2018 оны 01-р сар 08-нд 09:51 цагт

Бүхнийг уучил, хайр энэрлээр бусдад ханд...

Аз жаргалын эх ундарга танд бий. Бүх сайны эхлэлээс та өөрөө. Танай гэр бүл аз жаргалаар дүүрэн. Түүний эх үүсвэр нь та өөрөө. Түүний эх ундарга нь сэтгэл болой. Түүнийг мэдрэхийн тулд өөрийгөө тань. Түүний тул сэтгэлээ судал. Тэнд л хүслийг хангах чандмань эрдэнэ бий. Сэтгэлийн уг үндсээ сайтар ажиглаж сайн мууг мэд.

Сэтгэлийн орон зайд уур, шунал, мунхаг, атаа хорсол тэргүүтэй муу сэтгэл холхиж байвал түүнийг хөөн зайлуул. Тэд л биднийг сүйд хийдэг дайсан. Дайсан хэмээгч гадна бус сэтгэлд үүрлэсэн дээрх нөхдүүд угтаа мөн бөлгөө. Тэднийг зоргоор орхивол сэтгэлийн орон зайг үүл манан татуулж билгийн мэлмийг халхалж ганц дураараа дургих нь тэр.

Мунхаг бол би хэмээгч өөрийгөө дөвийлгөх өвчнөөр цаг наргүй өвчлүүлж гэрэл гэгээг олж харахаа байтал балай болгоно. 

Шунал хүсэл хазааргүй морь шиг ийш тийш давхиж тайван суулгах нь үгүй.

Уур хэмээгч дайсан бусдыг өслөн харсан хандсан болгоныг зүхэж дотроос зүүгээр хатгаж зүрх савлуулна. 

Энэ гурван нөхөд байсан цагт омог, атаа зэрэг тэднийг дагалдах дайснууд ер зүгээр суулгахгүй. Хагацашгүй нөхрийг хагаралдуулна. Сайныг хараар будна. Тэд бужигнаад ирэхээр буг чөтгөр дагалдаад гай зовлон чирээд ирнэ. Ай даа, тэд л жинхэнэ бидний дайсан шүү дээ. Тэд байсан цагт зовлон шаналалтай орооцолдохоос аз жаргал биднээс холоо зайлан одно. Тиймээс тэднийг хөөн зайлуул. Таягдан хаяж сэтгэлийн орон зайгаа чөлөөл.

Бүхнийг уучил, хайр энэрлээр бусдад ханд. Ээжээс авахуулаад бусад бүгд л бидний ачтанууд билээ. Сайн явах зам мөрийг тэднээс үлгэр авч суралцана. Тиймээс тэдний ач гавьяаг дурдан санаюу.

Сэтгэлээ цэвэрлэж ариун байлгах аваас хайр энэрэл ундарна. Энэрэл нигүүлсэлийн аядуу зөөлөн агаарт ухаан саруулсаж оюун бодол тунгалагшина.

Сайхан сэтгэл саруул ухаан л сэтгэлийн төрөлх чанар буюу. Түүнийгээ хөгжүүлж тэжээн тэтгэ. Тэд хөгжөөд ирэхээр сэтгэлийн орон зай тэлж алсыг харах уужуу ухаан сууна.

Жалга довны үзэл арилж захын хүмүүнийг энэрэн нигүүлсэж хязгааргүй ухаан далай ундарна. Ертөнцийн гэрэл гэгээ болгоныг анирдаж бусдын сайн сайхныг олж харах билгийн мэлмий нээгдэнэ. Тэр цагт л аз жаргал танаас ундарч эхэлнэ. Гэр бүл аз жаргалаар бялхана. Тийм гэр бүлээс бүрдэх улс гүрэн цэцэглэн хөгжинө. Эх дэлхий битгий хэл хязгааргүй сансар огторгуйд амар амгалангийн агаар түгэж энх оршмуй.

Үүний тулд:

1) Эрдэм төгс багш 

2) Үнэн зөв онол сургаал 

3) Эрхэм сайн хань нөхрийг шүт. 

Энэ бол шалгарсан онол.

Бэхийн ДАРАМБАЗАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.