2017 оны 04-р сар 17-нд 17:55 цагт

С.Пүрэв - Тэнэгийн дотор уужим /Өгүүллэг/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэвийн “Хээрийн талд адуу янцгаана” өгүүллэгийн номоос ...

Мөнхөө шиг мангар хүн кинонд наадна гэдэг санаанд багтамгүй. Чухамдаа амьтны доог ажлын дараа гэсэн үг. Кинонд ганган гоё хүүхнүүд, баатар шахуу харчуул нааддаг. Гэтэл манай Мөнхөө адуу чихэдхээс өөр ид шидгүй, цагаан сагсуу амны зоргоор бурдаг, наана цаана бодолгүй хүн аягүй бол кино гарч байхад дэлгэцэн дээрээс нь унаж хөөднө гэж Овооны хөндийгөөр нэг доог тохуу боллоо. Дэлгэц дээр биеэрээ гардаг бол тэгж чадах л байх.

Энэ бүхэн юунаас болов гэвэл кино хийдэг нэг ногтон сахалтай шавил хархүү тэдний нутагт жүжигчин хайж ирээд Мөнхөөг сонгосон хэрэг. Сумын соёлын төвийн эрхлэгч Сүнжидээс эхлээд сургуулийн багш Ганбат, уран сайханч Зоригт гээд өчнөөн л сайхан хүн байхад тэр сардаа усанд ганц удаа ордоггүй шахам, сахал үсээ сөрвийлгөж явдаг Мөнхөөг шилэх бол тэр киночин, үгүй бол Мөнхөө тэнэг болж таарав гэмээр шуугиан дэгдэв.

Мөнхөө мэт хэнэггүй хүн тэнэг хүнд л наадаж таарна гэж хүүхнүүд жиг жуг гэлцэн ханцуйгаар амаа дарж хөхрөлдөнө. Харин Мөнхөө хараа дээгүүр, чээж гэдгэр алхах болов. Хэлцээ ёсоор намрын адаг сарын шинийн найманд нийслэлд орж киноны газар очих болж намрын сар гараагүй байхаас л зэхэв. Тэр нүүр гараа өдөрт гурваас доошгүй угааж, шүдээ байнга цэвэрлэнэ. Түүний наадах тэр баатар эр яралзсан цагаан шүдтэй, чээж ханхар, нүд анигардуу байх юм гэсэн.

Мөнхөөгийн завсаргүй хонин цагаан шүд киноны хүнд таалагдсан гэсэн. Нүдний хувьд гайхуулж гийгүүлэх юм байхггүй. “Энэ нөхөр мөн байна. Ийм л хүн байх ёстой” гэж тэр хүн хамт яваа хүндээ дуу алдсан гэж нүдээр харсан хүн хөөрсөн. Морь унах, эмнэг чихдэх, уурга бугуйл эзэмдэх гэгч түүний ганц гайхуулах юм яавч мөн. Харин тэр эр хүн шиг төлөг ч төхөөрч чаддаггүй гэмтэй.

Киноны хүн Мөнхөөг морь унуулж, давхиулан, хангал бугуйлдуулж юм юм хийлгэж үзлээ. Ганц дөнгөөгүй юм нь өнөөх хонь мал төхөөрөх. Киноны хархүү “За энэ яахав, зохиолоос хасчихаж болно. Уг нь хөлөг Боорчи мэт эрчүүл хонь бүү хэл үхэр цоходдог юм даа” хэмээн нүдээр харсан мэт хүр хүр хөхөрснөөс Мөнхөө бараг л залбирсангүй.

Орой нь киноны дарга хархүү хонины шинэ шөл ууж шавиа огтлон, халаасан хорзоор ходоод баярлуулах аядав. Орост киноны зураг авч яваад Шивэр их шугуйд төөрсөн, халуун орны жунгли гэх балар ойд кобра гэх хортой могойд залгиулах шахсан гээд санаанд багтамгүй аймаар юмсыг хуучилж хот айлынхныг бүтэн сардаа ярих юмтай болгов. Мөнхөө маргааш нь дахиад адуу малтай ноцолдон баахан зураг авахуулж юу чаддагаа харуулан хар хөлсөө цувуулаад сая нэг юм хэв номдоо оров. Хэдий завандаа юм өнөө хүнийг Гэнэн багш гэж хадаг барьж, хотод очоод холбоо барих утасны дугаар тэмдэглэж ижий ахай болж амжив.

Тэр өдрөөс Овооны хөндийнхөн нэг мундаг хүн болж, Мөнхөө ч элдэв болхи толхи зангаа гээж, олон мундаг жүжигчин хүний дунд нэр цэвэр явахаа хичээх боллоо. Юун “гул” Мөнхөө, өглөө эртэч, оройд аажуу, нойронд сэргэг ажилд шалмаг нэгэн болж гялалзлаа. Нутаг усныхан Гэнэн гэх тэр ачтай буянтай хүнийг нь сайшаан кинондоо наадаад ирэхдээ эхнэр хүүхэдтэй нь залж ир, хотын хүн харшаа гараг гэж Мөнхөөд тулгах болов. Үе тэнгийнх нь зарим “Чи тэр эрдэм номтой хүнийг дагаад гадгаад оронд арилав. Эндээ эмнэг хангалтай ноцолдох хүнгүй болно” гэлцэн цаашлуулах болов.

Мөнхөө ямар кинонд хэн болж наадах тухай нүд харанхуй хүн намар орой нэг тарган бярууны мах ачаад хот явлаа. Хүрэн торгон дээлээр гоёж, хадхүү хүүхний нүүрний тосыг өвөртөлж хэрдээ тул амьтан гарч өглөө. Овооны хөндийнхөн хүүхдээ цэрэгт мордуулахаас нүсэр юм болж сүү өргөн “Хөөе чи хамаагүй аашилж байж тэр кино миноог нь баллаад хаячихав. Ял янханд унав” гэж яншихаараа нэг болов. Мөнхөө ч өөрөө тэгж хичээсэн. Сумын төв дээр хоёр өдөр дараалан усанд орж зүлгэж зүлгэж бараг агар зандан шиг эр болоод “майтаг” Ядамын ноос ачсан машинд Гэнэн баншийн ам хөдөлгөх бярууны махаа ачаад гарч өглөө.

“Майтаг” Ядам яхир хойрго гэвч чухал заллагын хүн Мөнхөөг яана гэхэв, үгээр нь явлаа. Мөнхөө ч өөрөө нэр хичээн нэг л их сайхан юмыг санаандаа өлгийдөж явлаа. Алтайд өнжиж, Баянхонгорт цайлаад Нарийн тээлд хээр сууж мөлхсөөр болзооноос нэг хоног хоцорч хотод ирэв.

-“Майтаг” чи намайг Коонсол дэнж гэдэг Монгол киноны үйлдвэр бараадуулаад хаячих, би цаашихыг өөрөө мэднэ гэж “Монголкиноны” үйлдвэр гэдэг үгийг маш хичээж бардмаар хэлэв. Тэр зорьсон газраа ирж ганц бярууны махаа буулган хүн амьтан орж гарч бужигнасан олон давхар том байшингийн гадаа хаалганы баган түшүүлж тавиад нэг их биеэ тавиртал суниалаа.

Тэр Гэнэнг сураглах санаатай хүн амьтанг сонжив. Тэнд бужигнах улсын ганган хээнцэр гэдэг нүдэнд унана. Дотроос шалдан шахуу хоёр хүүхэн хөл булчингаа гялалзуулан гарч ирсээр хажуугаараа өнгөрөх үс сахал болсон хархүүг “Ханхүү танайхан хэзээ зурагт гарах гэж байна” гэж асуух сонсогдов. Мөнхөө тэр өвдөг цоорхой өвдтөнг нүд буландаж Ханхүү гэдэг нэрийг сонсоод “Лут нэртэй хархүү байна, ханхүү ч ийм байдаггүй байхаа” гэж дотроо чамлав. Ийм улсуудтай л кинонд наадаж таарах байхаа даа гэхээс айх ч шиг нэг л хачин.

Ганган хоёр хүүхэн нүцгэн шилбээ гялалзуулан айж ичих юмгүй баясан хөөрөлдөнө. “Манай суман дээр ингэж явбал нохойд уруулах биз” гэхээс Мөнхөө байж ядав. Гэтэл энд түүнийг тоож байгаа хүн алга. Тэр хоёр урт нарийхан тамхи угзрах зуураа Мөнхөөг хялмалзах дургүй хүргэнэ. Хяруутай намраар ингэж явж энэ ганган амьтас шижин болж мэднэ гэж бас ч төлөөнөө санаа зовов.

Энд Мөнхөөг тоож харах хүн ховор. Тийм ухаан, завтан байдаггүй бололтой бүгд л яарч шууран бужигнана. Гэнэн багш нь хотод завтай хүн байх биш, тэр дундаа манай киноныхон шоргоолж шиг л бужигнаж байна гэсэн нь үнэн бололтой. Орох нь орж, гарах нь гарч, энд чухам нүд хужирлаж сэтгэл баясгах юм бишгүй байлаа.

Мөнхөө олны дундаас нэг годгор охиныг сонгож багшийгаа асуувал тэр “Мэдэхгүй ээ!” гэсэн ганцхан үгээр ам таглаж одов. Мөнхөө түүнийг “Ааш муутай годрон” гэж дотроо уцаарлав. Тэгж байтал өөр нэг гоолиг цагаан хүүхэн өнгөрөв. Тийм хүнтэй хамаагүй ярьж болохгүй гэж хаширлав. Удалгүй хээ шаагүй бололтой паргиа цацсан бүдүүн эр үе тэнгийн өөр нэг хүнтэй нохойны тухай үг сольсоор гарч ирлээ.

-Хуцахад хад нурахаар сүртэй улаан халтар банхар. Аа, яа яа! гэж паргиулав.

-Тийм монгол банхар одоо олдохгүй. Энэ илүүр ишиг хушуутай эрлийзүүд огтоос хэрэггүй гэлцэх нь Мөнхөөд тун сонин сонсогдсноос хойр чих нь аяндаа соотойв. Тэр чинь харин манай тэнд захаас аван, хот болгонд байна даа гэж тэр дотроо бардав. Тэр хоёр Мөнхөөг харж, нэг нь яагаад ч юм дургүй хүрэм мөрөө хавчив.

-Эзэн нь Гаваа шиг хүдэр бадар эр байж таарна. Жаахан болхидуу атлаа өөртөө зөв ухаантай гэж тэр нохойны эзнийг төсөөлөв.

-Гаваа зураг болгонд орсоор сонин биш болжээ гэхийг сонсоод Мөнхөө өөрийгөө битүүхэн сонжив. Тэд сандал дээр тухалж юм үзээгүй амьтас гэлтэй нохой л яриад байв. Мөнхөө хулгасхийн тэр хоёрт дөхөж Гэнэн багшаа сураглавал тэр хоёр биесээ харснаа,

-Мэдэхгүй ээ! Гэлээ. Тэгээд тэд өвөр зуурын яриандаа автав.

-Энд л байдаг гэсэн. Зун манайхаар очиж миний зургийг авсан юм гэж тэр хэллээ. Өнөө хоёр түүний хөдөө төрхтэйг ажин,

-Танай нутаг монгол банхар байна уу? гэж шал хөндлөнгийн юм сураглав.

-Айл болгонд л байна гэж Мөнхөө цөлх дуугаар хэлэв. Паргиа дуут түүний өөдөөс боловсон тамхи барин,

-Хөдөөнөөс ирсэн үү? Гэхдээ зальжин харцаар Мөнхөөг ажлаа.

-Тэглээ, тэглээ. Хэдэн аймаг дамжиж ирлээ гэвэл тэрээр суудал зайцан,

-Суугаад тамхил! хэмээн найр талбивал Мөнхөө нэг их цэвэрхэн юм сандайлах мэт хормойгоо гөвсөөр хажууд нь цомбойв.

-Бид кино хийдэг улс. Харин танай тэр Гэ..., Гэ... тийм л дээ Гэнэн гуайг харин мэдэхгүй юм. Нэг пордакшны нөхөр л таваргаж явж дээ гэхдээ нөгөөгөө харав.

-Тийм биз, тэгээд энд байдаг гэсэн юм уу?

-Тэгсээн, тэгсэн. Манай “майтаг” Ядам гэж нэг зоргоороо хүн л энэ мөн гээд энд буулгачихсан. Кино хийдэг газар мөн биз дээ гэвэл өнөө хоёр чээж хүржигнүүлэн хөхөрсөөр,

-Мөн байлгүй яахав. Жинхэнэ мөн гэлээ.

-Би уг нь цаадахад чинь ганц бярууны мах чирч ирсэн ухаантай, тэр хэвтэж байна гэвэл мөнөөх хоёр шуудай савтайг нь харав.

-Гэнэн гэдэг хүний нэр дуулаагүй юм байна. Одоо тэгээд яанав.

-Болохгүй бол амиа бодохоос. Кинонд наадах амаргүй юу гэвэл тэд дахиад л паргилдав. Мөнхөө дотроо “Хөдөөгийн намайг тохуурхах янзтай. Пардаакш энэ тэр гэнэ. Эд орос газар л ном туулаа биз, гайхуулах гэж. Уг нь овоо яриа бололтой юм” гэж саналаа. Хэрэг бүтээгүйд гэнэт гэдэн нь татаж суудлаасаа босч,

-Танай эндэхийн тээврийн товчоо хаа байнав. Энэ бяруу шүү юмыг та хоёр аваад амаа хөдөлгөчих. Төлөгний махнаас томгүй, базаахгүй юм даа. Харин тарга тэвээргээр гайгүй гэсээр босов. Өнөө хоёр түүнийг, тэгснээ биесээ харлаа.

-Бидэнд мөнгө байхгүй гэж тэр хоёр зэрэг шахам хэлэв.

-Тэр яахав, наадах чинь надад хар лай гэсээр Мөнхөө төрөлх даруу зангаар тийшээгээ гулав шалав алхвал тэд араас нь дуудлаа. Өөр хоёр хүн ирээд нэмэгдчихэж. Тэдний нэг харуул цагдуул бололтой мөрдөс тэмдэгтэй хүн байв.

-Нөхөр миний үүнийгээ аваад яв. Энэ чинь албаны газар! гэж тэр хүн бузгай зандаруу атлаа инээмсгэлэн хэлвэл Мөнхөө ч мөчөөгөө өгсөнгүй.

-Явган би энэ хар зовлогыг хаашаа чирэх юм. Та нар хуваагаад зулгаачих. Би энэ зэргийн юмаар дутах хүн биш гэж бэлэрхэв. Өнөөх цагдуул өлөн муур шиг үсрэн ирж Мөнхөөг шүүрч чирэх зуураа

-Овоо нөхөр байх нь. Бас баян тарган. Энэ чинь хулгайн юм байвал хэн хүлээх юм гэж олон үгийг уруул эвлэхгүй болтол цувуулж асгав.

-Ор, дотогшоо ор! гэсээр нэг өрөөнд оруулж шалгаалаа. Цагдуул эр яриандаа улам улайрч, бүр ял тулгах аятай,

-Та яахаараа авч ирсэн махаа хээр хаядаг байна? гэлээ.

-Хээр хаяагүй, дүү минь. Хотод мах ховор гэхээр нохойд өгөхөөр хүнд өгсөн нь дээр гэж саналаа гэвэл цагдуул улам чанга дуугаар,

-Манай хотынхон харангалж үхэхээр байна уу? гэхдээ уруулаа жимийв. Мөнхөө яагаад ч юм улам адарч,

-Мах магнаг болсон газар ч харин хот байхаа. Манай хөдөө тэгж ярьдаг юм. Би ганц бяруу яахав, цаана нь бэлчиж л байна. Малын буян их гэлээ.

-Малын хулгай гэж дуулсан уу? гэж өнөөх эр бүр итгэж ядсан харц холбичуулав.

-Арчаагүй нь алддаг биз. Би тоотой хэдээсээ нүд салгадаггүй. Малыг чинь дагаж байж мал болгодог юм гэвэл тэр шазруун эр,

-Өө хөөрхий, надад хичээл заах нь уу. Бүр сургаал айлдах янзтай. Тэнэгийн дотор сайхан гэдэг энэ байх гэвэл Мөнхөө,

-Манай нутагт тэнэгийн дотор уужим гэдэг юм гэж залруулав. Тэд дахиад л шаагилдав. Мөнхөө ч өөрөө бахтайяа дагаж нүр нүр хийн хөхөрлөө. Уул ус хэсэж хүний бараа хардаггүй явдаг түүнд ингэж байх таатай байв. Тэгээд “Зулзага Цагааныг нь сурдаг байх. Ер нь энэ бярууг тэрэнд өгье, олон хүүхэдтэй юм гэсэн “ гэж санасаар цагдуулд,

-Энийг тэгвэл би Зулзага Цагаанд өгөхөөс гэвэл цагдуул,

-Цагаан гэж хүн ч байхгүй гэж хэллээ. Тэгтэл хаанаас ч юм нэг хүн “Наад нөхрөө хувцаслаад оруулаад ир. Сэлэм бариулахаа мартав. Сахал тавихаа бас мартав” гэх нь тодхон сонсогдож Мөнхөө бүр ч балмагдав. Цагдуулын ааш аяг ч зөөрлөн түрүүний омог сүр нь хийсэн арилж хайлсан тугалага шиг болсон байлаа. Мөнхөө нэг л мэдэхэд нэг их цэлийсэн танхимд дасал болоогүй хувцсандаа баригдан орж иртэл тал талаас нь нүд гялбуулсан гэрэл бадрааж тэр гэхийн тамтаггүй юм болов.

-Алив зүүн тийшээ зоримог алх гэж хэн нэгэн хэлэв.

-Зоригтой, эрэмгий алх. Баатар хүний алхаа болохоос мал дагасан хүний газар ширтсэн гэлдрэг биш. Сэлмээ итгэлтэй чанга атга. Нөхөр минь өөрийгөө их эзний өрлөг гэдгээ мэдэж байна уу гэж бас нэг хүн хэллээ. Тэр үгийг сонсоод Мөнхөө өөрийн эрхгүй тас тас хөрхөн юун алхаж гишгих, юун өрлөг баатар. Өөрийнхөө учрыг олохоо болив.

Түүнийг бараг цаг шахам алхуулж гишгүүлсний дараа “Боллоо. Наад нөхрөө буудалд оруулж амраа. Сахал үс нь гологдож байна шүү” гэж нэг их танил дуу гарсан нь Гэндэн дүрээрээ байлаа.

-За Мөнхөө чи тэнцсэн шүү, Кинонд чамайг сонгосон нь онож. Энд чиний будилан тариад явааг би ч харсан. Хөдөөх төрхөөрөө ханхалзаж байх чинь аштайхан байна шүү.

-Чи мөн түлдэг нөхөрөө. Манай нутгийнхан харчихаад юу гэх юм. Бярууны махтай бол кинонд тоглодог гэлцэнэ дээ. Нээрэн би ганц бярууны мах чирчихээд арай л хээр хаясангүй. Хот гэдэг чинь бэрх газар байна шүү. Та нарын надад өмсгөсөн хувцас хунар, нум сум, сэлэм... Ингэхэд чи надтай мэнд усгүй ингээд л байх юм уу.

-Орой чамайг гэртээ аваачиж хагартал дайлна.

Энэ үгийг сонсоод Мөнхөө дахиад л хөхөрч “Тэнэгийн дотор уужим гэдэг. Миний байж байгаа” гэж санахаас инээд нь улам хүрэв. Маргааш нь Мөнхөө шал өөр хүн болсон мэт сэтгэл санаа цэлмүүнээр киноны газар очсон бөгөөд тэд сум оронтой нь ярьж зургаан сарын чөлөө мэдүүлснээр бүх юм сайхан болсон тухай хожимоо ам дамжсан яриа дэлгэрч Мөнхөө гэж нэг сайхан эр хүн хөх уулсынхаа дунд хэдэн малаа дагах болсон бөгөөд харин түүнийг дэлхий харсан юмсанж.

2015 он

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэвийн “Хээрийн талд адуу янцгаана” өгүүллэгийн номоос ...

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.