В.Зеленский хүнд өвөл болно гэж анхаарууллаа

Twitter Print
2022 оны 09-р сар 05-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт хэлсэн үгэндээ Украины зэвсэгт хүчнийхэн ОХУ-ын хяналтанд байсан зарим бүс нутгуудаа эргүүлэн авч чадсан хэмээн  мэдэгдэхийн сацуу энэ өвөл хүнд болно гэдгийг анхааруулжээ. 

В. Зеленский өмнөд болон зүүн зүгт оросуудад эзлэгдээд байсан суурин газруудыг эргүүлэн хяналтандаа авч чадсан явдалд Украины зэвсэгт хүчнийхэнд талархаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлж байгаагаар Украины зэвсэгт хүчний комадлагч нар болон Украины тагнуулын албаны дарга түүнд "сайн мэдээ" дуулгажээ. 

Өнгөрсөн ням гарагт Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Кирило Тимошенко өөрийн фэйсбүүк хуудаснаа оросуудын хяналтанд байсан тосгонд Украин улсын тугийг мандуулж буй гэрэл зургийг нийтэлсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Украины зэвсэгт хүчин оросуудын хяналтанд орсон өмнөд зүгийн Херсон мужид тулаанаа эрчимжүүлсэн билээ. 

Ерөнхийлөгч В. Зеленский Европын холбооны эрх баригчдад ОХУ энэ өвөл  "эрчим хүчний шийдэмгий цохилт" үзүүлэхээр бэлтгэж байгааг анхааруулсан байна. 

Европын холбооны удирдагчид өнгөрсөн ням гарагт чуулж, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөг бууруулах тал дээр арга хэмжээ авах зорилт тавьжээ.

Москва барууны хориг болон техникийн саатал доголдол зэрэг нь эрчим хүчний нийлүүлэлтэнд нөлөөлж байгааг онцолсон бол Европын орнууд ОХУ-ыг эрчим хүчийг "зэвсэг" болгон ашиглаж байна хэмээн буруушааж байгаа билээ. 

Эрчим хүчний хомстол, амьжиргааны  өртгийн өсөлтөөс болж энэ өвөл барууны орнуудад иргэд эсэргүүцлийн  жагсаал хөдөлгөөн өрнүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэл өндөр байна. 

Өнгөрсөн долоо хоногт Москва ХБНГУ руу хий экспортлодог Нордстрийм-1 хий дамжуулах хоолойг төлөвлөгөө ёсоор нээж амжихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн ням гарагт ирэх 12-р сард ОХУ-ын хийн экспортоос бүрэн татгалзахаар засгийн газар нь төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар ОХУ эрчим хүчний найдвартай түнш байхаа больсон аж. 

Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев ХБНГУ Орост дайсагнаж байна хэмээн буруутгажээ. 

Түүнээс гадна Финлянд, Швед хоёр улс  эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэх үүднээс эрчим хүчний компаниудад олон тэрбум долларын  дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: https://www.reuters.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.