2014 оны 06-р сар 09-нд 15:24 цагт

Ажлын байр (Сургамжит өгүүллэг)

Уиллиам гэрийнхээ доод давхарт мужааны газартаа ажилладаг байлаа. Хаалга, хаалганы цонх хийхдээ гарамгай байв. Гэвч хуванцар элбэгшиж эхлэнгүүт, модон цонх хаалганы худалдаа буурав. Тиймээс ажил нь сайнгүй байлаа. Дээрээс нь хүүхдүүд нь өсөөд, нэгээс бусад нь сургуульд орлоо. Зардал нь ихсээд туслахаа ажлаас нь гаргав. Ажлаа арай эрт эхлүүлж, туслагчдаа өгдөг байсан мөнгөө хүүхдүүддээ зориулдаг болов.

Уиллиам нэг өдөр ажиллаж байтал тог тасрав. Удаан хүлээсэн боловч ирсэнгүй. Ядаж байхад тэр орой хүлээлгэж өгөх хэрэгтэй хэдэн цонх байв. Зүгээр суухад дургүй хүн байлаа. Урт харуулаа тосолж, зоргодосоо шүүрдэв. Жаахан амардаг юм бил үү гээд гэр лүүгээ гарахдаа гал хамгаалагч руу харлаа. Гэтэл гал хамгаалагч өөрчлөгджээ. Хэн нэгэн гал хамгаалагчийг унтраасан байхаас зайлшгүй байв. Засангуут ажлын байр нь гэрэлтэв. Таамаг нь зөв байсан ч энэ явдлыг тайлбарлаж чадсангүй. Шоглоом гэхэд ийм шоглоом баймаааргүйсэн. Өөрт нь атаархдаг дайсан ч байдаггүй.

Ажлаа хийж эхлэнгүүт адилхан зүйл дахин боллоо. Гэхдээ энэ удаа буруутныг олж харжээ. Хүү нь байв. Тэрээр ажлын байр луу нь буудаг шатаар орж ирээд гал хамгаалагчийг сэмээрхэн унтрааж байгааг олж харжээ.

Уиллиам арван нас хүрсэн хүүхдийг ингэж дүрсгүйтэхийг уучилмааргүй байв. Нэг удаа тэгсэн бол дуугүй өнгөрөөж болох байсан ч дахин хийсэн нь хаанаас ч харсан маш буруу зүйл байлаа. Үсдэж аваад хүчтэй алгадав. Бүх зүйл түүний сайн сайхны төлөө байлаа. Магадгүй энэ алгадалт нь түүнийг замаа алдсан нэгэн болохоос хамгаалах байлаа. Тэрээр хүүгийнхээ нулимсыг огт тоолгүй гэртээ орж эхнэртээ гомдоллож: “энэ хүүхдийн сургууль дээрээ хэнтэй хамт байдгийг нь мэдэх хэрэгтэй. Сул орхичих юм бол дараа нь юу ч хийж магадгүй болж өсчээ” гэв.

Уиллиам хүүгээ хэнтэй, хаана, юу хийдгийг нь мэдэхийн тулд түүнд эхлээд эвгүй байсан ч зориг гарган хүүгийнхээ өдрийн тэмдэглэлийг уншиж эхлэв.

Хүү нь хамгийн сүүлийн хуудсанд:

“Энэ шөнө хар дарж зүүдэллээ. Аав минь ажил дээрээ тогонд цохиуллаа гэж зүүдэллээ. Бурхан минь түүнийг хамгаалаач. Би ч гэсэн түүнийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж бичсэн байлаа.

 

                                                                                   

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.