2017 оны 01-р сар 16-нд 08:37 цагт

Бясалгал ба стресс

Орчин цагийн хөгжил дэвшил, хурдаас шалтгаалж бид бүгд л улам илүү хурдан сэтгэх, ихийг сурах бас их яарах шаардлагатай болжээ.

Даанч хүн бүр тийм хурдан шалмаг, сэргэлэн байж чадахгүй, эсвэл хүсэхгүй зэргээс болж сэтгэлийн хямрал буюу стресс үүдэн гарах болж. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад эсвэл өндөр хурдтай хөгжиж буй бүсэд ажиллаж амьдарч буй хүмүүст энэ нь хамгийн элбэг тохиож буй.

Стресс нь хүний биед өвчин үүсгэх хамгийн хүчтэй дотоод шалтгаануудын нэг юм. Яс сийрэгжих, зүрх судасны дийлэнх өвчлөлүүд, даралт ихдэх, бөөр элэг өвчлөх, стрессээс болж хүчилжсэн цусны гэм нөлөөгөөр хавдар үүсдэг гэх мэт их урт жагсаалт гарна шүү.

Цагаа дагаад олон хүн янз бүрийн бясалгал төвлөрөл хийж эрин зууны айхтар өвчлөл болсон стрессийг даван гарахыг эрмэлздэг болжээ. Энэ нь тун сайшаалтай.

Бясалгал нь маш олон янз байдаг. Ямар зорилгоор юунд хүрэх гэж хүсэж байгаагаас хамаарч, хүн бүр өөрт таарч тохирсныг хайдаг. Тэгээд ч бясалгалын арга бүхэн өөрийн хязгаар ч гэх юмуу оргилын дээд цэг нь харилцан адилгүй байдаг. Хүн үнэхээр төгс гэгээрэлд хүрэх, дотоодын бурхан чанар, дотоод гэрэл гэдгийг олж үзэхийг хүсэж байгаа бол энэ нь өөр сэдэв болоод явчихна. Одоо бол фэйсбүүкийн найзын хүсэлтээр энэ ертөнцийн л нэгэн асуудал, хүний эрүүл байхын л тулд хийж болох бясалгал төвлөрөлийн тухай жаал ярья.

Бясалгалын олон төрөл техник байдаг гэж хэлсэн. Гол зарчим нь бол ямар нэгэн төвлөрөлийн цэг сонгоод түүндээ хамаг анхаарлаа төвлөрүүлэн, өөр бусад элдэв бодол, сэтгэл хөдлөлөөс ухаан санаа чөлөөлөх явдал байдаг. 

Тэрхүү төвлөрөлийн цэг нь янз бүр байдаг. Зарим төрлийн бясалгалын арга ганцхан хамраараа амьсгалах үед агаар хэрхэн хамрын нүхээр орж гарч буйг дотроо ажиглах, эсвэл биеэс гадна ямар нэгэн цэг, биет сонгоод түүндээ төвлөрөхийг зөвлөдөг.

Зэн лам нар хананы өмнө суугаад ханан дээр нэг цэг сонгож түүнийгээ тасралтгүй ширтэж төвлөрдөг. Зарим хүмүүс лааны гэрлийг ширтэх нь бий. Энэ бүгдийн гол үр дүн нь бидний тархи элдэв бодлоос салж, салах ч юу байхав, тэдэн дээрээ төвлөрөхөө больсноор биднийг зовоогч сэтгэлийн хөдлөлүүд намддаг гэж хэлж болно. 

Ингэж бодлоо чимээгүй болгож чадсан тохиолдолд тархины ялгаруулж буй хэлбэлзэл маш нарийн, өндөр түвшнийх болж ирдэг. Энэ л гол түлхүүр нь юм. Энэ орчлон ертөнцийн бүх юм энерги гэдэг шүү дээ. Харин тэр энерги нь хэлбэлзэл юм. Хэлбэлзэл буюу долгионы урт, давтамжаас хамаарч бидэнд зүйлс өөр өөрөөр мэдрэгддэг. Доод бүдүүн хэлбэлзлээс бүтсэн биетүүд нь хатуу хүйтэн гэх мэт. Улам нарийсч, өндөр болох тусам илүү нарийн зүйлүүдээр илэрхийлэгддэг. Дуу чимээний илүү дээд нарийн хэлбэлзэл нь гэрэл болж бидэнд хүртэгддэг. 

Бодлоо номхруулж намтгаснаар бид тайван амгалан байдлыг мэдрэх боломжтой болдог нь энэ түвшиндээ бидний зорилго болж байгаа юм. Нэмж хэлэхэд бодлоо аниргүй болгосноор хүн өөрийн дотоод хүч чадал, элдэв авьяас чадвар, нөгөө бидний ярих дуртай "Тархины ашиглагдаагүй унтаад байгаа 80-90 хувийг нээж сэрээх, ашиглах боломжтой болоод ирнэ" гэсэн үг Дээр хэлсэнчлэн тархины хэлбэлзэл нарийн түвшинд хүрэх үед хүн дотоод аялгуугаа олж сонсдог. Бүр нарийн, өндөр түвшинд хүрэхээрээ хүн дотоод гэрэл олж үздэг. Иймээс л "гэгээрнэ" гэдэг үгийн эх язгуур нь эндээс улбаатай. Дотоод аялгуугаа анирдахын тулд гадаад ертөнцийн чимээг сонсохоо боль гэж хэлдэгийн учир нь энэ юм.

Гэхдээ энэ нь тодорхой арга бясалгалаар хийгддэг ба нийтэд тэр аргыг шууд хэлж болдоггүй учир байдаг тул өршөөгөөрэй. Ингэж дотроо тайван амгалан байдлыг агуулж чадвал баргийн асуудал, бэрхшээл гэгдэх зүйлс биднийг зовоож хямрааж чадахгүй, нөлөөлсөн ч бид тэгтлээ "унахааргүй" болдог. Чухам үүнийг л барууныхан ихэд сонирхоод судлаад суралцаад байгаа юм.

Энэтхэгт идэх хоол, өмсөх хувцасгүй, орох оронгүй мөртлөө аз жаргалаар бялхсан, нүүр дүүрэн инээмсэглэсэн хүмүүс бүгд л нөгөөх дотоод гэрэл гэгээгээ мэдэрчихсэн учраас л тэд ердөө л хүн байгаа гэдэгтээ тийм их аз жаргалтай байж чадаад байгаа юм. Тэрийг нь олж биеэрээ мэдрээгүй тохиолдолд тэднийг бид хэзээ ч ойлгохгүй л дээ.

Нэг Энэтхэг хүн аян замд тааралдаад надад ингэж зөвлөж байсан юм. Тэр үед би түүнтэй ярихаас жаахан төвөгшөөгөөд толгой өвдөөд байнаа гэсэн чинь нөгөөдөх маань сайхан инээмсэглээд ингэж хэлж билээ. Толгой чинь өвдөөд намдахгүй байвал нүдээ аниад юу ч бодолгүйгээр ганцхан чамд сонсогдож буй дуу чимээг сонс, сонсохдоо зүгээр л ямар ч бодол төрүүлэлгүйгээр зүгээр л сонс гэж билээ. Энэ бас л бодууштай сайхан үг шүү. Та нар минь туршаад үзээрэй. Бид аливаа мэдээллийг авмагцаа л шууд анализ хийж эхэлдэг. Тархи ажиллаад л эхэлнэ гэсэн үг. Гол нь тэгж ажиллуулахгүйгээр чимээг сонсоно гэсэн үг шүү.

Нэмээд хэлэхэд бодол санаагаа нам гүм болгоход саад болдог олон зүйл байдаг ба хамгийн гол садаа нь бидний идэж буй хоол хүнснээс нөлөөлөл орж ирдэг явдал юм. Иймээс л дээр миний бичсэн хооллохуйн олон төрөл зүйл бий болсон байдаг. Нэмж хэлэхэд илүү өндөрт хүрэх, өөрийгөө улам гүн таньж мэдэхийг хүсвэл заавал ямар нэгэн багшид шавь орох учиртай шүү. Амжилт.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.