2016 оны 11-р сар 24-нд 16:41 цагт

Ш.Солонго - Бүжин үр /өгүүллэг/

2016 оны 11-р сар 24-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Бурхан минь энэ нэг л биш ээ. Манай гэрт хий юм шүглэсэн юм шиг хамаг юм хөдлөөд, идэх уух юмнаас хорогдоод байх боллоо. Хүү бид хоёроос өөр юм энэ гэрт байх ёсгүй гэж өөрийгөө хичнээн тайтгаруулавч нэг л жигтэй юм болоод байна даа. Таван зүсэм талх үлдлээ гэхэд нэг зүсэм нь үгүй болж орхино. Хүүгийн уусан ундааг тэмдэглэн харж орхиод ажилдаа явавч орой ирэхэд дөрвөн хуруу хэртэй дундарсан байна. Тавагны ааруулаа нүдээрээ тоолж тоолж гаравч усанд яваад ирэх зуур хоёр нь ор мөргүй алга болно. Хуушуур хийгээд ширээн дээр зургааг нь орхиод унтахад өглөө дөрөв болчихсон байх учир би сүүлдээ дасаж хоол илүүчлэн зуухны хүхээгэн дээр тавих болов. Өглөө тэр таваг ёс юм шиг хоосон харагдана. Хаяагаар орж ирээд ямар нэг муур л идээд байгаа юм бодож суух болсон ч хөргөгч нээгээд нэг алим аваад хаачихдаг амьтан гэж байх уу.

Нэг өдөр хүү цэцэрлэгээсээ ирээд "Миний Сакура алга" гэж аяга хангинатал орилдог байгаа. Японы хүүхэлдэйн киноны тэр охиныг нь хэн авдаг байнаа гэж гайхахдаа ойр зуур эрж байтал тэр баримал баруун орны толгойн талд хэвтэж байв. Тэр үед л сэтгэл сэрхийж, гэр дотроос минь хэн нэгний нүд ширтээд буйг гэнэт анзаарсан юм. Зурагт үзэж суухад ч өлмий дороос цоо ширтэх шиг. Нөхрөөсөө салаад ганц хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж яваа надад одоо чөтгөр шулам л дутаад байгаа юм байх даа гэж зовниод нойр муутай хонолоо.

Хүүгээ цэцэрлэгт нь хүргэчихээд ажлаасаа чөлөө аван аавындаа гүйж очвол "Юу л байгаа аж" хэмээн дооглож, Бунжаа гуайнд оч л доо гэж дахин зөвлөв. Мөн амгалан улс шүү. 

-Ямар нэгэн юм болсон байвал бушуухан нүүх минь гээд аавтай хамт тэр нутгийн ламыг зорилоо. Аавтай нэлээн хууч хөөрч сууснаа тэр өвөө элж мөлийсөн хэдэн зоос гаргаж хэдэнтээ шилгээж үзээд 

-Шүглэсэн юм ч гэж дээ. Нэг гэм хоргүй амьтан байна л даа гэхэд нь нуруугаар хүйт даан 

-Хөргөгч уудлаж чаддаг чинь юу байдаг билээ хэмээн сандалтайгаа дөхвөл 

-Танайд буруу хаалгаар орж иржээ. Гэхдээ та хоёрт дасаад явж чадахаа больсон байна. Та нарт их л ээлээ өгөх амьтан юм. Дасгаад авах эсэхээ өөрсдөө мэд гэж мэл гайхуулж орхиод ном уншаад суучихлаа. Арга эвийг нь олж, яах ийхээ заалгав. Тэднийхээс гаруутаа ээж рүү ярьж, манай тэнд очоод хүлээж бай гэж гуйгаад, ламтаны захисан ёсоор идээ будаа базаан гэр лүүгээ давхив. Үүдэнд маань хүлээж байсан ээжид "Нэг ёс гүйцэтгэх боллоо" гэж шивнээд гэрт орж ширээ засаад 

-Би сая лам дээр очоод ирлээ. Одоо гараад ир ээ гэж дуудвал ямар ч чимээ авиа алга. Аав ээж хоёрын царай цонхийгоод явчихаж байна. Хөргөгч уудлаж чаддаг чинь хүн юм биш байгаа гэж санаад 

-Миний хүү гараад ир ээ. Эгч нь огт загнахгүй гэж хоолой чичрүүлэн дуудтал баруун талын орон доороос сэгсийсэн жаахан хүүхэд мөлхөн гарч ирэв. Тэр хүүхдийн аймхай зөөлөн нүдийг хараад хоолой зангирч бушуухан тэвэрч авав. Ээж ч гэсэн 

-Еэ элээ халаг гэж дуу алдан, нуруу руу пидхийтэл цохиж аваад 

-Ийм ядарсан амьтан гэрт нь байж байхад мэддэггүй сэтгэлгүй тархи шүү хэмээн загнаж гарав. 

-Миний хүү чинь ээжийнхээ орон доор юу хийж байгаа юм гэхэд өмөлзөн уйлж 

-Би гарч ирж чадахгүй байсаан. Таны Хонгороод хайртай гэж хэлэхийг сонсоод л хэвтээд байсан гэж өр зүрхийг минь эмтлэлээ. Бид гурав халтар жаахан нүүрийг нь нулимсаараа угааж, ширээндээ суулган цадтал хооллож ундласаны дараа аав минь босч 

-Өвөө нь хүүдээ хувцас авчирч өгнөө. Ингэхэд би чинь эрэгтэй хүүхдийн хувцас авах уу, эмэгтэй хүүхдийнхийг авчрах болж байна уу гэж наадангуй асуухад 

-Эмэгтэй хүүхдийн гэж цовоо хөөрхөн дуугаар хариулаад хүзүүгээр минь тэвэрсэнийг яана. Усанд оруулан шинэ хувцас өмсгөөд, сар шахуу харах болов уу гэж горьдон намайг харуулдсан бүжин охиноо үнсэн үнсэн өрөвдсөн юм. Хүүгээ цэцэрлэгээс ирмэгц нь "Ийм хөөрхөн эгчтэй боллоо" гэхэд харамч зожиг хүү маань хамаг тоглоомоо түүний өмнө овоолохыг хараад заяагаар ирсэнийг нь мэдсэн дээ. Хөөрхий муу үр минь манайхыг дөнгөж буугаад байхад идэх юм хайн ханын нүдээр орж ирсэн өнчин охин байж. Тэгээд хүүгээ гэсэн миний хайранд хоргодсон байсан сан. Дэгж дэрвэж яваад дэргэд минь хярсан юм даа гэхдээ би охиндоо Бүжин гэж нэр өгсөн юм. Бүжин манай гэрийг дуутай шуутай, айлын дайтай айл болгосоон.

Хүн хүнээрээ дутдаг болохоос хөрөнгө хүчээр тэгтлээ дутахгүй юм байна гэж би одоо боддог болсоон. Надаас салсан нөхөр маань орчлонгийн бүх хүнтэй сууж тоогоо гүйцээх гэсэн мэт их олон хүүхнээр цайгаа чануулж яваа дуулддаг. Тэр хүн юунд итгэдэг юм бол оо. Харин би ганцхан юманд итгэдэг. Хань ижлийн заяа дутуу ч үр хүүхдийн хайраар л дутахгүй дээ гэж боддог. Та л анзаарахыг хүсэхгүй байгаа болохоос хайр дутсан хэн нэгний нүд таныг ширтэж л байгаа даа.

Сэтгүүлч, зохиолч Шуурайн Солонго

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.