2017 оны 05-р сар 15-нд 18:32 цагт

Мөнхөө хүүгийн мөрөөдөл

Энэ хүүг Мөнхөө гэдэг юм. Их сэргэлэн хүү. Өвөө нь манай байрны харуул. Эмээ, ээж, ах болоод эгч дүү нар нь манай байрны доор подвалийн гараашид байдаг нэг өрөөрхүү юманд амьдарцгаадаг юм. Тэр нь хажуудаа халуун хүйтэн усны узель, бохирын хоолойтой. Хэзээ ч хаагуураа ч задарч замрахыг хэн ч үл мэднэ.

Өвөө нь архи уухгүй, хариуцлага алдахгүй, ажлаа хаяад явчихгүй нь сайхан ч сайхан уран бураа, хагархай хэнгэрэг. Манай байрын хэнийд хэн ирсэн, явсан, хэнийх хэдэн машинтай, авгай нөхөр хоёр хэзээ хэдэн удаа орон гэртээ муудалцсаныг бараг андахгүй мэднэ, бас цуурна. Шар хаданд хашаа байшинтай гэж даналзах боловч түүнийг үнэмшихэд бэрх. Харин архи уухгүй тул бор хоногийг нэгэн хэвийн тайван өнгөрөөж, бас амьдралын төлөө тэр хавийн хамаг хогийг нэгжиж сардаа хэдэн зуун килоор хуванцар сав цуглуулж тушааж, цалин дээрээ хэд гурван цаас мөнгө нэмэрлэж, хэдэн бор ходоодоо болгоод л байна. 

Мөнхөө хүү сургуульд орохоосоо өмнө өдрийн ихэнхийг бараг гадаа өнгөрөөнө. Ямар сайндаа би "мөнхийн гадаа Мөнхөө хүү" гэж өхөөрдхөв. Өдөржин гадаа байдаг тул өлчир гэж жигтэйхэн өвлийн хүйтэнд дан цамцтай л тууж явна. Даарах, халууцахыг үл мэдэх бөгөөд хамрын ханиад хамуу хүрдэг ч янзгүй өлчир. 

Жилийн дөрвөн улиралд бор хоногтоо доороо орж унтдаг байх, бусад үед цастай ч мөстэй ч бороотой ч гадаа л явж байна. Эмээтэйгээ цуг довжоо манаж суугаа зургийг харж байгаа биз дээ. Би түүний зургийг боломж гарах бүр авдаг байсан нь өнөөдөр хэрэг боллоо.

Тэр доор агаар муу, байгалийн гэрэлгүй, цементийн нарийн тоосонцортой, бас олон машины бензин тосны утаа угаарь_ унгас тундас гээд эрүүл мэндэд нь ямар олиг байхав дээ. 

Нэг удаа би хүн хүлээгээд орцныхоо үүдэнд машин дотроо сууж байсан чинь нөхөр гарч ирж байна аа. Хар теньтэй тул харахгүй байгаа бололтой хүрч ирснээ миний машины урд дугуйны хийг гаргаж байна шүү. Дотроос нь бичлэг хийгээд байлаа, тэгсэн чинь тойроод тэнд байсан бүх машины дугуйны хийг бага багаар гаргаад л аминдаа өөрийгөө саатуулж байгаа нь тэр бололтой. Тэгээд дуусуут нь би бууж ирээд чи юу хийж байна гэсэн чинь юу ч хийгээгүй гэж авч байна, сая дугуйнуудын хийг гаргасан биз дээ гэсэн чинь үгүй гэж гэж гүрийж байна. 

Тэгэхээр нь нааш ир гэж дуудаж байгаад бичлэгийг нь үзүүллээ, яах аргагүй хачин болсоноо уучлаарай гэж байна шүү. Тэгэхээр нь ингэж болдоггүй юм, ийм ийм аюултай гээд учрыг нь тайлбарлаж өгвөл ойлгосон бололтой гэмшингүй байрын болоод яваад өгч билээ. Иймэрхүү маягаар багад нь "хүмүүжил"-д нь нөлөөлөх гэж оролддог байлаа. 

Миний санаа зовдог юм эрүүл мэнд гэж хий гэгэлзэхээсээ илүү энэ сэргэлэн хүүгийн боловсрол байсан юм. Учир нь жижүүр Энхбаяр бага хүүгээ "байрны банхар" болгосон түүхтэй. Нэг том дэнхэлзсэн нөхөр л үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрнэ, сургууль соёл гэж юу ч байхгүй, идэх унтахаас өөр идийг үл хийнэ, асуухаар худлаа хэлнэ. Мөнхөө хүү 6 нас хүрсэн ч эмээ, өвөө, ээж аав нь манай хороонд бүртгэлгүй учир нөгөө ахын адил сургууль завсардах магадлалтай болоод явчихав. 

Тэгээд би санаачилж, эхнэр маань манай зээ хүүгийн сурдаг "Этүгэн" бага сургуулийн захирал Нямзагд гуайд "нийгмийн хариуцлагаа бодоод" энэ хүүг үнэгүй (уг үнэ нь жилийн 2.5 сая төгрөг байх аа) сургаж өгөөч гэж хэлж, өөрийнхөө хүүхдийг оруулах гэж байгаа юм шиг ширэн нүүрлэн гуйсаар байгаад зөвшөөрүүлж нэгдүгээр ангид оруулсан чинь өнөөдөр нэг мэдэхнээ 3 дугаар ангиа онц төгсөх гэж байна гэнэ. Бас ангийн дарга гэж байгаа.

Энэ далимд өгөөмөр сэтгэл гаргасан Нямзагд академичид баярлалаа. Нэг ч гэсэн Монголын иргэнийг ингээд сайхан үнэ төлбөргүй боловсруулаад өгч байгаа нь мөн ч буянтай хэрэг шүү.

Саяхан энэ сургуулийн хүүхдүүд ээж аавдаа захидал бичсэн чинь нөгөөх чинь ийм захидал бичжээ.


Хөөрхөн хүү, хүүхдийг зөв залвал сайн л хүн болно доо. Мөнхөө хүүгийн мөрөөдөл банкны захирал болж ээжийгээ байшинд суулгах гэнэ ээ. Санаа нь зөв, сэтгэл нь итгэлтэй бол тэр байтугай сайхныг үзэх, үзүүлэх буй за.

Жанцангийн Бат-Ирээдүй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • saran

      (122.201.24.215) 2017-05-16 13:14
      • 0
      • 1

      Estoi tom buyn boljee.Bi ene bairand amidarch bsan.ene hvmvvsiig medne.yag vnen hvvhdee surguulid surgadaggvi.

      Хариулах