
Төр засгийн бодлогыг "гажуудуулсан", элдвээр сөрж, шүүмжилсэн найдваргүй этгээдүүдээ даруй нухчин дарахыг Хятадууд чухалчилдаг. Энэ нь ч нэг тэрбум, дөрвөн зуун саяд дөхөж байгаа хүн амтай тус их гүрний төрийн байгуулалтын халдашгүй дархан байдлыг хангахад эн тэргүүнд шаардлагатай, чухал зорилт гэж үзэж болно. Бүр зүй ёсны шаардлага гэх нь зөв. Ардчилалыг дээдэлсэн Монголчууд өнөөдөр хятадуудыг "гоочилж", ард түмнийхээ ардчилсан үзэл санааг нухчин дарж байгаа мэт сэтгэдэг. Тэгвэл битгий сэрүүн сайхан зүүдэл гэж хэлмээр байна. Яагаад? Учир нь хятадуудад ардчилал огтхон ч хэрэггүй гэвэл улс төрийн нарийн учир начир мэддэг цөөн хэсэг л зөв зүйтэйг нь ойлгох байх.
1989 оны зургадугаар сарын 4-ны өдөр Бээжингийн төв Тянь Ань Мэний талбайд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийсэн олон мянган оюутнуудыг цэргийнхэн танкаар дайрч цуст яргалал үйлдээд маргааш өдрийн өглөө нь бүх ул мөрийг нь арилгаж амжсан тухай дэлхий дахин шуугиж л байдаг. Манай хэвлэл мэдээлүүд ч энэ тухай дуу дуугаа авалцан дурсан санаж, энэ дурсгалт өдөр Хятадын хэвлэлүүдэд аймшигт яргалалынхаа тухай ганц ч үг дуугарсангүй гэх мэтийн мэдээ сэлт тавьсаар байх аж. Ирэх жилийн энэ цаг үед мөн л Тянь Ань Мэний яргалалыг санан дурссаар байх бололтой. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг гэдэг.
Азийн энэ орон зайд, өдрөөс өдөрт хүчирхэгжин, чадал тэнхээ нь нэмэгдсээр байгаа хятадуудын энэ эрин цаг үед тэдэнд ардчилалын тухай санаа сэдэл өгөх явдал ёстой ямар ч хэрэггүй зүйл гэдгийг жаахан эргэцүүлж бодвол уг нь ойлгохсон. Зөвхөн малгайгаа шидэхэд л гадаад Монголыг дараад нөмөрчихнө гэж хятадууд ярьдаг гэдэг. Сүүлийн үед хөрш зэргэлдээ орнууддаа халдаж, эзлэн түрэмгийлэх үзэл бодол Хятадын дотоодод, олон нийтийн харилцааны шугамаар түгэх болсоныг Монгол гэж цээж ханхайх бүхэн мэдсэн байлгүй. Бүх хятадын дарга Си Жиньпин энэ Цагаан сарын дараахан Герман улсад айлчилахад нь Ангела Меркель гэдэг "солиотой" авгай түүнд Манж Чин улсын үед гаргасан Хятадын нутаг дэвсгэрийн харуулсан газрын зураг бэлэглэж орхисон. Мэдээж тэр зураг дээр Монголын газар нутгийг Дундад улсын болгож зурсан байлгүй яахав. Гэтэл тэр даруй л хятадын олон нийтийн "Weibo" цахим сүлжээгээр гадаад Монголыг "эргүүлэн авах" тухай санал сэтгэгдэл хөвөрч өгсөн.
Энэ бол тэдний нөгөө чухалчлаад байгаа ардчилалын илрэл юм. Харин тэдний ардчилал Монголд төдийгүй дэлхий нийтэд огт хэрэггүй гэдгийг манай хэвлэл мэдээллийн зонхилох хэсэг ойлгохгүй байх шиг. "Илжиг модон хударгандаа" гэх урдаас зээлдэж хэрэглэх болсон нэгэн хэлц үг байх. Энэ үг хятадууддаа яг таарсан үг юм шүү. Нэг тэр бум хол гарсан асар их тооны хар хятадуудыг нам дарж байх буулга ( залуучууд ойлгохгүй байж магадгүй, морь, үхэр тэрэг хөллөхөд хүзүүн дээр даруулж тэргээ бэхэлдэг мод) хэрэгтэй. Тэр буулга нь харин Хятадын коммунист нам, төр засаг болж байгаа бөгөөд одоохондоо үүргээ сайн гүйцэтгэсээр байна. Гэвч болгоомж алдаж, ямар нэгэн үймээн самуун дэгдвэл Монгол байтугай дэлхий нийтийг бусниулах аюул ойрхон харагдаад байна.
Тиймээс тэр Тянь Ань Мэний яргалалын тухай асуудал бидэнд огт хамаагүй, "цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө" гэдэг хоржоонтой үг яг таарах мэт. Америкчууд ч гэсэн Хятадад ардчилал үсэрхийлүүлж огт хэрэггүй гэдгийг сүүлд ухаарах болсон нь харагдаж эхэлсэн.
Хятадууд одоо Шинжааны уйгаруудын "эсэргүү бодлогод" анхаарал хандуулж, тусгаар тогтнол хэмээн мөрөөдөгчдийг нухчин дарах кампанит ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүний удиртгал болгож Тянь Ань Мэний талбайд өнгөрсөн жилийн аравдугаар сард халдлага зохион байгуулсан гурван хүнд ялын дээд хэмжээ оноож бусад арваад хүнийг олон жил хорихоор боллоо.
Хятадын хүчний байгууллагынхан өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд “интернэт ээлжит хувьсгал”-ыг үр хөврөлд нь няц дарсан. Египетийн найруулгаар ардчилал, хоол хүнс, орон сууц, шударга ёсыг шаардсан “Мэлрэг цэцгийн хувьсгал”-ыг эхлүүлэх, “авторитар дэглэм”-ийн эсрэг олон түмнийг эсэргүүцлийн жагсаалд дуудсан уриалгаар тэр өдөр Хятадын интернэт дүүрсэн байж. Авторитар дэглэм (латины auctoritas-эрх мэдэл гэсэн үгээс гаралтай) гэдэг нь нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийн гарт төр засгийн эрх төвлөрсөн, ардчилсан бус улстөрийн дэглэмийг хэлдэг.
Хятадын эрх баригчдын мэдээлсэнээр тус улсын засгийн газрын эсрэг чиглэсэн эдгээр уриалгыг Америкийн хаягуудаас интернээр цацсан аж. Арабын улс орнуудын эрх баригчдаас ялгаатай нь Хятадын удирдлага хоромхон зуур хөдөлж, шуурхай арга хэмжээ авснаар улс орныхоо газар нутаг дээр интернэтийн сүлжээг хааж, эсэргүүцлийн ажиллагаа явуулах газрыг цагдаа, армийнхан бүсэлжээ. Гэхдээ эдгээр арга хэмжээ бараг илүүц байсан. Яагаад гэвэл хүмүүс бараг цугларсангүй. Уг ажиллагааг зохион байгуулагчид нийслэлийн төвийн Ванфужин хэмээх хөл хөдөлгөөн ихтэй, явган зорчдог гудамжинд жагсаалыг зохион байгуулбал мянга мянган хүмүүс нэгдэнэ гэж найдаж байжээ. Гэтэл нийслэлийн оршин суугчдаас бараг хэн ч тэднийг дэмжсэнгүй. 1.3 тэрбум хүнтэй аварга том Хятад орны өнцөг булан бүрээс хувьсгалыг дэмжихээр Бээжинд ердөө 100 орчим хөдөөний хүмүүс ирсэн ч хэдхэн секундийн дотор цагдаа тэднийг хөөн тараажээ.
Үүний зэрэгцээ цөөн тооны сөрөг хүчин Тянь Ань Мэний талбай дээр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг оролдсон. Гэвч ардчиллын талынхан маш цөөн байсан учраас эрх баригчдад 20 жилийн өмнөх явдлыг давтах шаардлага гарсангүй. Хүчний байгууллагынхан жагсагчдыг мөн л Ванфужин гудамжны адил дор нь тараажээ. Ингээд “Мэлрэг цэцгийн хувьсгал” эхэлж амжилгүй мөхлөө.
Хятадын удирдлага болсон явдлыг эмгэнэл гэж хэзээ ч үздэггүй, үзэх ч ёсгүй. Ванфужин гудамжинд жил бүр хоёрдугаар сарын сүүлээр жагсаал болдог. Энэ үед уламжлал ёсоор Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит хурал хурдаг бөгөөд цөөн хүмүүс эрх баригчдад шаардлага тавихаар Ванфужин гудамжид цуглардаг аж. Мэдээж, тухай бүр цагдаа нар дор нь нэг их хүч зарцуулалгүй ямар нэгэн жагсаал цуглаан эсэргүүцлийг нам дарчихдаг байна. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлсэн иймэрхүү цуглаанд маш цөөн тооны хүмүүс оролцдог учир шалтгаан нь бараг хэн бүхэнд тодорхой мэт. Хятадын ард түмний амьдрал хөгжин цэцэглэж, төр засгаа бүх талаар дэмждэг учраас гэж үүнийг тайлбарлах аргагүй байх.
Гэвч Хятад улс өнөөдөр дэлхийд удаалах том эдийн засагтай болж, эхний байрны төлөө тулаанд ороход бэлэн болсон. Саяхан хүртэл хэн ч тоож авч үздэггүй байсан энэ улсын огцом үсрэлтийн шалтгаан юу вэ? Энд ганц л хариу бий. Хятадууд сохор зоосны төлөө өглөөнөөс үдэш болтол ажилладаг. Ердөө л энэ. Хятад улсын эгэл иргэдийн амьдрал өрнөдийн загварт хүртэл маш хол. Үнэн хэрэгтээ ихэнх хятад иргэний амьдрал дэлхийн хөгжиж буй орнуудын ихэнх хүн амын амьдралын түвшнээс нэг их ялгаагүй. Сүүлийн 10 жилд Хятадын ард түмний амьдрал мэдэгдэхүйц дээшилсэнийг асар олон тооны автомашин нотолж байгаа ч Өмнөд Солонгос, ялангуяа Японы үзүүлэлтүүдтэй харьцуулах юм биш. Хятадууд цөллөгт байгаа мэт асар хүнд ажил хийгээд сард 200 доллар авдаг. Арай илүү авдаг заримыгаа азтайд тооцдог. Гэтэл чухамдаа ажиллах хүчний бага зардал л бараа таваарын өртгийг маш бага байлгаж, улмаар дэлхийн зах зээл дээр Хятадын барааг өрсөлдөх чанартай болгодог.
Энэ харьцаа ч өнөөдөр дэлхийн зах зээлд зохистой үр нөлөө авчрах ёстой. Үүнийг хүний эрхийг хаан боогдуулсан бэртэгчин (аминчхан) үзэл бодол гэж зарим хэсэг үзэж болох ч нэг хэсгийн алдагдал, хохирлоор нөхөөс хийж дэлхий нийтийн цаашдын хямралаас сэргийлж болдог арга зам байдаг, энэ нь зөвддөг. Хятадын коммунистууд шаардлага гарвал Тянь Ань Мэний талбайн цуст яргаллыг давтахаас буцахгүй. Гэхдээ үүнд хамаг хэрэг байгаа юм биш. Дорнын Арабын орнуудад маш хялбархан хийж гүйцэлдүүлсэн үймээн самууныг Алс Дорнодод давтах боломж бараг үгүй. Хэдийгээр эрх баригчдынхаа эсрэг тэмцэх ард түмний асар их туршлага хуримтлуулсан ч Хятад иргэд Күнзийн сургаал, ёс зүйгээр хүмүүжсэнийг мартаж болохгүй. Энэ ард түмний ухамсарт ямар ч гэсэн хөдөлмөр, сахилга батыг тахин шүтэх соёл давамгайлж байдаг.
Хятадын гэнэтийн хүчирхэг өсөлт хөгжилд түгшсэн өрнөдийнхөн үүний эсрэг арга хэмжээ авахыг оролдож, нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэж оролдох болсон. Жишээлбэл интернэтэд хувьсгал хийх уриалга гаргах зэргээр олон арга зам сүвэгчилж ирсэн бол энэ бүх уриалга дэмий хоосон, ямар ч үр дүнгүйн дээр эргээд сөрөг үр дагвар дагуулах эрсдэлтэйг ухаарч байх шиг. Мэдээж Хятадад олон шийдэгдээгүй асуудал бий, тухайлбал баян ба ядуусын давхарга гэх мэт. Гэвч 30 жилийн өмнө эхэлсэн өөрчлөлт шинэчлэл үр дүнгээ өгч байгааг Хятадын ард түмэн ойлгож, мэдэрч байна. Энэ хугацаанд хүмүүсийн амьдралын түвшин хэд дахин өссөн. Хятад оронд хэн ч өлсч үхэхгүй байна, ядуус ч аяга будаатайгаа.
Гэхдээ ийм нөхцөл байдалд яажшүү амьдарч байна гэж өрнөдийнхөн гайхдаг. Гэхдээ амьдралын хэмжүүр хаа сайгүй өөр, өөр байдгийг мартаж болохгүй. Орос эсвэл өрнөдийн орнуудад 200 долларын цалин нь маш өчүүхэн. Харин Хятадад хүнсний барааны үнэ болон бусад зардал маш доогуур болохоор энэ мөнгө хангалттай хүрдэг. Хөдөө байтугай том хотуудад ч энэ мөнгөөр дажгүй амьдрах төдийгүй цааш хурааж болно. Эгэл жирийн хятад иргэд ингэж амьдардаг бол сэхээтнүүдийн хувьд амьдралын түвшин бүр өндөр. Тэд Оросын сэхээтнүүдээс илүү сайхан амьдардаг. Сэхээтний давхаргад багтдаг хятадууд мөн ийм салбарт ажилладаг оросуудаас 2-3 дахин их цалин авдаг.
Хятадын эрх баригчид, төр засгийн бодлогыг аваад үзэхэд Арабын орнуудынх шиг хэдэн арван жилээр нэг л хүн захирдаг зогсонги байдал Хятадад алга. Хятадын дээд удирдлага 4-8 жил тутамд өөрчлөгддөг төдийгүй Хятадад мөнгө хэзээ ч нэг гарт төвлөрдөггүй. Мөн Хятадын эрх баригчид хөгжлийн тодорхой чиглэлийг чанд баримталдаг нь хүн амын орлогод эерэгээр нөлөөлдөг аж. Тэгэхээр хятадууд өөрсдийх нь амьдралын түвшинг тогтмол нэмэгдүүлж байдаг төр засгийнхаа эсрэг тэмцэх ёсгүй, эргээд энэ нь алсаараа дэлхий нийтэд чухал ашиг тустай юм гэдгийг хөндлөнгөөс харж байгаа хөршийн хувьд бид ойлгох хэрэгтэй юм биш үү.
2014 он.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505