Instagram, WhatsApp нийгмийн сүлжээнд нь сурталчилгаа явуулах, төлбөрт пост хийх зэргийг хориглоод байна.

ОХУ-ын эрх баригчид ОХУ-ын дээр Facebook, Instagram зэрэг нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тавихаа мөн мэдэгдсэн билээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины өмнөд хязгаарын Запорожскийн мужийн Мелитополь хотыг эзэлснээ зарлажээ. Мелитополь нь Украины хилийн гол боомтуудын нэг болох Мариуполийн ойролцоо байрлах хот юм.

Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар өнөө өглөө Киев хотын баруун өмнөд дүүрэгт хоёр пуужин унасны нэг нь Жуляны нисэх онгоцны буудлын ойролцоох орон сууцыг оножээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 600 сая ам. долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ба эдгээрийн 350 саяыг нь Украины зэвсэгт хүчинд зарцуулах аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.