2019 оны 05-р сар 29-нд 17:39 цагт

Жагдалын Лхагва - Арван долоотой байхад... /Өгүүллэг/

Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа. Цээлийн тойром нууралчихсанаас хойш тэдний адуу, тэмээ усны үнэрээр цуван ирэх болж бид хоёрын уулзаж байхад ганц сайн шалтаг болсон юм. Бөөдэй ээжтэйгээ хоёулханаа суудаг болохоор тэмээ малдаа өөрөө л явна. Хааяа унаагаа юүлүүлэх гэж адуугаа тууж ирэхэд нь би уургынхаа хээрийг барьж мордоод хорь хүрэхгүй адууг нь хураан хөндөлсүүлж барих морио тэгэхээс тэгж адуунаас нь гарган элдээд сүүл дэрлэн дагах хэвтэй дэмтэй сайхан хээрийнхээ дөрөө зуран эргэн эргэн яг л тэр агшинд бөхийн цацаж сүүлэндээ салхи татуулан зугтаах морины нарийн хоншоороор уургалан эргүүлээд үргэн давхисан адууныхаа хойноос янцгаан тэмүүлэх түүнийг эмгэг морь уургалсан мэт чахалзуураар нь эрж Бөөдэйг хүлээж зогсоно.

Бөөдэй үсрэн бууж олмоо тавиад, эмээлээ өргөн, мориныхоо нурууг нар харвахаас болгоомжлон салхи оруулж хэсэг сүүдэрлэн зогссоноо хазаараа мулталж инээсээр ирнэ.

Морь нь хэсэг тээнгэлзэн зогссоноо амгайнаас нь салсан эсэхээ шалгах мэт хэдэн үмх өвс шунаг нь аргагүй хазлан идээд суларсанаа сая үнэмшин санаа нь амарч газар хэвтэн гурвантаа давж хөрвөөнгүүт хөлстэй биедээ наалдсан шороог шилгээн унагааж адууны хойноос янцгаан давхиж одно. Бөөдэйг морио хазаарлан авахад би цулбуурыг нь дагуулан хуйваа явуулсаар өөрийг нь уургалан авна. Хэд хоног үзээгүйд улам хөөрхөн болчихсон Бөөдэй гандсан сатин тэрлэгнийхээ цаанаас үл мэдэгхэн томбойх жаахан хатуу мээмээ чичиргэн инээж хуйвнаас мултрахыг оролдоно. Түүний халуун бие, сайхан инээд хуйваар дамжин ирэхэд би уургаа алдчих шахдагсан.

Image result for хөдөөний бүсгүй

Энэ бол миний арван долоон насанд хамгийн жаргалтай мөч байлаа. Гэвч энэ маань өглөөдөө үзэгдэх хөвчийн манан шиг байжээ.

Чойдогийн хүү цэргээс иржээ. Нутаг усныхаа айлуудад бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин, саахалтын бүсгүйчүүд хонинд явахдаа ч гоёж гоодох болов. Нутгийн харчуулыг дандаа л голж шоолж байдаг ”Салхи Янжмаа” гэгч өндөр бор хүүхэн хүртэл:

-Чойдогийн хар цэрэгт яваад борви нь овоо тэнийгээд ирээ шив дээ гэж магтах янзтай байгаа нь түүнийг дориухан залуу болохыг гэрчилнэ. Би ч гэсэн түүнийг үзэхийн хүслэн болж байтал ашгүй нэг ирлээ. Тэрбээр аавынхаа бэлтгэж төхөөрч тавьсан бэсрэг хэрэгсэлтэй боржигон эмээл тохож шанхалж дэлэлсэн өндөр шарга морь унажээ. Нэрийг нь Ойдов гэнэ. Хараар гурав эмжсэн саарал даавуун дээл хөөрөглөн өмсч бор бүрх малгай сагалдрагалаад шажигнасан чимээтэй хороомон гутал өмссөн нь гоёлын дээд бөгөөд ханхар мөр, тэгш цагаан шүд шооч байрын хүрэн нүд нь ер сумандаа л би гэж хэлээд байх шиг санагдана. Тэгээд аавтай цэргийн тухай элдэв зүйлийг ярьж, “очкоов” гэдэг бай онц судалж байсан тухайгаа болон цэргийн начин болсоноо яриан завсараа хэлж, нутгийн бөхчүүдийг сураглан нуруу цээжээ хөдөлгөнө.

Аав чадлыг нь үзэх гэж ооны хүзүү гурамсан хуйваа өгвөл цаадах нь сээрдэж жийгээд тасалчихлаа. Аав эхлээд төдий л тоохгүй байснаа хуйвыг нь тасалчихаар их л сэргэн галуу хүзүүт гарган дайлж, жирэг тоглон хамгийн эхээр хүндлэв бололтой. Аав жирэг тоглонгоо тасаран хуйваа байн байн харж толгой сэгсэрч байлаа. Тэр үед би бууны дон болж байсан болохоор яаж онц буудахыг нь үзэх гэж хатган оролдсоор гадаа гарч бай буудацгаавал Ойдов хөсөриин чөмөгний толгой тас буудаад “очкоов” бай үүнээс ч нарийн гэж хөөрөв. Үнэхээр бахтай эр байлаа. Ойдовынх бас Улаандэлд, түүнийг манайхаас буугаад мордсоноос хойш Бөөдэйн адуу, тэмээ нууранд ирэхээ больчихов.

Image result for адуу услах

Би нуур руу өдөржин дурандаж, хонгор азаргатай адуу, соёо шар аттай арваад тэмээг харуулдан цээжин биеээ чичиргэн инээдэг хөөрхөн Бөөдэйгээ мөрөөсөн суухдаа Ойдов хархүү үүр цүүрээр Улаандэлийн усан дээр очоод Цэмбэл авгайн хамаг малыг усалчихаад байгааг яахан мэдэх билээ. Басхүү Бөөдэйг унаагаа юүлэх болоход нь над шиг сүр бадруулалгүй, ухасхийн өгсөж бариад өөрөө буун хазаарлаж өгдгийг ч мэдэхгүй байлаа. Ийм байдлаар хагас сар болоход би тэссэнгүй нэг өдөр айлын адуунд байсан даагатай гүү авчрах далимаар Улаандэл орж хэргээр орой болгоод Бөөдэйн адууг бэлчээрээс нь хөөн Цээлийн нууранд авчирчихаад маргааш нь Бөөдэйг ирнэ гэж нуурын баруун овоон дээр суутал Ойдов хархүү алаг морьтой давхиж ирээд хөөгөөд явчихлаа.

Тэдний малыг удтал нууранд ирээгүйн учрыг би сая л нэг гадарлаж чичигнэн инээдэг хөөрхөн Бөөдэйг минь хулгайлан хөөгөөд явчихаж байгаа юм шиг хойноос нь удтал ширтэн зогсохдоо Ойдовын эрдэм чадал, сайн сайханд хязгааргүй их атаархаж байгаагаа мэдэв. Тэгээд хэнхдэг дотор зүрх байдаг гэдгийг анх удаа ухаарч эмзэглэн байгааг нь мэдэрхүй мориндоо үсрэн мордоод буруу зөвгүй ташуурдаж салхи сөрөн давхив. Давхисаар нэг өндөрлөг дээр гараад хөлс нь хар туурайгаа сэтлэн урсаж, хөх мах нь чичрэн зогсож байгаа морио гэнэт ихээр өрөвдлөө.

Мориныхоо амьсгааг даран овоон дээр зогсохдоо, цаашид юу хийхээ боловсруулан Ойдовын энэ сайхан бүхэн цэрэгт алба хаасны л ач гэж өөрөө өөртөө батлаад, насаа нэмж байгаад ч хамаагүй энэ жил л цэрэгт явчихъя гэж хатуу шийдэж билээ. Тэнд очиж “очкоов” байг нь онц буудаж “борви тэнийж” ирээд Цэмбэл хөгшнийд бууна. Тэгээд сумын наадам дээр Ойдовыг хаячихаад урт түрийтэй шинэ хороомон гутлаа шажигнуулан дэвж Бөөдэйн хажуугаар харалгүй өнгөрнө дөө гэж бодоход сэтгэлийн тээг сэмрэн, ярс ярс алхан яваа цэрэг эрчүүлийн жагсаалд орчихсон юм шиг хөгжилтэй сэргэлэн болов оо.

Улаанбаатар 1970 он.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.