2017 оны 01-р сар 23-нд 08:25 цагт

Захидал /Богино өгүүллэг/

2017 оны 01-р сар 23-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Сэвэлзүүр салхи нь үлээсэн налгар намар цагийн амар амгаланг айлтгая. Та бүхэн минь мэнд амар сууж байгаа биз дээ. 

Би ч гэсэн сүүлийн үед эхнэрээ алдсан гунигт өдрүүдээс гэнэт сугаран гарсан мэт шинэ хүн болон төрж, талийгаач эхнэртэйгээ хамт өдөр хоногийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж байна. Санаа бүү зовоорой. 

Өөд болсон эхнэрийнхээ оронд хадмуудтайгаа уулзан ойр дотно ярилцаж үзээд талийгч эхнэрийг минь “Эгч ээ, эгч ээ” хэмээн авгайлан дуудах олон хөөрхөн бөл дүүтэй байсандаа их гайхлаа. Бөл нарт маань дахин амилсан эхнэр минь харагддаг юм. Эхнэр минь энэ охид дундаас хөөрхөн ааштай хоёрт нь дуртай байсан боловч сурч чадаагүй ардын урлаг, дотоодын уран зохиолыг судлуулах юмсан гэж санал бодлоо хэлэхэд эцэг эх нь ч, охид ч дуртайяа хүлээн авсан учир эхнэр минь одоо тэр хоёрт заан сургах ариун үйлсэд шуурхайлан ороод байна. Эхнэр минь нэг хэсэгтээ хамаг оюун ухаан, хүч чадлаа тэр хоёр охинд зориулах биз ээ. 

Талийгч эхнэрийн минь урлагт дуртайг өвлүүлэх охиныг Күмэ ахайтангаас гуйж ардын дууны шавиар орууллаа. Багштан охиныг ихэд өхөөрдөж, тусгайлан харж үзэн дээд сургуульд орсноос хойш дөрөв, тавхан сарын дараа тайзан дээр гаргасан юм. Ятгын бага сага суурь мэдлэгтэй байсан нь их хэрэг болсон биз ээ. Гэхдээ багшийн ингэж харж үзсэн нь охины авьяас чадварыг хүлээн зөвшөөрсөн учраас тэр бөгөөд эрүүл чийрэг, цовоо сэргэлэн охин тул авьяасынхаа оргил хүртэл явж чадах хүн шиг харагдана. Авьяастнаас агуу авьяастанд цойлон хүрч чадах уу, үгүй юу гэдэг ирээдүйн том асуудал боловч юутай ч нас барсан эхнэрийн минь биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлийн нэг хэсэг ийнхүү бодитоор өрнөж эхэллээ. Талийгаач эхнэр минь өөрийн хайртай зааны соёоны ясан ятгын тулгуураа хэрэглэн Канжинчёог /1/ зэргийг дарж суухыг харахуй нулимс хураад ирэх юм. 

Утга зохиол судлуулахаар болсон бөл дүүгээ Кэйогийн их сургуулийн Утга зохиолын ангид орууллаа. Шүлэг жаахан оролддог байсан юм. Тэр нь хэдий нарийхан зам лугаа адил турь муутай ч цагаан цайлган сэтгэл нь харагдана. Ойрын үед үргэлжилсэн үгийн зохиол бичмээр байна гэх боловч энэ охины яруу найргийн мэдрэмж үргэлжилсэн үг үрүү явах нь арай эрт тул үнэхээр зохиол бичих өгөгдөл байна уу, үгүй үү хорин таван нас хүртлээ хүлээ гэж зөвлөж сууна. 

Эртээд талийгч эхнэрийнхээ шарил дээр очоод буцаж явахдаа, эхнэр бид хоёр аль дээрээс хайж байсан хүсэл мөрөөдлийнхөө охиныг олж харлаа. Замд тааралдсан юм. Төлөв даруу, хөөрхөн ааштай, сайхан охин. Арван зургаатай гэнэ. Царай төрх нь Момоямагийн /2/ үеийн эртний эмэгтэй шиг. Охин яг эцэг эхтэйгээ цуг явж байсан тул гуйж байгаад гэрэл зургийг нь авах зөвшөөрөл авлаа. Манай байрны эзэн Канэда гуайг зурагчингаар гуйж охины гэрт очсон юм. Дараа, зураг нь бэлэн болохоор танд үзүүлье. Хэрэв хоёр тал тохиролцвол хүүгийнхээ бэр болгоё гэж эхнэр бид хоёр дотроо их горьдон баярлаж байгаа ч хоёр хүний хувь заяаны асуудал болохоор хамаагүй юм ярьж яахин болох билээ. Охины эцэг эх хоёрт ч гэсэн тэр тухай цухуйлгалгүй ирсэн. Охиныг ямархан том хүн болох бол хэмээн сайн сайхныг хүсэнгээ хажуунаас нь харж явъя даа. Талийгаач эхнэр минь охины гоо сайхныг сахин хамгаалах биз ээ. 

Эхнэр минь ийнхүү дахин амилж, цагийг их зугаатай өнгөрүүлж байх шиг, надад ч гэсэн өдөр хоног их хурдан өнгөрч байна. Эхнэр минь энэ хорвоод амьд байна гэх бодол улам л хүчтэй төрж, энэ охидын ачаар эхнэрийнхээ хамт хөдөлгөөнд ороод байгаа билээ. 

Тояма мужаас талийгч эхнэрийн минь оршуулган дээр ирсэн ламтантай дахин нэг уулзмаар байгаа учир ирэх сарын эхээр өнгөт намрын байгалийн сайхныг үзэх далимдаа очоод ирэх санаа байна. Сайх ламтанг жаахан ч атугай маани уншмаар янзтай болбол цохиж унагаад ч болсон болиулна. Энэ залуу ламтан эхнэрийн минь нас барсныг дуулаад хаа байсан Тояма мужийн хөдөө нутгаас уйлан уйлсаар хүрч ирээд гэрт ч, булшин дээр ч уйлсаар байгаад буцсан юм. Үгүй мөн, усан нүдэлсэн хүн байсан шүү. Эхнэрийн минь булшны зүлгэн хашлагыг жинчёогэ байсан гээд эхнэрийн дурсгалд зориулж хийдийнхээ хашаанд жинчёогэ цэцэг /3/ тарьсан гэж бичсэн байсан уул нь булшны цэцэг шикими юм л даа. Тэгээд би түүнтэй нь ижилсүүлж булшны хажууд жинчёогэ тарив. 

Эхнэр бид хоёрын хувьд оршуулгын газар бол зүгээр л нэг цаг болзох газраас үл хэтрэнэ. Хамтдаа яваад, хамтдаа буцаж ирнэ. Сүүлийн үед амьдрал ч, үхэл ч нэг их ялгаагүй ч юм шиг санагдах болж бодит ба хийсвэр, одоо ба өнгөрсөн, ирээдүй ч тэгтлээ онцгойрон ялгарах хил хязгаар байхгүй мэт. Амьд, үхсэн хоёрын зааг үгүй эхнэрийн минь ачлалт хайр төрөлхийн мулгуу намайг ч гэсэн ивээн тэтгэж буйд оройтсон ч гэлээ машид талархан сууна. 

Олон жилийн анд нөхөрлөлдөө уяран нялхарч талийгч эхнэрээрээ уламжлан уулзаж танилцсан худ ургийнхаа хөөрхөн охидын тухай жаахан дурдмаар санагдлаа. Өршөөн соёрхоорой.

1. Канжинчёо – Японы үндэсний Кабүки театрын жүжгийн зохиолын гарчиг. 

2. Момоямагийн үе – 16 - р зууны сүүл үе. 

3. Жинчёогэ – 沈丁花 /daphne/, Шикими – 樒 /Illicium anisatum/

Кавабата Ясүнари, 1949 он, Япон 

Орчуулсан: Д. Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.