2014 оны 10-р сар 08-нд 12:03 цагт

Залуу нас цэцгийн адил /Таталбар/

Залуу нас цэцгийн адил хэмээн хорин хэдтэй Дашдоржийн Нацагдорж тэртээх жилүүдэд өтөл нэгэн шиг өгүүлж суусан байх юм. Уянгын ч гэмээр, ухаарлын ч гэхээр энэ нэгэн хэллэг хоёр их үнэнийг шингээсэн мэт санагддаг.

Залуу нас гэдэг яахын ч аргагүй, тордлого чимэг ерөөсөө хэрэггүй, өөрөө цогцолсон, өөртөө хамаг сайхныг шингээн хураасан ертөнцийн гоо сайхан юм. Залуу явахад муухай хүн гэж байдаггүй, өтөлж ирэхэд хөөрхөн хүн гэж байдаггүй юм даа, хүү минь гэж суусан нутгийн хөгшний яриа чихэнд хааяа дуулдах шиг болдог юм. Тэгээд ч тэр байх, үгийн их суутан Дашдоржийн Нацагдорж миний ээж сайхан ээж гэж хэлсэн болохоос, миний ээж хөөрхөн ээж гэж хэлээгүй биз ээ. Өхөөрдөх үгийг нялхаст, ухаарах үгийг залууст, уужрах үгийг өтгөст гэдэг нь ч ийм л учиртай биз.

Шаагиад өнгөрөх азарган бороо шиг, салхилаад өнгөрөх хурын үүл адил, дэлбээлэх төдийдөө хумийдаг хаврын яргуй мэт залуу нас даанч ахархан шүү гэсэндээ тэр их найрагч залуу нас цэцгийн адил хэмээн аргадаж учирлав уу гэлтэй санагддаг юм, бас. Залуу нас гэнэн томоогүй, ухаарч амжилгүй шахам өнгөрдөг ч гэлээ, хорь ч хүрээгүй Гомбын Сэр-Одоор “Дөмөн”-г нь тэрлүүлж, хорь дөнгөж мултарсан Лодонгийн Түдэвээр “Уулын үер”-ийг нь туурвиулж, хорин хэдтэй харчууд болох Дашдоржийн Нацагдоржоор эх орны мөнхийн түрлэг -“Миний нутаг”-ыг нь эгшиглүүлж, Цэндийн Дамдинсүрэнгээр эх үрсийн элбэрэл журмын эгшиглэнт дуулал -“Буурал ижий”-г нь учирлуулж дөнгөдөг л залуу нас юмсанжээ.

Алдарт математикч Блез Паскаль аль тэртээх 16-р зуунд, арван долоон насандаа гар тооны машин бүтээж байсан гэхэд, Австралийн алдарт физикч Лоренс Брэгг 25-тайдаа Нобелийн шагналд хүрч байсан гэх юм. Орчин үеийн өндөр дээд технологийн ертөнцөд бол залуу нас ёстой л ааглаж байна даа, ярих ч юм алга.

Марк Цукерберг 19 насандаа Facebook-ээ, Эван Шпигель 22 насандаа Snapchat-аа, Жек Дорси 23 насандаа Twitter-ээ, Ларри Пэйж, Сергей Брин нар 25 насандаа Google-ээ, Стив Жобс 21 насандаа Apple-аа, Билл Гейтс 16 насандаа Microsoft-оо, Жерри Янг 25 насандаа Yahoo-гоо гаргаж байсан, бүтээж байсан, танилцуулсан байсан гэхээр залуу нас гэдэг бас ч гэж, ухаарагч нас, амжигч нас, хүртэгч нас мөн аж. Манай хууччуулын насны залууд, нарны галтайд гэдэг л чухам үүнийг хэлсэн байлтай.

Насны залууд сур, нас ахихаар ухааж, насны өтөлд хүлц хэмээх сургаал ч иш үндэсгүй үг биш юм. Хэрэгжүүлэхэд хэцүү ч гэсэн, охид хөвгүүд минь, тэд уцаартай ч байг, өвгөд хөгшдөө хараад ирэх нэгэн өдөр ийм л болно доо, би хэмээн ухаарч, өтгөс буурлууд ч ялгаагүй, дэггүй томоогүй багачуудаа хараад миний залуу нас энэ дээ хөөрхий, эвий минь хэмээн сэхээрвэл хөгшин залуугийн ялгарал, ойлголт холдохгүй, харин ч ойртох биз ээ. Гудиггүй залуу нас гэгчээр, замаар хөндлөн гарахдаа хүртэл дайруулчих шахсан хэр нь залуус инээлдээд цааш одож байхад, өвгөн буурай нэгэн таягаараа чичлэн занан цаашлах нь ирэх буцах хорвоогийн хоёр өнгө, хоёр төрх гэлтэй. Алийг нь буруутгаж, хэнийг нь ч зөвтгөх билээ.

Ариунаас ариухан залуу нас минь

Арваадхан жилийн ханилгаатай байжээ.

Халуунаас халуун залуухан цаг минь

Хаврын уруй шиг хугацаатай юмсанжээ...

...Баяртай, залуу зандан нас минь

Барилдсан гэж бодвол, би ойчжээ.

Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ.

Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл, харин

Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч

Алдар, шүлэг хоёрыг нь авчээ! хэмээсэн онгод ихт нэгэн найрагчийн гэмшил гоморхлыг давтахгүй, залуу насны он жилүүдтэй уралддаг юм гэхэд түрүүлж, барилддаг юм гэхэд давж, арилжаа наймаа хийдэг юм гэхэд, идрийн цогоор гялалзаж, алдар амжилт бүхнийг дагуулаарай хэмээн ерөөж, залуу нас цэцгийн адил шүү гэснээ дахин нэгэнтээ сануулахад илүүдэхгүй гэж саналаа.

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас минь, баяртай гэж нэг л өдөр хэлэх л болдог хорвоод сургамжтай ч байж мэднэ хэмээн бодож, адлагдсаар эцэст нь алдрын оргилд нэр нь хоцорсон Ренчиний Чойномын нэгэн шүлгийг мөнхийн залуу насыг өнөө энэ цагт буухиалан өртөөчлөн авч яваа галтай цогтой залуус та бүхэндээ хүргэе.

ӨВГӨН ХҮНИЙ ҮГ

Хар Дулмасүрэнг та нар

Хазгар чавганц л гэлцэх юм даа.

Хазгар нь ч үнэн, чавганц ч үнэн.

Хар царайтай ч үнэн л дээ, гэвч

-Та нарын насан дээр Дуламсүрэн, ийм

Тас хар байгаагүй юм шүү!

Би юу андах вэ, -Ээ, дээ

Битгий л та нараас илүү байсан байг даа!

Дун шиг цагаан царатай

Дуран шиг хар нүдтэй

“Дунд голын ногоо шиг” бүсгүй

Дунийж явлаа шүү дээ, -Базарваань!

Тэгэхэд би ч бас, одоотой адилгүй

Тэнхээтэй бол тэнхээтэй, царайтай бол, царайтай

Ядаж исгэрэх шүдтэй, ирмэх нүдтэй

Яаж ч болохгүй залуу явлаа.

Хавийн залуусын нэгэн адил

Хар нүдэн Дуламсүрэнгийн хойноос

Харанхуй шөнийн нойроо алдаж

Хатавчнаас нь зүүлттэй хонож явлаа.

Дуламсүрэн гэдэг чинь, манийгаа бодвол

Дуутай бурхан, гуутай зураг.

Халхын сайхан эрчүүдийн

Хажууд нь өргөсөн зул шиг байлаа.

Гэнэ гэнэхэн инээд алдахад нь

Гэр дүүрэн гэгээ татах шиг

Гэрэлт цагаан шүд ярсхийсэн

Гэсэрийн хатан шиг авхай явлаа.

Нуруу гэж нуруу, бие гэж бие

Нуманд татсан сум шиг шулуун

Нууранд хөвсөн хун шиг цэмцгэр

Нутаг цэлмэж, лус баясмаар хүн сэн.

Үс ч гэж үс!

Үзүүр ёзоор хоёртоо

Үнэт сувдан даруулгатай

Үйзэн мөрөн шиг суналзаж байдаг сан.

Хоёр сайхан хөл гэдэг чинь

Хоолны савх ч түүний дэргэд, юу ч биш!

Хотос хотос алхах нь, бүжиг гэмээр

Хосгүй амьтан явсан даа, Дуламсүрэн!

Сайхан хүний сайхан явахыг үзнэ гэдэг

Сав ертөнцөд хүн явсны гавъяа гэдэг.

Ингэхээр би гэдэг ч үздэгээ үзсэн

Ихээ азтай хүн шүү, хүүхэд минь!

Яая гэх вэ, цагийн эрх гэдэг

Ямар ч улсын цааз хуулиас хатуу хойно

Ялалтын туг шиг явсан Дуламсүрэн

Ялаа бээрсэн юм шиг болчихлоо.

Хар гэж, хөөтэй тогоо шиг

Хатингар ч гэж, говийн заг шиг...

Харсан амьтан хөгшин залуугүй л

Хазгар чавганц гэлцэх юм, чух даа...

Ийм ч хүн яваагүй сэн дээ... гэвч

Ийм л болчихдог юм байна даа, хорвоо гэж...

Ирэх өдрүүдийг байтугай, ижий ааваа ч мөнхий рашаан хүртчисэн юм шиг санаж, сагаж яваа залуус дүү нарт сургамжтай байж мэднэ хэмээгээд, онгод хийморийн охь болсон Шаравын Сүрэнжав гуай минь анд найрагчийнхаа энэ нэгэн шүлгийг уянгалуулан уншиж байсан нь ч учиртай биз дээ. Амьдралын үнэн, үгийн билэг найрсан орших болтугай!

До.Чулуунбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.