
Өгий нуурын эрэг дээр нар их сайхан жаргалаа. Заримдаа бодогдоно бид ямар азтай жаргалтай улсад амьдарч байна вэ гэж...
Он дөнгөж гараад Өвөрмонголын Баруун үзэмчин хошуунд очиж нутаг усандаа нэртэй 100 цагаан адуутай уяач ахтай өвөлжөө руу нь явж билээ. Бүх бэлчээрийг нь тойруулаад хашаа барьчихсан нүүдэлчдийн амин сүнс болох бэлчээрийн нутгийг боомилчихсон байхыг харсан. Очих газар маань нүдэнд ил харагдаад, санаснаар бол давхиад оччих гэтэл хашаанд боогдоод болдоггүй бүтэн цаг тойрч нэг юм хүрч билээ...
Байн байн санаа алдах "Адууны Гэрэлт" ах маань нэг ийм үг хэлсэн одоо хүртэл санаанаас гардаггүй юм... "Би Монгол улсаас ирсэн хэнийг ч их хүндэлдэг, та нар чинь галаа манаж үлдсэн хүмүүс шүү дээ, энэ их улс төрийн шахалт уусган шингээх соёлын бодлого дунд өвөрмонголчууд бид чинь ядаж иймэрхүү янзтай үлдэх гэж аймшигтай түүхийг туулсан шүү ..."
Энэхүү бодлыг өөр нэгэн үйл явдалтай хэлхэж бодоход сүүлд Америкаас Монголд ирэхийн өмнө нэг зугаалганд явсан юм. Янзын сайхан уул .. Сайхан ч хангай... Орохдоо 10 доллар төлнө, майхнаа шидэх газар нь заагаад өгчихсөн. Монгол шиг чи тэр модны дор шидье гэвэл болохгүй, тэр нуурын эрэг дээр хэвтье гэвэл бас чадахгүй, хичнээн дэд бүтэц зохион байгуулалт сайтай ч тэр бол миний байгаль биш хүний надад зааж өгсөн орон зай байлаа, энд л хамгийн том ялгаа байгаа юм...
Гэтэл бид энэ улсад, энэ ерөөлтэй нутагт өөрөө л хүрч чадвал хаана ч мешокоо шидээд нүдээ аниад хэвтэхэд одод бидэн дээр чуулдаг шүү дээ. Баянхангай... гээд уул усандаа залбирдаг. Баяртай гээд хогоо хаяад, сүйтгээд явдаг байж хэзээ ч болохгүй! Байгаль өөрөө амьтай үүнд эргэлзээ үгүй. Буян хишигийг нь дааж явахгүй бол хамгийн том нүгэл өөрөө тэр байх.
Хатан Өгий... Өгий нуурын эрэг дээр наран сайхан жаргалаа. Заримдаа тэр яг дошгин далай шиг, заримдаа ч элсний нүүдэл шиг чив чимээгүй давалгаална. Жижиг жижиг ялаа нь ядарч унахдаа хүртэл лусын амьтнаа хооллоод нуурандаа шингэнэ...
Байгаль өөрөө төгс юм, түүнд хэрэггүй нэг ширхэг ч зүйл үгүй бүгд утга учиртай...
Тавтай нойрс доо хатан Өгий минь, нулимсан хэлбэрт сувдан дусал минь, үдлээд буцлаа үргэлж баяртай уулзъя
Ч.Ганжавхлан
2020.06.14
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.