2017 оны 01-р сар 25-нд 16:46 цагт

С.Эрдэнэ - Хайрын нарсан төгөл /Өгүүллэг/

2017 оны 01-р сар 25-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Палам гол засмалаас модны vйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хvнийг өрөвдсөн янзтай,

-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хvргээд өгье дөө гэхэд Палам тvрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд:

-Зvгээр ээ дvv минь энvvгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хvрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мөнгийг тvдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:

-Баяртай ах аа гэж эелдэгхэн өгvvлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын бэлчирт хэсэг зогслоо. Сарын өмнө яг энэ замын бэлчирт эхнэрийнхээ цонхийсэн зовуурьт царайг ажин “Бvтэн бvлээн л явах юмсан” гэж юунд ч юм дотроо сvслэн өгvvлж билээ.

Хvн амьтанд ямар ч гай зовлон тохиолдож боломгvй гэмээр эрт сайхан хавар болсон цаг. Засмалын дагуу тарьсан бvйлс нялхран нахиалж, хормойд нь vйлдвэрийн төв харагдаж буй Баянхан уулын арын ой алаг цоог ногоорчээ. Паламын байшингийн яндангаас шингэн цэнхэр утаа бургилж харагдана. “Муу охин минь гэрээ дааж, дvv нараа хараад байж дээ хөөрхий. Өнчирнө гэж ухаан санаандаа оруулаагvй хөөрхсийг яаж харж, юу гэж хэлнэ дээ” гэхээс Паламын дотор багтран харанхуйлж, нvдийг нь нулимс бvрхэв. Бурмаагийнхаа нас барсан даруй нэг хэсэг элий балай болчихоод ухаан бодлоо тогтоон барьж чадсангvй. Харин хvvхдvvдээ авчирч эхийн нь шарилтай салах ёс гvйцэтгvvлэхээр хотоос энэ өглөө гараад Бурмаатайгаа хамт амьдарсан арван дөрвөн жилийн явдлыг эргэцvvлэн бодож, хайр дурлал, ханийн жаргалыг эдлvvлсэн тэр сайхан хvнийхээ дvр байдал, ааш зан, хаа нэгтээ хэлсэн ярьсныг нь дурсан санагалзаж гаслан гашуудан явлаа. Хэзээ ч гай гамшиг тохиолдохгvй, энэ хорвоод мөнх хамт явах юм шиг санаж явсан нь гэнэн явдал гэж vv? Өнгөрсөн бvх амьдралаа бодоход ч тийнхvv хамт явах тавилантайдаа учирсан гэмээр. Анх суухдаа хvртэл санаандгvй гэмээр юм уу, гэнэн томоогvйгээр арван дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн учрал гэнэтийн бөгөөд юунд ч сааташгvй гал халуун хайр сэтгэл Паламд хий vзэгдэл мэт санагдан, бие цогцост мэдрэгдээд салахгvй байв. 

Тэр намар их сургуулийн оюутнууд тариа хурааж байсансан. Модны vйлдвэрийн суурин байгаа энэ Баянхан уулын өвөр, Ерөө голын хөндийд сангийн аж ахуйн бригадын төв байжээ. Палам эдийн засгийн ангийн гуравдугаар курсынх, Бурмаа нэг анги доогуур. Палам бусдаас нэг их ялгардаггvй, жирийн хичээнгvй томоотой оюутан. Харин Бурмаа авьяаслаг болоод царайлгаараа оюутнуудын анхаарал татдаг хvvхнvvдийн нэг байв.

Тийм хvvхнvvд vерхэх хvнээ голцуухан өөрсдөө шилж авдаг учир ялангуяа Палам мэтийн дундчуул тийнхvv шилэгдэхийн тухай төдий л найдахгvй нь мэдээж билээ. Гэвч амьдрал гэдэг ямархан ид шид эс vзvvлдэг билээ дээ. Тvvнээс гадна авьяаслаг болоод царайлаг гэгч маань өнгөн талын чанар ч байх нь бий. Хvний дотор орж vзэх биш дээ.

Намрын шар наран тунамал өдөр. Хоёр “оргодол” Бөөрөлжийн нарсан төгөлд жимс тvvхээр ирсэн сэн. Ерөө голын хавь газрын уулс шилмvvст ойгоор өвч бvрхэгдсэн бөгөөд харин мужаан дархны хорхой хvргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сvрэглэн ургасан нь энэ Бөөрөлжийн төгөл л билээ.

-Чи намайг нээрээ харж явсан юм уу гэж Палам итгэл муутайхан асуугаад намрын цэв цэнхэр тэнгэр өөд тэмvvлсэн гоолиг шар нарсны бадамласан ногоон vзvvрийг ширтэж, юунаас ч юм бяцхан айдас хvрэн зvрх тvгшиж хэвтэв. Бурмаа чичирхийлэн буй гарыг нь татаж цээжиндээ наагаад:

-Чи өөрийгөө гэв гэнэт харагдсан гэж бод л доо. Бvр ид шидээр юм шиг гэв гэнэтхэн харагдаад, хараа салгаж болохгvй болсон гэж бод гэв.

-Хачин юм аа?

-Юу хачин гэж?

-Яах вэ дээ. Энэ Бөөрөлжийн төгөлд ийм сайхан нарснууд уулнаасаа тасраад ургачих гэж

-Байгалийн аашийг мэдэж барах биш дээ.

-Хvний аашийг ч гэсэн...

-Палам аа чи надад итгэ. Хэлж ирдэггvй өвчин шиг гэнэтхэн ирдэг хайр юм. Би чамаас өөр хvнийг харах нvдгvй сохор болчихлоо. Хvний vрийн ямар тавилан гэгч вэ гэж Бурмаа бахарданги хэлээд таг болов. Паламын сэтгэл ч гэнэт хайлан догдолж, Бурмааг нvvр нvдгvй vнсч таалахад тvvний хацар дээгvvр урссан хайрын шорвог нулимс амтагдсан сан. Бөөрөлжийн төглийн гоолиг нарснууд намрын хонгор салхинд vл мэдэг найган, улаалзгана, долоолгоны бут бургас гал улаан, алтан шар өнгөөр алаглан, мөнх ногоон төглийг гэрэлтvvлэн байв. Энэ хорвоо дээр хvн хvнээ олж жаргасан тэрхэн гэрэлт мөч янаг хайрын vгvйршгvй мөнхийг бэлгэдэж байсан бус уу?

Палам нэг мэдэхнээ байшиндаа тулаад иржээ. Хvvхдvvд минь гараад ирэх вий гэж зvрх алдан зог туслаа. Ханиа алдаж гурван өнчин хvvхэдтэй хочрох ямар заяагvй амьтан бэ, би. Эдэндээ юу гэж хэлнээ.

Палам хаалгаа аяархан татаж ороод бага хvv, том охин хоёроосоо нvд буруулан малгай пальтогоо өлгөж удаан зогсов. Дунд хvv нь сургуулиасаа ирээгvй бололтой. Арван гуравтай охин нь урд цонхон дээрээ чимээгvй очиж, зам руу ширтэн, гэзэгнийхээ vзvvрээр оролдон зогсохыг Палам хулгай нvдээр хараад сэжиг авсныг нь мэдлээ. Ээжийн эрх отгон хvv, юм ухаарах болоогvй балчир хvv аавдаа гvйн ирж:

-Ааваа, чи ээжийг орхиод ирсэн юм уу гээд асуучихав. Палам тэссэнгvй. Хvvгээ өргөж нvvрэндээ наагаад хэнгэнэтэл уйллаа. Охин нь соргог ухаанаараа бvхнийг ойлгож, даган уйлав. Бага хvv аав, эгч хоёрынхоо уйлан гаслахыг гайхан нэг хэсэг дуугvй бvлтгэнэн байснаа бас л эхэр татах нь тэр. Хvний амьдрал, жаргалыг гэнэт таслан зовлонгийн далайд живvvлж хаядаг өршөөлгvй хорвоогийн ёсыг хvлцэн туулахаас өөр замгvй болсон нэгэн гэр бvлийнхэн ийнхvv уй гашуу болохоос биш яалтай вэ дээ.

Палам ажилдаа орох өглөөгөө хvvхдvvдээ сургууль цэцэрлэгт нь явуулаад анир чимээгvй ханхайсан гэртээ нэг хэсэг бодол болон суулаа. Одоо чухам яах нь зvйтэйг шийдэхэд бэрх ажээ. Нэг бодлын ажилдаа бушуухан орох нь дээр юм шиг, нөгөө бодлын амралтаа аваад хvvхдvvдийнхээ л сэтгэлийг засан уй гашуудлыг нь мартагнуулах нь зөв юм шиг. Гэр доторх юмс нь Бурмаагийн нас барахын өмнөхөөс өөрчлөгдсөн юмгvй мөртөө нэг л зэвхий даагаад жигтэйхэн, дунд хvvгийн орон дээр аль арван дөрвөн жилийн өмнө мөнөөхөн Бөөрөлжийн төгөлд татуулсан зургаас эхлээд хvvхдvvдтэйгээ, танил нөхөдтэйгээ энд тэнд татуулсан гэрэл зургийн цомог дэлгээстэй хэвтэнэ. Өөрсдөө болоод гашуудлыг нь хуваалцахаар орж ирсэн хvмvvсийн vздэг гол юм л энэ болжээ. Танил зураачаар зуруулан оршуулгад авч явсан усан будгийн зураг нь хойд хананд хадаастай.

Нэг хоёр жилийн өмнө татуулсан гэрэл зургаас нь vлгэр авч их л хичээнгvйлэн зурсан тэр зурагт хэдэн хvvхдийн эх болж овор суусан гэлээ ч vл мэдэг мишилзсэн давхраалаг хар нvдтэй, гонзгой нарийн царайд нь зохисон жижигхэн шулуун хамартай, хагас нээгдсэн жижигхэн жимбэгэр тод уруултай ухаалаг цэвэр бvсгvйн дvр тодорчээ. Vхсэнийхээ хойноос vхэлтэй биш, гэлээ ч яг жаргадаг насан дээрээ ертөнцөөс халин одсон хайрт гэргийнхээ янаг ялдам ааш, хvний нь сайхан чанарыг дурсан санахад даанч харуусалтай.

Арван дөрөвхөн жил...Гэнэт ирээд явчихсан юм шиг...Тийм эрvvл саруул хvнийг аюулт өвчинд отогдож яваа гэж хэн санах билээ...Надад vр хvvхэд, аз жаргал хайрлаад өөрөө зул шиг бөхөх гэж энэ хорвоод ирсэн юм шиг...Тэр намар. Арван дөрвөн жилийн өмнөх тэр л намар...Солонгын долоон өнгөнд умбасан Бөөрөлжийн төгөл, сэтгэлд уянгалах хайрын дууг тvрэх нарсан ойн шивнээ, шувуудын жиргээтэйгээ Бурмаагийн догдолсон сайн дvр байдал, хайрын нулимсны шорвог амт Паламын дотор цөмлөөд ирлээ. Унаа аваад тийшээ явъя.

Vйлдвэрийн дарга Мангал Паламд тохиолдсон зовлонг хуваалцаж, болох бvтэх бvхнээр тусалжээ. Энэ нь ёс мэт хэрэг боловч ачийг нь бодох ёстой юм шvv гэсэн санаа төрvvлж байв. Учир нь хоёр жил илvv хамт ажиллаж, тарыг нь таньсан ч гэлээ зовлонгийн цагт хvний сэтгэл зөөлөрч, гомдол гутралыг хvлцдэг жамаар цаашид vгээ ойлголцох болно гэсэн итгэл ч цухалзах шиг. Vйлдвэрийн дарга, ерөнхий инженер хоёр олон юман дээр санал зөрнө гэдэг ер нь таатай хэрэг биш байлаа. Мангал “Тулалдаан” гэсэн vгийг урдаа барьсан хvн. Тэр vгийн гол утга нь эцсийн бvлэгт vйлдвэрийн төлөвлөгөөг биелvvлнэ гэсэн жирийн ойлголтын товч томъёолол юм. Үйлдвэрийн даргаар томилогдож ирээд анхны цуглаан дээр “Байгалийн хишгийг булаан авахын тулд өргөн фронтоор давшин тулалдах” лоозон дэвшvvлсэн билээ. Байгальтай “тулалдах” vзэл л Паламын дургvйг хvргэсэн юм. Ойн баялгийг зохистой ашиглах, нөхөн vйлдвэрлэл явуулах арга зам гэсэн тvvний саналыг дарга ердөө л мөрөөдөгчийн сайхан санал гэж vзээд хойшид ажлынхаа арга барилыг ойртуулан нягтрахыг шаардаж “төлөвлөгөө биелvvлэхгvй бол vйлдвэр байх хэрэггvй” гэсэн маргашгvй vнэнийг тулгасан сан. Мангал гаднаасаа ч тулалдагчийн дvртэй хvн. Газар дээр бат суурилсан лагс том биетэй, улаа бутарсан царайтай, өтгөн хар хөмсгөө зангидан, хөх хиаз суусан зууван шар нvдэндээ гал цахилуулаад ирэхээрээ юунаас ч ухрахгvй шинжтэй. Өргөн тэлмэгэр магнай нь эрдэмт хvний шинжийг илтгэх мэт боловч хараад байхад хад чулуу шиг нэг л хатуу янзтай. Vг яриа огцом бардам, шог наргианч, гэтэл энэхvv баавгайн дvрийнхээ цаана муур шиг хумсаа нууж бас чадна.

Паламыг орж ирэхэд Мангал угтан босч ирээд сэтгэлийг нь засах гэсэндээ ч юмуу малилзтал инээмсэглэн, гарыг нь атгаад:

-Палам минь ажилдаа санаа зовох хэрэггvй. Төлөвлөгөөгөө давуулаад биелvvлчихсэн газар юундаа алзах вэ. Би чиний ээлжийн амралтыг олгох тухай тушаал гаргасан. Чи дуртай газраа явж амар гэлээ.

Палам тасалгаа шинэчлэгдэн засагдсаныг эхлээд анзаарсангvй. Юу билээ энэ чинь гээд ажиглавал бичгийн лут том царсан ширээ хийлгэж тавьжээ. Тах хэлбэртэй, зөгийн vvр шиг олон шургуулгатай ер бусын ширээ байна. Тасалгааныхаа баруун гар талын ханыг хvрэн модоор өвч бvрж, наад талд нь хурлын бас л их өргөн бөх ширээ тавьжээ. “Юм бvхнийгээ өөртөө тааруулах санаатай” гэж Палам дотроо дургvйцэн,

-Бодож байгаад болъё доо. Ажилдаа орсон минь ч дээр юм шиг байна. Хvvхдvvдийнхээ сургууль тарсан хойно амралтаа авбал зvгээр юм уу гэхэд Мангал нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцдаггvй хvний зангаар гайхсан янзтай гар дэлгэн:

-Палам минь чи өөрөө л мэд. Би чамд чадал мэдлийнхээ хэрээр л тус болъё гэсэн юм гээд тасалгааныхаа шалыг нургитал алхлан, тах хэлбэрт том ширээнийхээ ард очив.

Палам Баянханы өврөөр тойрох замд бодол болон дуугvй явав. “Хачин араншинтай хvн байх юм. Инээд алдаад дотроо баярлаж ч яваа юм билvv. Маргах хvнгvй намайг нэг хоёр сар ч гэсэн хол байлгах гээ биз. Хачин хvмvvс байх юм. Нийгмийн vл зохилдол, стресс энэ тэр гэж орчин цагийн онол гэсэн хэдэн юм хагас дутуу ухаараад бусдыг догматикууд, хуучныг баримтлагчид гэхээс ер сийхгvй, бусдын толгой дээр сууж, зоргоороо аашилж л байвал болох нь тэр.

-Бөөрөлжийн төгөл. Бөөрөлжийн төгөл хаана байнаа гэж Палам дуу алдав. Жолооч тvvний өөдөөс гайхан хараад

-Огтолчихсон шvv дээ. Инженер ээ гэв

-Хэзээ, хэн?

-Сарын өмнө улирлын төлөвлөгөө тасрах болоод Мангал даргын шийдвэрээр...

-Зогсоодох, машинаа зогсоо гэж Палам балмагдан хэлээд харайн бууж Бөөрөлжийн нарсан төгөл байсан газар тийш алхлав. Уулнаасаа тасарч хөндий талд зориудаар юм шиг сvрэглэн ургасан намжаа их нарсан төгөл хvний гараар оргvй хөнөөгджээ.

Арван дөрвөн жилийн өмнөх тэр намар солонгорон байсан улаалзгана, долоогоны бут бургас баглайн харлаж, өнөөх гоолиг шар нарснуудаас vлдсэн олон зуун хожуул цайрч, vе удам залгах тэнхээ ороогvй зулзаган нарснууд энд тэнд эрвэн сэрвэн ёрдойлдох нь өр өвдмөөр.

-Хайран мод, хайран нарсан төгөл минь гэж Палам дотроо орь дуу тавин, мөхсөн төглийн сvгт татагдсан юм шиг гvйж ирээд бие алдран, захын нэг хожуул дээр лагхийн суув. “Байгалийн дайсан, ямар ухаангvй явдал, хатуу сэтгэл гэгч вэ. Миний ариун сайхан дуртгалыг зориуд vгvй хийх гэсэн шиг. Өөрийнхөө эх дархыг vзvvлж тоглоом тохуу хийх гэсэн шиг. Тэгээд бас хуурамч сайхан зан гаргаж, малилзаж сууна гээч. Би ийм хvнтэй хамт ажиллах гэж vv. Өөр газар надад ажил амьдрал олдохгvй юм гэж vv хэмээн гаславч, ийм хvнтэй би эвлэрч суух ёстой юу, vгvй юу? гэсэн асуулт зэрэгцэнэ. 

“Намайг яваад өгөхөөр тэр өөрийн гарын дор нэг хvнийг олоод л тавьчихна. Тэгээд хаяагаа хадрах байтугай дураараа аашилна. Хэдэн жилийн дараа нэг төгөл байтугай юм сvйтгэж хэдэн зуунд нөхөгдөшгvй гарз учруулна. Би тэр замыг нь засаад холдох ёстой болж байна уу. Ямар ч тэмцэлгvй зорьсондоо хvрэлгvй бууж өгөх хэрэг vv. Амралтыг чинь өгөх тушаал гаргалаа гэнэ шvv. Тэртэй тэргvй хуулиар олддог амралт өгч их тус хvргэсэн хvн дотроо хол байсан чинь дээр гээд малилзаж байгаа нь тэр. Ширээгээ том болголоо гээд суудал бөх болдог цаг өнгөрсөн гэж бодолхийлэн, далийн ягааны хэдэн мөчир гэртээ ургуулахаар аваад машин руугаа шийдэмгий алхлав.

“Хайрын нарсан төгөл минь” гэсэн vл тасалдах харууслын дуу сэтгэл зvрхэнд нь уянгалан байлаа.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.