2015 оны 05-р сар 11-нд 16:19 цагт

Улаан номонд орсон шувууд /Цуврал-4/

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм.

Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн, устах аюулд орсон/ Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 

Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. 

Ингээд www.mongolcom.mn сайт Устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгох зорилготой "Монгол орны улаан номонд орсон амьтад" цувралыг хүргэж байна. 

Цуврал-4: Улаан номонд орсон шувууд

Хурагч бор

Хурагч бор /paradoxornis eudei david/ нь шувууны аймгийн бор шувуу хэлбэртний баг болох бахим хөх бухын овогт багтдаг. Нуур голын эрэг дагуу үргэлжилсэн өндөр сэгсэнд суурин амьдардаг.

Манайд Буйр нуур, Халхын гол, Гүү азарга гол, Дашгайн таван нуурт зарим зүйлүүд нь амьдардаг.

Халбаган хошуут

Халбаган хошуут /platalea leucorodia/ нь шувууны аймгийн өвөрлөг хэлбэртний баг болох билүүсийн овогт багтдаг. Зэгс, бургас бүхий нуур, голын дагуу нимгэн ус, задгай намаг ихтэй орчинд амьдардаг. 

Эдгээр шувууд нь бүгд өргөн хавтгай халбага мэт хошуутай ба гүехэн ус гатлан явж хагас онгойлгосон хошуугаар ус самнан хоол тэжээл хайна. Усны ямар ч жижиг шавьж, загас жараахай хошууных нь дотор талд таархад түргэн хамхин барьдаг байна.

Ихэнх зүйл халбаган хошуут мод, зэгсэнд үүрлэх ба голдуу дэглий, билүүс хошуут зэрэг шувуутай ойр хамт байх аж. Эрэгчин нь үүр барих иш мөчир цуглуулж авчран, эмэгчин нь том хүнхэр, эсвэл хавтгайдуу үүр засдаг. 5 дугаар сарын дундуур дунджаар 70,5*44,6 мм-ийн хэмжээтэй 3-5 өндөг гаргаж 20-25 хоног дарна. 8 дугаар сарын ихээр ангаахай нисэх чадвартай болдог.

Дөнгөж өндөгнөөс хагарсан дэгдээхэй нүдээ нээгээгүй байх ба хошуу нь богино, шулуун байж нас бие гүйцээд сая халбага мэт хэлбэрээ олдог байна.

Монголд Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Өгий нуур, Халх голын сав нутгаар тааралдана. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэр нь орсон.

Зүйлүүд

Евразийн халбаган хошуут (Platalea leucorodia): Африк, Европ, Ази гээд хамгийн өргөн тархсан.

Хар нүүрт халбаган хошуут (Platalea minor): Тайвань, Хятад, Солонгос, Японд таарна.

Африк хал баган хошуут (Platalea alba): Африк болон Мадагаскарт.

Хаан халбаган хошуут (Platalea regia): Австрали, Шинэ Зеланд, Шинэ Гвиней, Индонез болон Номхон далайн арлуудад.

Шар халбаган хошуут (Platalea flavipes): Австралид.

Ягаан халбаган хошуут (Platalea ajaja эсвэл Ajaia ajaja): Өмнөд Америк, АНУ-д нутаглана.

Гангар хун

Гангар хун /Cygnus cygnus/ нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг болох нугасны овогт багтдаг. Өндөр өвс, зэгстэй, хүн малын хөлөөс зайдуу нуурын арал хөвөө байрших гол орчин нь болдог. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусах ба Буйр, Ташгайн таван нуур, Ганга нуур, Улз гол, Ойгон, Увс, Хяргас, Хар, Бөөнцагаан, Тэлмэн, Тэрхийн цагаан нуур, Толбо, Хотон, Хоргон, Дөрөө нуурт гангар хун нь бүртгэгдсэн байдаг байна. Монгол улсын ан агнуурын хуулиар агнахыг хориглон дархалсан.

Биеийн урт нь 1400-160 см, далавчаа дэлгэсэн урт 205-275 см ба 8-20 кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг сонгон ихэнх цагаа усанд өнгөрөөдөг. Хосоороо амьдрах ба хамтран үүрээ засдаг. 

Эм хун 4-7 ш өндөг гаргаж дарна. Эр нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй байдаг. 36 өдөр дарсны дараа бор эсвэл саарал өнгийн дэгдээхэй гарах ба 10-150 өдрийн дараа нисэж сурдаг. Хүнд том биетэй тул нисэхээс өмнө гүйж, эрч аван нисдэг шувуу юм.   

Сонирхуулахад, Гангар шувууны тухай дуу хүртэл байдаг. 

Сүхбаатар аймгийн Бахархалт шувуу-Гангар Хун танаа 

Ганган цагаан хун

Хаврын хавартаа ганганаад ирдэг

Намрын намартаа чуулаад буцдаг

Үнэнч хайрын бэлгэдэл

Үйлс ариуны энхийн дуулал

Дахилт: Гангар цагаан хун шувуу

Ганган цагаан жигүүртэн

Ус нутгийн минь бахархал

Урагшлах хөгжлийн дуудлага

Дөлгөөн нууруудын минь чимэг болсон

Домогт ардын минь бахархал болсон

Дуу шүлгэнд минь аялгуу нэмсэн

Дуулим талд минь үзэмж нэмсэн...

Хошуу галуу

Хошуу галуу /anser cygnoides/ нь шуувууны аймгийн галуу хэлбэртний баг болох нугасны овогт багтдаг. Өндөр өвс ургамалтай, дов намгаар хүрээлэгдсэн нуур, бургас, шагшуурга, олон арал бүхий голуудын дагуу зусна. Тэд нүүдлийн шувуу ба Хятадын төв ба өмнөд зүгт өвөлждөг. Нийт 60,000-100,000 толгой бий гэсэн тооцоотой. 

Манай оронд Буйр нуур, Халх гол, Хөх нуур, Улз, Онон, Хэрлэн, Туул, Орхон, Дэлгэр, Сэлэнгэ зэрэг гол, мөрөн, Өгий, Тэрхийн Цагаан, Ойгон, Бөөн цагаан, Орог, Улаан нуур, Ачит, Айраг, Увс, Өрөг, Хар ус, Хар, Толбо нуур, Ховд, Булган гол дагуу байдаг.

Гадаад төрх

Хошуу галуу нь том бие, урт хүзүүтэй. Биеийн урт 81–94 см, далавчаа дэлгэхэд 153 см, жин 2.8-3.5 кг болно. Эрэгчин, эмэгчин төстэй ч эр нь арай том байдаг. Нуруун хэсэг нь бор саарал, өвөр хэсэг нь цайвар шаргал, хошуу нь урт, хар өнгөтэй.

Зан авир

Хошуу галуу цэнгэг усны дэргэдэх уулын хөндий, тал, тайгад нутаглаж, 5 сард үүр засан голдуу 6 өндөг гаргана. Өвс ногоо зэргээр газар үүрээ засдаг. 28 хоногийн дараа дэгдээхэй гарах ба 2-3 жилд нас бие гүйцэх аж. Тэд өвсөрхөг газар бэлчин идэшлэх ба голдуу ургамлын навч, үр, үндэсээр хооллоно.

Явлаг сар

Явлаг сар /pandion haliatus/ нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Хүн малаас зайдуу оршдог, загас элбэгтэй нуур, голуудын дагуу ойтой нутгаар амьдардаг. Манайд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн тайга, ойт хээрээр өргөн тархсан энэ зүйл нь Тайгын бүсийн цэнгэг нуур, голын дагуу өндөглөн зусдаг. Манай оронд энэ зүйлийг хамгаалах тусгай арга хэмжээ аваагүй. ОХУ-ын Улаан номонд орсон. 

Явлаг сар Хэнтий, Хангай, Хөвсгөлийн тайга, ойт хээрийн бүсэд хүн малаас зайдуу орших загас элбэгтэй нуур гол, мөрний хөндийд өндөр хатсан модны орой дээр мөчир овоолон үүрээ засаж 2-3 өндөг гаргана. 35 орчим хоногийн дараа ангаахай гарч, 1 сар бойжсоны дараа нисэх чадвартай болно. Явлаг сар үүрээ шинэчлэн засаж сэлбэн олон жил ашигладаг боловч үүрнүүд нь хоорондоо их алслагдсан хол зайтай байдаг.

Сар: Махчин шувууны баг, харцгайтны овогт хамаарах, ховордож буй шувуудын нэг. Монгол оронд өргөн тархацтай, суурин шувуу бөгөөд жижиг мэрэгч, хулгана зурам, зарим үед туулай хүртэл барьж иддэг. Хөдөө аж ахуйд асар их хохирол учруулдаг үлийн цагаан оготно, огдойг өдөрт 10-15-ыг барьж иддэг ач холбогдолтой шувуу юм. Зарим газар зориуд сар шувуунд зориулан өндөр шон босгож хөндлөвч мод бүхийгээр бэлдэж өгдөг нь тариа ногооны талбайгаа хамгаалуулахын тулд ажээ. Талын сар, шилийн сар, явлаг сар гэх мэт төрөл зүйлүүд бий. 

Шилийн сар Биеийн жин нь 800-1200 грамм. Байнга хосоороо амьдрах бөгөөд хад асга, мод, хээр тал, жижиг довон дээр ч элдвийн хог новш, даавуу, төмөр утас, мод зомгол цуглуулан үүр засдаг. Түүн дотор 4 дүгээр сарын дунд үед хүрэн бор, бор шаравтар толботой 4-5 өндөг гаргана. Эмэгчин нь сар орчим дарж ангаахай болгоно. Эрэгчин нь оготно барьж ирж тэжээх үүрэгтэй. Хүн машинаас барагтай бол үргэхгүй, зам дагуу үүрээ зассан байдаг нь үр төлөө чоно нохойноос хамгаалах санаатай ажээ. Ихэвчлэн оготно хулганыг нүхийг отон сууж ойрхон зайнаас довтлон ан хийх ба бүргэд шонхор зэрэг шувууд шиг шууд дайрч довтлох чадвар харьцангуй муу ажээ. Харин утасны шон модон дээр, өндөрхөн чулуу ба бут зэрэг дээр өдөржин олзоо хүлээн тэвчээртэй удаан сууж чаддаг. Сар шувууны сангасыг шинжиж тэр хавийн мэрэгч амьтадын байдлыг судалж болно.

 

Цасны хажир

Цасны хажир бүргэд /gyps hi malayensis hume/ буюу Хималайн хажир. Шонхортон багийн Харцагынхан овгийн шувуу юм. Энэ шувуу нь Ухаа хажиртай, G. fulvus ойр хoлбоотой.

Нас бие гүйцсэн нь 103-110 см урт, далавчаа дэлгэсэн урт нь 260-289 см, жин нь 8-12 кг. Голдуу 1 өндөг гаргадаг. Толгой нь халзан, маш өргөн далавчтай, сүүлний өд нь богино. Хошуу нь шар, хүзүү нь цагаан өнгөтэй, бие нь цагаавтар, далавчны үзүүрийн өд нь хар байна.

Нутагшил

Гималайн нуруу, Төвд, Монголд суурин нутаглан амьдарна. Эгц өндөр хадан цохио, гүн хавцал бүхий ой модгүй уулсаар тааралдана. Манайд Говийн Алтайн Хөрх, Цэцээ уул, Гурван сайхан, Арц богд, Сэврээ, Бага богд, Цагаан богд зэрэг салбар уулсаар үзэгдэнэ. Монголд тодорхой арга хэмжээ аваагүй ОХУ-ын Улаан номонд орсон. 

Тоодог

Тоодог /otis tarda/ нь шувууны аймгийн тогоруу хэлбэртний баг болох тоодгийн овогт багтдаг. Шивээт хялгана, хиаг, зөр, хазаар өвс, дааган сүүл зонхилсон гүвээ толгод бүхий уудам атар тал, голын хөндийд өндөглөн зусдаг. Манай оронд Дорнод, Хэнтийн, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн зарим зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг. Устах аюул тулгарсан зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны Конвенцийн 2 дугаар хавсралтад нэрийг нь оруулсан. Манайд 1980 оноос тоодог агнахыг бүрэн хориглох тухай Монгол улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарсан. Өнөөдрийн хувьд ихэнх нутгуудаар ховордсон шувуунд ороод байгаа юм.

Биеийн бүтэц

Насанд хүрсэн эр тоодог 90-100 см урт биетэй, далавчаа дэлгэсэн урт нь 2.1-2.5 м ба 10-16 кг жинтэй. Хамгийн хүнд жинтэй бүртгэгдсэн нь 21 кг хүрсэн байдаг. Эр тоодог хүзүүндээ урт цагаан, сахлаг өдтэй байна. Эм нь эрээсээ 30% бага биетэй.

Холбоотой мэдээлэл:

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-1/ 

http://mongolcom.mn/like/22247

Монгол орны Улаан номонд орсон амьтад /Цуврал-2/ 

http://mongolcom.mn/like/22378

Улаан номонд орсон шувууд /Цуврал-3/ 

http://mongolcom.mn/read/22613

Улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид /Цуврал-5/ 

http://mongolcom.mn/read/23573

Улаан номонд орсон загас /Цуврал-6/ 

http://mongolcom.mn/read/23721

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.