2015 оны 10-р сар 22-нд 08:34 цагт

Сэтгэлийн зовиур шаналалаас чөлөөлөгдөхүй буюу "Хойшоо нэг алх"

Та өөрийн өнгөрсөн үед болсон үйл явдал, нөхцөл байдлыг өөрчилж, эерэг байдалд оруулах боломжтой.

Эхний алхам. Та "ажиллахыг” хүсч байгаа амьдралынхаа тэр л үйл явдлыг сонго. Тэгээд босч зогсоод нүдээ анин, гар, нүүр, зовхио суллаж бие тань хэрхэн тайвширч байгааг мэдэрч аль болох биеийн тэнцвэртэй байдалд орохыг хичээ. Ингээд биеэ бэлдсэний дараа нөгөө нөхцөл байдлаа төсөөлж гүнзгий амьсгаа авч мөн гаргана. Дурсамжаа санахдаа аль болох тухайн үeийн мэдрэмжийг биeэрээ болон сэтгэлээрээ мэдрэхийг хичээгээрэй.

Хоёр дахь алхам. Тавгүйтэл, уур бухимдал зэрэг таагүй зүйлсийг мэдэрвэл "Үүний цаана юу байна вэ?” гэсэн асуултыг өөртөө тавиад арагшаа /богино/ нэг алх. Арагш алхсаны дараа юу мэдэрч байгаагаа шалга.

Гурав дахь алхам. Хэрэв дахиад л тавгүй зүйлсийг мэдэрч байвал "Үүний цаана юу байна вэ?” хэмээн асуулт тавиад дахиад арагш нэг алхаад юу мэдэрч байгаагаа чагна. Ингээд өөрийгөө илүү тайвнаар мэдрэх хүртлээ арагш алхаарай.

Дөрөв дэх алхам. Хэрэв илүү тогтвортой тайван байдлыг мэдэрвэл асуулт асуулгүйгээр арагш нэг алхаад үз. Тав тухтай байдал тань хадгалагдсан хэвээр байвал ухарч алхсан мөрөөрөө урагш алхаж нөгөө нөхцөл байдлыг дурсаж эхэлсэн газартаа очоорой. Тэгээд хүрэх газраа очсон хойноо дахин юу мэдэрч байгаагаа чагна. Хэрэв тайван байдал тань хадгалагдсаар байвал хажуу тийш алхаж уг дасгалыг дуусгана.

Харин анхных шигээ тавгүй байдлыг мэдэрвэл дахин арагш алхах үйл явцаа давтаарай /4 удаа давтаж болно/. Хэрэв дөрвөн удаагийн оролдлогын дараа бүрэн тав тухыг мэдрээгүй ч анхных шиг сөрөг хандлага өөрчлөгдсөн бол энэ нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх учиртайгаа баталж буй хэрэг юм. Хэрэв уг дурсамж өнөө л таагүй өнгө аясаар ой тойнд буугаад байвал арагш алхах үйл явцыг дахин давтаж болно.

Гайхалтай нь, хүн өөрийгөө танин мэдэх чадвартай байдаг. Гэтэл хүмүүс өөрийгөө гэхээс илүүтэй ихэвчлэн бусдыг танин мэдэхэд анхаардаг. Та өөрийгөө судалж, шинжилснээр давуу талуудаа улам бэхжүүлж, сул талаасаа үүсэх эрсдлийг багасгах, арилгах аргыг дараа дараагийн бүлгээс суралцаж өөртөө хэрэгжүүлэх болно.

Хүн өөрийгөө хэн гэдгээ, яагаад өнөөдөр ийм байдалтай байгаагаа мэдсэн үед л өөрийн мөн чанарыг ойлгож эхлэн улам бүр хөгжүүлэх боломжтой болдог. Харин үүний дараа илүү эрх чөлөөтэй болж өөрийнхөөрөө байх боломж нээгдсэнийг анзаардаг. Бид бага наснаас эхлэн үргэлж хэн нэгнээр өөлүүлж, шүүмжлүүлж, магтуулсаар "өнөөдрийн өөрийгөө” бүтээсэн. Гэтэл эцэст нь "бусдаар бүтээлгэсэн өөртөө” сэтгэл хангалуун байж чадахгүй байх нь цөөнгүй. Тэгвэл одоо танд өөрөө өөрийгөө цоо шинээр нээх, бүтээх боломж олдож байна.

Эх сурвалж: Сэтгэл судлалын үндэсний төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.