2014 оны 03-р сар 08-нд 19:12 цагт

Эмэгтэй хүн уйлмаар байсан ч инээж чадна, айж байсан ч инээмсэглэж чадна, өөрт нь тус хэрэгтэй байхад бусдад тусалж гүйнэ

Бурхан тэнгэр бүсгүй хүнийг бүтээж эхлээд зургаа дахь хоног дээрээ явж байтал сахиусан тэнгэр хүрч ирээд: “Бурхан минь, та энэ бүтээл дээр ямар их цаг зарцуулах юм бэ?” гэв.

Бурхан хариуд нь: “Аргагүй шүү дээ... ямар олон үзүүлэлт хангах ёстойг минь хар л даа:

- угааж цэвэрлэхэд хялбар байх... ингэхдээ хуванцар байж болохгүй.

- 200 гаран хөдлөх эд ангитай байх... тэгсэн мөртлөө хөдөлгөөн нь уян налархай байх

- өвдсөн үедээ өөрийгөө бүрэн эмчилдэг байх

- хоногт 18 цаг ажилладаг байх

- хоёрхон гартай байх... тэгсэн мөрлөө хэд хэдэн хүүхэд зэрэг тэврэх боломжтой байх. Ингэхдээ шалбарсан өвдөг ч бай, шархалсан зүрх ч бай тэврэнгүүт л зүв зүгээр болохуйц тэвэрдэг байх”

Энэ бүх “техникийн” үзүүлэлтийг сонсоод сахиусан тэнгэр "Энэ тэгээд стандарт загвар болох юм уу? Ийм юм гэж бас байдаг аа! Та наадахь дээрээ хэд хоног нойр хоолгүй шахам ажиллаж байна, өнөөдөртөө түр орхиод маргаашнаас дуусгахгүй юм уу?” гэхэд нь Бурхан “Үгүй ээ, заавал өнөөдөр дуусгана. Энэ бол миний хамгийн шилдэг бүтээл байх болно” хэмээн бахархалтайгаар өгүүлэв.

Сахиусан тэнгэр бүсгүйг гарыг илж үзээд “Бурхан минь, ямар зөөлхөн юм бэ!” хэмээн дуу алдав.

- Харин тийм, их зөөлхөн. Тэгсэн мөртлөө их чадалтай гэж байгаа. Түүний юуг тэсвэрлэж, юуг даван туулж чадахыг чи төсөөлөх ч үгүй. Харахад сул дорой мөртлөө ямар хүчтэй гээч.

- Энэ чинь тэгээд сэтгэн бодож чадах уу?

- Бодох нь байтугай... бүр итгүүлж чадна гээд бод доо.

Сахиусан тэнгэр бүсгүйн хацрыг заагаад “Энэ чинь гологдолтой юм биш үү? Энд нэг юм урсаад байна” гэлээ.

- Тийм биш ээ... Энэ бол нулимс.

- Нулимс? Ямар хэрэгтэй юм?

- Түүний уйтгар гуниг, хайр сэтгэл, ганцаардал, сэтгэлийн шаналлыг илэрхийлж байх юм.

Энэ үгийг сонсоод сахиусан тэнгэр сэтгэл нь догдлон:

- Бурхан минь, та үнэхээр суут юм! Бүх зүйлийг бодолцож шүү. Энэ ёстой хосгүй сайхан бүтээл болох нь ээ!” гэв

- Тийм шүү... Ямар ч эр хүнийг гайхшруулж чадна. Уйлмаар байсан ч инээж чадна. Айж байсан ч инээмсэглэж чадна. Өөрт нь тус хэрэгтэй байхад бусдад тусалж гүйнэ. Хэр барагийн эр хүний хийж чадахгүйг ганцхан харцаараа хөдөлгөж чадна...

Сахиусан тэнгэр Бурхан тэнгэрийн шинэхэн бүтээлийг бишрэн чимээгүй зогсож байлаа.

Тэгтэл Бурхан уртаар шүүрс алдсанаа: “Энэ бүсгүй нэг л дутагдалтай... Өөрөө л засаж авахгүй л бол амьдралыг нь баллах нэгэн дутагдал бий гэв.

- Тэр нь юу юм?

- Тэрээр ямар ҮНЭ ЦЭНЭТЭЙГЭЭ мэдэхгүй...

Эх сурвалж: Econet сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2020-09-30

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.