2013 оны 11-р сар 09-нд 11:24 цагт

С.Эрдэнэ - Наран тогоруу

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов.

Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороонд тавьсан майн утаа найман сарын    нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах ганц модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчин явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхэй тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм.

Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлээж “надтай цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нилдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүуд хонио ялган шуугилдаж, тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лам мөн.Тэх гэдэг нэртэй хүн байг яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ? Багад нь муу амьтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон гэдэг. Палхайн орь дуунаас үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув.

Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд би үхрийн хорооны шургааг дээр юмуу, энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар шингэхийг үзэхгүй хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө. Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юмсан гэж бодоод инээд алдав.

Ганга  л   мөрний  гургалдай                                   

Гадаа  минь ирээд жиргэнэ л... Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр Ганга нөрөн хаа ч юм билээ? Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа. Үгүй, бий болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь хүрч очих цаг ирэх ч юм билүү “Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай” гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт  Ганга мөрөнд ч хүрч  болно.

Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай! Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай! Би маргааш та  нарын  хойноос одно...

Од түгж дулаахан шөнө болов.  Хөрш  айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй болно гэж би итгэнэ. Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл над бий. Үерхдэг охин гэх юмуу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх булгилах билээ. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд,

-Цагаа буцалгах гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар хүсэмжилж сэтгэл догдлох сонихон. Бид хэн хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй. Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл, савхин гутал өмсөөд харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа ч охинд мэдэгдэх аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нилээд томдсон тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.

-Сампилын аав Баатарын ээж гээд бүгдээрээ над мөнгө өгсөн.Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд савхи авч явуулнаа.

-Аймгийн хоршоо нээрээ их юмтай байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ.

Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас шавхай болсон нүцгэн хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр нь үзэгдэв. Хүүхдийн  харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын амтыг үзүүлдэг тийм нэгэн цаг, ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.

-Би аймгийн сургууль төгсөөд цэргийн сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол  зуны амралтаар  уулзаж  байх боллоо доо.

-Би чамайг хүлээгээд л байна. Ах жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи над захидал л их бичиж байгаарай.

-Тэгнээ.

-Ээж чинь  яачихав гэж  хүлээж  байгаа даа.

-Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл бүдүүрээд ёстой эр хүн  болж гээд л байсан.

Охин сүүрс алдаад миний гарт нэг зөөлхөн юм бариулж

-Миний багын үс. Чи “комсомо” болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа санаж байна уу гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад шодгорхон гэзгийг нь тас хайчлан “комсомол” болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ.

Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг.    Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр ширтэж гайхан хэвтлээ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй! Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа.

-Наран тогоруу!  Хараач тэр наран-тогоруу!

Амьдрал үлгэр биш ажээ. Нутгийн минь нарны гэрэл сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран-тогоруунууд алихан газартаа явна вэ. Алсын алст нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна  уу.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.