2018 оны 11-р сар 24-нд 12:46 цагт

Адилхан монгол цустай хэрнээ хужаа ангилалд багтана чинээ зүүдэлсэнгүй явлаа...

Хятадын сайтаас монголынхоо талаар мэдээлэл хайж байгаад нэгэн нийтлэлийг олж уншлаа. Монголчууд өөрсдөө ч мэддэг бусад улс орнууд ч мэддэг болсон гашуун үнэн гэлтэй энэ нийтлэлийг уншаад биднийг хэрхэн харж байгааг бусад хүмүүс ч гэсэн мэдээсэй гэсэндээ орчуулахаар шийдэв. Би л хэдхэн өдрийн өмнө олж уншсан болохоос 2016 оны 10-р сард тавигдсан энэ нийтлэлд өнөөдрийн Монголын нийгмийн байдал өөрчлөгдсөн зүйлгүй хэвээр байгаад үнэхээр харамсах сэтгэл төрлөө. Жич: энэ нийтлэлийг тухайн блогдоо гадагш гаргахыг хориглоно гэсэн байв.

Өвөрмонгол улсын иргэн Бат Хятад улсад эрчим хүчний чиглэлээр суралцсан ба 2011 онд Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд “эрчим хүч хангамж”-ийн чиглэлээр Магистрын зэрэг хамгаалахаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьсон юм. Анх удаагаа монгол улсад ирсэн Батын хувьд сэтгэл гонсойлгохоор зүйл их тохиолдсон ба нэн түрүүнд сургуулиас болж урам хугарах сэтгэл төрсөн байна. Ингээд түүний бичсэнийг хүргэе. 

Монгол улсын нийт зардлын хувийг Боловсролын салбарт зарцуулдаг гэдгийг сонссон хэдий ч энэ 20 хувь яг хаана, юунд зарцуулагддаг юм бол гэж гайхаж байсан. ШУТИС нь зэрэглэлээрээ Монгол улсын хоёрт ордог том сургууль бөгөөд Хятад улсын сургуулиудтай харьцуулахад ЧИН ХУА их сургуультай дүйцэхүйц сургууль юм.

Гэвч Хятадын ердийн нэгэн бага сургуультай харьцуулахаар жижиг, дээр нь сагсан бөмбөгийн талбай, гимнастикийн талбай гэж огт байхгүй, байгаа хэдэн дасгалын тоног төхөөрөмжүүд нь бүгд л тааруухан хуучирсан зүйлүүд байдаг. Ер нь бол олон нийтийн дасгал сургуулилтын талбай ганц нэг дотор байдаг заалыг эс тооцвол байхгүйтэй адил. Хөл бөмбөгийн талбайн талаар ярихын ч хэрэг байхгүй. Өмнө нь Монголын газар нутаг том, хүн ам бага учраас дотор заал гэж байхгүй хаа сайгүй л олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байдаг болов уу гэж төсөөлөн боддог байлаа. Гэвч одоогоор Солонгосын гудамж, Туркийн гудамж гэсэн хоёрхон булан байдгийг л би мэдэх юм байна.

Бас өмнө нь дуучин Gee-гийн "Хужаа" гэсэн дуун дээр “Хашаа ч үгүй тэд хятаддаа шахцалдана Хашааны минь банхар хүртэл тэдний дэргэд цатгалан” гэж дуулахын сонсоод үнэхээр омогших сэтгэл төрж байлаа. Харин бодит байдлыг ирээд харахад ихэнх л байшингууд нь бүгд адилхан өнгөрсөн зууны загвартай, ойролцоогоор 60м² болов уу гэмээр байрнуудад 6-8 хүн амьдардаг. Энэ нь бас ч гэж боломжийн амьдралтай айлууд гэж байгаа. Үүнээс гадна гэр хорооллынхон гэж бий. Нэг жижиг өрөөтэй тэнцэхүйц хэмжээний гэрт л багадаа 4 хүн амьдардаг нь үнэхээр тэдний охин хүүхдүүд яаж байдгийм бол доо гэж бодоход хүргэмээр... Тийм болохоор ядуусын талаар дурсаад ч хэрэггүй.

Улаанбаатар хот нь ч гэсэн их өрөвдмөөр хотын төвийн хэсэг гэхэд л 5000 м² дотор багтана. Хотоор салхилна гэхээр зүүнээс баруун хүртэл 10 минут явахад л хүрчихнэ. Үлдсэн хэсэг нь тэр чигтээ гэр хороолол, бас дээр нь хөдөөний малчид чимээгүй ирж суурьшсаар л байдаг.

Эндэхийн өртөг их өндөр, юмны үнэ нэмэгдэх нь бүүр ч хурдан. Анх очоод миний идэх дуртай байсан нэг хоол 5000 төгрөгний үнэтэй байлаа, харин одоо 6500 болсон байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй өндөр, тэгсэн хэрнээ Хятадад байх хамгийн муу бараанууд тэнд байх үнэнээсээ 5-50 хувь дахин үнэтэй. Ногоо жимсний талаар ярих ч юм биш, би 11-р хороололд амьдардаг. Энд л гэхэд нэг улаан лооль бараг л 5 юань, хятад байцаа 20 юань давсан байна. Тийм болохоор л байнга төмс хэрэглэдэг биз. Мах бас тийм хямд ч биш. Хятадад зарагдах махны тал үнэтэй адилхан хэдий ч одоо хамгийн үнэтэй байдаг улирал нь ирсэн тул ялгаагүй л байна. Монголчууд энэ байдлаа яаж хүлээн зөвшөөрөөд амьдраад байдгийг нь ойлгохгүй юм.

Монголчууд хужаа (хятад хүмүүсийг ингэж дууддаг) нарт маш их дургүй, энд ирэхээс өмнө хан үндэстэн хятадуудыг л хэлдэг гэж боддог байснаас энэ нэрэнд нь өвөрмонголчуудыг оруулдаг гэж огт бодолгүй явлаа. Дэлхий дээрх ганц дайсан нь адил үзнэ шүү. Намайг л гэхэд дотуур байрны жижүүр эгч байнгын хорссон нүдээр харна. Зэргэлдээ дэлгүүрийн худалдагч эмээ хүртэл над руу эвтэйхэн харсан удаа нэг ч байхгүй. Ядаж л өвөр МОНГОЛ шүү дээ гэж ялгаж харьцсан зүйл ч байхгүй шүү.

Овог, аймаг, яс үндсээр ялгах үзлийг бидний өвөг дээдсийн үед л халсан байхад одоог хүртэл тэр үзэл байсаар байгаад гайхаж л байлаа. Зарим нэгэн хятадаас ялгарахгүй жижигхэн нүдтэй өөрсдийгөө халх гэж нэрлэх хүмүүс "Би бол цэвэр Монгол" гэж сагсуурч байх юм. Миний монгол хэл сайн биш ч энд байх зарим нэгэн Шиньжян хүмүүстэй хялбар ойлголцож болоод байдаг, харин монголчуудтай харилцахаас л эмээдэг болсон доо.

Үнэндээ тэдний монгол хэл л маш ихээр өөрчлөгдөж орос үсэг, орос үгнүүдийг ихээр ашиглах болсноор орос аялга орсон холилдсон монгол хэл болсон байгаа юм. Мөн орой үдэш гудамд суусан, хэвтсэн, унтаж байгаа архичид бишгүй их, тэдгээр хүмүүсийн хажуугаар жишэм ч үгүй зөрж байгаа хүмүүс эдгээр зүйлд аль хэзээний дассан болох нь илт харагдана. Хэт их архичид холхилдоод ирэх үед л цагдаа нар авч явж харагдана. Тэгээд тэдгээр хүмүүсийг багадаа 2 хоног хоол, унд ч өгөлгүй хорьж байгаад ар гэрийнхэнтэй нь холбогдож торгуулийн мөнгө төлүүлсний дараа гаргана. Хэвтэх битий хэл суух ч сандалгүй камерт хана налан зогсож байгаад гарч ирэх хүн үхчихгүй юмаа гэхэд хариад зогсох ч тэнхэлгүй болсон байна. 21-р зуун гарсан байхад ийм хорих газар байсаар байгаад гэмт хэрэгтэн ч гэсэн ялгадсан дунд байлгадаг гэдгийг нь ойлгохгүй юм. Энийг ингээд орхиё, үндэстний эрх ашигт хэтэрхий халдсан хэрэг болно. 

Монголын ихэнх залуучууд улс төрийн бодлогын талаар огтхон ч анхаардаггүй. Зөвхөн хэрхэн зугаацах уу, амралтаар хаашаа явах вэ гэсэн хүмүүс. Одоогоор би хоёр л номын дэлгүүр байгааг мэднэ. Харин гудамж дүүрэн BAR, PUB, CLUB гэсэн хаягтай газрууд дүүрэн. Монголд үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэйчүүд харин маш их, бие хаа хүртэл сайтай, ганц бие эрчүүдийн хувьд диваажингийн газар л гэсэн үг...

Багш нар харин надтай их л эелдэг харьцдаг шүү. Соёлтой боловсролтой хүмүүс ямар боловч өөр байх юм. Гэвч Монголын дийлэнх хүмүүс өвөрмонголчууд болон хятадуудыг ямар нэгэн шалтгаангүйгээр үзэн ядаж, басамжилж байдаг. Монголчуудын дотуур өмднөөс авахуулаад барьсан гар утас нь хүртэл бүгд л үндсэндээ хятад бараанууд тэгсэн атлаа яагаад тэгтлээ үзэн яддаг юм бол? Хятадууд, өвөрмонголчууд тэдний байгалийн баялгийг хулгайлна гэж боддог юм байх даа. Үнэндээ өөрсдөө л гаргаж өгсөөр байгаа гэдэг нь илт байхад шүү.

Ар Монголчууд өөрсдийнхөө талаар сайшаагаад хэлчих хэдэн үг ч ер нь байхгүй. Орос ах нар бол тэмцэгч ард түмэн, бид тэдэн шиг байна гэнэ шүү! Хятадууд Монголыг нэг нэгээр нь эзэлж байна гээд цагдаад гомдол хүртэл гаргаж байсан гэсэн. Гол нь Хятадын дийлэнх ард түмэн Монгол гэж улсын талаар мэдэх ч үгүй гэдгийн мэдэхгүй хэрнээ. Төсөөлөөд үзье л дээ “Хятадад цагдаа дээр очсоноо "Намайг нэг танихгүй хүн муу хэллээ" гэж хэлье. Цагдаа энэ зүйлийг ойшоож үзнэ гэж үү? 

Үнэндээ Монголд хоорондоо тэрсэлдэж, муудалцах нь энгийн зүйл. Манж үндэстэн монголчуудын яг энэ зангий нь мэдэж ашиглаад, дотроос нь эвдрэлцүүлж хуваагаад, дараа нь Монгол түмнийг эрхэндээ оруулж 100-200 жил даралсан бус уу?

Харин одоо арай чүү гурван сая болсон Монголчуудыг эзлэхээр болвол уу? Үнэхээр өөрсдийгөө эр зоригтой, эрэлхэг хүчтэйдээ монголчууд байсаар байгаа гэж бодон аман дээрээ Чингис хааныг ярьж, тэгэхлээрээ л өөрсдийгөө монгол болчихно гэж бодоцгоосон юм байх даа.

Үүгээр ч зогсохгүй олон нийтийн дунд нацист бүлэглэлүүд бий, эдгээр нийгмийн дайснууд хандивийн хэдэн зоосны төлөө сайн хөршүүдийн харилцааг сүйтгэх үйлдлүүдийг байнга хийж байдаг. Эхлэл гэж байгаа бол төгсгөл ч гэж байгаа. Магадгүй бидний амьдарч байгаа энэ үе бол төгсгөлийн эхлэл ч байж мэдэх юм. “Баяртай, ямар ч хүсэл зорилгогүй үндэстэн, огтхон ч хүч чадалгүй өмхий байдалтай монголчууд аа!” гэж хэлмээр.

​Ажил хийх хүсэлгүй өчнөөн олон зөвхөн тоглож наадсан залуус, юунд тулгуурлаж түшиж амьдрах гэсэн юм бол? Улс нь тэжээнэ гэж үү? Ийм бодолтой байдаг бол Монгол улс санхүүгийн хямралаас гарахгүй байсаар л байх биз. Зөвхөн улс нь л тэтгэдэг хөрөнгө мөнгөтэй, үйлдвэрлэл, аж ахуй байхгүй улс орны ирээдүй ямар байх бол?! Оршин тогтноно гэж үү? Америк улс бол байж чадах байх, зарим улс орнууд Америкийн долларт хайртай зөвхөн Америк улсад зориулаад үйлдвэрлээд байж болно, хариуд нь тэднээс ногоон картыг нь аваад насаараа баян тансаг амьдарч болох байх. Техник технологийн 3-р эрин үе эхэлснээр Хятад улс л тэргүүлж байна. Гэвч Монгол бол Америк биш, монгол төгрөгийг монголчуудыг эс тооцвол дэлхий дээр нэг ч хүн мэдэхгүй. Ийм л нэг санхүүгийн хямралд өртсөн, самуурсан нийгэмтэй Монгол улс.

Эцэст нь хэлэхэд хүсэл зорилгын төлөө тэмцэх, түүнийгээ хамгаалах ямар ч хүсэлгүй үнэхээр сэтгэл эмтэрмээр ХОГ ШААР болсон улс. Өвөг дээдэс минь нэг адилхан л МОНГОЛ үндэстэн шүү дээ гэж бодохоор “ХОГ ШААР” гэдэг энэ хоёр үгийг хэлсэндээ нүдэнд нулимс цийлэгнэж байна...

Орчуулсан: Амарсайханы Хонгор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.