2016 оны 11-р сар 28-нд 09:50 цагт

Ш.Солонго - Хамаатан /өгүүллэг/

2016 оны 11-р сар 28-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа.

Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ.

Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд мушилзангуй инээвхийлээд гарлаа. Төдхөн илүү гэрээс авгын харааж зүхэх, аяга халбага хангинах, Заяа чинь тэр дээ гэж хашгирах нөхрийнх нь дуу гарчээ. Нөхөр нь нялхийсэн муухай үнэр ханхлуулан орж ирээд эмээлээ шүүрч "Хаачиж үхэх вэ" гэж адгахад нь булаалдан авч, муу нөхрөө гэрийн зүүн зүгт түрлээ. 

-Юу удааж дээ хөгшөөн. Тайвшир гээд орон доогуур шургаж, хоёрхон усаар авсан бидонтой шимийн юм гарган, зуухан дээр тавьж, хэдэн аргал зэрэглэжээ. 

-Муу гай хөө. Хэзээ бид нэг их садагнаж явлаа. Муу эхийг минь хүртэл банзал янхан гэж хашгирч явсан байж ясаа хэмхрэхээрээ нэг их хүргүүлж гэнэ. Үхээрийн хар гай. Үхэж далдраад орчлонг цэвэрлээд өгөхгүй гэж байж цөхөхөд нь бушуухан аяга авч өнөөх бидонтойгоос аягалан гарт нь бариулж 

-Нэг шөнө ч гэсэн нам унтаж үз, наадахиа уугаад гэхэд харц нь хорслоор гялалзан 

-Ямар новш нь ингэж үр хүүхдээр тоглож, эхнэр хүүхнүүдээр гараа арчиж явахад гэмгүй бид хоёр үр хүүхэдгүй бөртийж явдаг юм. Бүр үндэс нь хатмар гэнээ. Даанч яав даа. Алив дахиад хийгээдэх. 

-Ээ өнгөртөл нь охиноо л наашлуулалтгүй гээд дахин хийж нөхөртөө бариад өөрийнхөө жижиг аяганд ч хийж бушуухан балгажээ. Өргөмөл ганц охиноо тэр ёдрын хүний хараал ерөөлөөс дайжуулж, ээжийнх рүүгээ явуулаад удаж буй хоёр юм санж. Аргал уугимагц тогоотой хоолоо тавьсанд хань нь 

-Муу хар үхээрт өгснөөс нохойнд өгсөн нь дээр гэж уурсахад нь 

-Тэгдэггүй юмаа хөгшөөн гээд үглэхээс нь өрсөн бушуухан нэг аяганд хийж аваад боссонд нөхөр нь нулимсаа арчиж 

-Нүд рүү сэрээ шидэж байна лээ шүү гэжээ. Илүү гэрт ороход өнөө муухай нялхийсэн үнэр дангинаж, зүүн орноо ялаа шавуулан хэвтсэн хөөрхий хүн эргэж харлаа. Өнөө муухай харцтай нүд нь нулимсанд живжээ. Орны өмнөх ширээнд хоолоо тавьж, модон аяганд нь цай хийгээд гарахаас өөр арга байсангүй. Үнэр танар нь амьд хүн тэсэхийн эцэсгүй болжээ. Гэртээ орохоосоо өмнө тэр муухай үнэрийг дарах гэж салхин дээр баахан зогслоо. Салхи үзээд түрүүний балгасан нэрмэл толгой манаруулна.

Гурван эхнэр сольж, үр хүүхдээ зодож, ивээлт ханиа зулгааж явсан хүн ингэж үхдэг юм байж дээ. Амьтны хараал идсэн сонин хүн байж билээ. Муу ядуу эхийг минь хүртэл цай уугаад мордохын хооронд элэнц хуланцаар нь харааж зүхэж байсан. Тэнхлүүн явсан муу ээж минь сэтгэлээр гундан, дорхноо дордоод өнгөрсөн сөн. Өлзийгүй муухай хүн дээ. Бидний амьдралыг ингэж гутаах гэж хэмээн бодол хөвүүлсээр гэртээ орвол ууж балгах нь ховор хань нь согтчихсон 

-Очиж очиж өтөж үхэхдээ яахав дээ хэмээн уйлж суулаа. 

-Ай юүхэв хэмээж үлдсэн нэрмэлээс өөртөө хийж ус шиг залгиад ороо засч бушуухан хэвтлээ. Тэгэхгүй бол өвчтөн шөнөжингөө хашгирч орилоод унтуулдаггүй юм санж. Нөхөр нь өөрийн ор луугаа явалгүй гутлаа тайлаад хажуугаар нь орж 

-Хоёулаа л ингэж төгсөхгүй юм шүү Должидоо. Үр хүүхэдтэй өнөр баян айл явна шүү хө. Танай Цээнийн хүүг өргөж авъя даа, оюутан хүн хүүхдээр яахав, эцэг нь гайгүй айлын хүү гэнэ лээ, тэгэх үү хө гэхэд нь нулимс нь бөмбөрч халуун энгэрт нь толгойгоо шургуулан уйлжээ. Муу хань нь эхээсээ хойш унагаагүй халуун нулимсаа сэм сэмхэн залгиж хэвтлээ. Нэг их муухай юм үнэртэхэд сэрвэл нөхөр нь ухаангүй унтах аж. Яах аргагүй хиншүү хярвас ханх тавина. 

-Хөгшөөн хөгшөөн гэж дугтчвал тэр сэрэхгүй гэсэндээ хөнжилдөө улам яргажээ. 

-Эсгий үнэртээд байнаа гэвэл зовхи нь хуу татсан юм шиг сөхөгдөж, орноос хөлбөрөн буугаад гарч гүйлээ. Бушуухан босч гутал хувцсаа өмсөж гүйцтэл тэр орж ирэн 

-Ёсоороо боллоо доо. Өөрөө гал өргөчихөж. Би яваад унаа унаш олоод ирье. Бууриа сэлгэхээс болохгүй нь. Чи намайг иртэл гэрээс гараад хэрэггүй шүү. Үхрээ тугалтай нь залчихна. Энэ гэр доторхио ачаалахад бэлд гээд дээлээ бүслээд гарч одлоо.

Цайгаа чанаад хамаг юмаа боож баглаж байтал машин давхиад ирэв. Нутгийн уншлагатай лам Түвдэн тэргүүлэн хоёр залуу орж ирлээ. Цай цүү бариад, нөхөр нь өдөр цагийг толидуулсанд 

-Өдрөө олж оджээ. Ямар ч гэм халгүй юм байна. Танайх өнөөдөртөө буурь сэлгэ. Би хойдохыг нь уншиж өгье гэхүйд Должид гаднаас аргал оруулахаар гараад гэрийн зүүн талд авчирч тавьсан найман тахилтай эмээл, хазаар, мөнгөн ташуур сэлтийг хараад хангинатал уйлжээ. Шөнө талийгаач өөрөө мөлхөж ирээд буцсан мөр үлджээ.

Шуурайн Солонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.