2014 оны 09-р сар 26-нд 09:04 цагт

Намар гэхэд нэг л шүүрс алдам санагддаг

НАМАР ГЭХЭД НЭГ Л ШҮҮРС АЛДАМ САНАГДДАГ

Намар гэхэд нэг л шүүрс алдам санагддаг. Юундаа тэр билээ? Энэ л хэвээрээ эгнэгт байх юм шиг ишин дээрээ эрхлэнхэн, ганхалзанхан бүжиж байсан өнгө өнгийн өнөө дэгжин цэцэгс ийм амархан, тийм түргэн хагдрах байсан юм уу гэж бодохоос хар бууж, нэг л шүүрс алдам санагддаг.

Намар гэхэд нэг л шүүрс алдам санагддаг. Юундаа тэр билээ? Ирээд л буцахыг нь мэдсээр хэр нь сэвшээ даган бидэртэх нууран дундаа нургилхан хөвж л байсан усны тэр олон шувууд үүл, манан дундаа үймрэнхэн нисэлдээд ирэхэд нь дагаад бас уймрах шиг болж, нэг л шүүрс алдам санагддаг.

Намар гэхэд нэг л шүүрс алдам санагддаг. Юундаа тэр билээ? Далавчлан далавчлан нисэх нь үү дээ гэмээр ихээ дээр эргэлдэнхэн хөөрснөө хөл дор сэвсхийтэл унаж, алхах тоолонгоор ёолох мэт шажигнах цардмал зам дээрхи навчисыг харахаас өрөвдөх шиг болж, нэг л шүүрс алдам санагддаг.

Намар гэхэд нэг л шүүрс алдам санагддаг. Юундаа тэр билээ? Ус чийгний үнэрээр нь шахуу соёолон цухуйж нялхардаг хар ногоон зуныхаа сардаа л ингэж шаагитал шуугитал асгарч байхгүй яав даа гэмээр уйтай намрын усан бороо норгосхийгээд ирэхэд одоо хөөрхий, оройтож дээ гэж бодохоос, нэг л шүүрс алдам санагддаг.

Намар гэхэд нэг л шүүрс алдам санагддаг. Юундаа тэр билээ? Насны эрхээр өтлөх мэт нэг л мэдэхэд өнгө гоогоо алдаад, зулран зулран зугтах мэт гэв гэнэтхэн л шаргал намарт халаагаа өгсөн хар ногоон, шал нялх зуныг бодохоос хөнгөн гуниг аяндаа төрж, нэг л шүүрс алдам санагддаг.

Ай, намар цаг. Өнгийн цэцэгс гандан хагдрав. Аяны шувууд ганганалдан буцав. Моддын навчис хуйлран унав. Оройтсон бороо үүлгэртэн шиврэв. Гэлээ ч боловсорч гүйцсэн жимс жимсгэнэтэйгээ хоцорсон доо гэж бодохоос ай, намар минь, алтанхан шаргал намар минь юундаа ч тэгтэл шүүрс алдан гуниглахсан билээ!

Нар буцах намарт ч гэлээ ид зуны хар ногоон өнгөнөөс бусад нь бүрдмэл, наран алсарсан ч илч нь яагаа ч үгүй, гэгээ гэрэл нь хэв янзаараа, эргэх хорвоо гэдэг ийм л шүү дээ.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.