ХҮСЛЭЭ ЗӨВ ИЛЭРХИЙЛЭХ НЬ
Санто-Доминго нисэх онгоцны буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтын ажилтан эмэгтэй “Бурхан минь, шоколад идэх юм сан!” гэх үгээр биднийг "угтан авав". Орон нутгийн цагаар шөнийн нэг цаг болж байлаа. Би:
- Надад нээрээ шоколад байгаа шүү дээ гэж хэлээд үүргэвчээ уудлан дотроос нь тал шоколад гаргаж ирээд түүнд сарвайлаа. Аялалд гарахынхаа өмнө би хөргөгчөө султгаж байгаад тал шоколад байхаар нь замдаа идчихье гээд цүнхэлчихсэн байснаа идээгүй байсан юм.
- Энэ шоколадыг надад өгч байгаа юм уу? Ямар сайн юм бэ! Баярлалаа! Арваад цаг зогсоод яг сунаж унах гэж байлаа.
Энд би юу хэлэх гээд байна вэ гэвэл орчлон ертөнцөөс юу хүсч байгаагаа тод хэлж байх нь чухал. Чиний идмээр байгаа шоколадыг хаанаас (хаа байсан Орос орноос) хэрхэн (нэг аялагчаар дамжуулан) чамд дөхүүлж өгөхөө хорвоо ертөнц өөрөө шийддэг юм.
Сэтгэл зүйч Евгения Брайтын, хүслээ хэрхэн “захиалах” зааварчилгааг энд хуваалцья... Энэ зааварчилгааг үзээд та үлгэр гэнэ үү, үнэтэй мэдээлэл гэнэ үү өөрөө мэднэ биз. Хүсэл чинь биелээсэй л гэвэл хүслээ зөв тодорхойлж сурах нь чухал.
1. Нэг удаад НЭГ хүсэл “захиалах”
Бид хүслээ яаж хэлдэг билээ? Хамгийн нийтлэг жишээ: “Долоон сая рубльтэй (хоёр зуун далаад сая төгрөг) болмоор байна. Гурван саяар нь элит хороололд янзын сайхан байртай болно, нэг саяар нь гоё машин авч унана, үлдсэнээр нь дэлхийгээр тойрон аялна...” гэдэг. Байзаарай! Энд нэг биш, хэд хэдэн хүсэл давхар явж байгааг та анзаарав уу? Яг л матрёшка шиг. Хэд хэдэн хүслийг нэг дор “захиалж” болдоггүй. Хүссэн бүхэн чинь биелээсэй л гэвэл нэг бүрчлэн “захиалж байх” шаардлагатай. Яагаад?
Хүүхэдтэй хүмүүс хүүхдээ, харин хүүхэдгүй нь өөрийгөө хүүхэдтэй гэж төсөөлөөрэй. Хүүхэд чинь танаас зуун рубль гуйж байна, бяцхан орог зусгандаа байшин хийж өгнө гэнэ. Байшин хийхэд шаардагдах мод, алх, хадаас зэргийг худалдан авахад зуун рубль байхад болно гэж үзжээ. Танай гэрт алх байгааг, ажлын газраас чинь хаягдал мод олдоно гэдгийг, хадаас авахад 30 рубль хангалттайг та мэдэж байгаа. Ингээд орог зусаг шинэ байшинтай болж, хүүхэд чинь тэр байшинг нь өөрийн гараар хийж өгсөндөө бөөн баяр, харин та асуудлыг хямд төсөр аргаар шийдвэрлэсэндээ сэтгэл хангалуун үлдэнэ.
Та болон хүслийг тань гүйцэлдүүлэгч орчлон ертөнц хоёрын хооронд энэ жишээнд гарсан шиг зүйл болж өнгөрдөг юм. Орчлон ертөнц бидний хүслийг хамгийн рационал аргаар биелүүлдэг. Бидний зүгээс хийх юм бол дотроо хэд хэдэн хүсэл багтаасан нэг том хүслээ бүрэлдэхүүн хэсэгт задлах явдал. Ингэхдээ хүсэл нэг бүр туйлын “энгийн” байхад анхаарах ёстой.
2. Аливаа хүсэл, бусад хүсэл биелэх нөхцөл болох ёсгүй
Эхний жишээг авч үзье. Асуулт: Долоон сая рубльэр яах гэж байгаа вэ? Байртай болох, шинэ машин авах, хувийн бизнесээ эхлүүлэх, өрөө дарж үлдсэнийг нь банканд хийх г.м. Байр, машин, бизнес, хадгаламж гээд хүсэл нэг бүрийг дангаар нь авч үзье. Асуулт: Яагаад байртай болмоор байгаа юм бэ? Хариулт: Эцэг эхээсээ тусдаа гарах гэж. Асуулт: Тусдаа гарч яах юм бэ? Хариулт: Бие дааж амьдрах гэж. Асуулт: Энэ хүсэл минь биелчихвэл би яах вэ? Хариулт: Би... (таны хийх үйлдэл). Таны хариулт, хүсэл чинь биелэхэд танд төрөх МЭДРЭМЖИЙГ илэрхийлж байвал та тухайн хүслээ “энгийн” буюу “захиалахад” бэлэн болжээ гэж үзнэ.
3. Аливаа хүсэл танд ЗӨВХӨН мэдрэмж төрүүлэх учиртай
Байртай болох хүсэл чинь биеллээ гэхэд та яах вэ? Зөв хариулт: “Аз жаргалтай болно! Сэтгэл хангалуун амьдарна!” Нөгөө долоон сая рублийн жишээ рүү эргэн орьё. “Би А-тай (долоон сая рубль) болохоороо Б, В, Г-тэй (машин, бизнес, хадгаламж г.м) болох юм”. Харж байгаа биз? Мөнгөтэй болох хүсэл нь “нэмэлт” хүсэл дагуулахаас биш сэтгэл хөдлөхүйц хүчтэй мэдрэмж төрүүлэхгүй байгаа биз? Энэ нь та хүслээ БУРУУ ТОДОРХОЙЛООД байна гэсэн үг.
Долоон сая рубльтэй болчихвол яах вэ? гэх асуултын хариуд та “Би тэр мөнгөө шилэн хоргонд хийж, харах тоолондоо хэмжээлшгүй ихээр баярлана” гэвэл хүсэл чинь зөв байна гэж үзнэ. Гэтэл та ийм зүйл хүсч байгаа билүү? Үнэхээр долоон сая рубльэс өөр юу ч хэрэггүй гэвэл та хүслээ ичиж зовох юмгүй шууд “захиал”. Байртай болох, машин авах, бизнесээ эхлүүлэх, өрөө дарах г.м. хүслээ дараа нь болно биз.
Та байртай болохыг эцэг эхээсээ тусдаа гарах АРГА ЗАМ гэж үзэж байгаа бол үнэн хэрэгтээ таны хүсэл (АНХААРААРАЙ!) байртай болох биш, харин “ЭЦЭГ ЭХЭЭСЭЭ ТУСДАА, БИЕ ДААЖ АМЬДРАХ” юм. Учир нь, та тусдаа гарсан ч аав ээж чинь амьдралд чинь оролцсон хэвээр байж болох шүү дээ. Тиймээс, хүсэл чинь ямар үр дүнд хүргэхийг сайтар тунгаан бодож байгаарай. Учир нь орчлон ертөнц зөвхөн ҮР ДҮНГ л өгдөг юм.
4. Хүсэл чинь хал балгүй байх учиртай
Өөрөөр хэлбэл, таны хүсэл бусад хүнд сөргөөр тусах учиргүй. Тэгвэл өөрөө ч мэдэлгүй бусдад хор хүргэхээс хэрхэн зайлсхийх вэ? Амьдрал гэдэг ээдрээтэй байдаг юм хойно хэнд ч хэзээ ч огт хор хүргэхгүй явна гэдэг боломжгүй. Байртай болох хүсэл чинь, та цаг бусаар өөд болсон хамаатныхаа байрыг өвлөн авснаар биелж болох. Гэхдээ! Орчлон ертөнцөд мэдэхгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Орчлон ертөнц хүслийг чинь биелүүлэхийн тулд, танд хамаатай байж болох бүхнийг бодолцож үздэг билээ. Тиймээс та амар тайван байж, аливааг байгаагаар нь буюу талархан хүлээн авдаг байхад л болно.
Бусдад санаатайгаар муу юм хүсэхийн тухайд товчхон дурдахад... Хэдийгээр таны зөв байж болох ч, таны бусдад хүссэн муу зүйл эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь эргэж ирнэ гэдгийг л санаж яваарай. Яг л бумеранг шиг...
5. Хүсэл чинь зөвхөн ТАНД л чиглэсэн байх учиртай
Та бид “Үр хүүхдүүд минь сайн сайхан яваасай”, “Хань ижил маань ... байгаасай... ” гэхчилэн хүсдэг. Тийм биз? ИЙМ (өөрт биш, өрөөл бусдад чиглэсэн) хүсэл БИЕЛДЭГГҮЙ! Та “Энэ тохиолдолд яах вэ? Ямар ч арга чарга байхгүй гэж үү?” гэх байх. Арга бий... тэр нь хүслээ бага зэрэг өөрчлөх явдал. Таны хүсэл танд л чиглэсэн байх ёстой. Тэгэхээр та хүслээ “Үр хүүхдээрээ ямагт бахархаж явах юм сан. Гэрийнхээ хамаг ажлыг ханьтайгаа хамт хийж байх юм сан”... гэх зэргээр өөрчлөхөд л болно. Өөрөөр хэлбэл та хүслээ өөр лүүгээ чиглүүлнэ гэсэн үг.
6. Аливааг тултал нь хүсэх
Нэгэн сайн хүн “Аль болох ойр ойрхон бөгөөд их юм хүсч байх хэрэгтэй. Бидний хүссэн бүхэн биелэхгүйгээс хойш аливааг тултал нь хүсч байхад илүүдэхгүй. Бид хэдий чинээ ихийг хүснэ, орчлонгоос төдий чинээ ихийг авна” гэж хэлсэн нь учиртай.
Та машинтай болохыг мөрөөддөг бол яагаад хамгийн хамгийн хурдан, хамгийн тансаг, хамгийн үнэтэйг нь хүсч болохгүй гэж? Та сая юу гэсэн бэ? Тийм машин авахад мөнгө хүрэхгүй шүү дээ гэв үү? Тэгвэл хуучин “приус” авах мөнгө бол байгаа юм байна, тийм үү? Бас байхгүй ээ? Тэгвэл ямар машин хүсэх нь зарчмын хувьд ялгаагүй л юм байна шд. Хуучин муу машины оронд хамгийн сайныг нь хүсээч дээ! Орчлон ертөнцөд зах хязгаар гэж үгүй. Орчлонд боломжгүй юм гэж үгүй. Тийм болохоор та ядуухан төсөөлөлдөө баригдан хүсэл мөрөөдөлдөө хэмжээ хязгаар бүү тогтоо. Зах хязгааргүй мөрөөд!
Хэдэн зүйл нэмж хэлэхэд:
1. Та өөрийн хүслийг орчлон ертөнцөд “захиалахдаа” хугацаа бүү тогтоо! Хүслийг чинь хэдийд хэрхэн биелүүлэхээ орчлон ертөнц өөрөө мэдэг.
2. Аливаа боломжоос бүү татгалз! Амьдралд чинь “санаандгүй”, “гэнэт” гарах өөрчлөлтүүдийг анхааралтай ажиж байгаарай. Эдгээр нь таны “захиалгын” үр дүн байхыг бүү үгүйсгэ! Хүсэл чинь биелэхэд ямар ямар үр дүнд гарахыг та кино зохиол бичиж байгаа мэт өөрөө бүү зохио. Та хүслээ зүгээр л “захиал”. Бусдыг нь орчлон ертөнцөд даатга.
3. Багаас эхлэ. Таны хүсэл мөрөөдөл том/глобал байх тусам биелэхэд амаргүй бөгөөд удаан байна. Тиймээс аливааг (хүслийг ч мөн адил) багаас эхлүүлэх нь зүйтэй. Зураач нар агуа уран бүтээлээ эскиз зургаас эхлүүлдгийн адил. Жижиг хүслүүд чинь биелэхийн хэрээр та өөртөө улам итгэлтэй болж, аливаа боломж бололцоог зөн совингоороо таньж мэддэг болно.
4. Үйлийн үрээс зугтах боломжгүй. Аливаа хүслээ сайтар тунгаан бодож байгаарай. Жишээ нь, бизнесээ амжилттай явуулахын тулд өрсөлдөгчөө дампуураасай гэж хүсдэг байж болохгүй. Бизнесээ цэцэглээсэй л гэж хүс... өрсөлдөгч чинь яах нь танд хамаагүй. Өөр нэгэн жишээ: та шалгалтандаа бэлэн биш гэж бодъё. Энэ тохиолдолд та “шалгалтандаа тэнцээсэй” гэж хүсэхээс биш “шалгалт авах багш өвчин тусаад битгий ирээсэй… газар хөдлөөд сургууль нураасай” гэж бодож болохгүй.
5. Юу хүсч явдгаа хэн таарсан хүнд бүү ярьж бай! Та бид янз бүрийн санаа бодолтой янз бүрийн хүмүүсийн дунд амьдардаг. Бидний юу хүсч явдгийг аль болох цөөн хүн мэддэг байх тусам хүсэл мөрөөдөл маань саадгүй биелэх магадлал өндөр байна.
6. Тэмдэглэл хөтлө! Хүслээ зөв тодорхойлж сурч байгаа хүмүүс “захиалсан” болон “захиалах гэж байгаа” хүслүүдээ хооронд нь хольж хутгахгүйн тулд хүсэл нэг бүрээ тусад нь цаасан дээр бичиж дугтуйнд эсвэл шилэнд цуглуулж, үе үе эргэн харж байхад зүгээр байдаг.
Дээр бичсэнийг цөөн үгээр дүгнэн хэлэхэд: өөрт чиглэсэн, өөрт хамаатай зүйлийг л хүсч байгаарай. Хүслийг чинь хэдийд хэрхэн биелүүлэхээ орчлон ертөнц өөрөө мэднэ. Энэ орчлонд боломжгүй юм гэж нэгээхэн ч үгүй гэдгийг л ямагт санаж яваарай. Ингээд танд амжилт хүсье!
Орчуулсан: Өлзийбатын Уянга