2014 оны 04-р сар 07-нд 16:15 цагт

Хүүтэй хүн /Өгүүллэг/

Чанцал араг үүрээд хаваржааны хөл рүү байх хуурай сайрын эргээр өнгөрсөн намрын халтар аргал түүхээр гарч явтал зүүн хөтөл даван нэгэн бараан морьтон айсуй. Бодвол тэднийхийг зорьж байгаа биз ээ. Ирж яваа хүний бараа тодроход ажваас Сантын хүрмээр хаварждаг Зоригт мөн бололтой.

Түүний эмээл дээрээ зүүн тийш хэлтгий суугаад гөлмөө байн байн давичин шогшуулах нь андашгүй. Хүн ирж байна даа гээд Чанцал гэрийн зүг эргэлээ. Уян дээр бууж байгаа Зоригтод эзэгтэй нохой хорьж өгөөд амар мэндээ солилцоод дотогш орлоо. Гэр дулаахан,цэвэр тохитой ажээ. Ер ганц бие бүсгүй хүн амьдардаг гэдэг нь юухнаас боловч илхэн харагдана. Чанцал өглөө шинэхэн чанасан цай аягалж барилаа.

- Сайхан хаваржиж байна уу. Сонин гойд юутай вэ. Танайхан сайн уу. Хаа хүрч явна даа гэх Чанцалын асуултанд алинаас нь эхлэхээ мэдэхгүй тээнэгэлзэх мэт ууж байсан аягатай цайгаа ширээн дээр тавиад ирсэн зочин эзэгтэйн зүг их л эмээнгүй харж:

-Манайхан сайн. Онц сонин сайхан алга шив дээ хө .Би танайхыг зорьж явнаа.Чамтай уулзах гээд... Хотоос чамайг хүн асууж сураглаадбайна гэнээ. Нөгөө хэн.. Галбадрах. Нэг уулзахсан гэж хүнээр хэлүүлжээ. Галбадрах гэнэт тархинд нь цус харваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд амь нь үлдсэн юм байх. Тал бие нь мэдээгүй хэвтрийн хүн болж гэнээ гэвэл Чанцал чимээгүй сонсож сууснаа:

-Үгүй тэгээд нэгэнт айлын хүнийг чинь би яах ч билээ дээ. Хүү минь эцэг нь биднийг орхиод явахад даанч жаахан балчир амьтан машины араас нь гүйж “Аав аа, аав аа битгий яваач дээ “ гээд дагаж орилж чарлаад л үлдсэн.Тэр цагаас хойш энүүгээр үзэгдсэн ч биш. Хот хүрээ ороод олон он жил болжээ. Түүнд надтай уулзах ямар хэрэг байдаг юм бол доо. Хэцүү л юм болжээ зайлуул гэлээ.

Чанцал сар шинээс хойш ирээгүй Зоригтод зориулж яльгүй хуршинга амт орсон боловч сайхан тарган үхрийн мах чанаж өгөөд өмнө нь шил архи тавилаа. Зоригт ёс болгож гурван хундага тогтоогоод цааш уусангүй . Чанцал Зоригтын дуулгасан мэдээг сонсоод нэг их цочирдож “яанаа ийнээ, хөөрхий минь“ гэж өрөвдөж сүйд болоогүй ч цээжин дотор нь нэг тийм бөөн саарал будан мэт зүйл үүсээд цаг минут тутамд улам өтгөрөн бараантаад байх шиг.. Гэнэт гадаа гарч агаар амьсгалж зогсмоор ч юм шиг болно. Зоригт нэгэнт энэ хүрсэнийх цаг эрт байна сум ороод нэг ажил амжуулаад эргэе гээд гарахдаа:.

- Чанцал минь бид үе тэнгийн, нутаг усны улс. Та хоёр бас ч гэж хэдэн жил ханилж дундаасаа сайхан хүүтэй болсон хүн. Энэ хүний тухай дуулгахгүй байж үнэндээ чадсангүй.Тэрэнд ямар нүүр байх бишдээ чамтай уулзах.. Муухан ярьдаг гэсэн харин ухаан санаа нь саруулхан байна гэнээ. Саяхан хот ороод Батсайхан,Даваа хоёр гэрээр нь очиж эргэсэн гэнэ. Зоригтыг өрөвдөж ирсэн байна билээ цаадуул чинь. Тэр зайлуул айлын хаяанд хэцүүхэн хэвтэж байгаа бололтой. Нутгийнхан хэзээний ноос ноолуур өгөх гээд тэднийхээр очдог юм чинь дээ. Олны ярих нь Зоригтыг харж хандах хүнгүй, их л зүдрэнги янзтай байх юм гэлцэнэ.

Өнөөх “гал” Норжмаа нь очсон улстай архи дарс уучихаад Зоригт руу агсарч “Хүний тал болсон хоолны сав “ гээд гудастай нь чирж гарах нь холгүй загнаад нутаг нугад чинь тэр хуучин эхнэрт чинь хүргэж өгнө. Гэртээ хүн үхүүлэхгүй гэж ил шулуун загнахад Зоригт юу ч хэлэхгүй дээш хараад л хэвтэх юм гэлцэнэ.Тэгээд чамд дуулгая гэж бодсон юмаа. Яаж толгой нь эргэлээ ч Галаа бас холын санаатай эр хүн. Хадгалж хураасан жаал жуул мөнгө хөрөнгөө хүүдээ захиж үлдээх гэж л байгаа болов уу даа. Хүмүүс түүнийг хоосонгүй л гэж хэзээнээс яр илцдаг юм. Түүнээс чамайг дуудаж “намайг ирж ав” тартагтаа тулсан ч хэлэхгүй хүн дээ уг нь. Гэхдээ цаг хугацаа олон юмыг элээдэг. Хүү чинь одоо том эр болоод айл өрх толгойлж байна. Хүүтэйгээ ярихгүй юү даа хө гээд гарлаа.

...Тэр хавар хүү нь дөнгөж тавхан настай л байсан. Ажил үйлс нь өөдрөг гэр орон гэрэлтэй, инээд хөөр бялхсан Галбадрахын гэх айл дэгжиж явсан цаг бий. Гэтэл удалгүй олны хэл ам хазгай болж гэрийн эзэн гадуур хонож өнжөөд тогтохоо больсон билээ. Бага сага наймаа хийж байн байн энэ нутгаар ирдэг зэргэлдээ сумын “гал” Норжмаа гэдэг хүүхэнтэй салж чадахаа байгаад нэг л өдөр Чанцалд:

- Би бүүр явлаа. Хот хүрээ бараадаж амьдрана. Нооёо бид хоёр салахаас өнгөрсөөн. Чи хүүгээ бодоорой. Сайн хүнтэй суугаарай. Би энэ гэрээс юу ч авахгүй гээд хэдэн дээлээ хумбаганд хийж бариад гарсансан. Тэгээд өнгөрсөн он жилүүдэд хүү гэргий хоёроо гэж зорьж ирсэн нь үгүй. Зовлон үзээгүй хүний эрх ганц охин алгын чинээ хүүтэйгээ энэ л хаваржаанд уйлж, гомдлын хар нулимсаа асгаж хаваржсан. Тэр хаваржингаа нөхрөө хүрээд ирнэ гэж баруун талаар өнгөрөх хотын замыг харуулдаж, шөнө бүхэн машины дуу чагнаархан дэг дуг хийж хонодог байсан. Аавыгаа санан уйлах жаахан хүүгээ хараад үсээ үгтээн орилж чарламаар болдог баййсан. Гэвч тэр хүүгийнхээ төлөө амьдралд бууж өгөхгүй гэж гэзэг үсээ боож, бүсээ чанга бүслээд нэг л өдөр эрх танхил гэргий байснаа чанга хатуу зантай эрэмгий хүүхэн болж хэнээс ч хараат бишээр аж төрсөөр өнөөдөр болжээ. Одоо тэр түүнтэй уулзаж яах гэж...

Энэ бүх зовлон гунигаа, түүнийг ирнэ гэж хүлээсээр байснаа ярих гэж үү. Үгүй, үгүй. Хүүд ч хэлээд яахав. Угаасаа хүү саяхан хот руу ажил төрөлтэй гээд хэд хоногоор явсан. Харин хүүгээ ирэхээр өөрөө хот орох уу, болих уу гэж эргэлзэн бодож суулаа. Тэр гуниг ганцаардал, баяр баясгалан алинг ч тоохгүй гүдэс сэтгэлтэй нэгэн болсон шиг санагддаг байсансан Гэтэл тиймгүй байжээ.

Тавь шахсан насандаа тэр өнөөдөр хамгийн их ганцаардал мэдрэх шиг байж ядан уйтгарлав.Тэгээд бушуухан босч айл аймаг явдаг ганц хүүгийндээ орж нялх хөөрхөн ач охиноо өхөөрдөн эрхлүүлье гээд яаран гэрээс гарч хотныхоо зүүн талд байх том цагаан гэрийн зүг алхлаа. Чанцал тэр шөнө халуун залуу насандаа анхны хайраар учран золгосон Галбадрахаа өрөвдөж нэг, өшиж нэг бодоод тух муутай хонолоо. Нойрон дунд нь машин тэрэгний ирэх дуулдаж , хүн ярилцах, гал хөс болон бужигнах чимээ анир дуулдаж байгаад нам болов. Өглөө эрт аягахан цай уугаад хоттой хонио хашаанаас гаргаж задгай ус уулгахаар туугаад гарлаа. Бага үдийн хэрд хонио услаад ирж явтал хүүгийнх нь гэрийн хажууд багашаархан боловч цоо шинэ цагаан бүрээстэй гэр бий болчихож. Мориноос буун гэр рүү нь орвол хүү нь хоймороо сууж байна. Харин баруун орон дээр нь цонхигор цайвар царайтай, үс сахал нь өрвийн ургаж, турж эцсэн зовиур шаналгаандаа харц нь хурц болсон Галбадрах ардаа дэр ивэн хагас өндийн суужээ. Чанцал зогтусав.

-Сайн явж ирцгээв үү гээд тулганы зүүн талаар өгсөхдөө Галбадрахыг харан дэмий л толгой дохилоо. Гэрт гэнэт бий болсон нам гүмийг эвдэж хүү нь

- Ээж ээ би таньд хэлээгүй явсанд уучлаарай. Би аавыг бие нь муу тааруухан байна гэж аль хэдийн сонссон юм. Таньд хэлвэл дургүйцэх байх гэж бодоод ..эмээгээд байсан юм. Би аавыг хотоос бүүр аваад ирлээ.Эмч арчилгаа, тордлого сайн байгаад өөрөө сэтгэл санаа өөдрөг бол эргээд удахгүй бие нь сайжрана гэсээн .Эрүүл хөрс, төрсөн газрынхаа агаарт тэнхрэг гэж бодоод ятгаж байгаад зөвшөөрүүллээ. Таньд хэлээгүй болохоор аавд зориулж гэр хүртэл хотоос бэлдээд ирсэн. Бие нь сайжрахаар тэр гэртээ байна биздээ гэж бодоод. Намайг хүзүүн дээрээ суулгаад эрхлүүлдэг, хөөрхөн даага унуулаад хөтлөөд явдаг байсан аавыгаа мөн ч олон жил санасан даа. Ижий, аав гэж зэрэгцүүлэн дуудахсан, ганц удаа ч байсан ч хамаагүй гэж хүүхэд насандаа мөрөөддөг байсныг минь өөрөөс минь өөр хүн мэдэхгүй л байх даа.Тэр миний хар багын чин хүсэл байсан шүү. Таньтай зөвлөөгүйд өршөөгээрэй ижий минь гэж хэллээ.

Чанцал яаран хариу хэлж чадсангүй. Өнөөх цээж дараад байсан бөөн будан манан гэнэт нулимс болон ивлэж хоёр нүднээс нь асгарав. Тэгээд тэр “Хүү минь овоо доо. Эхээсээ хүн сайтай хүн болж.. тэгэхэд би Галдбадрахыг бүүр аваад ирэх байтугай очоод уулзах гэж шийдэж чадахгүй байв” гэж бодлоо. Гэрийн баруун талаас Галбадрах хүү рүүгээ дохин дуудаж амандаа нэг юм шивнэн дэр рүүгээ заах ажээ. Хүү нь дэрэн дороос нь үржийж үнгэгдсэн жижиг боодолтой зүйл гаргаж ирэв . Түүнийг задлахад өнгөө алдсан боловч сэмэрч хуучраагүй нийлэг эдээр хийсэн гялалзсан саатай улаан алчуур, ур муутайхан хайчилсан эсгий үнэг хоёр байлаа. Энэ айлын жаргалтай амьдралын гэгээн дурсамжийг тээсэн он цагаас энэ хоёр эд л Галбадрахын биенээсээ салгадаггүй нандин зүйлс байжээ. “Аав минь та алзахгүй дээ. Хүү нь байхад Та чинь хүүтэй хүн шүү дээ “... гээд хүүгээ толгойг нь илэхэд эцэг нь өмөлзөн уйллаа. Энэ бүхнийг харж байсан бэр хүүхэн “Хүний үр гэдэг нялх багад нь орхиод явсан ч сэтгэл нь өмөрч санадаг байж шүү эцгийгээ. Хүүтэй хүн хүзүү дээгүүр ээ гэж энэ дээ”хэмээн бодож уураг улаан цайгаа самарч зогслоо.

Д.Цэрэннадмид

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.