2017 оны 03-р сар 10-нд 08:50 цагт

Юм /Өгүүллэг/

2017 оны 03-р сар 10-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Нэг дэхь эрдэмтэн хэлэв: 

- Би үүнийг эртний хүмүүсийн хэрэглэж байсан зэвсгийн төрлийн зүйл болов уу гэж бодож байна. Үүнийг гартаа бариад хүний хацар, нүүр зэргийг алгадвал нэлээд хүнд цохилт болно. Мөн нөгөө талын дайралтыг хорьж хамгаалахад ч гэсэн бүрэн дүүрэн ашиглаж болно. Балар эртний хүмүүс үүнийг бие хамгаалах зэвсэг болгон хэрэглэж байсан болов уу. 

Хоёр дахь эрдэмтэн босон ирэв:

- Би үүнийг зэвсэг гэж бодохгүй байна. Энэ юман дээр хоёр товгор байгаа бөгөөд товгорын орой нь нэлээд хэлтийж элэгдсэн, бас гол дундаас нь янз бүрийн бодис илэрсний дотор тэр нь эртний хүмүүс амтархан иддэг байсан бананы хольц болохыг би шинжлэн тогтоосон. Нэг төрлийн амтат идээ зоог болгон жимс зэргийн шүүсийг энэ товгорт шахаж бяцалж түрхэж байгаад долоож иддэг байсан болов уу. 

Гурав дахь эрдэмтний ээлж ирэв: 

- Би хоёр эрдэмтэнтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Эрхэм эрдэмтэд энэ юманд яагаад нүх байгааг ер анхаарч үзсэнгүй. Юу болохыг нь тодорхойлоход энэ нүх маш чухал үүрэгтэй болов уу. Миний олон талын судалгааны үр дүнд, энэ гурван нүхний байрлал балар эртний хүний нүд, амны хоорондох зайтай бараг адил байгааг тогтоосон. Би үүнийг эртний хүмүүсийн ямар нэгэн зорилгоор нүүрэндээ зүүдэг байсан баг болов уу гэж үзэж байна. 

Гэвч нэг дэхь эрдэмтэн ч, хоёр дахь эрдэмтэн ч өөрсдийн дүгнэлт дээр бат зогсож ер бууж өгсөнгүй. 

Ямар ч аргагүй болсон тул цаг хугацааны машин хэрэглэх боллоо. Хэсэг байж байтал нэгэн балар эртний хүн цаг хугацааны машинаар хүрч ирлээ. 

Эртний хүн өгүүлэв: 

- Энэ юмыг юу вэ гэж асууж байгаа юм уу? Үүнийг энэ хэвээр хэрэглэж болохгүй ээ. 

Тэр хүн эргэн тойрноо ажиглаж байснаа удалгүй өөрийнхөө бэлхүүсэндээ зүүсэн ургамлаар хийсэн бололтой хувцаснаасаа тасдан авч хоёр хэсэг цуулж ураад нөгөө юмыг гартаа бариутаа даавууны тасархайг нүхнээс нүхэнд шургуулан холбож уяв. Гар нь гайхалтай уран шалмаг хөдөлнө. 

Тэр хүн нөгөө юман дээр хөлөө тавилаа. Хөлийн таван хуруу нь хараахан баларч үгүй болоогүй бүтнээрээ байна. Эрхий хурууныхаа завсарт уяаг оруулан хавчив. Тэгээд хөлөө өргөтөл нөгөө юм хөлөнд нь яв цав таарч тогтож байна. 

Тэрбээр хоёр, гурав алхаж үзүүлээд хэлэв: 

- Үүнийг модон шаахай гэдэг юм.

Хиросэ Тадаши, 1950 он

Орчуулсан: Д.Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.