2019 оны 05-р сар 06-нд 11:15 цагт

Даахь үргээх ёс

Даахь үргээх ёс 1

Энэ ёсыг олон монгол угсаатан даахь авах, даахь үргээх, даахь тайрах, үс авах ёс, үс бандгайлах ёс, үсний ерөөл, өрвөг хайчлах, өрвэй үргээх, өрвөг өрвөөх, өрвөг авах, өрлөг авах, өрвөгний найрын ёс, сэвлэг үргээх, симиг хайчлах, алтан хонхолцог хайчлах гэхчлэн нэрлэдэг. Монголчууд хүүхдийн даахийг анх үргээх ёслолыг нэн эрхэмд тооцдог.

Ер нь хүний нэгэн насны гурван их ёслолын (хүүхдийн угаалга, даахь үргээх, хурим хийх) нэгэн гэж үздэг. Хөвгүүнийг 3, 5 буюу арга (сондгой) тоот насанд нь буга урамдах цагаар, охиныг 2, 4 буюу билиг (тэгш) тоот насанд нь хөхөө донгодох цагаар даахийг нь авдаг.

Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр ёслол хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм. Энхэр хүүхдийн даахийг 6, 7 юмуу 8, 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж гар хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийнхээ даахийг хэдэн насан дээр нь авсан бол дараагийн хүүхдийнхээ даахийг мөн тэр насан дээр нь авдаг ёсон бий.

Хүүхдийн даахь үргээхдээ сарын сайн, өдрийн өлзийг сонгоно. Зарим нутагт нэг бүхэл насны ойн баяр дээр нь даахь үргээх ёслол хийдэг. Хүний үс авах сайн муу өдөр гэдэг нь хүний биеийн хий судалтай холбоотой болохыг “Дотоод цагийн хүрдний ухаан”-д тод номлосон байдаг.

Даахь үргээхэд оролцох хүн эрхбиш өглөө эртлэн очих ёстой. Учир нь наран залуу үдээс өмнийн цагт хайч хүргэхийг эрхэмлэдэг. Харин зарим нутагт пүрэв гарагт хүүхдийн даахийг авдаггүй байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр ширээ засаж, идээ будаа өрөөд, хүүгээ, охиноо гоё хувцаслан, ширээний тэргүүн суудалд суулган ёслолыг эхлэнэ.

Даахь үргээх ёс 2

Найрт уригдсан хүмүүс заавал бага ч гэсэн бэлэгтэй ирнэ. Ер нь гэрийн дээж, найрын дээж гэж хоёр таваг цагаан идээ буюу ондоон бэлэгтэй ирнэ.

Гэрийн хүмүүст нь энгийн зочны ёсоор цагаан идээний дээжээ барьдаг. Даахь үргээх хүүхдэд хувцас хунар, гутал, торго дурдан, бөс даавуу, зоос мөнгө, бэлтгэж ирдэг. Эсвэл хонь юмуу даага мал амлана. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна.

Мөн даахь үргээх хүнд цагаалга амсуулдаг. Гэрийн баруун хойно мөнх тэнгэрийн зүгт хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог. Хүүхдийн аав юмуу өвөө нь, эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно.

Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь, зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд модон хутга, хайч хүргэн ёсолдог байна.

Мөнгөн таваг буюу модон тавагт таван тарианы үр хийж, дээрээс нь улаан цагаан бөсийн өөдсийг давхарлан дэлгээд хайчаа дээр нь тавина. Хүүхдийн эцэг нь энэ тавгийг хоёр гараараа өргөн барьж, эх нь гартаа аягатай сүү, тавагтай цагаан идээ бариад хүүхдээ хөтлөн ивээл жилтэй настны өмнө очиж, тавагтай цагаан идээгээ өргөөд, “хүүгийн минь, охины минь даахийг үргээж хайрла” гэж хэлэхийн хамт хүүхдээ мөргүүлэн ёслуулдаг.

Настан нь цагаан идээнээс авч амссаны дараа нөгөө тавгаас хайчийг нь авч, хүүхдийн үснээс нэг ором хайчилдаг. Хөвгүүнийг баруун санчигаас, охиныг зүүн санчигаас эхлэн хайчилдаг.

Хүүхдийн үсийг анх хайчлах хүн буюу ерөөлч тавагтай цагаан идээнээс дээжлэн хүүхдийн үсийг мялаагаад даахины ерөөл буюу богино бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, “баруун талаас нь авч үргээхэд бадмалянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт”, “зүүн талаас нь авч үргээхэд зүйл бүрийн эрдэм дэлгэрч байгаа мэт”, “орой дээрээс нь авч үргээхэд ой билиг нь хурцдаж байгаа мэт” гэхчлэнгийн бэлгэтэй үгсийг хэлдэг.

Даахь үргээх ёс 3

Бариулд нь хөх, цагаан хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэж үздэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж, “урт настай, удаан жаргалтай, аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олныхоо манлай болж яваарай” гэж ерөөнө.

Үүний дараа хүүхдийг эцэг, эх, авга, нагац нар, ахмад хүмүүс, зочдын өмнүүр нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), ерөөл бэлгэтэй үг заавал хэлж, хадганд нэмэн боож хадгална.

Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. Хүн хүний өгөх бэлэг өөр өөр байдаг. Ийнхүү хүүхдийн даахийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд хоёр хөхөл үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм.

Монголчуудад төрийн хар хүн болохын тэмдэг болгон тав гэзэг тавих ёс хуучин цагт байжээ. Иймд эрэгтэй хүүхдийн тэвэг үсийг авахгүй явсаар том болсон хойно нь тав гэзэг тавьдаг байсан байж магадгүй. Нөгөө талаар эрэгтэй хүний амин сүнс, хамгийн онгон газар нь болох “баатар хуйхыг” хамгаалан дагз орчим байдаг гэж үзээд түүнд хутга мэсний үзүүр хүргэдэггүй учраас тэвэг үс, тав гэзэг тавьдаг байсан бололтой. Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг.

Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ. Ингээд зочинд идээ цагаа барьж, дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ.

Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж, үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ. Эртний монголчууд үсэн эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.

Даахь үргээх ёс 4

Хамгийн эхэнд даахь үргээх ёс бол хүний насны гурван хуримын нэгэн гэдгийг цохон өгүүлсэн билээ. Амьдрал баян учраас хүү, охин хоёр ихэр хүүхдийн даахийг хэрхэн авах вэ гэвэл, ихэр заяатай хоёр маань юутай ч гэсэн хоёр тусдаа бодгаль юм хойно ирээдүйд яг ижилхэн хувь заяагаар ихэрлэн явах гэж үгүй юм болохоор нар үзсэн цагаас хойш хоёр өөр амьтай болсон гэж үзэх тул хүүгийн даахийг намар буга урамдах цагаар, охины даахийг зуны эхэнд хөхөө донгодох цагаар авч, амь салгах ёстой гэж үздэг.

Ер нь ихэр хүүхдийг өхөөрдөөд бүх юмыг нь хамт хийгээд байвал амь салахгүйн эрсдэл буй гэж үздэг. Хамгийн наад захаар бодоход ихэр ихэр гээд нэг өдөр хуримлах боломжгүй биз дээ. Тэхлээр амь амьдралын харгуй хаа нэгтээ салж л таарна. Харин дээрх буга урамдах цаг, хөхөө донгодох цаг гэдгийг тодловол, доорх мэт болой.

Монголчуудын байгалийн номын ёсоор одоогийн грегорын тооллын 5-р сарын 6-наас эхлэн нэг сарын туршид эр эм хөхөө ховшин хөвшин харилцаж донгодох үед охин хүүхдийн даахь авдаг. Энэ нэгэн сарыг хуучин монгол Мичдийн улирлын тоолол ёсоор "Хөхөө сар" хэмээн нэрлэдэг байжээ.

Мөн одоогийн Грегорийн тооллын 9-р сарын 8-наас эхлэн нэг сарын туршид бугын дуудлага болох тул хүүгийнхээ даахийг авдаг. Энэ нэгэн сарыг хуучин Мичдийн улирлын тоолол ёсоор “Буга”сар гэж нэрлэдэг байжээ. Аль нь ч гэсэн монголчуудын байгалийн номын ёс болно.

Доктор С.Дулам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.