2014 оны 09-р сар 19-нд 15:15 цагт

Баастын Золбаяр - Бүлээн /Эссэ/

БҮЛЭЭН (эссэ)

Дорнодын шөнө, талын шөнө, өвлийн шөнө. Хүйтэн, их хүйтэн байлаа. Вокзал дээр даарч хөрсөн тав тухгүйтсэн хүмүүс хөлдүү гутал тар түрхийлгэн орж гарна. Хоёр гурван бидон сав тавьчихсан, уут шуудайхантай ачаа хөсөг хөл рүүгээ хандуулаад тавьчихсан зорчигчид нойрмоглон сууна. Хаалга онголзуулах агшинд исгэрэн орж ирэх жавар жихүүн агаад улам л бүлээнийг хүсэмжлүүлнэ. Эрээнцав явах гэж байгаа манай чиглэлийнхэн нэг иймэрхүү л байж байтал ашгүй вагон явах дуу дохиоллоо. Бүгд л дор бүрдээ халуун хэвтрээсээ салж ядах адил хүйтэн хүлээх танхимаас дуу шуу болцгоон гарцгаав. Цэнгэг цэвэр агаар үлээж бие зарсхийлгэхийн зэрэгцээ энэ буудлаас Д.Нямсүрэн найрагч Эрээнцав руугаа явахын өмнө ямархан нэгийг бодож, ямархан нэгийг анзаардаг л байсан биз ээ гэж бодогдоно. Түүний бодлыг тийм орчинд хэн ч олж унших билээ, хэн нь ч тийм сэхээрэлтэй явах билээ. Харин тэр яруу найрагч хачин энгийн, бас хачин тэнгэрлиг зүйлсийг олж л харж зогсдог байсан нь эргэлзээгүй. Эрээнцав явах түүнд хамгийн сайхан.

Гадаа хэцэнд

Цагаан даавуу өлгөөтэй

Ганцхан зүгийн салхи

Эхнэрийн минь үнэртэй...

Эрээнцаваа зорихын өмнө бүр ч сайхан байдаг байсан болов уу гэж сэтгэгдэхийг эдгээр мөрүүд нь батална. Түүнтэй сайхан зам туулахаар мордох хүмүүс өртөө буудлын энэ наашаан цаашаан, ирэлдээн зөрөлдөөн, уур манан, утаа цан дотор өөрийгөө ер цэгнээгүй нь үнэн. Зөвхөн үл даарахын, үл бээрэхийн тухай бодож тэмцэж байсан, байдаг нь ил. Харин Д.Нямсүрэн гуай юу харж, юуг сэрж зогсохсон бол. Тасалбар шалгагч хүүхнүүдийн даарсандаа тогтож ядах гутлын товшоон, ягаахан хацар дээрээс нь нисэх цасан ширхэглэл, ямар зорилготой сууж байгаагаа ч үл ухах нанчдад дийлдсэн эрийн цантай живэр, намайг татаад аваач хэмээн өөчигнөн цөөчигнөн зогсох настай эмгэний хошуу цорвойсон гуйлт гээд ер юу эсийг найрагч тэрбээр сэтгэлдээ бийрлэж дуусах билээ. Ийн зөгнөсөөр их найрагчийн энэ орчлонгийн уудам болгоны туйл, энгүй болгоны төгсгөл болгон тунхагласан, ер бусын ялгуун шившлэгэт уран сайхны агаартай гэж түүхнээ үлдэх хүн төрөлхтөн, сансар байгалийн үлэмж ай савын алтан нутаг болох Эрээнцавын галт тэргэнд суулаа. Битүү харанхуй өтгөрч ноёлоод, бидний цуваа аль зүгийг чиглэн яваа нь үл мэдэгдэвч, даарсан хүмүүсийн дагжаа арилаад, дараагийн өртөөн дээр халууцан дэгжиж хүрэхийн дулаан тэлээд, гагцхүү надад найрагч Д.Нямсүрэнгийн шидэт бэх буй өргөөнөө нь очно гэхээс сэтгэлд чухамхүү бүлээн сүлэлдэн байв аа.

Хүмүүсийн яраглалдан хурхирах, шиврийн исэлмэл үнэрийг Эрээнцавын цасны анир, цэвэр агаараар хэдхэн цагийн дараа солино гэхээс яаран яарна. Хамт яваа Хашаа маань ярина. Цасан дундаас өвс сэвгэнээд цаанаа л нэгийг хэлнэ шүү дээ гэж ах ярьдаг байлаа даа гэж байна. Хашаа маань Их сургуулийн сэтгүүл зүйн ангийг надаас доохно төгссөн залуу л даа. Өвөрхангайн уугуул боловч Дорнодын сонинд ажиллаж, аж төрж яваа юм. “Ах” гэж тэр сая ярилаа. Аугаа их Д.Нямсүрэн найрагч ахуй амьдралын булаг шандад, тойром бүрдэд ойр шадар явсан ахан дүүсдээ цусан төрөл, цугаарын тангараггүй ч дүүдээн ах, ахдаан дүү, ард олондоо Нямсүрэн нь л явсан ажгуу. Дорнодод нийслэлээс буусан орой л Д.Нямсүрэнгийнд очих гэж байгаа би “Нямсүрэн ах, ах, ах..,” гэх үгийг “одноос олон” сонсч, аргагүй өөр лүүгээ бусдыг татан эмхэтгэх бүлээн сэтгэлтэн, бүтэн мөртөн байсныг нь нотлолцсон юм.

Бүлээн бүгээн сэтгэлтэй найрагч түүнд л цасан дундаас сэвгэнэх цантай өвс даарч ч юм уу, дагжиж ч юм уу харагдаад, дахиж хэзээ ч үл дааруулах үзэсгэлэнт үгэн дах тэгтийнд нь өлгийдөгддөг биз ээ.

Өвс нь нүдтэй

Ус нь эгшигтэй

Од нь дурлалтай

Тэнгэр нь,Есөн сартай хүүтэй... гэх мэт л.

Цантсан өвс, цав цагаан цас дүүрэн ажээ, эргэн тойронд. Эрээнцавд ойртож ирсний дохио энэ буюу. Төдхөн л галт тэрэг замаа жийн гулдчсаар зогслоо. Хүрэх газраа ирээтэхжээ. Шөнийн хоёр цаг. Тэнгэр болор оддоор цоохортсоныг, тэндхийн цас хунгартан хатуулагтсаныг анзаарч буулаа. Суурин чив чимээгүй. Галт тэрэгнээс буусан хүмүүс хэдийдээ юм гэмээр нэг ч үгүй болчихож. Жавар жингэнэн исгэрч, Эрээнцав их л тухгүй тосч байна уу даа, гэмээр. Гэвч ийм л байдаг, энэ нь л халуун үзэсгэлэнтэй байдаг биз ээ, эднийнхэнд. Бас зорчиж ирсэн вагоны цонхоор үйлчлэгч, ажилчин ганц нэг хүүхэн нөмгөлж амрахаар зэхээд үсээ янзлах, шүдээ угаан бүдэг гэрэлд сүүмийх нь жир бус. Хамт ажиллагсад нь нойрондоо хатираад өгөө байлгүй, харин тэр бүсгүй шөнийн хугас өнгөрсөн ч биеэ цэвэрлэж л зогсох нь завтайсан нь уу, заяатайсан нь уу бүү мэд. Юутай ч тэр Эрээнцавын шөнийг, одыг, цасыг илүү илүү мэдэрч зогсоо нь гарцаагүй.

Хандмаа эгч биднийг хүлээж байгаад жаахаан дугхийчихжээ. Түүндээ баахан гэмшингүй, “Чагнаад хэвтэж байтал унтчихаж” хэмээн зөөлөн зөөлөн учирлаад л цай хоол, бууз хуушуур болоод сүйд ээ. Зочлол хүндэтгэл байдаг байдаг гэхэд харанхуй шөнөөр очсон хэнд ингэж халгин цалгих айл байдагсан билээ гэж бодогдоно. Адууны махан бууз, бөөрнөөсөө ягаарсан нов ногоохон алим, чихэр жимс, өргөст хэмх, улаан лооль ер дутуугүй тансаг ширээ засчээ. Шилдэг зочломтгой дарьганга ёсоо долоон хүүхэд шигээ хайрласаар бурхан болсон Нямсүрэн минь гэж Нэргүй ах нэгэнтээ бичсэн нь санагдана. Нээрээ л тэднийд шилдэг зочлол, сэтгэлийн зулаа үл бөхөөх мөнхийн үргэлжлэл байна. Буйд энэ Эрээнцавын нутаг Монголын хамгийн нам дор газар, бөглүү энэ алсад бүлээн заяат Монголын хамгийн өндөр дээд зочлол эднийд болдог байж мэдэхээр санагдана. Тэр зочлол дайлалд сүү, сэтгэл хоёр нэвчсэн тул тийм өндөр эрхэмсэг бөлгөө.

Хандмаа эгч жаахан, жаахаан биетэй. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн энэ жаалхан эгчийн дотоод сэтгэл одоо Нямсүрэнгүйгээрээ долоон хүүхдийнхээ хувь тавиланг хумиж сууна. Долоон тавилан өөдөө байхын дор нь үндэс болж Хандмаа эгч амьдран сууж байна.

Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд

Цайвар манан, үл үзэгдэх ахуйд би дуртай.

Ийн шүлэглээд ирэхгүй тийш эргэж ирэхийн их цөн түрлэг аваад одсон их Д.Нямсүрэнгийнд бид бөднө жаахан гэргийтэй нь өглөөг угтаж сууна. Нар дээр манджээ. Яагаад ч юм бэ, Эрээнцавын нарыг яг тэднийд сууж байгаад өндийлгөчихлөө. Тийм л учиртай байсан юм болов уу.

Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар

Ердийн дан байшинд амьдран суудаг би хэмээх гэрийн эзний үг цээжинд ойрхоон.

Тэдний их өрөөнд нэгэн жаазтай зураг бий. Хандмаа эгчийн зураг хэд хэд, Нямсүрэн ахын зураг тэнд хоёр гурав тохиолдоно. Энэ зургийн байрлалыг Д.Нямсүрэн авгай өөрөө хийж байрлуулсан нь ийн хэвээрээ байгаа ажээ. Эхнэрийнхээ Украинд оюутан явсан үеийн хоёр гурван зургийг их л нямбайлан хийж, бас өөрийнхөө аравдугаар ангийн сурагч, өсвөр залуу үеийнхээ хоёр гурван зургийг мөн хийжээ. Энэ жаазтай зургийг байрлуулчихаад ихээ сайхан шүлэг бичсэн мэт дээш өргөн хараад, таатай инээвхийлэн их цагаан байшингийнхаа хананд өлгөсөн болов уу гэж бодогдоно. Мөнөөх жаазанд нэг зураг хоёр бий. Тэр нь Хандмаа эгчийн нэгэн фото, тэнд байгаа дүрийг яг байгаа чигээр нь, харандаа балханаар гараар дахин нэг зураад дээр доор хийчихсэн хоёр зураг. Гайхалтай нь фотогоосоо зурсан нь илүү үзэсгэлэнтэй, тод гоё харагдана. Жижигхэн биетэй Хандмаа нь жирийн бус Нямсүрэндээ Украинаас захиа явуулахдаа фото зураг хийж явуулсныг нь тийнхүү буцаан хэн нэгнээр зуруулаад дайсан нь тэр ажээ. Хэнээр зуруулсныг Хандмаа эгч үл мэднэ. Өөрөө ч зурсан уу, өрөөл бусдыг гуйж зуруулсан уу, бүү мэд. Мэдэх үнэн бол тэрхүү зургийг мэлмийгээр харж, гараар зурсан нь, аппаратаар авч угааснаас илүү танхил гоо буй байгаад л юм.

Тэднийд зураг үзэх гоё ажил. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Д.Нямсүрэн агсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо гурвын Отгонтэнгэр уулын өвөр бэл дээр морин дэл дээр орос хувцастай авахуулсан нэгэн сайхан зураг байх аж. Энэ гурвын авахуулсан зургууд буй л байх. Гэхдээ энэ зураг зүгээр нэг зураг биш ээ. Балбар найрагч их л залуухан, шингэн шаргал царай нь үл ялигхан гунигтай гэмээр, Мэнд-Ооёо нь болохоор үсээ авахуулчихсан явж, магнай нь орой руугаа багахаан гурвалжилсан тэргүүнээ ихэмсэг өргөж, алсыг харах агаад төгс цагаан царай нь төв эрхэмсэг, харин манай айлын Нямсүрэн ах мориныхоо чихэн дээгүүр Бадархундага нуурын хөвөөн дэх өвсийг л харж байна уу даа гэмээр гарчээ. Дарьгангын гурван найрагч Очирваань уулын анхны тахилганаа ийн гийчлэх ахуйдаа энэ зургийг Ганга, Нарангийнхаа зүг харж авахуулжээ. Ямархан сайхныг ярилцан, ямархан тансагхан шүлгийн мөрийг хэлэлцэн, ямар нарны учгийг тайлалцан хангай ханы уулс тайгыг гатлан, ямархан жаргалтай явсан бол доо тэр гурав. Одоо тэр зургийг нэг нь л үзэж сууна. Гурван найрагч гурван хүүгээрээ гоёсон бүлгээ. Гурвууланд нь нутгийнхаа нэрийг оролцуулан нэр өгсөн ажээ. Дашбалбарын Гангабаатар, Мэнд-Ооёогийн Наранбаатар, Нямсүрэнгийн Наранбаатар. Энэ гурван найрагчийн дотно ойр, сэтгэлүүд мяндсан нягт явсны илрэл энэ билээ л.

Бас нэгэн зураг. Цагаан ус цахран цувьсан хүрхрээний наанатай Нямсүрэн найрагч хаднаа суун нэгэн зураг татуулжээ. Ар тал дээр “Эрчүүдийн нулимс гэдэг газарт” хэмээн бичсэн байна. Өнгөцхөн харвал зураг л авахуулсан Нямсүрэн, ахиулж сайн үзвээс алсыг бодсон Нямсүрэнтэй тэр зураг алс Кавказын уулсын дунд байдаг гэж хамт аялж асан Ц.Энхбат өгүүлж байна. “Эрчүүдийн нулимс”, энэ хүрхрээн дээрээс их найрагч бүлээн шүлэг олсон байж таараа, бүтэн өдөр үзээд баймаар зураг аа тэр. Гурвалсан толгойтой морин хуур найрагчийн гэрийн хойморь хананаа угалзран байхын дэргэд Хандмаа эгчийн нэг зураг байх. Ув улаан дээлтэй, уяхан хонгор залуу насаа үлдээсэн Хандмаа эгчийн тэр зургийг Улзын голын усаар угаагаад угаагаад эс хир гаргам, тийм л уран дүрслэлтэй. Сайхан хүүхэн харж шүлэг бичих шаардлага байдаг аваас сайхан төрсөн Хандмаагаа шад болгонд нь урлаж, шүлэг болгоноо бичсэн байхаа Нямсүрэн бийрч. Нямсүрэнгийнхээ тухай Хандмаа эгч ярина. Галыг хичнээн сайхан түлнэ гээч. Түлсэн гал нь жигтэйхэн илчтэй гээд л. Мод цуулж гал түлэхдээ шүлгээн бичих шиг ханддаг байсан байна. Савхалж, сүмбэлж цуулаад, шагшуурга өрөх шиг дэглээд сайхан гал ноцоонхон асаадаг байжээ. Сайн барьсан шавар пийшингээ ингэж галлачихаад, шар ягаахан царайтай хүүхдүүдээ улаа бутруулчихаад бах нэгэн ханаж суудаг байсан болов уу, тэрбээр. Гэртээн ийн бүлээн тэлүүлж, гэргийгээн баярлуулж суухыг ер бусын аз жаргал хэмээн тооцдог байсан нь эргэлзээгүй.

“Өглөө шүлгээ бичээд үлдэнэ, өдөр цайндаа ирэхэд өнөө л байснаараа бөгтийгөөд байж байна, үдэш ажил тараад ирнэ, ерөөсөө өөрчлөгдөөгүй бичээд л сууж байна шүү дээ” гэж Хандмаа эгч өгүүлнэ. Шүлгээн бичихдээ тийм л үнэнч, тийм л шаргуу. Ингэж суухад минь саад бүү бол гэж хамгаас хайртай Хандмаадаа хүртэл сануулан сануулан их сайхан шүлэг бичсэнийг уншигч та мэднэ дээ.

Шүлэг бичиж суухад

Чи минь эрхэлж болохгүй

Шүлэг гэдэг шувуу

Өвөр дотор буухгүй гэсэн мөрүүдтэй нэг ийм л бичигдээгүй хуулийг бичиж дархалчихаад, шүлгээ “үнгэнхэн амраглаж” суудаг л байж дээ, Эрээнцавын их үстэй хүн. Түүний тухай яриа эгэлхэн, эгэл бус гэрт нь арванхоёрдугаар сарын аравны энэ өдөр үргэлжилж байна. Уулын зам хэцтэй, намтай, ухаа ягаан толгод цастай, бороотой байдаг. Улс амьтны яриа сайнтай, муутай. Харин энэ өдөр Эрээнцавд хамгийн сайхан яриа болж байна, Хандмаа эгч бид хэдийн хооронд.

Данзангийн Нямсүрэн найрагч нэгэнтээ баахан “улстөржжээ”. “Уг нь энэ Түдэв гуайд л улс амьтан саналаа өгмөөр байгаа юм даа” хэмээн ярин ярин явсан гэдэг. “Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв гуайг ялуулчих гээд ер бусын их “улстөржсөндөө” хөөрхий хэмээн Хандмаа эгч дурсах нь инээвхийлэлтэй. Мань эрд Л.Түдэв гуайг ялуулчих гэсэн мундахгүй их хүслэн байсан юм билээ. Нэгийг сэтгэж, хоёрыг бодсоноос ийн “ухуулж” явсан биз ээ, “тэр сонин хүн”. Харин түүний энэ саналыг хамгийн түрүүнд дуулгавартай гүйцэтгэсэн хүн бол Махабарада гуай л байсан болов уу гэж санагдсан. Тэд Эрээнцавдаа ижилдэж дассан хоёр. Энэ эр Нямсүрэнгийнхээ нэрэмжит яруу найргийн нь наадамд шүлгээ гуч гаруй минут хэлж, улс амьтныг унтууцуулсан ч уншин уншсаар дуусгаад гарч одсон гэнэ лээ. Цав цагаан толгойтой далан насыг шахсан тэр хүн цастай, бороотой, ямар л байнав, малгайгүй толгой нүцгэн, маалинган даавуун улавчтай сар жилийг тойрон Эрээнцавд амьдарч байдаг бас л хачин нэгэн. Махабарада нь Нямсүрэнгийнхээ үгэнд ордог байсан байх, Нямсүрэн нь Махабарадагийндаа ирдэг байсан байх. Тэр хоёрын сонгуулийн маргааш:

Энтээх оронд

Элдвийн хүн зон цуглаж

Тэртээх балрын юм хуучилна

Энэ бодвол, урьд шөнө

Лам шувууны

Зулзагаа барьж идсэн

Цаг болой... шүлэг төрсөн ч байж мэднэ.

Хандмаа эгч бидний яриа хөвөрсөөр. Нямсүрэн ахын нэгэнтээ хэлснээр ч үү, хэлэх байснаар ч уу, алтан утас ээрэх мэт л. Нямсүрэнгийнх идшээ хийж байна гэнээ. Харин гэрийн эзэн хармаандаа, эсвэл бээлийндээ гараа хийгээд хаа хамаагүй хүн шиг зогсч байх нь гайхмаар зүйл биш ажээ. Үхэр, эсвэл адуу нядлах ах, айл хаяаны нь нэгэн “Алив чи эндээс татаад өгөөч, айлын эзэн шүү юм байж” гэвэл, аль сая л сэхээрэв гэлтэй сөөнгөдүү дуугаараа сар сар инээгээд, эв хав муутайхан барьж зогсох нь, аргагүй Нямсүрэн мөнөө гэмээр гэнэ дээ. Нөгөө хэд нь мань ханагарын долоон хүүхдийн идшийг ийн аяглуулж байхад:

Сувай тарган намайг эзэн минь харчихлаа

Сургаар дуулдахгуй хол явлаа.,

Үр минь сувайралгүй

Сүүтэйхэн үнээ болоорой доо тугалхан минь

Сүрхий ч том болж дээ мээмээ мөргөөд чи минь

Сүү нь ширгэсэн ч хөхөө нэг сайн үлгэ дээ

Сүргээсээ хол бүү тасраарай цөөвөр чоно, хүн хоёр бий шүү

Сүүлчийн удаа чамайгаа би хөхүүлж байна

Шинийн сар маргааш ээжийнх нь цохон дээр буунаа... хэмээн бийр янтай, бэхийг сэтгэлдээ уралдуулан өөр ахуйд, өөр өнгө үнэрийн дор зогсч байсан биз ээ. Гар дээрээ шивээстэй Нямсүрэн бээр ганц амьтны амь тасалж үзээгүй хүн, тиймдээ ч:

Тэмээний нулимсанд бийрээ дүрж

Тэлмэн давхих морины гүйдэл дунд

Тэнгэр дээр шүлгээ бичиж явс­ныг мэдэх болно гэж шүлэглэсэн л.

Шүлгээн өөрөө цээжээрээ барагтай мэддэггүй нь, энэ содон хүний бас нэг сондгой. Сонгууль хурлын утаа май хиншүүшсэн цаг юмсан уу даа, эдүгээгийн Их хурлын гишүүн Д.Одбаяр Эрээнцавд Нямсүрэнгийнд бууж л дээ. Сумын клубт “улстөрчид” цуглаад, Одбаярыг хүлээгээд л, харин өнөөх нь Нямсүрэн найрагчийнд шүлгийг нь өөрт нь уншиж өгөөд, ганц хоёр хундагатайг татсан шигээ суугаад байх юм гэнэ. Уг нь Нямсүрэн өөрөө уншиж өгөх гэтэл “орж ирэхгүй” болохоор нь, Одбаяр угтуулан улаа бутарчихаад л уншаад байх нь тэнд байгсдыг гайхашруулж дээ. Юун хурал хуй, юун улстөр л болсон юм байх. Ухаандаа Одбаяр эрхэм:

Гоёхон шүлэг бичдэг байж дээ, урьд би..,

Гоо бүсгүйн тухай зөндөө дуулж

Гоолиг нурууны нь гүн ховилыг уруудан

Алга минь алтан завьхан мэт эрхлэн сэлүүрдэж,

Гоёмсог нэгэн татуурганд “очиж” зогсдог тухай

Гоёхоноос гоёхон шүлэг бичдэг байж дээ, урьд би хэмээн уншвал их Нямсүрэн “Сайхан уншиж байна, гэхдээ “очиж” гэдэг чинь миний үг биш байна хө, тулж гэж л байгаа болов уу” гэдэг ч юм уу, иймэрхүү байдлаар тэр хоёр оройжин шүлэг хэлэлцэж олон “улс төрч” хүний унтууг хүргэсэн бололтой юм. Өөрийнхөө шүлгийг цээжээр эс мэдэх мөртөө, өөрөөс нь шигтгээгүй үгийг шүлэгт нь оруулж уншвал тас харанхуйгаас зүү олох адил айхавтар мэдэрч чаддаг байжээ, “Би цас болно” гэж зөгнөсөн тэр хүн. Энэ хоёрт нөхөрлөлийн, ах дүүгийн нэгэн сайхан явдал буй. “Алтан-Өд” наадам анх болсон жил ажээ. Эрээнцав руу Г.Мэнд-Ооёо, Х.Чилаажав нар ярьж, шагнал өгөх болсон тухай дуулгажээ. Энэ мэдээг Эрээнцавын Нямсүрэн аварга их л намжуухан хүлээн авч, бараг л Хандмаагаараа албадуулан ааг зааг болсоор Дорнод руу гарчээ. Дорнодод оччихоод маргааш орой шагнал гардах ёстой атлаа “Ах нь хотод нэг юм авах гээд л байх шиг байна” гэчихээд айл амьтнаар орсон шиг, таньдаг мэддэг залуустайгаа тамхилсан шигээ л хээвнэг алхаад байх юм гэнэ. Гэтэл маргааш Дорнодоос Улаанбаатарын нислэггүй гэж байдаг, Эрээнцавын их үстэй найрагч үүнийг ер тоож байгаа юм алга гэнэ. Тэгж явсаар хоноотохож дээ, Дорноддоо. Өглөө нь өнөө Нямсүрэн чинь аанай л алхдагаараа Чойбалсангийнхантайгаа мэндчилсэн шигээ явж байна гэнэ. Энэ байдалд бачимдсан нэг шүлэгч охин аймгийн Засаг дарга Одбаярт “алтан хошуу өргөснөөр” асуудал шийдэгджээ. Одбаяр дарга “Алтан-Өд”-д “дургүй” өнөөх нөхрийг “баривчилж”, Хэнтий тийш явах хамгийн сайн машинд суулгаарай гэж замын цагдаад үүрэгдээд, өөрөө Өндөрхаан руу утсаар ярьж, онгоц хүлээлгэх шахуу юм болгож байж Д.Нямсүрэн найрагчаа онгоцонд суулгасан “нүсэр зохион байгуулалт” болжээ. Ингээд ногоон дээлтэй Д.Нямсүрэн Буянт-Ухаад буугаад айлд бууж, аяганы амсар зуулгүй “Алтан-Өд” гардсан сайхан түүх энэ ажгуу. Нямсүрэн, Одбаяр хоёрт ийм нэгэн Эрээнцавд шүлэг уншиж ах дүү бололцсон, эх орны зүүн цэгээс төв цэгт хүртэл газар товчлолцсон нөхөрлөл буй ажээ.

Хандмаа эгч бид хэдийг ярьж суутал их үд аль эрт өнгөрчээ. Ингэсгээд ахын чинь өрөөгөөр оръё доо гэж байна. Их найрагчийн бийр янтай мөрөө амраасан өрөөнөө орохын өмнө гадаа гарлаа. Хэцэн дээр тохсон хэдэн хувцас хашаанд байна. Хэн үүнийг угаасан бэ, Бөртэ л болов уу. Хэцэн дээр тохсон энэ хэдэн хувцсыг хөлдөж царцахаас нь өмнө Бөртэ минь бүжин гараараа угаагаад уур савсуулан тохохыг нь умраас би харахгүй яав даа, яг тэр үед нь харсан бол ямар сайхан шүлэг орж ирэх байсан болоо гэж Нямсүрэн найрагч бодмоор санагдана. Цааш хоёр алхлаа. Цав цагаан довжоо хуучин пингийн нь үүдэнд байна. Түүн дээрээ юм бодож суух их дуртай байсан гэнэ, тэрээр. Тэгээд л:

Өмнөөс мөнгөн сэвэлзуур салхи үлээж

Мөсөн чихэр хагарах дуун мэт тунгалаг ахуй оршоод гэж шүлэглэсэн буй за. Цаашаа дахиад хэд алхлаа. Үнээний саравч, малын бичил “ордон” байна. Үүнийг Нямсүрэн ах өөрөө барьсан гэнэ. Нэг дүнз тавьж нэг хараад, хоёр дүнз тавьж хоёр харан байж барьсан юм гэсэн. Шүлэг бичихийн дархны урлалаараа сэтгэж, зүгээр нэг энэ саравчийг барихад зүгийг нь олох гэж их л мунгинасан даа, ах чинь хэмээн Хандмаа эгч ярьж байна билээ. Эзнийх нь сэтгэл шингэсэн болохоор тэр биз дээ, хэдэн үхэр нь эндээ их л жаргалтай, бүлээн нулимс унаган хивж хэвтэнэ билээ. Тэдний саравчны ард цас их хунгарлажээ. Тэр бол Нямсүрэн гуайн хүсдэг зүйл мөөн.

Эрээнцавд миний гэрийн хойт хашаагаар дүүрэн их цас хунгарладагсан

Тэнгэрээс ирсэн тэр том, том цасан цагаан морьдыг

Тэнд Хөхдэй мэргэн хүү минь

Хөх нуурынхаа хүүхдүүдтэй унан давхилддагсан...

Тэнд үнэхээр тийм байна. Хөхдэй мэргэн Зэв зээ дүүгээ дагуулан аавынхаа “зүсэлж” өгсөн том, том цасан цагаан морьдыг унан, унан давхилдан өсч байна.

Тэгээд бид Эрээнцавын Нямсүрэнгийн их урлан руу орлоо. Тэнд та юу үзэж болох вэ. Хамгийн эхэнд таны нүдэнд алтан харганы салаа мөчрийг хойморьт асаасны доохно “Амитаба” шүлгээ үйсэн дээр хав хар бэхээр бичиж залсныг олж харнам зэ. Дэргэд нь хонины нэхий сул тавьсан суудаг сандал нь байна. Түүн дээрээ тухлан суугаад шүлгээ уншин уншин бичсэний нэг нь:

Зүггүй нэгэн банди

Хонины нэхий дээр хөлбөрч

Зүүрмэглэх бүсгүй лүгээ

Шүлэг нэгийг зохиохуй юм.

Нэхий тавьж суусан суудал бүлээн байлгүй яахав, нэхийн дээр бичсэн шүлэг бүлээн л байх нь үнээн.

Д.Нямсүрэнгийн эдлэнгийн баруун хатавчнаас нар зөв тойрох байрлалтайгаар түүний номын сан сүндэрлэнэ. Энэ номын сангийн магнайд өөрийн нь хүлгүүд сойлгоостой. “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль”, “Аглагхан талаасаа” гурав нь “хантайраатайгаас” яруу найрагчийн уяа сунайх нь дэлхийн хэмжээний аргамагуудтай. Түүний дээр өгүүлсэн гурван ном хүлэг нь их уяанаасаа арай тусдаа уяатай. Энэ бол Нямсүрэнтэн өөрөө л урласан болов уу, хус модоор хийсэн хоёрхон хөлтэй жигжигхэн тавиур юм. Ингэж номын сангаа өөрийнхөө номноос эхлэн шан татахдаа их номын сангаа баруун өвдөгнөөс нь түшишхийлгэн байрлуулсан нь хүндлэл дагуулсан хэрэг юмсан уу даа. Эрээнцавд байх энэ тансаг номын санд ямархан бүтээлүүд байна вэ? Цөөхөн дөө, цөөхөн. Нэрлээд өгье. Лев Толстойн “Дайн ба энх”, Расул Гамзатовын “Миний Дагестан”, Анатолий Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, Эрнест Хемэнгуэйн “Өвгөн тэнгис хоёр”, Гомбожавын Мэнд-Ооёогийн “Утгын болор сүм”, Очирбатын Дашбалбарын “Гол ус намуухан урсана” байхаас гадна бас бус хэдэн ном харагдана. Эдгээр нь Хөхнуурын хонхорын ховорхон шүлэгчийн ширээний нь номууд ажээ. Бас тэнд библийн “Шинэ гэрээ” байх их л уншигдсан шинжтэй. Дорнын хэлгий уураг шиг амтат яруу найраг шижирлүүлэн хүний бөгөөд байгалийн амьдралыг өвс, цас, өөр гурав дээрээ ээнэгшүүлэн үргэлжлүүлсэн эрхэмхэн яруу найрагч эдгээрийг л уншихад хангалттай гэж тооцдог байсан бололтой.

Номын сангийн нь ар шил дээр яруу найрагчийн хөрөг заларна. Үүнийг нь Дорнодын зураач Гантуяа нэрт хүн бүтээсэн юм гэсэн. Үс гэзэг нь “Эрчүүдийн нулимс” зурагт байсан хүрхрээнийх шиг, ядрангуй юм шиг бүлээн өнгөтэй нүд нь ангир үрсээ, ааль жаахан Хандмаагаа, агь өвс, ариг цагаан цасаа өрөвдсөн мэт, ягаан шар царай нь тайтгаралд уусан уусан үзэгдэнэ.

Энэ хөргийг бүтээгч энэ дэлхийн хамгийн азтай зураач ч байж мэдэх л. Харин энэ бүтээлдээ хэр хангалуун явдгийг эс мэднэ. Хамгийн гол нь тэр зургийг зурах тавилан эдэлсэнд л учир байна.

Гайхамшигт энэ хөргийг манах шиг хуучин урт хар буу тэнд буй. Бирдаан л бололтой юм билээ. Нэгийг ухан сэтгэж л эндээ авчраа биз дээ. Харин тэр бодлын ухлаадас нь юу байсныг таашгүй. Буу бол ангийн хэрэгсэл. Алах намнах, зориулалттай эд. Д.Нямсүрэн найрагчид амьтны амь хороох “зориг” байгаагүй бөгөөд энэ буутай холбогдон нэг явдал учиг үүсгэнэ. Эрээнцавынхаа анчингуудад хань болж, нэгэнтээ анд явж л дээ, явах ч юу байхав, нүгэлтнүүдийг шүлгээрээ ариусгаж явсан биз. Ирээд тэрээр зээр намнана гэдэг ч бардаггүй ажил байна даа, нүд нь л харагдаад байх юм хэмээн Хандмаадаа ярьсан гэдэг. Тэгэхээр тэр урт хар бууг нүгэл болгоны дуусгавар болгон сэтгэлдээ манадаг ч байсан юм уу, хэн мэдлээ дээ.

Тэнд нэгэн махир сэлэм буй. Бас баахан сумны хонгионууд. Ямар нэгэн гаргалгаа хийж бодохоос өмнө, энд байх ёстой болоод л байгаа биз гэдэг бодол төрнө.

Мөнөөх сэлмээр цавчсан ч бай, цавчаагүй ч бай, мөнөөх хонгионууд буудагдсан ч бай, буудагдаагүй ч бай, энэ бүхэн Д.Нямсүрэнтэнд эмзэглэл өгдөг байсан болов уу. “Авьяас гэдэг чинь эмзэглэл байхгүй юу” хэмээсэн Донровын Намдагийн үг санагдана.

Цасны найрагчийн цагаан лонхонд шимийн охь хийснээс Хандмаа эгч хийж өглөө. Цахиртаж, суурь руугаа утаашсан тэр хөх алаг лонх өвсний шүлэгчийн туйлын хайртай өмч байсанд эргэлзэх юм алга.

Хаврын өнгөт оюун уулнаас дотнын хүн ирвээс

Хашийн шим мэт дарсыг гуравхан хуруувч зоогломуй гэдэг сайхан шүлгийг санан санан, хайртай шүлгүүдээсээ уншин уншин дарсаан хүртдэг байсан болов уу, Д.Нямсүрэн авгайтан. Энэ дээд хоёр мөрнөөс илүү гардаггүй юм гэхэд, үл дутах түүний сайхан хоёр мөр бий. Тэр нь:

Дорнын сарны ер бусын гэгээнд

Дорнын шүлэгчид дарс уух шиг жаргалтай байх болтугай гэсэн байдаг юм. Сайхан сонсогдож байгаа биз. Эрхэм уншигч тантай энэ ялгуун мөр зориулагдсан нэгэн сайхан шүлэгч эрийнд мөдхөн “очноо”, азнан болгоогоорой.

Задгай гал, налсан өвсийг үзэж явсан найрагч Хандмаадаан бичсэн захиануудаа эмхэтгэж тавьчихаад, одсон байх юм, хөөрхий. Тэнд хамгийн гоё захидал, хайрын захианы төгсгөлүүд байгаад үл эргэлзэнэ.

Хандмаа минь, Хандмаа минь

Би мэднээ, чи минь наддаа хайртай

Их Д.Нямсүрэнгийн захиа ингэж эхэлнэ. Яасан ч дэндүү энгийн гоо вэ, яасан ч дэндүү өөриймсөг энхрийхэн хандалт вэ, яасан ч дэндүү төгс үнэн мэдэмхийрэл вэ, яасан ч дэндүү уран ялдамхан “тулгалт” вэ? Хандмаа эгч хамгийн гоё захиаг хүлээж, хамгийн гоё захиаг авч, хамгийн гоё захиаг задалж, хамгийн гоё захиаг уншсан хязгааргүй азтай эмэгтэй. Хязгааргүй азтай учраас л, хязгааргүй том яруу найрагчтай амьдарсан буй за.

Д.Нямсүрэнгийнд байх Нямсүрэнгийн “гал тогоонд”-ийн саатаад, энд ирэгсдийн сэтгэл, бодлоо бичдэг дэвтэрт хэдэн үгийг бичээд эргэн их өрөөнд орж ирлээ. Хандмаа эгч ярина.

Дашбалбарынхаа ажил явдалд би ерөөсөө очиж болохгүй гэдэг үгээр бүгдийг түгжээд яваагүй юм даа гэлээ. Учир л байсан биз ээ. Монголын яруу найрагт өөрийг нь хөтлөн оруулж ирсэн шавийнхаа, Эрээнцавын Нямсүрэн аваагүй байхад би авах болоогүй хэмээн төрийн шагналд “босго тавьж” байсан дүүгийнхээ хорвоогоос буцах үдэлтэд ирээгүй нь сонин. Учгийг ухаж үл чадна. Нэг ийм шүлэг нь л О.Дашбалбарт Д.Нямсүрэн нь ямар хайртай байсныг илтгэнэ.

Үгүйллийн дуу /О.Дашбалбарт/

(Реквием)

Ар царамын хайлаасанд

Алаг шаазгай шагширлаа

Аймаг явсан хойгуур

Дүү минь ирээгуй байгаа

“Алтан богдын шилд

Алтан гургалдай жиргэнэ”

Алтан гургалдайн хоолойд

Нуугдсийм биш байгаа

Шамбалын орны үүдээр

Шаргал туяа татлаа

Шандат цайдмаа орхисон

Шавь минь биш байгаа

“Шар хадны дээгүүр

Шар солонго татлаа”

Зэвт үгэнд намнуулсан

Зээрэн дүү минь биш байгаа

Шархтай шархгүй гөрөөс ба хүн

Дүү чи бидэн хоёроо гэж...

Энэ шүлэг хоосон гэж үү, ховоодох юмгүй гэж үү. Өдгөө шавь нь Алтан-Өлгийд, багш нь Эрээнцавдаа нойрсч байна. Дарьганга, Алтан-Овоо, Шилийн Богд, Ганга нь байдагтаа л. Хандмаа эгч ярьсаар л.

Ах чинь, өнгөрөхийнхөө урьд шөнөдөө унтаж байгаад, гэнэт Хандмаа, Хандмаа гэсээр босч ирээд, би их хачин зүүд зүүдэллээ, хоёр хүн сая орж ирээд гарлаа гэсийм шүү дээ гэлээ. Хандмаа эгч тэгэхэд нь баахан тоолгүй, тэгж, ингэсгээд хоёулаа буцаад унтсан юмсанжээ. Маргааш нь үнэхээр хоёр залуу машинтай ирээд аваад явсан юм билээ. Тэр түүнийг харсан бололтой... Зүүн бүсийн яруу найргийн наадам болно гээд Дорнодод зэгсэн хүмүүс цуглачихсан байна гэхэд явахгүй, явахгүй гэж байгаад л гэнэтхэн би ер нь явахгүй бол болшгүй нь гээд тийн гарсан нь иргэж ирэхгүйн унаанд дөрөөлүүлсөн хэрэг.

Хандмаа минь, Хандмаа минь чи надаас архи л харамлаж болохгүй гэж хөөрхий минь хэлдэг байсан юм, миний агуулахад нэг архи байсныг харчихсан юм билээ хэмээн Хандмаа эгч ярьж байна. Хайрцаганд нь хийсэн гэнэ лээ, тэр ууж амжаагүй сархдыг нь. Хандмаа минь өгсөн юм гээд хамгийн сайн хүмүүсийн сүнсийг талархан талархан дайлаа л тэр, диваажинд.

“Цаг ирж нөхцөл бүрдэхэд” хэмээх нэгэн шүлэгт нь:

Цаг болж нөхцөл бүрдэхэд

Шавь Содномнамжил Баруун-Зуугийн хамба болно” гэсэн мөр байдгийг та уншсан даа. Тэр Баруун-Зуугийн хамба болох Содномнамжил багш ахынхаа “Зөн” нэртэй шүлгэнд баахан зэнзийрхэнгүй байдгийг олон хүмүүс гэрчилж байна. Тэнд:

Ер бусын нэг юм,

Ирж буй мэт санагдан

Өдөр бүхэн чихэнд минь

Ертөнцийн анир дүнгэнэнэм

Ердөө энүүхэн доод,

Гүвээний доороос

Нөгөө нэг юм.,

Муухай үнэрт төмөр унаагаар мацна уу?

Энэ яах аргагүй зөн биз ээ. Их Нямсүрэн Дорнодын арханд Хэрлэн сумын нутагт Хүрлээ нэрт залуугийн гар дээр тэнгэрт хальжээ. Тэгэхдээ “Тээр дээр хоёр шувуу нисч явна, тэд л ахыг нь аваад явах нь уу даа” хэмээн өгүүлсэн гэдээг. Тийн амьсгал хураасан газар нь хөшөө босгосны дэргэд тэнгэрлиг яруу найрагчийн сүүлчийн удаа хэрэглэж байсан асаагуур нь одоо боловч бий юм гэсээн. Түүнд хэн хань болох билээ, өвс, цас л биз ээ. Хандмаа эгч бид ярьсаар шөнө болчихож, хариугүй галт тэргэнд суух цаг дөхжээ. Явахаасаа өмнө Батжаргалынд очоод яв! гээд биднийг дагуулаад гарлаа. Хэрэв бидний ингэж явахыг Д.Нямсүрэн найрагч амьдсан болоод үзсэнсэн бол:

Хачин юм шүү

Энэ хавийн хүүхнүүд нэгнийдээ цуглараад.,

Хачин юм шүү

Энэ хазаар өвснүүд хашааны буланд бөөгнөрөөд.,

Юун Баянтүмэний галт тэрэг ирэхтэй манатай байхад

Юугаа... тэд ярьцгаадаг юм бол? гэсэн шиг шүлэг дахин нэг өөрийг бичих байсан даа.

Хандмаа эгчийг даган хас цас туучин Хашаа, Элбэгзаяа бид гурав явж байна. Саяын бидний ярианы төгсгөлийн гунигийг Эрээнцавын цас, од хоёр цэвэршүүлж, цээж тэнэгэр амьсгалан явсаар Батжаргалынд ирлээ. Тэр Д.Нямсүрэн яруу найрагчийн отгон шавь нарын нь нэг ажээ. Дорнын зүүн хойд хязгаарт 15 жил алба хаасан энэ хурандаа сайхан эхнэрийнхээ цай хоолоор биднийг дайлаад “Буйд газар” номоо бэлэглэсэн юм. Уг номын эхэнд Нямсүрэн багш нь “Урам” хайрлахдаа энэ шүлэгчийн нэгэн шүлгийн мөрийг онцлоод мөнөөх дээрх “Дорнын сарны ер бусын гэгээнд, дорнын шүлэгчид дарс уух шиг жаргалтай байх болтугай” хэмээн уншигчдад уриа ерөөсөн байдаг юм. Тэрхүү Нямсүрэн гуайд онцлогдсон мөр нь:

Алтанхан талын минь жиргээ бяцхан болжморууд

Ах аа, ах аа, чихэр, чихэр гэх шигээ гэсэн нь юм. Тэд ийм л мөрт шүлэг уншилдан Эрээнцавын сарны их гэгээнд, Улзын уран эгшиглэнг сонсонхон нэг бус удаа шөнө суусныг Хүрлүүд Дүгиймаагийн Батжаргал дурсан дурсан ярих нь сайхан ажээ. Салж ядан тэднийхээс гараад, өндөр дээд найрагч Д.Нямсүрэнгийн их цагаан байшингийн довжоогоор эргэж нэгэн ороод вагонд суулаа. Хандмаа эгч бүүр вагонд орж ирэн үнсэн үнсэн үдлээ. Далай сэтгэлт түүнтэй Д.Батжаргал хурандаа эхнэртэйгээ хамт галт тэрэгний буудалд үлдлээ. “Хаврын урсгал”- д норж, “Сэтгэлийн байгаль”-д нэвчиж, “Аглагхан талаасаа” ассан Д.Нямсүрэн найрагчийн нутгаас буцахад их хүйтэн намжиж, илч бүлээн түгэн түгэн байх шиг санагдав. Их цагаан цасны ширхэг бүрт Нямсүрэнгийн нь сэтгэл шингэсэн болоод тэр л. Төрийн сүлд түүний амьтай цасыг үнэрлэж үзээсэй.

Эрээнцавын сургуулийн ихээ олон хүүхэд:

Эх орон минь дуу шиг сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан

Эрээнцавд цас орох нь сайхаан хэмээн бултаараа Хөх нуурын хотгороос огторгуйд дуулдан дуурстал уншина.

Баастын Золбаяр

2004.12.21

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.52.77) 2022-11-16 03:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.52.77) 2022-11-16 03:30
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах