2014 оны 08-р сар 08-нд 09:05 цагт

Айл гэрийн ноён нуруу аав нартаа баярын мэнд хүргэе

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Тиймээс өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Харин Олон улсад зургаадугаар сарын гурав дахь ням гарагт аавуудын өдрийг (Father's Day) тэмдэглэдэг. Гэхдээ энэ өдрийг Америкт анх тэмдэглэж ирсэн түүхтэй.

Түүхийн баримтыг эргэн дурсвал

Сонора Смарт (нөхөрт гарсны дараа Додд овогтой болжээ) бүсгүй ээж нь нас барсны дараа өөрийг нь болон бас таван дүүг нь аав Уильям Жексон Смарт өсгөж, өндийлгөснийг Ээжийн өдөрт зориулсан сүмийн мөргөлийн үеэр эргэн санажээ.

Сонора өөрийнх нь хувьд аав нь ямар онцгой хүн байсан, түүнийг хэрхэн хайрлаж, үнэлдэгийг эцэгтээ мэдүүлэхийг хүссэн байна. Юу гэвэл түүний аав эцэг хүний бүхий л үүргээ биелүүлэхийн тулд өөрийгөө гаргуунд нь орхиж, охиндоо хамгийн эрэлхэг, хувиа хичээдэггүй, хамгийн хайртай хүн нь байжээ.

Сонора шинэ баяр бий болгох саналыг нутгийн эрх баригчдад тавьж, тэд саналыг нь дэмжиж, Уильям Смартын төрсөн өдөр буюу зургаадугаар сарын 5-нд энэ баярыг тэмдэглэх байсан ч, баярт бэлтгэх хугацаа бага байсан учир зургаадугаар сарын 19-нд тэмдэглэхээр болжээ.

Удалгүй энэ өдөр муж улсын бусад хотод ч дэлгэрсэн байна. Тийнхүү аавуудын өдөр эцэгтээ охиных нь барьсан хайр сэтгэл, талархлын илэрхийлэл болжээ.

Сарнай нь Аавуудын өдрийн цэцэг бөгөөд аав нь амьд сэрүүн байгаа бол улаан, насан өөд болсон бол цагаан цэцэг барьдаг байна. Зургаадугаар сарын гурав дахь ням гарагт аавын өдрийг Их Британи, Голланд, Франц, Хятад, Япон болон бусад орон тэмдэглэх болжээ.

Харин олон орон эцгийгээ хүндэтгэх өөрийн үндэсний өдрийг бий болгосон нь сонин бөгөөд тодруулвал Германчууд Христийн тэнгэрт хальсан өдөр, Австраличууд есдүгээр сарын эхний ням гараг, Италичууд гуравдугаар сарын 19-нд аавын өдрийг тэмдэглэдэг байна. Харин манай монголд 2003 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоог байгуулжээ. Тус байгууллага нь эрэгтэйчүүдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

Эрчүүдийн эрүүл мэнд, ёс суртахуун гээд тэдний өмнө тулгараад байгаа бүхий л асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн байна. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хир хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болох юм. Тиймээс аав, хүүхдийн хамгийн ойрхон байх жилд ганцхан тохиох өдрөөр аавдаа зориулж хэлж амжаагүй чин сэтгэлийнхээ үгээ хэлэхээ мартуузай. Айл гэрийн ноён нуруу аав нартаа баярын мэнд хүргэе.

*******^^*********  **********^^*************  ***********^^*************   **************^^*************

Бодлын гүнд уяатай аав минь
Бурхан болж тэнгэрт одсон ч
Буруу зөвийг эгнүүлэн тэнцүүлж
Буянаа хайрласан аав минь

Аавын маань эзгүйд гомдож
Арын хайрхан хад чулуугаа гээж
Арван тавны сар гэрлээ гээж
Алтан нар ч илчээ гээх юм

Унтахад зүүдэнд ирж аргаддаг аав минь 
Уйлахад нулимс болон асгарч
Ухаан санааг минь амирлуулан холдохдоо 
Уран ухаанаа зүрхэнд минь сийлэн одох юм

Хайртай гэж тандаа хэлэхэд оройтсон ч
Хайртай гэж зүрхэндээ шивнэдэг шүү
Захих гээд гүйцээж хэлж чадаагүй захиасыг тань
Зөнгөөрөө мэдэрч хичээж явдаг шүү

Хайрт Охин тань, Ц.Мөнхдэлгэр

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.