2017 оны 02-р сар 14-нд 16:57 цагт

Баярлалаа /Өгүүллэг/

2017 оны 02-р сар 14-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар юутай үзэсгэлэнтэй. Хөдөө арлын хамгийн өмнөд хязгаарын нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр, боовхон өрсөн боомтын байшингийн хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамц өмссөн жолооч буун ирлээ. Үүдэнд том улаан автобус ягаан тугаа намируулан зогсоно. 

Эх чихэр, боов хийсэн цаасан уутныхаа амыг хамхин босож ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочид хандан, 

-Өнөөдөр таны ээлж үү, тийм үү, хүүхээ? "Баярлалаа” гуайтай таардаг миний охиныг ч тэнгэр ивээх биз ээ. Сайны совин татаад ирлээ шүү гэв. 

Жолооч эхийнхээ дэргэд зогсох охин уруу харсан боловч дуугүй зогсоно. Эх

-Хойшлуулаад байвал хойшлоод л байх янзтай. Өвөл ч ойртлоо. Хүйтэнд ч яаж хол явуулах вэ дээ, хөөрхийг. Явуулахаас хойш дулаан цагт гэж бодоод аваад явж байна даа, хүү минь гэхэд жолооч чимээгүй толгой дохин цэрэг хүн шиг автобусандаа суугаад суудлынхаа олбогийг заслаа. 

-Эмээ, хамгийн урд суу. Урд доргих нь гайгүй, хол явна шүү дээ. 

Эх арван таван ри (1) газрын тэртээ орших галт тэрэгний нэгэн жижиг хотхон уруу охиноо зарахаар (2) явж буй нь энэ ажээ. 

Уулын замын донсолгоонд савлан явах охины нүднээ чанх урд нь суух жолоочийн цэх шулуун нуруу дүүрэн тусна. Гэрэлт шар цамц нь охинд алтан дэлхий мэт уудам санагдана. Ойртон ирэх уул толгод жолоочийн өргөн чийрэг мөрний хоёр хажуугаар урсах мэт хуваагдан өнгөрнө. Автобус хоёр ч өндөр давааг давах хэрэгтэй аж. 

Суудлын морин тэргийг гүйцэн ирэв. Морин тэрэг хажуу тийш зам тавьж өгөхөд жолооч "баярлалаа" гэж баргил сайхан хоолойгоор тодоос тод хэлээд тоншуул шиг толгойгоо тонголзуулан ёслов. Мод чирсэн морин тэрэгтэй зөрлөө. Морин тэргийг замын хажуу уруу болоход жолооч 

-Баярлалаа гэж талархан хэлэв. 

Даачаа тэрэгтэй зөрөв.

- Гялайлаа. 

Хүн тэрэгтэй зөрөв. 

- Баярлалаа. 

Морьтой хүнтэй зөрөв. 

- Гялайлаа. 

Жолооч арваад хоромд хорь, гучаад тэрэгтэй зөрөн өнгөрсөн боловч үргэлж эелдэг зөөлөн дуугаар талархан мэндэлнэ. Мянган бээрийн замд ч ургаа мод шиг нуруу чээжээ цэхлэн явах түүний төрх тайван, дөлгөөн бөгөөд эгэл жирийн. 

Боомтоос үдийн гурван цагийн үед гарсан автобус замдаа гэрлээ асаалаа. Жолооч замд таарсан морин тэрэгтэй зөрөх бүр өмнөх гэрлээ унтраагаад баярлалаа, гялайлаа гэж хэлсээр явна.

Тэрбээр энэхүү арван таван ри замын хүн, морь, тэрэгт хамгийн нэр хүндтэй жолооч ажээ. 

Харуй бүрий нөмөрсөн галт тэрэгний буудлын өргөн талбайд автобуснаас буусан охины толгой эргэн, дотор харанхуйлах шиг болж эхээсээ зууран авав.

-Хүлээж бай гэж эх нь хэлээд жолооч уруу гүйн очиж, 

-Энэ хүүхэд чамд их сайн болтой юм аа. Бурхан минь, алга хавсран залбиран гуйя. Маргааш угаасаа хэн нь мэдэгдэхгүй хүний гарт орох амьтан. Хүү минь, эгч нь чамаас сэтгэлээсээ гуйж байгаа юм шүү. Аль ч газрын ямар ч бүсгүй хүн чиний тэргэнд арван хэдэн ри газар цуг явбал аргагүй ч юм уу даа гэв. 

Маргааш өглөө нь үүрийн гэгээнээр жолооч дэн буудлаас гаран цэрэг эр шиг галт тэрэгний буудлын өргөн талбайг хөндлөн алхан явлаа. Түүний араас эх, охин хоёр гүйх шахан алхаж явна. Зогсоолоос гарч ирсэн том улаан автобус ягаан тугаа намируулан эхний галт тэргийг хүлээн зогсов. 

Охин автобусанд хамгийн түрүүнд орж суугаад уруулаа жилэмдэн жолоочийн хар савхин суудлын арыг илэн байна. Эх өглөөний жаварт жихүүцсэн аятай энгэрээ хумин суув. 

-Одоо бас л дагуулаад буцахаас даа. Өглөө болсон энэ охин уйлаад салдаггүй, чамд бас баахан загнуулах. Миний л өрөвдсөний гай боллоо. Одоо яая гэхэв, энэ удаа аваад буцах нь буцна, харин хавар хүртэл шүү. Одоо ч хүйтэрчихлээ, хүйтэнд ч яаж явуулах вэ дээ, тэсээд л өнгөрүүлэхээс. Дулаарахаар энэ хүүхдийг гэртээ байлгаад байж чадахгүй юм байна шүү дээ. 

Эхний галт тэрэгнээс гурван хүн бууж ирлээ. 

Жолооч суудлынхаа олбогийг засав. Охины алаг хар нүдний гялбаа чанх урд нь суух жолоочийн дулаахан шар мөрний туяагаар дүүрэн гэрэлтэнэ. Намрын өглөөний сэрүүн салхи тэрхүү дулаахан мөрний хоёр талаар урсан сэвэлзэнэ. Суудлын морин тэргийг гүйцэн ирлээ. Морин тэрэг замын хажуу тийш болов. 

 Баярлалаа. 

Даачаа тэрэгтэй зөрөв. 

-Гялайлаа. 

Морин тэрэгтэй зөрөв. 

-Баярлалаа. 

Тэрбээр арван таван ри зам дахь уул тал, дов толгоддоо талархан, талархан арлын хамгийн өмнө зүгийн хязгаар нутаг, далайн жижигхэн боомт уруугаа буцан явна. 

Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар юутай үзэсгэлэнтэй.

Тайлбар:

(1) Ри – Уртын хэмжүүр. 1 ри ойролцоогоор 3,9 км. 

(2) Охиноо зарна гэдэг нь энд, айлд зарцлуулах бус хэн нэгэн мөнгөтэй эрийн "татвар эм" болно гэсэн утгатай.

Кавабата Ясүнари, 1925 он, Япон.

Орчуулсан Д. Алтанцэцэг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.