2015 оны 12-р сар 18-нд 16:32 цагт

Сайхан Василиса /Орос ардын үлгэр/

Эрт урьд цагт энхжин тогтсон нэгэн хаант улсад умгар жижигхэн байшинтай өвгөн эмгэн хоёр өөдсийн чинээхэн охин Василисатайгаа амьдран суудаг байжээ. Энх амар эрүүл саруул сайхан амьдарч суутал гэв гэнэт гай зовлон гараад иржээ. 

Эмгэн болсон эхийнх нь бие муудаж үхэл зовлон хаяанд нь ирлээ гэнэ. Хөөрхий эх охин Василисагаа дуудан хажуудаа суулгаад жижигхэн хүүхэлдэй өгөн:

- Охин минь сонс. Энэ хүүхэлдэйг хадгалж яв. Хэнд ч битгий үзүүлээрэй. Хэрвээ чамд гай зовлон тохиолдол энэ хүүхэлдэйгээ хооллоод яах вэ? гэж асууж зөвлө. Хүүхэлдэй хоол идчихээд чамд сайн санааны санамж, үнэн сэтгэлийн үг хэлнэ.

Ингэж хэлээд эх Василиса охиноо нэг үнсээд нас баржээ. Өвгөн харамсан гашуудан нэлээд удсанаа дахин авгай авчээ. Охин Василисадаа сайн эх олоод өглөө гэсэн чинь ууртай догшин зантай, хорон санаат хойд эхтэй болгочихжээ. 

Хойд эх хоёр охинтой гэнэ. Тэр хоёр охин нь ууртай, хорлонтой, цамаан зантай ажээ. Хойт эх өөрийн хоёр охиноо хайрлан энхрийлж, Василисаг нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулагдсан мах мэт үзэн гадуурхана. Василиса охины амьдрал тун хэцүү болжээ. Хойд эх нь хоёр охинтойгоо нийлэн загнаж зандчин харааж зүхэн, хүнд хүчир ажлаас турж эцэн нар салхинд гандаж гундаасай гэсэндээ хөөрхий охиноор ажлыг хэцүүг хийлгэдэг байв.

-Василиса, Васка. Хогоо цэвэрлэ, хоолоо хий. Түлээгээ оруул, үнээгээ саа. Алив хурдал, хурдал. тэрийг хий, энийг тэг гэж өдөржингөө л хашгирцгаана. Харин Василиса хэлсэн бүгдийг нь хийж, даалгасан бүгдийг нь гүйцэтгэнэ. Тэгээд ч өдөр ирэх тусам л улам сайхан улам хөөрхөн болоод байжээ. 

Үлгэрт хэлшгүй, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй сайхан болжээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөөх хүүхэлдэй нь тусалдаг байж л дээ. Василиса өглөө эртээ гэгч үнээгээ саачихаад харанхуй пинд ороод дотроосоо түгжиж байгаад хүүхэлдэйдээ сүү уулган:
-Алив хүүхэлдэй минь сүү уу, амсах зовлонг минь сонсч үз гээд л хэлдэг байжээ. Хүүхэлдэй сүүг нь уучихаад Василисаг тайтгаруулан тайвшруулж, ажил болгоныг нь хийж өгнө. Василиса модны сүүдэрт суугаад цэцэг түүнэ. Энэ хооронд нь талбайн шанг нь цэвэрлэчихсэн, усыг нь зөөчихсөн, зуухыг нь галлачихсан, байцааг нь усалчихсан байдаг байв. Энэ бүхнийг хүүхэлдэй нь л хийчихдэг ажээ. Хүүхэлдэй нь наранд гандуулдаггүй сайн өвсийг Василисад зааж өгнө. Василиса урьд урьдынхаасаа улам ч сайхан болно. 

Нэг удаа эцэг нь удаан хугацаагаар хол юманд явжээ. Хойд эх охидтойгоо байшиндаа хорогдон үлдэв. Цонхны цаана хав харанхуй, усан бороо цутгаж салхи шуугисан, намар оройн цаг байжээ. Эргэн тойронд нь харанхуй хар ой сүглийнэ. Ойд хүний мах иддэг Шулмас эмгэн суудаг ажээ. Хойд эх нэг охиндоо тор нэхэх, нөгөө охиндоо оймс нэхэх, Василисад утас ээрэх ажил оноов. Тэгээд бүх гэрлийг унтраан охид ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө унтахаар хэвтлээ гэнэ. Хойд эхийн үлдээсэн ганц мод төдөлгүй асч дууслаа.

-Одоо яах вэ? Гэрт гал байхгүй, ажлаа яаж хийх вэ? Шулмас эмгэн рүү явж гал гуйж ирэхээс өөр арга алга гэж хойд эхийн хоёр охин хэлэлцсэнээ том нь 
- Би л явахгүйдэг, би тор нэхэж байна, зүүнээс минь тэртэй тэргүй гэрэлтэй байна гэв.
- Би оймс нэхэж байна, зүүнээс минь надад бас гэрэлтэй л байна гэж бага нь бас хэлэв гэнэ. Тэгснээ хоёулаа нийлэн 
- Василиса, Василиса, чи галд яв. Шулмас эмгэнийд очиж гал авчир гэж хашгиралдан Василисаг түлхэн гаргажээ. 

Эргэн тойронд хав харанхуй хар ой нэлмийж хүйтэн салхи үлээнэ. Василиса уйлан халааснаасаа хүүхэлдэйгээ гарган
-Хүүхэлдэй минь намайг Шулмас эмгэнийд очиж гал авчир гээд хөөчихлөө. Шулмас эмгэн хүнийг барьж аваад л идчихдэг гэсэн. Одоо би яах вэ? гэв.
-Зүгээр, зүгээр, хажууд чинь би байгаа цагт чамд гай зовлон тохиолдохгүй гэж хүүхэлдэй нь хэллээ гэнэ.

-Сайн үг хэлсэнд чинь гялайлаа гэж Василиса хүүхэлдэйдээ хэлээд цааш явжээ. Өмнө хойно нь өтгөн ой харлан, тэнгэрт од мичид ч үгүй, гэрэлт сар гэрэлтэх ч үгүй ажээ. Хөөрхий охин айн чичрэн, хүүхэлдэйгээ элгэндээ наан явсаар байв. Гэнэт охины хажуугаар цав цагаан морьтой, цалин мөнгөн хазаартай, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ. Үүр цайлаа. Хожуул бутанд бүдэрсээр хөөрхий Василиса арай ядан явсаар байв. Урт гэзгийг нь шүүдэр бүрхжээ, гар хөл нь хөрч хөшжээ. Гэнэт хажуугаар нь ухаа хонгор морьтой, улаан шаргал хазаартай, улаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ. 

Нар мандаж Василиса охиныг ээн дулаацуулж гэзгэн дээрх шүүдэр хярууг нь хатаалаа. Василиса өдөржингөө явж оройдоо нэгэн том аглагт гарч иржээ. Өмнө нь нэгэн жижигхэн байшин байна гэнэ. Байшин тойруулан хүний ясаар хашаа барьжээ. Хашааны толгой бүр нь хүний гавлын яс, хаалга нь хүний хөлийн яс, хаалганы цүү нь хүний гар, хааж түгжих түгжээ нь хүний шүд байх юм гэнэ. Василиса охин айж балмагдан хөшөө мэт хөдөлгөөнгүй болов. Гэнэт хажуугаар нь хар морьтой, хар хазаартай, хар хувцастай эр давхин өнгөрлөө. Хар морьтон хаалга хүртэл давхиж очоод тэндээ газарт шингэх мэт алга болов. Харанхуй шөнө болов. 

Гэтэл хашааны толгой дээрх гавлын яс болгоны нүд асан гэрэлтэж аглагт өдөр мэт гэгээтэй болжээ. Василиса дагжин чичирч аймшигт газраас зугтах гэтэл хөл нь газарт шигдсэн мэт хөшжээ. Гэнэт газар доргин сүртэй их чимээ гарлаа гэнэ. Энэ бол Шулмас эмгэн уурандаа суугаад нүдүүрээрээ гуядан, гаргасан мөрөө шүүрдэн давхиж яваа нь юмсанжээ. 

Шулмас эмгэн хаалган дээрээ ирмэгцээ
- Паа, паа паа. Оросын үнэр үнэртээд байна. Энд хэн байна вэ? гэж хашгирав. Василиса охин Шулмас эмгэнд дөхөж очоод доор гэгч бөхийн дорд даруухан дуугаар
- Би байна аа, би байна эмээ минь. Хойд эхийн хоёр охин намайг танаас гал олж ир гэж явуулсан гэхэд Шулмас эмгэн
-Аа тийм үү. Чиний хойд эх миний хамаатан. Одоо яахав, надтай цуг сууж ажил хийж өг. Алсдаа учир нь олдоно оо гэснээ хахир чангаар
- Хөөе бат бөх цүү цуурга минь, онгой. Баялаг өргөн хаалга үүд минь нээгд гэж хашгирав. Хаалга нь ч нээгдэж, Шулмас эмгэн орж гэнэ. Василиса ч дагаад л орчихжээ. 

Хаалганых нь хажууд ургасан нэгэн хус охиныг гуядахыг завдав.
- Хус минь, түүнийг бүү шавхуурд. Би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн болиулав гэнэ. Үүднийх нь дэргэд хэвтэж байсан нохой охиныг хазахаар ухасхийв.
- Бүү хүр, би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн хэлэв гэнэ. Үүднийх нь өрөөнд ортол муур охиныг маажих гэв.
- Бүү хүр, би дагуулаад ирлээ гэж Шулмас эмгэн дахин хэлэв.
- За Василиса чи харж байгаа биз дээ. Надаас зугтах гэдэг амаргүй шүү. Муур маажиж, нохой хазаж, хус мод гуядна. Хаалга үүд ч онгойхгүй шүү дээ. Ингэж хэлээд Шулмас эмгэн байшиндаа ороод вандан дээр тэрийн хэвтээд
- Хүүе аягач хар хүүхэн, идэх уух юм аваад ир гэж хашгирлаа. Аягач хар хүүхэн үсрэн гарч ирээд Шулмас эмгэнд тогоо шөл, хувин сүү, хорин дэгдээхий, дөчин нугас, бухын өрөөл мах, хоёр боов, хүйтэн ундаа, амтат бал, хөөсрөх исгэлэн дарсын хэмжээ хэмээгүй өгөв. 

Шулмас эмгэн цөмийг идэж уугаад Василисад талхны булангаас жаахныг өгөөд
- Алив Василиса, тэр шуудай будааг нэг нэгээр нь ялга. Нэг ч хар үлдээлгүй цэвэрлэ. Биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй бол би чамайг иднэ гэж хэлээд дүнгэнэтэл хурхиран унтаад өгөв. Василиса талхны захаа хүүхэлдэйнхээ өмнө тавиад
- Энхрий хүүхэлдэйхэн минь сонсооч, энэ талхыг ид дээ, эдлэх зовлонг минь сонсооч. Шулмас эмгэн надад хэцүү алба оноолоо. Бас тэгээд бүгдийг хийхгүй бол барьж иднэ гэнэ ээ ... гэж хэлэв.
Хүүхэлдэй хариуд нь
- Битгий уйл, битгий гунихар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг. Одоо чи тайван унт гэж аргадлаа. Василиса дөнгөж унтмагц хүүхэлдэй
- Хөх бух, хөөрхөн бор шувуухай, цэнхэр тагтаа бүгдээрээ наашаа нисээд ирээрэй, сайхан Василиса охинд саатан саатан туслаарай гэж дуудлаа. Үй түмэн шувуу нисэж ирэв. Чанга чанга дуугаран шуудай будааг ялгана. Үр мөхлөгийг нэг тийш, үртэс холтосыг нөгөө тийш нь ялгав. Тэгтэл ч хаалганы хажуугаар цагаан морьтой, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрөв. Үүр цайлаа. 

Шулмас эмгэн сэрж Василисагаас
- За ялгаж цэвэрлэсэн үү? гэж асуув. 
- Ялгаж цөмийг цэвэрлэсээн. Шулмас эмгэн уурлав, гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За одоо би олз омог олохоор ниснэ. Тэр шуудайд вандуй, намуу цэцгийн үртэй холилдсон байгаа, бүгдийг ялгаж салга. Биелүүлээгүй байвал би чамайг иднэ. Ингээд Шулмас эмгэн гадаа
гарч хангинатал шүгэлдэхэд уур нүдүүр нь өнхрөн хүрч ирэв. Улаан хувцастай морьтон эр давхин өнгөрөв. Нар мандлаа. Шулмас эмгэн уурандаа суун нүдүүрээрээ гуядан шүүрээрээ мөрөө шүүрдэн нисэн одов. Василиса хүүхэлдэйдээ талхны зах өгөөд
-Өөдөсхөн хүүхэлдэй минь, өрөвдөж хайрлаач намайг, өөрийнхөө хэрээр туслаач гэв. Хүүхэлдэй нь цангинуулан
- Алс талын, амбаар савны, айл гэрийн олон хулгана оготнуудаа, нааш ир, нааш ир гэж дуудав. Үй олон оготно хулгана гүйн ирж ганцхан цагийн дотор вандуй үр хоёрыг ялгаж шуудайлав. Орой болоход аягач хар хүүхэн ширээ засан Шулмас эмгэнийг хүлээлээ. Хар морьтон эр хаалганы
цаагуур давхин өнгөрөв. Шөнө боллоо. Гавлын яс болгоны нүд асч мод шажигнаж навчис шаржигналаа. 

Шулмас эмгэн хүрч ирлээ.
- За Василиса, ялгаж хийсэн үү?
- Цөмийг ялгасаан. Шулмас эмгэн уурлав. Гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За тийм бол чи одоо явж унт, би ч хэвтлээ. Василиса пийшингийн цаагуур ороод чих тавин чагнавал шулмас эмгэн
- Аягач хар хүүхэн чи гал түл. Пийшингээ халаа. Би сэрээд Василисаг шарж иднэ гэх нь дуулдав. Тэгээд Шулмас эмгэн урт вандан дээрээ хэвтээд уруул амаа тавиур дээр тавиад ул тавхайгаараа хучаад уулыг доргитол хурхиран унтаад өглөө гэнэ. Василиса уйлан хүүхэлдэйгээ гарган талхны захаар дайлан
-Энхрийхэн хүүхэлдэй минь, энэ талхыг идээч. Эдлэх зовлонг минь сонсооч. Шулмас эмгэн намайг шарж идэх гэж байна гэв. 

Хүүхэлдэй Василисад юу хийх, яаж хийх, яаж зовлонгоос салахыг сайн зааж өгөв. Тэгээд ч сайхан Василиса охин аягач хар хүүхний хөлд бөхийн
- Аягач хар хүүхэн минь, аминд минь орж туслаач. Чи ийм их мод битгий түлээч, ийм их ус битгий халаагаач. Том тус хүргэвэл чинь торгон алчураа бэлэглэе гэлээ. Аягач хар хүүхэн
- Охин минь би чамд туслая. Одоохон пийшин галлахаа азная. Шунаг бөх унтаг гэж Шулмас эмгэний хөлийн улыг маажъя. Энэ хооронд чи зугтаа гэж зөвлөв.
- Морьтон эрс намайг барьж аваад эргэж авчрахгүй байгаа?
- Өө үгүй, Василиса. Цагаан морьтон гэрэлт өдөр, улаан морьтон алтан нар, хар морьтон харанхуй шөнө байхгүй юу. Тэд чамд хүрэхгүй. Василиса үүдний өрөө рүү гүйн гарвал муур маажих гээд харайн ирэв гэнэ. Василиса мууранд хайрсан боов шидэн өгөхөд харайсан муур дороо зогсон хоцров.

 Гадаа үүдэнд гараад ирсэн нохой хазах гээд давхин ирэв гэнэ. Василиса нохойд талх шидэж өгсөн чинь нохой түүнийг хазсангүй гаргав. Тэгээд Василиса хаалгаар гүйгээд гарах гэсэн хус мод ороолгох гэж, Василиса ч модны мөчирт өнгийн тууз өлгөж гэнэ. Хус мод охиныг гуядаж шавхуурдсангүй гаргалаа. Хаалга хаагдах гэхэд Василиса тос түрхэв. Хаалга ч бас нээгдлээ. Тэгээд сайхан Василиса охин хар ой руу гартал хар морьтон давхин өнгөрч ой ч нүд сохлом харанхуй болов гэнэ. Энэ харанхуйд яаж гэрээ олох вэ? Гал гэрэл олоогүй байж яаж гэртээ орох вэ? Хойд эх алах байлгүй. 

Тэгтэл хүүхэлдэй нь Василисад зааж өгөв. Василиса ч хүүхэлдэйнхээ зааснаар хашааны толгой дээрх гавлын ясыг сугалан авч урт модонд суулгав. Ингээд Василиса охин харанхуй ойн дундуур гэрийн зүг гүйлээ. Гавлын ясны нүднээс гэрэл цацарч харанхуй шөнө өдөр мэт гэгээтэй болов. Шулмас эмгэн сэрээд суниан биеийнхээ чилээг гаргаснаа Василиса байхгүйг мэдээд ухасхийв. Үүдний өрөөнд орон
- Муур чиний хажуугаар нэг охин гүйж гарсан уу? Чи түүнийг урж маажаад бариад авсан биз дээ? гэхэд муур хариуд нь
- Шулмас эмгэн минь, би чамд арван жил зүтгэлээ, чи надад талхны булан ч өгөөгүй шүү дээ. Би тэр охиныг явуулчихсаан гэв. 

Шулмас эмгэн гадаа гүйн гарч
- Үнэнч сайн нохой минь, чи тэр дураараа охиныг хазаж аваад байгаа биз дээ? гэхэд нохой
- Хэчнээн жил би чамд зүтгэлээ. Чи надад ясны хэлтэрхий ч өгөөгүй, харин тэр охин надад талх өгсөн. Би түүнийг явуулчихсан гэв. 

Шулмас эмгэн хахир чангаар хашгирч
- Хус минь чи тэр охиныг нүдэн дундуур нь ороолгоод гаргаагүй биздээ? гэхэд хус
- Би чиний хашаанд арван жил ургаж байна. Чи миний мөчрөөс олс ч уяагүй шүү дээ. Харин тэр охин өнгийн туузаар чимсэн, би түүний явуулчихсан гэв. Шулмас эмгэн гадаа хаалган дээрээ гүйн
ирж
-Ээх, бат бөх хаалга минь, эрх дураараа тэр охиныг эндээс гаргаагүй биз дээ? гэхэд хаалга
- Бид чамд хэчнээн жил зүтгэлээ. Чи нугас нугархайд минь ус ч дусаагаагүй, харин тэр охин өөх тосоор тосолсон. Бид тэр охиныг гаргаад явуулчихсаан гэв. Шулмас эмгэн уурлан хилэгнэж нохойгоо нүдэж, муураа гуядаж, үүд хаалгаа эвдэж, хус модыг хуга цавчив гэнэ. Тэгээд ядарч эцээд Василиса охины араас барих гэж хөөсөнгүй. Василиса гэртээ гүйн ирэв. Гэрт нь гэрэл гэгээ ч үгүй харанхуй байна гэнэ. 

Хойд эхийн хоёр охин гарч ирэн хашгиран загнаж хараан зүхэв гэнэ.
- Гал хурдан авчрахгүй яасан удаан явдаг юм бэ? Манай гал унтраад байх юм. Бид асаагаад асаагаад нэмэргүй, хөршийнхөөс гал авчирсан чинь дорхноо унтарчихсан. Чиний авчирсан гал асаад байж магадгүй гэв. Тэгээд гавлын ясыг оруулж ирвэл гавлын ясны нүд хойд эх, хойд эхийн хоёр охиныг тас ширтэн халуун галаар хатган түлж гарав. Нөгөө гурав нуугдах гэсэн боловч чадсангүй, хаашаа л гүйнэ гавлын нүд дагаж харж түлнэ. Гавлын яс тийнхүү цоо ширтэн түлсээр өглөө гэхэд хойд эх хоёр охинтойгоо нүүрс болов. Василисад харин хүрсэнгүй гэнэ. Василиса гавлын ясыг газарт булахад тэр газраас улаан ягаан бут ургажээ. 

Василиса энэ гэртээ үлдэхийг хүссэнгүй, хот руу явжээ. Тэгээд тэнд нэг эмгэнийд суух болов. Нэг удаа эмгэнд 
- Эмээ минь зүгээр суух уйтгартай юм. Та надад хамгийн сайн чанарын маалингын өвс худалдан авч өгөөч гэжээ. Эмгэн маалингын өвс авчрав. Василиса ч утас ээрэхээр суув. Ээрүүл нь эргэлдэн алтан үс шиг нарийхан тэгшхэн утас эвхэгдэн ороогдоно. Ээрсэн утсаараа Василиса сайхан даавуу нэхжээ. Тэр даавуу нь торго шиг гоёмсог агаад утасны оронд зүүнд сүвлэсэн ч болмоор ажээ. Тэгээд Василиса даавуугаа цав цагаанаар будаад эмгэнд
- Эмээ минь энэ даавууг зараад мөнгийг нь өөртөө ав даа гээд өгчээ. Эмгэн даавууг хараад уулга алдан шагширч
- Үгүй ээ охин минь, зарахгүй. Ийм гоёмсог даавууг хаан хүү л өмсөх ёстой. Би ордонд л аваачиж өгнө гэв. Хаан хүү даавууг хараад гайхан
- Үүнийхээ оронд юу авах вэ? гэж асуухад
- Үнэлж баршгүй үнэтэй эд. Би чамд бэлэг болгон авчирлаа гэж эмгэн хариулав. Хаанхүү талархан сайшаагаад эмгэнд хариу бэлэг өгөөд явуулжээ. 

Тэгээд тэр даавуугаар хаан хүүд цамц оёх гэсэн хэн ч оёж зүрхлэхгүй байжээ. Тун чиг нарийн хийцтэй гоёмсог даавуу болохоор хүмүүс эвдчих вий, эсгэчих вий гээд айгаад байв. Хаан хүү эмгэнийг дуудаад
- Ийм даавуу нэхэж чадсан юм чинь энэ даавуугаараа цамц оёод өгөөч гэжээ. Эмгэн хариуд нь
- Хаан хүү минь би ээрээгүй, би нэхээгүй. Василиса охины хийсэн даавуу.
- Тэгвэл Василиса надад цамц оёод өгөг гэж хаан хүү тушаав. Василиса цамцыг оёод торгоор эмжээд тодхон сувдаар чимжээ. Эмгэн цамцыг ордонд өгөхөөр явав. Василиса цонхны дэргэд суугаад цэцэг хатган оёж байгаад гэнэт харвал хааны зарц гүйн ирж яваа үзэгдэнэ.
- Хаан хүү ордонд хүрээд ир гэж байна. Василиса ордонд очив. Хаан хүү сайхан Василисаг хараад хөдөлж ч чадахгүй хөшин зогсов гэнэ.
- Энэ өдрөөс хойш чамаас би салахгүй. Эхнэр минь болооч гээд өнгөлөг цагаахан гараас нь барин өөрийнхөө хажууд суулгажээ. Удалгүй хуримаа ч хийж гэнэ. Төдөлгүй Василисагийн эцэг алс холын аянаас буцаж ирээд охиныхоо хажууд амьдрах болжээ. Гэртээ суулгасан тусч эмгэнийг Василиса дэргэдээ авсан гэнэ лээ, энхрий хөөрхөн хүүхэлдэйгээ ч элгэнийхээ халааснаас салгадаггүй гэнэ лээ. Энх амар эсэн мэнд аж төрөн эрхэм зочид бидний ирж золгохыг хүлээсээр суудаг гэнэ лээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.