2016 оны 10-р сар 28-нд 17:04 цагт

Мэлхий гүнж /Орос ардын үлгэр/

Эрт урьд цагт гурван хүүтэй нэг хаан байжээ. Хөвгүүд нь эрийн цээнд хүрэхэд хаан хажуудаа дуудан,

-Өвгөрч хөгшрөхийнхөө өмнө би өөрийн хайрт хөвгүүд та нараа гэрлүүлж ачийнхаа зулайг үнэрлэмээр байна гэжээ. Хөвгүүд нь эцгээсээ,

-Адис ерөөлөө өг дөө, эцэг минь. Аль газрын ямар хүний үртэй биднийгээ гэрлүүлмээр байна даа? гэж асуухад хаан эцэг нь,

-Нум сумаа аваад цэлгэр талд гарцгаа. Сум хаана унана, тэнд та нарын заяаны хань бий гэж хэлэв. Хөвгүүд эцгээ мэхийн хүндлээд нум сумаа аван цэлгэр талд гаран харваж гэнэ.

Том хүүгийн сум ноёны үүдэнд унаж, ноёны охин сумыг газраас авлаа. Дунд хүүгийн сум худалдаачны өргөн хашаанд унаж худалдаачны охин сумыг газраас авлаа. Бага хүү Иваны сум шунгинан ниссээр алга болов. Иван сумаа эрэн явж явж намагт тулж очвол тэнд нэг мэлхий сумыг нь тэврэн сууж байх юм гэнэ. Хаан хүү Иван,

-Мэлхий, миний сумыг өгөөч гэв.

-Намайг эхнэрээ болгон аваач! гэж мэлхий хэлэв гэнэ.

-Юу гэнээ, би яаж мэлхийтэй суух юм бэ?

-Надтай суу л даа, хувь заяа чинь шүү. Иван гунихран аргаа барахдаа мэлхийг авч гэртээ авчирчээ. Хаан гурван хурим хийв. Том хүүгээ ноёны охинтой, дунд хүүгээ худалдаачны охинтой, азгүй муу Иванаа мэлхийтэй гэрлүүлжээ. Хаан хөвгүүдээ дуудан,

-Гурван бэрийн хэн нь үйлэнд илүү уран бэ? гэдгийг би мэдэхийг хүснэ. Маргааш гэхэд надад нэг нэг цамц оёж өгөөрэй гэжээ. Хөвгүүд нь гэр гэртээ буцав. Хаан хүү Иван ирээд толгой бөхийн суув гэнэ. Мэлхий шалан дээгүүр үсчин байснаа,

-Хаан хүү Иван, юунд толгой гудайн сууна вэ? Гай зовлон тохиолдов уу? гэж асуув.

-Эцэг минь чамайг маргааш гэхэд цамц оёж авчир гэнээ.

-Хаан хүү Иван минь, бүү гунихар, одоо унтаж амар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ гэж мэлхий хэлэв. Хаан хүү Иван унтмагц мэлхий довжоон дээрээ үсрэн гарч мэлхийн арьсаа унагаан үлгэрт хэлшгүй үгээр бичишгүй үзэсгэлэнтэй сайхан Мэргэн Василиса болон хувирав. Мэргэн Василиса алга ташин,

-Асрагч тэтгэгч эгч ээжүүд минь, цуглан ирцгээ! Өглөө гэхэд эцгийн минь өмсдөг шиг тийм гоё цамц оёж надад авчирч өгөөч гэж хашгирав.

Өглөө хаан хүү Иван сэрэхэд мэлхий шалан дээр үсрэн дэвхрэн байна гэнэ. Харин ширээн дээр алчуурт боолттой цамц тавьжээ. Иван баярлан цамцыг аван эцэгтээ аваачиж өгөв. Хаан эцэг нь энэ үед том хөвгүүдийнхээ бэлгийг авч байв. Том хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг авахдаа,

-Энэ цамцыг босго намхан бор гэрт өмсвөл зохино гэв. Дунд хүү цамцаа дэлгэн өгөхөд хаан,

-Энэ цамцыг хаяандаа байгаа халуун усны байшинд очихдоо л өмсвөл зохино гэв.

Иван уран нарийн хээтэй алт мөнгөн утсаар алаглуулан хатгасан цамцаа дэлгэн өгөхөд хаан эцэг нь харангуутаа,

-Энэ ч ёстой найр наадамд өмсөх нандин сайхан цамц байна даа гэв.

Хоёр ах нь харих замдаа,

-Иваны эхнэрийг шоолж хөхөрдөг дэмий л юм боллоо. Мэлхий биш ямар нэг шидэт эм байхаа гэж ярилцжээ.

Хаан хөвгүүдээ дахин дуудаж,

-Миний бэрүүд маргааш надад талх жигнэж өгөг, хэн нь илүү сайн тогооч гэдгийг мэдэхийг хүсч байна гэв. Хаан хүү Иван толгой гудайлган гэртээ ирэв. Мэлхий,

-Яагаад гуниглаа вэ? гэж асуухад Иван,

-Маргааш хаан эцэгт талх жигнэж аваачих ёстой гэв.

-Хаан хүү Иван, унтаж амар, оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ гэж мэлхий тайтгаруулав.

Нөгөө хоёр ахынх нь эхнэрүүд эхлээд мэлхийг шоолж инээж хөхөрч байсан бол энэ удаа мэлхий яаж талх жигнэхийг хараад ир гэж нэг эмгэнийг явуулжээ. Мэлхий үүнийг нь мэджээ. Тэгээд жонхуу зуурч, пийшингээ дээрээс нь хэмхэлж онгойлгоод тэр нүх рүүгээ жонхуугаа цутгачихжээ. Эмгэн энэ бүгдийг нууцаар хараад нөгөө хоёр бэрд ярихад нөгөө хоёр бэр дуурайжээ.

Харин мэлхий довжоон дээрээ гаран Мэргэн Василиса болон хувираад алгаа ташин,

-Асрагч тэтгэгч эгч ээжүүд минь, цуглан ирцгээ! Өглөө гэхэд эцгийнхээ гэрт миний иддэг байсан шиг тийм зөөлөн цагаан талх жигнэж өгөөч гэв.

Хаан хүү Иван өглөө сэрвэл ширээн дээр хажуу бөөрөөрөө хээ угалзтай дээгүүрээ байшин цамхаг өрж хийсэн шинэхэн талх бөмбийж байна гэнэ.

Иван баярлан талхаа алчуурт ороон эцэгтээ аваачиж өгчээ. Эцэг нь тэр үед том хөвгүүдийнхээ бэлгийг авч байв. Эмгэн тагнаачийн хэлснээр хоёр ахын эхнэр гурилаа шууд пийшин рүүгээ хийсэн юм чинь нэг нэг түлэнхий хар гурил болжээ. Хаан том хүүгээсээ талхыг авч харснаа зарц барлагт өг гэв. Дунд хүүгийнхээ бэлгийг аваад бас л зарц барлагт өгүүлэхээр түлхэв. 

Харин Иваныг талхаа өгөхөд хаан эцэг нь,

-Энэ чинь ёстой баяр ёслолоор идэх талх шиг талх байна даа гэжээ.

Тэгээд гурван хүүдээ маргааш эхнэрүүдтэйгээ цуг найранд ир гэж хэлжээ.

Хаан хүү Иван дахин толгой гудайн гунигтай буцжээ. Мэлхий шалан дээгүүр үсчин,

-Вуаг вуаг, хаан хүү Иван, юундаа гуниглаа вэ? Хаан эцэг чинь гашуун үг хэлэв үү? гэхэд Иван,

-Мэлхий минь, би яаж ч гуниглахгүй байх юм бэ дээ. Эцэг найрандаа эхнэртэйгээ ир гэж байна. Гэтэл би чамайг яаж хүн олонд үзүүлэх вэ? гэж хариулав.

-Хаан хүү Иван минь, бүү гунь. Найранд чи ганцаараа яв, би араас чинь очно. Түг таг хийх их чимээ сонсоод бүү айж сандраарай, харин юу болохыг асуувал «Энэ миний мэлхий хайрцагт суугаад ирж явна» л гээрэй гэж мэлхий хэллээ гэнэ.

Хаан хүү Иван найранд ганцаараа явав. Хоёр ах нь гоёж гоодсон эхнэрүүдээ дагуулан иржээ. Иваныг харан шоолж дооглон инээлдэн зогсоно.

-Яагаад ганцаараа ирээ вэ? Мэлхийгээ алчуурт боогоод аваад ирэхгүй. Чи тийм үзэсгэлэнт бүсгүй хаанаас олоо вэ? Их намгийг нэгжиж байж олсон байхаа гэлцэнэ. Хаан хөвгүүд бэрүүдтэйгээ, хүндэтгэл ихэд зочидтойгоо зэрэгцэн амттан шимтэн өрсөн аварга том царсан ширээнээ сууж найр эхэлжээ. Гэнэт түг түг хийх их чимээ гарч ордон шилтгээн чичрэн доргив гэнэ. Зочид айн сандарч суусан газраасаа сугаран босоход Иван,

-Хүндэтгэл ихэд зочид минь, бүү ай, бүү сандар. Миний мэлхий хайрцагт суугаад ирж яваа нь энэ гэлээ. Хааны ордны үүдэнд зургаан цагаан морь хөллөсөн алтан сүйх ирж зогсоход тэндээс тааж хэлж баршгүй тайлж зурж болшгүй, үлгэрийн дагина гэмээр үзэсгэлэн гоо, од гялбалзсан номин хувцастай, огторгуйн тунгалаг сар толгой дээр нь гэрэлтсэн Мэргэн Василиса гарч ирэв гэнэ. Мэргэн Василиса хаан хүү Иваныг гараас нь түшин авч амттан шимтэн өрсөн аварга том царсан ширээнээ суув.

Зочин олон сууж идэж дуулж хуурдаж эхэллээ. Мэргэн Василиса аягатай дарсаа уугаад үлдсэнийг нь зүүн ханцуй руугаа цутгачихлаа гэнэ, амсаж идсэн махныхаа ясыг баруун ханцуй руугаа шидчихэж гэнэ. Албаар ингэж үзүүлснийг нь ах нарын эхнэр дуурайв гэнэ. Ууж идэж цадаад дуулж бүжиглэх болов. Мэргэн Василиса Иваныг аван бүжиглэж гарлаа. Олон зочдыг гайхан шагширтал онц сайхан бүжиглэж зүүн ханцуйгаараа даллахад нуур мэлтэлзэн бий болов, баруун ханцуйгаараа даллахад дун цагаан хун шувуу хөвлөө гэнэ. Хаан эцэг, хамаг зочид шагшин гайхав. Том хоёр хүүгийн эхнэрүүд бүжиглэхээр гараад ханцуйгаараа даллатал зочдоо шүршчихэж гэнэ, нөгөө ханцуйгаараа даллатал хатуу яс цацагдан, нэг яс хааны нүдэнд орчихож. Хаан уурлан хоёр том бэрээ хөөчихөж гэнэ.

Энэ зуур хаан хүү Иван сэмхэн гарч гэртээ очоод мэлхийн арьсыг олж гал руугаа шидэн шатаажээ. Мэргэн Василиса гэртээ эргэж ирээд мэлхийн арьс нь байхгүйд гуниглан ганихран сууж Иванд,

-Хаан хүү Иван, чи юу хийх нь энэ вэ! Гуравхан өдөр хүлээж чадсан бол би энэ насаараа чинийх байхсан. Одоо үүрд баяртай. Намайг зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ Хорт Ясан хэдрэгийн ус нутгаас эрж олоорой... гээд үнсэн саарал хөхөө шувуу болон хувираад цонхоор нисэн одов гэнэ.

Хаан хүү Иван уйлж уйлж дөрвөн зүгт мэхийн ёслоод Мэргэн Василиса эхнэрээ олохоор харсан зүг рүүгээ явжээ. Яваад л байж, яваад л байж, гутал нь элж, хүрэм нь цоорч, нар салхи бороо шороонд цохигдсоор малгай нь урагджээ. Тэгтэл нэг өвгөн дайралдаж,

-Сайн эр минь, хэт нутаг хаана вэ, хэрэг зориг хэнд вэ? гэв.

Хаан хүү Иван учир байдлаа хэлэхэд

-Мэргэн Василиса төрсөн эцгээсээ илүү ухаантай сэргэлэн байна. Эцэг нь уурлан түүнийг гурван жил мэлхий байг гэж хувиргажээ. Одоо яая ч гэхэв дээ, чи энэ бөөрөнхий утсыг ав. Утас хаашаа өнхөрнө, чи тийшээ яваад бай гэж зааж өгөв. Хаан хүү Иван өвгөнд талархаад бөөрөнхий утсаа даган явжээ. Утас өнхрөн задарна, Иван ч даган гүйнэ. Ойн нэгэн цэлгэр цоорхойд баавгай тааралдав. Иван алахаар шагайж онилж байтал баавгай хүний хэлээр,

-Хаан хүү Иван минь, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болж магад гэж гэнэ.

Иван баавгайг өрөвдөөд харавсангүй цааш явжээ. Тэгтэл нэг эр нугас дээгүүр нь эргэлдэн нисэв гэнэ. Бас л алахаар шагайтал нугас хүний хэлээр,

-Хаан хүү Иван, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болно гэв.

Иван нугасыг өрөвдөөд харавсангүй цааш явжээ. Тэгтэл нэг туулай гүйж явна гэнэ. Дахиад л алахаар шагайтал туулай хүний хэлээр,

-Хаан хүү Иван, намайг бүү алаач, хэзээ нэг цагт би чамд хэрэг болно гэв.

Иван туулайг өрөвдөөд цааш явав. Хөхрөх тэнгисийн захад тулж иртэл эргийн элсэн дээр багтарч үхэх шахсан нэг цурхай загас хэвтэж байв. Цурхай хүний хэлээр,

-Хаан хүү Иван, намайг өрөвдөөч, халгих их тэнгист минь оруулж өгөөч! гэж гуйжээ,

Иван цурхайг тэнгист нь хаяад цааш эрэг даган явжээ. Яваад л байж, явж явж бөөрөнхий утас нь ой руу орлоо гэнэ. Ойд татах хаалга таглах цонхгүй, тахиан хөлт байшин эргэлдэн байна гэнэ.

-Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач гэж гэнэ.

Байшинхан ар ханаа ой руу ангайх хаалгаа Иван руу харуулав. Иван байшинд орж явчихвал тахир ясан хөлтэй, тааз тулсан хамартай Шулмас эмгэн махир шүдээ тавиур дээр тавиад есөн давхар туйпуутай пийшин дээр хэвтэж байв.

-Сайн эр, юу гэж явна? Ажлаас зугтаж явна уу, аль эсвэл эрж явна уу? гэж Шулмас эмгэн асуув.

-Хөгшин чөтгөр чи эхлээд намайг ундалж цайлаач. Дараа нь хэрэг зоригийг минь асуугаач гэж хаан хүү Иван хэлэхэд эмгэн Иваныг ундалж цайлаад унтах ор засаж өгчээ. Тэгэхэд хаан хүү Иван өөрийн эхнэр Мэргэн Василисаг эрж яваа үнэн учраа ярьжээ.

-Чиний эхнэр одоо Хорт Ясан хэдрэгийнд байгаа. Ясан хэдрэгтэй тэмцэнэ гэдэг амар биш. Ясан хэдрэгийн үхэл зүүний үзүүр дээр, тэр зүү нь өндөг дотор, өндөг нугасны гэдсэн дотор, нугас туулайн гэдсэн дотор, туулай чулуун авдар дотор, чулуун авдар өндөр царсан дээр байгаа. Тэр царсыг Хорт Ясан хэдрэг хар нүднээсээ илүү хайрлан хамгаалдаг даа гэж Шулмас эмгэн хэлэв.

Хаан хүү Иван Шулмас эмгэнийд хоноод явахад өглөө нь эмгэн түүнд өндөр царс хаана ургаж байгааг зааж өгчээ.

Иван явсаар явсаар нөгөө өндөр царсанд тулж ирэв. Найган шуугисан өндөр царсан дээр чулуун авдар гар хүрэхийн аргагүй өндөрт байв гэнэ.

Гэнэт ханаас ч юм бэ, баавгай давхин ирж царсыг үндсээр нь булга татав гэнэ.

Авдар газар унаж хагарав. Авдраас туулай огло үсрэн гарч хар хурдаараа зугтав. Гэтэл араас нь өөр нэг туулай хөөн гүйцэж нөгөө туулайг хэдэн хэсэг тас татан хаяв гэнэ.

Тэгтэл туулайн гэдсэн дотроос нугас гаран өндөр гэгч нисэн одоход эр нугас хөөн гүйцэж өндгийг нь унагаав. Өндөг хөх цэнхэр тэнгист унав. «Энэ их тэнгисийн усан дотроос яаж тэр өндгийг олохов дээ!» гээд хаан хүү Иван гашуун нулимсаа дуслуулан уйлав.

Гэтэл гэнэт өмнө нь цурхай загас амандаа өндгийг зуучихсан сэлээд ирлээ гэнэ. Хаан хүү Иван өндгийг хагалан зүүг гаргаж аваад үзүүрийг нь тас тас даран хугалав.

Ингэж Иван зүүг хугалан үйхэд Хорт Ясан хэдрэг байж ядан тийчилж тийчилж үхэв. Хаан хүү Иван Ясан хэдрэгийн цагаан өргөө рүү яван очвол Мэргэн Василиса эхнэр нь гүйн гарч ирээд балын амтат уруулыг нь үнсэв гэнэ.

Тэгээд хоёулаа өөрийн гэртээ буцаж ирээд өтөл насыг хүртэл амар сайхан аз жаргалтай амьдран суусан гэдэг.

Эх сурвалж: "Үүлэн бор" ном

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мундаг

      (66.181.188.30) 2017-05-20 22:28
      • 0
      • 0

      Мааш их баярллааа

      Хариулах

    • Lyza

      (188.143.232.27) 2016-12-21 13:27
      • 0
      • 0

      Jag är medlem i C och tror inte på det nyliberala spår som ledningen dragit upp. Det är nödvändigt att gräsrötterna agerar nu annars kommer banden att klippas till det parti som en gång hade förmågan att få med sig en fjärdedel av befolkningen. Detta parti kommer att ha en helt annan målgrupp och prioriteringar. Driaribergliselong står snart på agendan om inget görs.

      Хариулах