2015 оны 11-р сар 23-нд 17:23 цагт

П.Лувсанцэрэн - Ус шиг цэнхэр /Өгүүллэг/

Орчин үеийн Монголын хүүрнэл зохиол, түүний дотор өгүүллэгийн төрлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан авьяаслаг зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн 1933 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Түүний сор болсон бүтээлүүдийн нэг "Ус шиг цэнхэр" хэмээх гайхамшигт өгүүллэгийг цахим мэдээллийн хэрэгслээр анх удаа та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Та бүхэн таалан болгооно уу.

Намрын адаг сарын жаварт өглөө зузаан дээл шууж бүсэлсэн өвгөн Жанцан жижиг бор гэрийн эсгий үүдийг түнхэс хийтэл түлхэж хоол цайны илчинд залуу хүн шиг улаа бутран уур манан савсуулсаар түгдэгнэн гарч ирэхэд уяан дээр тохоштой хэвтэж байсан хүрэн ат эзэн маань босгон дороо ойчих гэж явна уу гэсэн маяттай нүдээ дүрлийлгэн эргэж харав.

Жанцангийн хойноос үс нь их ургасан, жац томтой залуу эр хар булигаар богц барьсаар толгой нүцгэн гарч ирээд наран сөрөг анивчин найтаалгаснаа:

-Аав аа, та дуран авч явах уу? гэж асуув.

-Үгүй ээ, үгүй гэж Жанцан малгайгаа бүчлэх зуур уцаарлан хэлээд тохоштой тэмээ рүү явлаа.

Хүү нь ааваасаа түрүүлэн очиж тэмээний бурантгийг гартаа аваад хүлээн зогсоход Жанцан хажууд нь ирээд:

-За чи Чулуун минь, цаад муу эх чинь ганцаардана шүү, битгий буу үүрч тэнэж явчихаад байгаарай! Хүн шиг байж үзээрэй! Өнөөдөр наад хормойгоо нөхүүл гэхэд,

-За, эртхэн явж үзээч гэж хүү нь түүнийг мордуулах санаатай зүүн талаас нь сугадаж хэвтээ тэмээ рүү ойртуулан түлхэв.

-Гүй чи зүгээр байгаач. Би өөрөө мордчихож чадна, гайгүй. Намайг дандаа нэг хүүхэд шиг санах юм. Нохой долоо гэж үнгэсээр Жанцан богцоо хойшлуулан засаж мордтол хүрэн ат ч ухасхийн бослоо.

Жанцан улцан нүднийхээ нулимсыг арчин, тэртээ зүүн хойно хэдмэгтэн хөхрөх уулсын бараагаар чиг барин товолзтол алхууллаа. Намрын сарын жаварт хамгийн түрүүн хамрын үзүүр хөрж, ус гоожно. Жанцан жавраас нүүр буруулан хазгайхан сууж жижиг аараг толгодыг хэдрэн алхуулсаар бага үдийн жирд Босоогийн тал руу орж ирлээ.

Зуны дэлгэр сайхан цагт адуу тэмээ зэрэглээн дундуур багшран бэлчиж, цэцэг ногоо сугсран халиурч байдаг энэ их тал зэлүүд эл хуль оргиод гандаж хатсан хялгана шивээ явган салхинд нахилзан нахилзан найгаж, талын дунд ганц том хадан цохио зуны дэлгэр цагийг харуулдан хүлээх мэт сүүхийн зогсоно.

Эзэн хүнээр залуулалтгүй элсэрхэг зөрөг дагаж сурамгай алхлах хашир атны нуруун дээр амгалан суугаад салхины уруу сөрвөлзөн хийсэх тэмээнийхээ шил зогдрыг нүдний үзүүрээр ажиглан хээрийн цэвэр агаарыг цээж дүүрэн татаж бодолд автан мэлмэрч явах бас ч сайхан байдагаа.

Намар яг өдийд холын замд гарах гэж хөл газар хүрэхгүй хөөрч явдаг байсан өнө эртийн цаг сэргэн бодогдоно. Тарга хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод, жинчид хом татлага бурантаг гадас, хонх майхнаа төхөөрч байхад амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж, ах дүүс танил дотно хүмүүс нь бэлэг захиа өгч, өвөл ойртохын амьсгаанаар зуны тавлаг уужмыг орхин яарч үймсэн мал хүн ийш тийш хөлхөлдөн, ботго тором буйлалдаж, байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай шөнийн цагаар тунгалагхан шүүдэр, хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны үймээнд тамирдаж цонхийсон шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уяраан нэгэн үе хийморь бадраан сэвэлзэж байдаг тэр цаг тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нь угт хоногшдог ажээ.

Жанцан анх жинч эцгээ дагаж хорин настайдаа аяны замд гарчээ. Тэр үед Шүхэртийн бага охин, баруун говийн хулан гэж залуучуудад магтагддаг байсан гэдгэрхэн нуруутай яагаан хацарт охинд Жанцан сэтгэлтэй болоод байсан тул зуны адаг сар гарч жинд явах болсноо сонсмогц адуунаасаа шөнийн нэг морь хулгайлан унаж, багтарч унатал нь давхисаар Голын адгаас Өвөр салаа орж тэр амрагтаа очоод үүрийн шаргал гуяагаар Баянцагааны бэлийн хад чулууг тачигнуулсаар буцаж ирдэг болжээ. Ирээд гэртээ оролгүй, саахалтынхаа Намбаа гэдэг ганц бие чавганцыг номгочилж тэднийд ороод тэрлэгээ өрөөлдөн нөмөрч үд хүртэл унтана.

Гэтэл нэг өглөө эцэг нь "Манай нэг муу бэлтрэг хаа явна?" гэж амьтнаас асуусаар явж сургий нь сонсоод Намбаа чавганцынд гартаа ногт барин орж иржээ. Тэгээд хоймор нь амгалан хурхирч хэвтээ хүүгээ хармагц "Мөөн" гэж амандаа шивэгнэн хэлснээ ухасхийж, нөмөрч хэвтсэн тэрлэгий нь хуу татаад барьж явсан ногтоороо хүрэн даалимбан өмдтэй бөгс рүү нь пад хийтэл дуу ихтэй ороолгоод өөд нь дахин далайхын зуур Намбаа чавганцын унийг бас ороолгож, хуурай тос тортгийг манартал бутраана.

-Хүүе, Ламжав гуай та яаж байна? Болиоч хүүгээ, хөөрхийг яанаа? гэж сандарч тэвдсэн Намбаа чавганц түүний араас бүснээс нь татаж саатуулах гэснээ дийлэхээ болихоор баруун гартаа байсан шанагыг ор руугаа ууртай шидээд "Ээ, шүтээн минь ээ, яасан ч догшин уур вэ, та минь" гээд дорой дуугарсаар гадагш гүйн гарав.

Зодоон болж байгаа сургаар хэрэгт дуртай хэдэн залуучууд хүүхэд гаднаас орж ирэхэд Жанцан гутлаа өмсчихсөн хааш ч хөдлөх чадалгүй, эцгийнхээ өмнө хэрэгтэн шиг зогсож байжээ. Эцэг нь Намбаа чавганцын орон дээр сандайлж суугаад ханцуйгаа шамлан хүү рүүгээ давшлан загнана. Хүүгээ загнан амьсгаадахын хажуугаар хамрынхаа хоёр нүх рүү нунтаг шар тамхи ээлжлэн чихэж хэсэг хэсгээр энгэр рүүгээ савируулан унагаана. "Миний толгой дээр гарах чинь дутаад байна уу? Шөнөжин давхиж давхичихаад бас хулгайч шиг айлд нуугдаад унтаж хэвтэнэ гэнээ? Хаанаас чи ийм зан сураав? Наад царай зүсээ хар чи! Цусаа соруулчихсан амьтан шиг. Ийм байж жин тээх. Замын тээр болох уу муу новш. Бүсээ бүсэл" гэснээ Ламжав үүд рүү харж "Явцгаа, та нар! Миний явдал та нарт пад байхгүй" гэж ширүүн хашгирав.

Гаднаас ирсэн улсыг хөөж гаргасан хойноо "Чамайг яасан ч толгой дээрээ гаргахгүй дээ. Ясы чинь хуга цохиод учраа олно. Тэгээд чи дураараа дургиж яваарай" гэж хэлээд сүртэй эгдүүтэй харцаар хүүгээ харж хэсэгхэн чимээгүй суув.

Жанцан зав гарсан дээр нь гэсэн шиг шалавхан бүсээ бүсэлж авав. Гэтэл эцэг нь "Яв?" гэж чанга хашгираад ногтоо барьж боссон хойно "Өнөөдөр цаад араг толгойтдоо очиж дахиж ирэхгүй гэж хэлээд ир! Нөгөөдөр чи үдээс өмнө заавал ирээрэй. Ирэхгүй бол мөчий чинь санжуулах вий" гэсээр үүд рүү явав. Жанцан гаанс тамхиа үзүүлчихээгүй гарсандаа баярлан уужирч аавынхаа хойноос хараад хариугүй инээх гэж байтал аав нь үүдэнд очоод эргэж харав. "Чи орон гэрээрээ орж эмээл хазаараа аваад хүн төрхтэй яваад ирээрэй. Битгий гуйлгачин царайлж нэр бузарлаад яваарай!" гэж хэлээд тэр дурамжхан маягтай гарав.

Жанцанг ингэж үүр шөнөөр сандран босож давхихын зовлонгүй хоёр хоногийн чөлөө олоод ирсэнд Дагиймаа нэрт өнөөх булцгар охин сая эрийн шинж цогцолж яваа Жанцангийн өвчүү цээж рүү шонтгор хатуу хамар зузаан хүрэн уруулыг шимтэн нааж, халуун элгэнд нь тэврүүлсээр, янаг сэтгэлийн жолоо алдран анхны хайрын эмнэг гэнэн сэтгэлдээ эцэсгүй сайхныг эрэмцэн хүсэмжилж, зуурдын жаргалыг насны мэт болгоож, ид нойрын бор шөнөөс өрхний оосор татахаа хүртэл хайртай хүнийхээ чихэн дор халуун амьсгалаар шивнэн хойчийг ярьж өнөөг бахархан янаг бүсгүйн жаргалыг хоёр хоног эдлээд нүдэнд нь сэтгэл ханасны цог бадран, хацар нүүр нь судалтаж туяарсаар хоцорчээ.

Эцгийн хишиг болсон ганц өдрийн жаргалыг тэр хоёр бэлчээр дээр эдэлж өнгөрөөв. Гэгээн цагаан өдөр танхил томоогүй бүсгүйг өхөөрдөн наадан сууж зүрхээ шаналтал цэнгэнэ гэдгийг Жанцан тэр өдөр анх удааг үзжээ. Дагиймааг эв муутайхан тэврэн сууж жавар үнэртсэн бор хацры нь удаахан нэг үнсээд эргэж хартал духан дээрээ ганц эвэртэй юм шиг урт босоо согсоотой цагаан ямаа цээжээ дүхийлгэн толгойгоо өндөр өргөж зогсоод "Та хоёр яаж байна?" гэсэн маягтай мэлцгэр шар нүдээр ширтэж байв. Дагиймаа "Хэрэгт дуртай годрон бэ" гээд чулуу авч шидсэнээ царай нь час улайв.

Жанцан залуу явахдаа энэ тухай бодох бүр өөрийн эрхгүй инээд хүрэхийн хажуугаар нүдэнд нь нулимс бүрхэж ирдэг байв. Гэвч эцэг нь хүүгийнхээ сэтгэлийг мэдэх тул тэнгэрийн заадас туяаран цайрч, тоо томшгүй одод мөнх анивчсан өвлийн шөнийн жаварт ямаан дах өмсөж, хүүгээ нөмөр талдаа дагуулаад сэтгэлий нь засан хонхон дууны эгшиг дор сургамж захиа өгч явдаг байв.

Элэнц хуланц өвөг дээдсээсээ эхлээд амьдрах гэж улаан голоо тасартал зүтгэж ирсэн амьтан юм шүү дээ, хүн гэдэг. Хүний дээд нь жинчид байдаг юм. Жинчин хүн жавар салхийг даана. Өлсөх даарахыг даана. Тэг тэгсээр яваад яс шиг хатуужиж хүний дээд, эрийн дээж болдог ёстой. Жинчин хүн гэдэг жавар чангарах дутам илч нь нэмэгдэж тэмээнийхээ алхаан дор биеийнх нь чилээ гарч, хонхныхоо дуугаар сэтгэл нь сэргэж явдаг учиртай. Хүүхэн чавганцын хэнээтэй эр жинчин байж чаддаггүй. Жавар салхинаас хүчээ авч чаддаггүй нарийн хоолоор тордуулж байж тэнхэрдэг хүн бас жинчин байж чаддагүй. Архаг хуучингүй эрүүл сайн бие, нугарахгүй гүдэс цэх зориг, тусч сайн сэтгэл, үнэг шиг хурц нүд, чоно шиг соргог хамар, нарийн анирч чих ганцхан жинчин хүнд байдаг. Жинчин хүн адаглаад аян замд өвдлөө гэхэд хаа явсан газрынхаа шорооноос долоогоод сэхдэг юм. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг. Олон жил жин тээж, хээрийн салхинд дасаад ирэхээр сэтгэл хүртэл гэрийн мухарт тогтохоо больдог юм. Зориг султай унж дорой хүн жинчин болж хэзээ ч чадахгүй гэж эцэг нь хүүдээ сургана.

Гэвч сэтгэлийн зовлон гэгчийг хүн яахин тийм амар мартаж чадах билээ? Жанцан аавынхаа яриаг чагнан тэмээний алхааны аясаар нугастай юм шиг хойш урагш ганхан найгаж явахдаа Дагиймаагаа цаггүй ээнэгшин бодож зүрх нь шимширч явдаг байв.

-Надад чи ус шиг цэнхэр торго, маатан чихэр хоёр авчирч өгөөрэй дээ гэж өндөр бор духан дороос найланхай харцаар ширтсээр гэнэн инээмсэглээд хоцорч байсан Дагиймаагийн хурц алаг нүдийг сэтгэлдээ үргэлж санаж гол мөрөн, хөх тэнгэр юухан ч харсан ус шиг цэнхэр торго гэж захиад хоцорч байсан тэр бүсгүйн хонгор дуу чихэнд нь дуулдах шиг болж явдаг байжээ.

Гэвч нэг гэрийн тоонон дор толгой холбон ханийн жаргал эдлэх хувь тэр хоёрт байсангүй. Ус шиг өнгө гэж чухам энэнийг хэлэх болов уу гэмээр цэнхэр торго авч биенээсээ ч салгалгүй баадагнан бүсэлж хоног тоолон жаргал мөрөөдсөөр Жанцанг буцаад ирэхэд Дагиймааг өөр айлын бэр болгож Хушуу гулсуулаад явуулчихсан байв. Цагийн юм цагтаа хууль байдаг. Нэгэнт тэднийг заяа нийлэх хувьгүй улс гэж мэргэн ном айлдсан хойно яах